| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/00313/и |
| Дугаар | 142/шш2020/00388 |
| Огноо | 2020-03-18 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 142/шш2020/00388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЭХ ХХК,
Нэхэмжлэгч: НТГ ХХК нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ц
Хариуцагч: Г.А нарт холбогдох
Компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэлдээ залруулга хийж, уг залруулсан мэдээллээ анх худал мэдээлэл байршуулсан erdenetmedee.mn, etzone.mn, todmedee.mn сайтуудад мэдээний эхний нүүрэнд байршуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, М.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, иргэдийн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЭХ-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь ноос ноолууран бүтээгдэхүүн болон хивс, хивсэнцэр үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 11 дүгээр сарын эхээр НТГ-ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц- гэх хүн ЭХ-ХХК-ийн ажилчдыг хууль бус ажил хаялтад уриалж, ажил хаялтын талаар ажиллагсадтай ажлын байранд, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байна. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажлын цагаар ажиллагсдыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажиллагсдыг хууль бус ажил хаялтад уриалж байсан учир манай компаниас НТГ-ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдуулан шүүхэд Манай компани нь НТГ-ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад erdenetmedee.mn, etzone.mn, todmedee.mn сайтууд манай компанийг НТГ-ХХК гэж бодит байдлыг зориудаар гуйвуулж, ажил хэргийн нэр хүндийг илтэд гутаасан, бодит байдлаас илт зөрүүтэй мэдээллийг байршуулж олон нийтэд дэлгэсэн байна. Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг уландаа гишгэж байна гэх ямар ч нотлогоо, үндэслэлгүй бодит үнэнээс зөрүүтэй мэдээлэл тарааж байгаа нь манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, ажил хэргийн нэр хүнд, ашиг орлогод шууд нөлөөлж байна. Тус Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа нь бусдын хуулиар олгогдсон эрхэд ноцтойгоор халдаж байгаа үйлдлийг дахин дахин явуулсаар байгаад хамарсаж байна. Уг хууль бус үйл ажиллагаагаа нэн даруй таслан зогсоож, тараасан хэлбэрээрээ худал мэдээллээ залруулж, устгаж, тараасан хэлбэрээрээ залруулга хийж, уучлал гуйхыг шаардсан албан бичгийг манай компанийн зүгээс хариуцагч нарт хүргүүлсэн байгаа ба мөн өөрийн компанийн ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Иймд манай компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэлдээ залруулга хийж, уг залруулсан мэдээллээ анх худал мэдээлэл байршуулсан erdenetmedee.mn, etzone.mn, todmedee.mn сайтуудад мэдээний эхний нүүрэнд байршуулахыг НТГ-ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороонд, etzone.mn сайтын сэтгүүлч, эзэмшигч Г.А- нарт тус тус даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч НТГ-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: НТГ-ХХК нь ноос ноолууран нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдхүүн, хивс хивсэнцэр, эсгий, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж 150 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар хангаж, ажилтнууддаа хамтын гэрээний дагуу бүх хөнгөлөлт, урамшуулал, нийгэм ахуйн тусламжийг тасралтгүй олгосоор ирсэн билээ. