| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 171/2012/0113/Э/ |
| Дугаар | 146 |
| Огноо | 2012-07-24 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2012/0113/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат,
хохирогч Б.Б.Б-,
хохирогчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
шүүгдэгч Н.Н.Га,
шүүгдэгч З.З.А-,
шүүгдэгч Ц.Ц.Г-,
гэрч Х.Х.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт Н.Га, Ц.Г-, З.А- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000254 тоот хэргийг 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн Н.Га /РД: /, 1985 оны 07 сарын 07-нд Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ********** ХК-нд гуталчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ************** тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй.
Монгол Улсын иргэн З.А-, /РД: /, 1977 оны 9 сарын 13-нд Ховд аймгийн зэрэг суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, ********* ХК-нд гуталчин ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт ************* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй.
Монгол Улсын иргэн Ц.Г-, /РД/, 1968 оны 6 сарын 15-нд Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, Дархан нэхий ХК-нд Шугамын мастер ажилтай, ам бүл 5, ээж, хүү, охин, бэрийн хамт, ******** тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй.
C:\Documents and Settings\User\Desktop\Í.Ãàíòóëãà, Ç.Àðèóíáîëä, Ö.Ãàëáàäðàõ 181.2.1, 181.2.5.doc
Шүүгдэгч Н.Н.Га, З.З.А-, Ц.Ц.Г- нар нь согтуугаар бүлэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн догшин авирлан танхайрч 2012 оны 04 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчим Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт Шүүхийн байрны зүүн ар талд байрлах дэд станцын дэргэд ***** ДАР улсын дугаартай “Аванте” маркийн авто машин дотор архи ууж байх үедээ иргэн Б.Б.Б-ыг машиндаа дуудаж оруулан архи уулгаж улмаар үл ялих шалтгаанаар зодож танхайран биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н.Га шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр 8 цагт ажил тараад явж байгаад Ц.Г-, З.А- бид гурав нийлж 1 шил архи авч уусан. Тэгээд би архи ууж байх үедээ машинаас бууж бие засаад зогсож байтал энэ залуу битгий бие засаад бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд хамаагүй гэж хэлээд машиндаа орж суутал араас тал шил архи барьсан машинд орж ирсэн, Тэгэхээр нь би машинаас буулгаж бид хоёр заамдалцаж авсан. Тэгээд би түүнийг 1 удаа нүүрэн тус газар нь цохьсон. Араас Ц.Г-, З.А- хоёр ирээд салгасан. Зодоонд оролцоогүй” гэв.
Шүүгдэгч З.З.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “3 сарын 13-нд бид гурав ажил тараад хуучин Дархан орж ирээд 18-ийн буудлын тэндээс Баяр гэх дэлгүүрээс нэг шил архи авч “Аа Жи Би” сургуулийн зогсоол дээр зогсож архиа уусан. Тэгээд байж байхад Н.Га гарч бие зассан. Буцаад суух үед энэ залуу манай машинд орж ирж суугаад би “Хөх Монгол Хөдөлгөөн”-ий тэргүүн буурал Б- гэдэг хүн байна гэж хэлсэн. Тэгээд Н.Га тэр хоёр маргаад Н.Га тэр залууг машинаас гаргасан. Намайг гарахад Н.Га энэ хоёр барьцалдчихсан зогсож байсан. Ц.Г- тэр хоёрыг салгаж байсан” гэв.
Шүүгдэгч Ц.Ц.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Н.Га, З.А- бид гурав хамт явж байгаад Баяр дэлгүүрээс архи авч “Аа Жи Би” сургуулийн ард уугаад сууж байтал Н.Га бие засна гээд гарсан. Орж ирээд суусны дараа энэ залуу орж ирсэн, Тэгээд би Хөх Монгол бүлгэмийн тэргүүн байна гэсэн. Тэгээд Н.Га уурлаад тэр хоёр барьцалдсан байхаар нь би хоёуланг нь нэг нэг цохиж аваад хоёр тийш нь салгасан. Тэгээд удалгүй эхнэр нь гарч ирсэн. Тэгээд явсан” гэв.
