| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00467/И |
| Дугаар | 142/ШШ2020/00618 |
| Огноо | 2020-05-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2020/00618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-11-2 тоотод оршин суух Д.С-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах М ХХК-д холбогдох
178 146 615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Сшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бшүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Снь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-тай буюу уг компанийг төлөөлж захирал Ш.ДАрхангай, Хөвсгөл, Булган зэрэг аймгуудаас нийт 2 146 толгой амьд хонь тууварлан авчирч бэлтгэн нийлүүлэх, зах зээлийн ханшаар нэг хонийг 123 328.81 төгрөгөөр тооцож худалдан авахаар харилцан тохиролцож 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 01 тоот Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан юм. Би энэхүү гэрээний дагуу дурдсан аймгуудын нутгаар өөрийнхөө машин унаагаар 7 хүний хамт явж иргэдээс хонь худалдан авч цуглуулж эхэлсэн. Ийнхүү 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 289 хонь, 2019 оны 06 дугаар сарын 02-нд 238 хонь, 2019 оны 06 дугаар сарын 04-нд 232 хонь, 2019 оны 06 дугаар сарын 19-нд 91 хонь, 2019 оны 06 дугаар сарын 20-нд 68 хонь, 2019 оны 06 дугаар сарын 21-нд 110 хонь буюу нийтдээ 1 028 хонь өгсөн. Дараа нь 2019 оны 07 дугаар сарын 29-нд 10 хонь, 2019 оны 08 дугаар сарын 01-нд 24 хонь, 2019 оны 08 дугаар сарын 06-нд 42 хонь, 2019 оны 08 дугаар сарын 25-нд 107 хонь, 2019 оны 09 дүгээр сарын 12-нд 201 хонь, 2019 оны 09 дүгээр сарын 14-нд 366 хонь, 2019 оны 09 дүгээр сарын 15-нд 66 хонь, 2019 оны 09 дүгээр сарын 16-нд 115 хонь, 2019 оны 09 дүгээр сарын 18-нд 187 хонь буюу нийт 1 118 хонь өгсөн. Ингээд би гэрээнд заасны дагуу стандартын шаардлага хангасан, эрүүл ахуйн гарал үүслийн бичигтэй 2 146 хонио гэрээнд заасан хугацааны дотор бүгдийг өгч, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэтэл гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт дурдсан “Худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг бэлтгэн нийлүүлснээс хойш 14 хоног дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө худалдагчид бүрэн төлж барагдуулна” гэсэн заалтыг зөрчиж өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй. Тус компаний нягтлан бодогч Г.Болор-Эрдэнэтэй тооцоо нийлж 2 146 толгой хонины төлбөрт 131 764 410 төгрөгийг төлөхөөр болж гарын үсэг зурж, захирал Ш.Давааням нь танилцаж гарын үсгээ зурж баталгаажуулсан. Би удаа дараа төлбөрөө барагдуулахыг хүссэн боловч хойшлуулсаар байгаад өдийг хүрлээ. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр захирал Ш.Д“Худалдах худалдан авах гэрээ дүгнэсэн акт” 1 тоотоор акт гэрээг дүгнэсэн. Уг актанд намайг үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үзэж, худалдан авагчийн төлөх төлбөр болох 131 764 410 төгрөгийн үлдэгдэлтэй тул гэрээний 6.6 дугаар зүйлд зааснаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн худалдан авагч нь гэрээнд заасан хугцааанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Би тус компаниас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 13 000 000 төгрөг л авсан, өөр мөнгө аваагүй байгаа тул үндсэн мөнгөнөөс энэ мөнгийг хасахаар үлдэгдэл нь 118 764 410 төгрөг болж байна. Мөн гэрээний 6.6 дугаар заалт, гэрээг дүгнэсэн актны 4 дэх хэсэгт зааснаар алдангийг хоног тутамд 0.5 хувиар тооцоход алданги нь өнөөдрийн байдлаар нийт 143 хоногт 84 916 553 төгрөг болж байгаа боловч Иргэний хуульд алданги нь үндсэн мөнгөний 50 хувиас их байж болохгүй гэж заасан тул алдангид 59 382 205 төгрөгийг, үндсэн мөнгө 118 764 410 төгрөг дээр нэмэхээр нийтдээ 178 146 615 /нэг зуун далан найман сая нэг зуун дөчин зургаан мянга зургаан зуун арван таван төгрөг/ төгрөгийг М ХХК-иас гаргуулан өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч “М” ХХК-ийн захирал Д.Лхагвадорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Давааням шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус компаний эсрэг иргэн Д.С178 146 615 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Өнгөрсөн 2019 онд манай компани Иран улсын нэгэн компанитай хөрөөдөж, хөлдөөсөн хонины мах экспортлох сайн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн боловч ХХААҮЯамнаас махны экспортыг удаа дараа зогсоож бараг сезон дуусах дөхүүлж 10 дугаар сарын дундуур зөвшөөрөл олгосон. Гэвч Ираны компани маань мөнгөө оруулж ирж чадахгүй өнөө маргааш, нөгөөдөр гэсээр өдий хүртэл хугацаа алдаж, бид байдлыг холбогдох түншүүддээ тухай бүрт нь тайлбарлан хэлж тасралтгүй холбоотой ажиллаж ирсэн. Д.Снэхэмжилж буй мөнгөн дүнд бэлтгэсэн махыг ийнхүү төлбөр орж ирэхгүй байсантай холбоотойгоор 8 дугаар сараас оны эцсийн 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл бид хэдийгээр санхүүгийн хүндрэлтэй байгаа ч гэсэн хадгалалт, цахилгааны төлбөрийг төлж хадгалж байсныг бүгд мэднэ. Иран руу мах экспортлоход хамгийн гол зөвшөөрөл болох Орос улсын нутгаар дайран өнгөрөх транзит зөвшөөрөл авахад хүнд, мөн он дотроо багтаад хугацаа нь дуусдаг, бас нядалгаа хийснээс хойш 4 сар өнгөрвөл Иран руу уг махыг ачих боломжгүй болдог зэрэг бодит шалтгаануудыг үндэслэн уг махыг ондоо багтааж ачихгүй бол асуудал бүр хүндрэх бодит байдал үүссэн тул бид амжиж 12 дугаар сарын 27-ны өдөр Иран түнш, Д.Сболон бусад холбогдох түншүүдтэйгээ зөвлөлдөж байж экспортод ачсан. Тэгээд он гараад төлбөрийн талаар удаа дараа ярьсаар хойшилсоор байтал Корона вирус гарч давагдашгүй хүчин зүйл гарч өнөөг хүргэлээ. УОК-с хөл хориотой холбоотойгоор махны экспорт одоогоор мөн хаалттай байна. Харин энэ удаад ХХААҮЯамнаас Иран руу гарах махны экспорт нээлттэй байгаа болно. Мөн 2020 оны мах экспортын сезон эхэлж буйтай холбоотойгоор бид зөвхөн ачилт хийж эхлэх зөвшөөрлийг тэсэн ядан хүлээж өнгөрсөн оны бизнесийнхээ алдагдалыг нөхөхөөр бэлдэж байна. Мөн дээрхи алдагдалд орсон түншүүддээ давуу эрхтэй, алдагдлаа нөхөх гэрээг гадаад түнштэйгээ шууд байгуулан өгч холбогдох журмын дагуу манай компаны нэр дээр гаргуулахаар тохиролцсон байгаа. Дээрхи нэхэмжилсэн 138 000 000 төгрөгийн 80 орчим саяынх нь эзэн н.Даваасүрэн нэхэмжлэлээс өөрт оногдох үнийн дүнгээ хасуулж уг давуу эрхийн гэрээний дагуу хамтарч ажиллахаар тохиролцсон байгаа бөгөөд удахгүй та бүхэнтэй өөрийн 99064570 гэсэн утсаар холбогдох байх аа. Уг махыг цаг үеээ зөв мэдэрч ондоо багтаж гаргаагүй бол бид өнөөдөр авлага оройтлоо гэж ярьж суух биш харин бүр экспортын хугацаа нь дуусч өөр хаана ч борлогдохгүй бүтээгдэхүүнд нэмж баахан цахилгааны төлбөр төлж байдал улам хүндрэх байлаа. Иймд бид одоо экспорт эхэлмэгц урд гацсан төлбөрөө хурдан авч цааш идэвхитэй хамтран ажиллаж алдагдлаас гарцгаах төлөвлөгөөтэй байна. Бид өөрсдөө ялгаагүй Яамны шийдвэр болон вирусын хоригоос болж асар их санхүүгийн алдагдалд орсон их хүндрэлтэй үед, мөн биднээс