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр erdenetmedee.mn, etzone.mn, todmedee.mn гэх олон нийтийн сайтууд дээр НТГ-" ХХК нь ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж байна гэсэн гарчигтайгаар компанийн нэр хүндийг илтэд гутаан доромжилсон, бодит байдлаас зөрүүтэй худал мэдээллийг байршуулж олон нийтэд дэлгэсэн байгаа нь манай компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, ажил хэргийн нэр хүнд, ашиг орлогод шууд сөргөөр нөлөөлсөөр байна. НТГ-ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь ийнхүү манай компанийн ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдаж байгаа үйлдлийг дахин дахин явуулсаар байгаад харамсаж байна. Уг хууль бус үйл ажиллагаагаа нэн даруй таслан зогсоож, тараасан хэлбэрээрээ худал мэдээллээ устгаж, залруулга хийж, уучлалт хүсэхийг шаардсан албан бичгийг манай компанийн зүгээс erdenetmedee.mn, etzone.mn, todmedee.mn сайтуудад болон НТГХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц-д хүргүүлсэн байгаа ба мөн өөрийн компанийн ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Иймд манай компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэлдээ залруулга хийж, erdenetmedee.mn, etzone.mn, todmedee.mn сайтуудын мэдээний эхний нүүрэнд нь байршуулахыг НТГ-ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц-, etzone.mn сайтын сэтгүүлч, эзэмшигч Г.А- нарт тус тус даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Урнаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрдэнэтмэдээ.мн сайт дээр НТГ-ХХК, ЭХ-ХХК ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж байна гэсэн мэдээлэл гаргасан. Энэ нийтлэлд дурдагдсан мэдээлэл нь манай компанид хамааралгүй худал мэдээлэл, манай компанийн нэр хүндийг гутаасан нийтлэл учраас энэ мэдээлэлдээ тухайн сайтны эхний нүүрэнд залруулга хийж байршуулахыг НТГ-ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо болон тухайн мэдээллийг гаргасан сэтгүүлч Б.А- нарт даалгах нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НТГ-ХХК нь Б.А- болон Үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдуулаад нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага адил байгаа. Б.Ц-, Б.А- нарын сайтад байршуулсан мэдээллийн агуулга нь нэг агуулгатай. Уг мэдээллийн гарчигт НТГ-ХХК болон ЭХ-ХХК гэсэн байсан. Мэдээллийн агуулгыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Урнаа тайлбарлалаа. Иймд Б.Ц-, Б.А- нарт холбогдуулан компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэлд залруулга хийж, залруулсан мэдээллийг анх худал мэдээлэл байршуулсан erdenetmedee.mn, etzone.mn, todmedee.mn сайтын эхний нүүрэнд байршуулахыг НТГ-ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, etzone.mn сайтын сэтгүүлч Б.А- нарт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ... Энэ нэхэмжлэл бол хуулийн этгээдийн нэр төр сэргээхтэй холбоотой нэхэмжлэл байгаа. Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь нийтэд худал мэдээлэл тараасан байна гэсэн шаардлага байгаа. ЭХ-ХХК болон НТГ- ХХКнь ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж байна гэсэн гарчигтай, Эрдэнэт хивс ХХК-ийн зурагтай, энэ компанийн ажилчдын зурагтай мэдээллийг оруулахдаа мэдээллийн эх сурвалжаа 3 ажилтны ярилцлагыг заасан. Энэ 3 ажилтан нь ЭТ ХХК-д ажилладаг. Өөрсдийнхөө цалин, хөлс, амьдралынхаа нарийн асуудлыг ярьсан байдаг. Энд цалин бага, амьдралд хүрэлцдэггүй гэсэн ярилцлага өгсөн байдаг. Ажилтан ажил олгогч нарын хооронд тохиролцдог