Хохирогч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би бирж тараад гэртээ харьж хоол идчихээд эгчийнх рүүгээ микрлуу алхаж явтал нэг өндөр залуу цахилгааны шит рүү шээж байхаар нь би энэ лүү яагаад шээгээд байгаа юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн, дараа нь намайг дуудаж машиндаа оруулаад цаасан аягатай архи өгсөн. Тэгэхээр нь би архи уудагүй гэж хэлсэн. Энэ өөрөө цамцныхаа энгэрээ ураад над руу дайраад байсан. Тэгэхээр нь би за за гаръя гэхэд намайг гаргаагүй. Би гаръя гээд зүтгэсэн чинь гаргаад намайг мөргөчихсөн. Тэгээд намайг өшиглөсөн. Тэгээд байж байсан чинь урд талд сууж байгаа жижиг нь гарч ирсэн, хөөш тавь наадхаа гээд миний нүүрний орчим өшиглөсөн. Тэгээд би зууралдаад байж байхаар босож байгаад зодолдьё гэсэн. Яг ингээд байж байхад Ц.Г- хүрч ирж намайг цохьсон. Хамгийн сүүлд намайг цохьсон. Би анх байцаалтанд ороход л байцаагч надад хууль сануулж байсан. Би бол ерөөсөө архи дарс уудаггүй. Машинаас бол энэ өндөр нь өөрөө намайг гаргасан. Би өөрөө гарч чадахүй байсан, хаалганых нь бариул хугархай дэгээ төмөр л цухуйж байсан. Энэ өндөр нь намайг өшиглөхөд нь би босож ирээд хөлнөөс нь бариад авсан юм. Бид хоёр барьцалдсан байхад энэ миний цээж рүү хөх няц болтол цохьсон. Энэ хүмүүсээс эхлээд 140000 төгрөг, дараа нь 255.000 төгрөг авсан. Өнөөдөр нэмж нэхэмжлэх зүйлгүй харин би одоо болтол толгой тархи өвдөөд эмчилгээ хийлгэж байгаа. Одоо өмгөөлөгчийн хөлс 150.000 төгрөг авах хүсэлтэй байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох:
Таньж олуулах ажиллагаа хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт, /хэргийн 5 дугаар хуудас/, таньж олуулсан тухай тэмдэглэл. /хэргийн 6 дугаар хуудас/
Авто машинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг. /хэргийн 9-16 дугаар хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг. /хэргийн 17-23 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 31 дүгээр хуудас/
Гэрч С.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 33 дугаар хуудас/
Гэрч Х.Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 35 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹350. /хэргийн 28 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт ¹497.
Шүүгдэгч Н.Н.Га, З.З.А-, Ц.Ц.Г- нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 89, 90, 91 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Н.Га, З.З.А-, Ц.Ц.Г- нар нь 2012 оны 04 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчим Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт Шүүхийн байрны зүүн ар талд байрлах дэд станцын дэргэд ***** ДАР улсын дугаартай “Аванте” маркийн авто машин дотор архи ууж улмаар Н.Н.Га нь гудамж талбайд шээж байхад нь хохирогч Б.Б.Б- битгий наанаа шээгээд бай гэж шаардлага тавьсаны улмаас түүнийг машиндаа дуудаж суулгаад хэрүүл маргаан өдөж бүлэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн догшин авирлан танхайрч иргэн Б.Б.Б-ыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох:
Хохирогч Б.Б.Б-ын “Шүүхийн байр, “Аа Жи Би” сургууль хоёрын завсараар гараад явж байтал шүүхийн байрны зүүн хойт талд нэг өндөр залуу шээгээд зогсож байсан. Би тэр залууг өнгөрөөд явж байтал араас дуудаад хөөе юм асуугаадахъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу асуух гэсэн юм бэ гэж хэлтэл тэр залуу хэзээний таньдаг хүн шиг мэнд ус мэдсэнээ машиндаа суулгасан. ... тэгээд нөгөө өндөр залуу архи барьж байсан залуудаа наад залуудаа нэг хийгээд өгчих гэхээр нь би архи уудаггүй гэтэл ... өндөр залуу уурлах маягтай архи уудаггүй монгол хүн гэж юу байдаг юм, алив уу гэж хэлсэн. Архи аягалсан залуу чи архи уу гэж байхад яагаад уухгүй байгаа юм бэ гэж хэлээд аягалж өгсөн архиа буцааж авахгүй байсан. ... би энэ үед айгаад энэ архийг уучихвал энэ залуучууд арай зөөлрөх юм болов уу гэж бодоод архийг нь уусан. Тэр залуучууд надад цаасан аягаар дүүрэн хийж өгч уулгасан.