үл хамаарах шалтгаануудын талаар тухай тухай бүрт нь байнга зөвшилцөж байсан тул 50 хувийн алдагдал төлөх боломж ч байхгүй, мөн ийм эрсдэлийг нь үүрэх ёсгүй гэж үзэж байна. Харин дээр удаа дараа дурьдсанчлан хамтарч ажиллан, алдагдлаа нөхөн цаашид нээлттэй хамтран ажиллах боломжтой гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Снь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 178 146 615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч алдангийн төлбөрийг төлөх боломжгүй, цаашид хамтран ажиллаж санхүүгийн хүндрэлээс гарах боломжтой гэж мэтгэлцэж байна.
Зохигчид 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр стандартын шаардлага хангасан, эрүүл ахуйн гарал үүслийн бичигтэй, 2 146 толгой амьд хонь нэг бүрийг 123 323.81 төгрөг байхаар тохирч, Архангай, Хөвсгөл, Булган аймгуудаас тууварлан авчирч бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, төлбөрийг данс болон бэлнээр хийх, талуудын хариуцлага, давагдашгүй хүчин зүйлийг тооцохоор худалдах, худалдан авах 01 дугаартай гэрээ байгуулжээ.
2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дээрхи гэрээний биелэлтийг дүгнэж, 01 дугаартай актыг үйлдсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 20-ноос 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд гэрээг амжилттай хэрэгжүүлсэн, худалдан авагч 131 764 410 төгрөг төлөх үлдэгдэлтэй тул үндсэн гэрээний 6.6 дахь хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хугацаанд нь төлбөрөө биелүүлэхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна.
Талуудын байгуулсан гэрээ нь эх хувиар байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Хонь нийлүүлсэн, тоо ширхэгийн талаар талууд маргаагүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлбөрийн үлдэгдлийн талаар зөрүүтэй тайлбарлаж байгаа боловч тооцоо нийлсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байх бөгөөд энэ үүргээ хариуцагч тал биелүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хэдийгээр худалдах, худалдан авах гэрээний 6.6-д худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлэгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн торгууль төлнө гэж заасан боловч худалдах худалдан авах гэрээг дүгнэсэн актанд алданги төлөхөөр тохирсон байна. Анзын төлбөрийг торгууль гэж гэрээнд дурдсан боловч хууль зүйн агуулгаараа алдангийн төлбөр гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангийн төлбөрт 59 382 205 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шат дарааллан хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс болж бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл байдал алдагдсан, мөн талуудын байгуулсан гэрээний 7.1-д заасан давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар алдангийн хэмжээг 40 хувиар бууруулан тооцсон бөгөөд өвчин гарсан цаг хугацааг харгалзан үзэж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Стус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч М ХХК нутаг дэвсгэрийн харъяалалын талаар маргаагүй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Иймд хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 118 764 410 төгрөг, алдангийн төлбөрт 35 629 323 төгрөг нийт 154 393 733 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 752 882 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1 048 683 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 929 918.66 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.