асуудал бол цалин хөлсний асуудал байгаа. Цалин хөлс бага гэж ярьсан боловч хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин авдаг талаар энэ мэдээлэлд яриагүй байна. Нөгөө талаас ЭТ ХХК-аас цалин хөлсөө авдаг, уг компаний ажлын байранд ажилладаг ажилтнууд байна. Мэдээллийн эх сурвалж 4 хүний ярилцлага байгаа. Сэтгүүлч алдаа гаргасан. Энэ 4 хүн хөдөлмөрийн гэрээг хэнтэй байгуулсан, хэнээс цалин авч, хэний хөдөлмөрийн багаж зэвсгээр ажилладаг гэдгийг тогтоогоогүй. Энэ хүмүүсээс авсан эх сурвалжаа ЭХ-ХХК, НТГ-ХХК-ийн ажилчид юм байна гэж ойлгож мэдээллийг тавьсан нь алдаа болсон. Энэ хүмүүсийн цалин хөлс амьдралд нь хүрэхгүй байгаад компанийг шууд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Хүн цалин хөлсөө зарцуулах, амьдралдаа яаж хүргэх нь хувь хүний хэрэглээнээс хамаарна. Компанийг буруутгах боломжгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, хөдөлмөрийн хөлснөөс доогуур хэмжээгээр цалин хөлс олгоод байсан бол уландаа гишгэсэн байх боломжтой. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан байгаа. ЭХ-ХХК болон НТГ-ХХК-ууд нь бие даан хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцдог. ЭТХХК-ийн асуудал яригдах ёстой. Мэдээллийн эх сурвалж нь ЭТХХК-ийн ажилтнууд байна. НТГ-ХХК-ийн хувьд хууль зүйн хувьд хамааралгүй байна. Тус тусдаа үүрэг хүлээдэг хуулийн этгээдүүд байна. Сэтгүүлчийн алдаатай үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т хамаарна. 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. гэж заасан. Гаргасан мэдээлэл нь үнэн зөв байсан гэдгийг хариуцагч нар нотлох үүргийг хүлээж байгаа. Нотлох баримтууд цөөхөн байна. Бүхий л баримтуудыг хэрэгт авч хийсэн боловч хэрэгт ач холбогдолтой гэж шууд үнэлэх боломжгүй байна. Мэдээллийг цацсан эх сурвалжаа нотлох ёстой. 2016-2018 оны баримтуудыг шууд шүүх үнэлэх боломжгүй. ЭТХХК-д ажилладаг ажилтнуудын мэдээллийг ЭХ-ХХК болон Натурал тесктайл групп ХХК-тай хамаатуулж тавьж байгаа сэтгүүлчийн алдаатай үйлдэл бол Иргэний хуулийн 21.2-т заасан шаардах эрхийг бий болгож байна. Иргэний хуулийн 21.3-т Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ гэж заасан. Няцааж чадсангүй. Нотолж чадсангүй. Хариуцагч тал өөрсдийн татгалзлаа нотлох баримт бүрдүүлж өгөөгүй байна. Иргэний хуулийн 21.5-д Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй гэж заасан. Хуулийн этгээдүүдэд нэгэн адил хамаарах зохицуулалт мөн. ЭХ-ХХК-ийн зургийг гарчигний доор тавьсан байна. ЭХ-ХХК болон НТГ-ХХК ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж байна гэсэн мэдээлэлд залруулга хийх шаардлага байна. Уландаа гишгэнэ гэдгийг утгаар нь тайлбарлавал ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгээд доод хэмжээнд авааччихсан байна гэсэн үг. Эдгээр компаниуд ийм үйлдэл гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц- гэх хүн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар этзон, эрдэнэт мэдээ, тод мэдээ гэдэг сайтуудад мэдээлэл өгч Б.А- сайтад байршуулсан байгаа. Ийм байдлаар мэдээлэл тараасан гэдэг дээр маргахгүй байна. Б.