Тэгснээ тэр залуу шууд миний нүүр рүү мөргөж унагаасан. Тэгсэнээ намайг өшиглөхөөр нь би хөлөөс нь барьж аваад тэр залууг газар унагаасан. Гэтэл тэр залуу намайг үсдэж шанаа руу гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би гарыг нь хамаад бариад автал нөгөө машин дотор байсан хоёр залуу бууж ирээд миний толгой руу архи аягалж байсан залуу нь наадхаа тавь гэж хэлээд бууж ирээд миний толгой руу өшиглөөд байсан. Харин жолооны хажууд сууж байсан залуу нь миний араас зулгааж чангаагаад нуруу руу дэвсээд наадхаа тавь чи гээд байсан. Учир нь намайг нөгөө өндөр залуу газар хамт хэвтэж байсан мөртлөө миний толгой руу цохиод байсан юм. Тэгэхээр нь би тэр залуучуудад за за та нар намайг нийлж зодох гэж байгаа бол намайг босгочих бүгдээрээ нэг нэгээрээ зодолдъё гэж хэлсэн. Энэ үед миний толгой руу өшиглөөд байсан залуу больсон. Энэ үед миний араас зулгаагаад байсан залуу намайг шууд гуд татаад босгосон. Тэгэхээр нь би гарыг нь тавиулж аваад шууд зугтаасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27 дугаар хуудас/,
гэрч Б.Б- “2012 оны 04 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн орчим намайг гэртээ байж байтал манай төрсөн дүү Б.Б- гаднаас зүүн нүд, уруул хоёр нь аймаар том хавдчихсан нүүр ам нь цус болчихсон орж ирсэн. Тэгэхээр нь би юу болов гэж асуусан. Гэтэл манай дүү би гэрээсээ гараад танайх руу алхаж явтал “Аа Жи Би” сургуулийн ойролцоо гурван танихгүй залуу хүчээр архи уулгачихаад дараа нь гурвуулаа нийлж байгаад зодчихлоо гэсэн. Би өөрөө цагдаа дээр очиж мэдэгдчихээд ирлээ. Намайг үзүүлээд ир гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүгээ дагуулаад хүлээн авах дээр очиж үзүүлээд бичиг авсан. Манай дүү архи тамхи огт хэрэглэдэггүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 31 дүгээр хуудас/,
гэрч С.М- “Б.Б- бол архи тамхи хэрэглэдэггүй. Бид хоёр иргэний хөдөлгөөний журмаар танилцсан улсууд байгаа юм аа. Миний таньдаг хүмүүс найз нөхөд дундаас архи тамхи хэрэглэдэггүй найз маань байгаа юм. Ер нь бол Монголд архи тамхи хэрэглэдэггүй хүн байвал би хамгийн түрүүнд Б.Б-ыг дагуулж очно” гэсэн мэдүүлэг, /хэргийн 33 дугаар хуудас/,
Гэрч Х.Х.М-ын “2012 оны 4 дүгээр сарын 13-ны орой 21 цаг 30 минутын орчим намайг “Мандах бүртгэл” дээд сургуулиас буюу хичээлээ тараад гарч ирэхэд манай сургуулийн үүдэнд байдаг дэд станцын хажууханд манай нөхрийн ***** ДАР дугаартай хар өнгийн машин дотроос жолоочийн хажуу талын хаалгаар манай нөхөртэй хамт ажилладаг Ц.Ц.Г- ах бууж ирсэн. Харин машинаас нилээн зайтай хөл бөмбөгийн талбайн тийш нэг эрэгтэй хүн цаашаагаа явж байгаа нь харанхуйд харагдаж байсан. Машин руу ойртож очиход машинаас архи үнэртэж байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө машин дотор архи уугаад байхдаа яадаг юм бэ, одоо дүүгээ дууд машинаа бариул гэж хэлтэл дуудчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ган-Эрдэнэ рүү утасдаж ирж байна уу гэж асуутал очиж байна гэж хэлсэн. Тэгээд тэр үед Ц.Г- ах надад архи уулаа гэж загнуулаад яваад өгсөн. Удалгүй Ган-Эрдэнэ хүрч ирээд бид хоёр дүүгээр машинаа бариулж гэрлүүгээ харьсан. Хариад байж байхад 22-23 цагийн орчим цагдаагаас хүмүүс ирсэн. Тэгээд манай нөхрийг авч явсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 35 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹350 актын “Б.