А- өмнөх шүүх хуралдаан дээр хэлэхдээ ЭТ ХХК гээд бичвэл хүмүүс мэдэхгүй, ЭХ-гээд биччихвэл олон хүн мэднэ, олон жилийн түүхтэй гэж хэлсэн байдаг. Ингэж сонгож байгаагаараа бусдын нэр хүндэд халдаж байгаа гэм хорын үйлдэлтэй шалтгаант холбоотой. Тодорхой олон хүнд чиглэх санааг өвөрлөж байдаг юм байна. Гарчигнаас нь үзвэл Ул гэж хүний биеийн хамгийн доод хэсэг, улан доор гишгэнэ гэхээр тавхайнаас доошоо орно гэсэн үг. Энэ үг нь утга агуулгаараа хоёр компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэллэг гэдэг нь харагдаж байна. Хариуцагч нар нь компанийн хувьцаа эзэмшигч нь НТГ-ХХК учраас энэ компанитай холбоотой баримтуудыг цуглуулсан гэж яриад байна. Компаний тухай хуулийн 9.1-д хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөтэй, нэртэй, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байна гэж заасан. Компанийн тухай хуулийн 9.2-т компани хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл ЭХ-ХХК нь НТГ-ХХК-ийн хариуцлагыг хүлээхгүй. Гэтэл энэ мэдээллийн агуулга нь ЭХ-ХХК буюу НТГ-ХХК гэж бичсэн байгаа юм. Буюу гэдэг үг нь тэнцүү гэх утгыг илэрхийлэх ёстой. Гэтэл хоёр өөр этгээдийг буюу гээд холбоод тавьчихсан. Тэгэхээр энэ мэдээлэл нь судалгаагүй, мэргэжилгүй, үнэнд нийцээгүй, нотлох баримтгүйгээр мэдээллийг тавьсан. Дотор нь байгаа мэдээллүүдээс ЭХ-ХХК ажилчдынхаа эрх ашгийг хохироож байгаа гэсэн хэсэг оршил хэсэг, доор нь хүмүүсийн яриа орж байгаа юм. ЭТ ХХК-ийн бэлтгэх, ноос боловсруулах цехүүдийн ажилчдын яриа орж байгаа юм. Компани гэж юу юм, нэртэй гэдгийг ойлгох ёстой. Энэ компанид ажиллаж байна уу? үгүй юу гэдгийг шалгах ёстой. Энэ хүмүүс ямар цалин аваад байгаа юм, ажил олгогч нь бага цалин өгөөд байгаа юм уу, өөрөө санхүүгээ хүргэхгүй байгаа юм уу гэдгийг судлаагүй. Малчны хотонд байгаа ноосыг авчраад тансаг зэрэглэлийн хивс болгодог. Маш их хэмжээний зардал гардаг. Үүнд нь цалин ордог. Цалин 80 хувийг эзэлдэг. ЭТХХК нь утас болтол нь үйлдвэрлээд ЭХ-ХХК худалдаж аваад хивс нэхдэг л компани байгаа. Энэ өртөг зардал, ямар цалин өгөөд байгааг нягталж чадахгүй байж ийм асуудлаар уландаа гишгилээ гэж ярих нь үндэслэлгүй. Фэйсбүүк дээр тавьсан мэдээлэл яриад байх шиг байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдаагүй баримт хэрэгт авагдаагүй. Үнэлэх боломжгүй байна. НТГ-ХХК ажилчдынхаа эрхийг зөрчжээ гэсэн шүүхийн шийдвэр, цагдаагийн газрын тогтоол байхгүй. Миний мэдэхээр сүүлийн 10 жил ийм баримт байхгүй. Барамсай гэх хүний бичсэн өргөдөл нь өөрөө бичсэн эсэх нь тодорхойгүй. Өөрөө бичсэн бол цалингаа нэмүүлэх гэж л бичсэн гэж хэлж байна. Ц- дарга энэ өргөдлийг эх хувиар нь аваад хадгалчихсан. Өргөдлийг шийдэх ямар боломж байсан талаар ярих ёстой байсан. Шийдчихсэн бол яагаад энд гаргаж ирээд байгаа юм. Энэ асуудал ажилчдын эрх ашиг хохироогоод байна гэсэн бол хамтын маргаанаар ч бай ямар нэгэн байдлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн торгуулийн хуудас, акт зэрэг байх ёстой. Тийм зүйл байхгүй. Ийм зүйл байхгүй учраас энэ мэдээлэл нь бодит үнэнд нийцээгүй худлаа мэдээлэл байна. Улнаас доогуур гэж бичсэн нь компанийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилгыг агуулсан баримт гэдэг нь тогтоогдож байна. Үүнийг шүүх нэг удаа шийдэж байсан. Хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй гэсэн үндэслэлээр дахин шийдэгдэж байгаа хэрэг. Энэ мэдээ нь тухайн ажилтны өөрөө хариуцлагатай ажилладаг эсэхээс, чанар, бүтээл нь ямар байхаас, олон зүйлээс хамаарч байгаа юм. Сард ажлын 22 хоног байхад ажилтан хэдэн хоног ажилласан бэ гэдгээс хамаарна. Хүмүүсийн цалин янз янз байж болно. Энэ нөхцөл байдлуудыг хоёр талаас тодруулаагүй нь сэтгүүлчийн буруутай ажиллагаа байна. Сэтгүүлч нийтлэл тавьчихаад залруулга өгөх юм уу, өөрөө мэд гэсэн гэж хэлж байна. Сэтгүүлзүйг хариуцлагатай, мэдлэгтэй байлгахын тулд мэдээ тавихаасаа өмнө мэдээндээ анхааралтай хандах хэрэгтэй. Тийм учраас дөрөв дэх засаглал гэж хүлээн зөвшөөрдөг. Б.А-тэй холбоотой юмаа больчихооч гээд сэтгүүлчид над руу яриад байна. Монголд хууль гэж бий хууль нэг бүр хэрэгждэг байх ёстой. Хариуцлагагүй байдлаар хандаж болохгүй. Мэдээллийг хайх эрх нь сэтгүүлчид бий. Мэдээллийг өгөх эрх нь хүмүүст бий. Үнэн худлааг нь шүүхээр тодруулж болно. Иймд Иргэний хуульд заасан шаардах эрх үүссэн. Нэхэмжлэгч компани ажилчдын эрхийг зөрчсөн, хуулиас дордуулсан, уландаа гишгэсэн зүйл нотлогдсонгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мэдээллийг тавьсан замаар залруулж, этзон сайтны нүүрний хэсэгт залруулах байдлаар тавих нь зүйтэй байна гэв.
Хариуцагч Г.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: НТГ-ХХК болон түүний охин компани болох ЭХ-ХХК-иуд Эрдэнэтийн мэдээ мэдээллийн etzone.mn манай сайтыг компаний нэр хүндийг гутааж худал мэдээлэл цацсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Үүнийг манай сайтууд мэргэжлийн эх сурвалжийн мэдээллийг үнэн бодит байдлаар эзэн бие, зураг хөрөгтэй нийтэлсэн учраас эргэн залруулах боломжгүй бөгөөд Үүнд: 1. Сэтгүүлч миний мэдээлэл ор үндэсгүй бус үндэслэл эх сурвалж нь ил тод олон жил Эрдэнэтийн хэмжээнд яригдсан асуудлуудыг компанийн ажилчид өөрсдөө эх сурвалж болон мэдээлэл өгсөн. 2.Өрх толгойлсон ядарсан эмэгтэйчүүд амьдрал ажлын нөхцөл байдлаа үнэн шудрагаар олон нийтэд дэлгэсэн нь Монгол улсын үндсэн хуулийн 16-16-д заасан итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг эрхэмлэн сэтгүүлчийн үнэн бодит байдлыг ил болгон нийтлэж, шудрага ёсны төлөө ажлаа мэргэжлийн хүрээнд хүргэсэн нь үнэн билээ. Хүнлэг, энэрэнгүй, шудрага нийгмийн төлөөх сэтгүүлч, иргэдийн дуу хоолойг боолчилсон энэ явдал нь үнэнд нийцэх тул худал мэдээлэл гэдэгт бид залруулга хийх учиргүй юм. Мэдээллээ ав гэж Урнаа гэх захирлыг 2 удаа ярихад мэдээллийг тэнцвэртэй хүргэх ёстой учраас ярилцлага, мэдээллээ өгөх үү гэтэл төвөөс захирлуудтай холбогдож байж өгнө, бас ЖДҮ-ийн асуудал яригдах эрсдэлтэй болохоор гээд дахин холбогдоогүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь заалт, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, НҮБ-ын хэвлэл мэдээллийн эрх, үүрэг, Мэдэх эрхийн хуулийн заалтуудыг үзэж хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. ... ЭХ-ХХК, НТГ-ХХК-тай холбоотой гомдлууд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүний эрхийн үндэсний комиссын Орхон аймаг дахь салбаруудад их байдаг. Сэтгүүлчийн хувьд судлахад Эрдэнэболд гэх Хүний эрхийн комиссын гишүүнээс асуухад өргөдөл, гомдол их байдаг гэсэн мэдээллийг өгч байсан. Одоо ч гэсэн олон нийтийн сүлжээнд цалин хөлсөө өгдөггүй, дутуу бодсон асуудлууд нийтэд ил байна. Би ганцаараа үүнийг гаргаагүй. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, өрх толгойлсон, тэнд ажиллаж байгаа эмэгтэйчүүд хөдөлмөрлөх эрх ашгаа хөндүүлсний төлөө олон нийтэд дуу хоолойгоо хүргэхийг хүссэн. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга ганцхан манай сайтад биш парламентын өмнө, нийт сэтгүүлчдийн өмнө олон нийтийн өмнө хэвлэлийн бага хурлыг хийж байсан. Ганцхан намайг энэ мэдээллийг залруулаач гэдэг нь өрөөсгөл байна. Аливаа юмны үнэн худлыг ялгадаг байгаач. Би нэг ч үг өгүүлбэр зохиогүй. Ажилчдын ярьсан үг ил тод байгаа. Амьдралын нөхцөл, авдаг цалин хөлс, ажлын байрны дарамтын талаар бүгдийг хэлсэн гэв.