Б.Б-ын биед тархи доргилт, дээд уруулын шарх, цус хуралт, нүүрний цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт, /хэргийн 38 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹497 “Б.Б.Б-ын биед тухайн үед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, хамрын угалз, үзүүр хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байх боломжтой байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Урьд гаргасан ¹350 тоот дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Н.Га, Ц.Ц.Г-, З.З.А- нар нь гудамж, талбайд архидан согтуурсан, мөн бүлэглэн бусдыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь нийгмийн хэв журмыг зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Н.Н.Га, Ц.Ц.Г-, З.З.А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б.Б- нь “эдгээр хүмүүс надад нийт 395.000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн өнөөдөр нэмж нэхэмжлэх зүйлгүй. Харин өмгөөлөгчийн хөлс болох 150.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ,
Хохирогч Б.Б.Б- нь хууль зүйн туслалцаа авах зорилгоор өөрийн хуульд заасан эрхийн дагуу өмгөөлөгч авсан бөгөөд өмгөөлөгчөөр үйлчлүүлсэний хөлсөнд 150.000 төгрөг төлжээ.
Хохирогчийн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулж, хууль зүйн туслалцаа авсаны төлбөрт өмгөөлөгчид төлсөн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй тул түүний нэхэмжилсэн 150.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй юм.
Иймд шүүгдэгч нараас энэ тогтоолоор нэмж гаргуулах хохирол төлбөр байхгүй байна гэж үзлээ.
Харин хохирогч Б.Б.Б- нь өөрт учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байгаа гэж мэдүүлж байх тул цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Н.Га, З.З.А-, Ц.Ц.Г- нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно. /хавтаст хэргийн 89, 90, 91 дүгээр хуудас/
Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Га, агийн Ц.Г-, З.А- нарыг догшин авирлан бүлэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Н.Гыг 3 /гурван/ жил 1 /нэг/ сар хорих ял, Ц.Г-ыг 3 /гурван/ жил 1 /нэг/ сар хорих ял, З.А-ыг 3 /гурван/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Н.Га, З.З.А-, Ц.Ц.Г- нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар Н.Н.Га, З.З.А-, Ц.Ц.Г- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар Н.Н.Га, З.З.А-, Ц.Ц.Г- нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4, 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Б.Б.Б- нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 0.33 граммын Ерөөл архины шилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Н.Н.Га, З.З.А-, Ц.Ц.Г- нарт тус бүр оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 1 /нэг/ жил хугацаагаар тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Н.Н.Га, З.З.А-, Ц.Ц.Г- нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн Газарт хариуцуулсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар Н.Н.Га, З.З.А-, Ц.Ц.Г- нар нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.Н.Га, З.З.А-, Ц.Ц.Г- нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