Хариуцагч Б.Ц- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: НТГ-ХХК болон түүний охин компани болох ЭХ-ХХК-иуд НТГ-ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц-д холбогдуулан нэг адил бичвэр, агуулга бүхий компанийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэлдээ залруулга хийхийг даалгуулахаар иргэний хэргийн шүүхэд хандсан байна. Үйлдвэрчний эвлэлийн хороо нь ажил олгогч хамтын гэрээ байгуулахгүй байгаа талаар ажиллагсдын Үндсэн хуулиар эвлэлдэн нэгдэх эрхэнд халдаж байгаа буюу Хөдөлмөрийн тухай тогтоомжуудыг, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг зөрчиж үйлдвэрчний хорооны үндсэн эрхийг хязгаарлаж байгаа талаар мэдээлэл хийсэн. Өнөөдрийг хүртэл ажил олгогч Үйлдвэрчний эвлэлийн хорооны хоорондох маргаан шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байгаа энэ хянагдаж байгаа байдал нь гүтгээгүй гэдгийг нотолж байгаа. Мөн үүнтэй холбогдолтой зөрчлийн хэргүүд өөр газар хянагдаж байгаа. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7 дахь заалтанд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. ... Миний бие НТГ-ХХК буюу түүний охин компани болох ЭХ-ХХК, ЭТХХК, Орхон инженеринг ХХК, Эрдэнэт кашмер ХХК-иудын ажиллагсдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга буюу албан ёсны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүх гишүүдийн, бүх охин компаниудын төлөөллөөр сонгогдсон Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлийн хороо нь ямар чиг үүрэгтэй вэ гэхээр бүх ажилчдынхаа хөдөлмөрлөх эрх болон түүнтэй холбоотой бүхий л хууль ёсны эрх ашгийг төлөөлөн хамгаалах эрх үүргийнхээ хүрээнд бүх охин компаниудтай 2016 онд байгуулсан хамтын гэрээний дагуу тушаал шийдвэрт хяналт тавих, буруу тушаал гаргавал шаардлага тавих зэрэг шаардлага тавьдаг. Яагаад мэдээлэл өгсөн бэ гэвэл Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр дээрх компаниудын нэхэмжлэлтэй Үйлдвэрчний эвлэлийн хороонд хариуцуулж ажиллагсадтай хамтын гэрээ байгуулахгүй байх маргаанууд байдаг. Энэ маргаан шийдэгдээгүй 2 жилийн нүүр үзэж байна. Хурлууд удаа дараа хойшлогдож, шийдэгдэхгүй өдий хүрч байна. Би Үндсэн хуульд заасны дагуу хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн. Яагаад гэвэл би худал мэдээлэл буюу гүтгэсэн мэдээлэл тавиагүй. Үйлдвэрчний эвлэлийн хороог үгүйсгэж, хамтын гэрээ байгуулахгүй байх талаар шүүхэд хандаж байгаа байдлын талаар тайлбар хийсэн. Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болох талаар шүүхэд хандсан талаар, гишүүдийн эвлэлдэн нэгдэх эрхэнд хөндлөнгөөс оролцож байгаа талаар, Үндсэн хуулийн 16.10-т сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг заасан байгаа. Тэрнийхээ дагуу нэгдсэн нэг үйлдвэрчний эвлэлийн хороотой. ЭХ-ХХК нь тусдаа компани биш, НТГ-ХХК-ийн охин компани. Компаний бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнөөр гишүүдийн гишүүнчлэл өөрчлөгдөнө гэсэн хууль зүйн зохицуулалт байхгүй. Гишүүд нь татвараа төлөөд үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Би үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх эрхийг хязгаарлаж байна, Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд нь хөндлөнгөөс халдаж байна, Монголын үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 5, 6-д зааснаар үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулж байгаа талаар ярьсан. ЭХ-ХХК, ЭТХХК-ийн ажилчид манай өрөөнд байж байсан. Хамтын маргаан үүссэн байсан учраас гишүүд маань өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэхээр цайны цагаар орж ирдэг. Еtzone.mn сайтын сэтгүүлч Б.А-т эрх зөрчигдөж байгаа талаар яриа өгмөөр байна гээд урьдчилан хэлчихсэн байсан тул цайны цагаар ирчихсэн байсан. Тэнд байсан ажилчид мөн яриа өгсөн. ЭТХХК-ийн гурван ажилчид яриа өгсөн болохоос тэр зурган дээр ЭХ-ХХК-ийн ажилчдын зураг байгаа. Урнаа захирал зургийг нь хараад таньж байгаа. Тэр хүмүүс яриа өгөх гэтэл цайны цаг дууссан байсан. Хоёрдугаарт өөрсдөө хүсэлтээ гаргасан. Бид нар орой 16 цаг 30 минутанд ажил тарна. Сэтгүүлчийг автобусны буудал дээр ирээч, дэлгэрэнгүй яриа өгье гэсэн. Харин тэр үед Б.А- сэтгүүлчид ажил гараад ирээгүй. Түүнээс ажилчид яриагаа өгөх гэсэн юм гэсэн хүсэлтүүдийг тавьж байсан. Яриа өгсөн Мөнгөнцэцэг, Мөнхцэцэг, Бат-Өлзий гэх гурван хүн ямар хэмжээний цалин хөлс авдаг талаараа өөрсдөө ярьсан. Үүн дээр Б.А- болон миний бие цалин хөлсний талаар хэлээгүй. Гэрчээр дуудах гэхээр нэг нь өвчтэй, нэг нь хотод эмчилгээ хийлгэж байгаа, нэг нь ажлаасаа гараад эргэж орсон юм байна. Ганцаараа орвол дарамт шахалт үзүүлнэ гээд гэрчээр оролцуулах хүсэлтийг хүлээж аваагүй. Эвлэлдэн нэгдэх эрхийг уландаа гишгэж байна гэдгийг сэтгүүлч гарчиг өгсөн. Үнэхээрийн энд ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа нь үнэн. Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд саад учруулж, санхүүгийн хориг тавиад явж байгаа нь үнэн. Шүүх дээр шийдэгдээгүй явж байгаа. Би бодитой байдлыг л ярьсан. Надад худлаа ярих шаардлага, ашиг сонирхол байхгүй. Би 5 дугаар сард цалин хөлс аваагүй. Миний цалин үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татвараас хамааралтай байдаг. Одоо ч би цалингүй ажиллаж байгаа. Хамтын гэрээгээ дуусгавар болоогүй байхад зогсоосон. Нэг ч худлаа яриагүй. Би удаа дараа нэр төрд халдлаа, алдаануудаа засахгүй бол хэвлэл мэдээлэлд хандана гэдэг мэдэгдэл, шаардлагуудыг хүргүүлж байсан. Өөрсдөө харин өөрсдийнхөө нэр төрд халдаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбогдуулаад шүүхэд өгсөн байна, гишүүдийн эрхэнд халдаж байна, үйл ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулж байна, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6.2-т заасныг ноцтой зөрчиж байна гэдэг яриаг өгсөн. Цалин хөлсний талаар ажилчид өөрсдөө ярьсан. Хавтаст хэрэгт 2016-2018 оноос хойш ажилчдын бичсэн өргөдлүүдийг эх хувиар нь өгсөн. Өргөдлүүд дээр цалин хөлс, дарамтуудын талаар бичсэн байгаа. Одоо ч гэсэн үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд хориг тавьсан байгаа. Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрхийг шүүх ч хаах эрх байхгүй. Ажил олгогч ч хаах эрх байхгүй. Би үүнийг л ярьсан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэр төр ажил хэргийн нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байгаа. Хоёр компаний шаардлагыг харахад манай компаний нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэлдээ залруулга хийгээч гэсэн адилхан нэхэмжлэлийн шаардлагатай байдаг. М өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа халиад явчихлаа. Хариуцагчаар хэчнээн олон хүнийг татсан билээ. Тэмдэглэл болон өмнөх шүүх хуралдаан дээр ч дурдсан байгаа. Тод мэдээ, Эрдэнэт мэдээ хариуцагч Б.Ц, Б.А- нарт ямар ч хамаагүй. Ажил хэргийн нэр хүндийг уландаа гишгэхтэй зүйрлээд яриад байна. Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд гэдэг нь хуулийн этгээд өөрөө компаний тухай хуулиараа бүртгүүлээд эрх зүйн чадамжтай болсон үеэс бусдын өмнө үүрэг хүлээдэг. Ажилтны өмнө гэрээгээр ямар үүрэг хүлээж байна вэ гэдгээрээ компаний хувьд ажил хэргийн нэр хүнд яригддаг. Иргэний хуулиас өөр асуудал, алдар хүндээс өөр асуудал. Бусдын өмнө хүлээсэн үүрэг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн үү гэдэг дээр сэтгүүлч А- болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц- нар нь хангалттай мэдээллийг нийтлэсэн байна. Харин ч шүүх дээр ирсэн нотлох баримтуудыг судлаагүй байж бодит байдалд нийцсэн мэдээлэл тараасан байна гэж үзэж байна. ЭХ-ХХК-ийн нэхэмжлэлд эрдэнэт мэдээ, тод мэдээ-г манай компанийг НТГ-ХХК гэж бодит байдлыг гуйвуулсан гэж бичсэн байна. Урнаа захирлаас мэдээлэл авах гээд манай компани ЖДҮ-гээс зээл авах гээд дөрвөн тусдаа компани болсон гэдгээ хэлсэн юм байна. Сэтгүүлч үүнийг хангалттай нотлосон юм байна. 6 охин компаний үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээр бүгдэн дээр нь НТГ-ХХК нь байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад ч гэсэн би хэлсэн. НТГ-ХХК-ийн ерөнхий захиралтай гэрээ байгуулж ЭХ-ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа гэдгээ Урнаа захирал хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж чадахгүй байна гэж үзэж байна. Бусдын өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй талаар Б.Ц- өөрийнхөө хэмжээнд, Б.А- өөрийнхөө хэмжээнд бичсэн нийтлэл байдаг. Хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлахад харагдаж байна. Компани нийгмийн даатгалыг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй. Цалингийн талаарх баримтыг авъя гэсний эцэст авсан. Өөрсдийнхөө хамгийн зөрчилгүй гэж үзсэн хүмүүсийн нэрсийг явуулсан гэж үзэж байна. А, О, Т, О, Г гэсэн таван хүний нэр явуулсан. А 2017 оны 02 дугаар сард 1 007 947 төгрөгний цалин гарсан байна. Гэтэл нийгмийн даатгалын тайлангаас ирсэн дүн дээр төлсөн мөнгө 699 485 төгрөгөөр төлсөн байх жишээтэй. 699 485 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг юм байна гэж харж байгаа. Мөн А-д 7, 8 сард 811 888 төгрөг гарт нь олголоо гэж байгаа боловч 700 711 төгрөгөөр шимтгэл төлсөн нь нийгмийн даатгалын баримтаас харагдаж байна. Бүх хүн ажил хийж гарт олгосон цалингийнхаа 10 хувийг нийгмийн даатгалд төлж байгаа. Үлдэгдэл 10 хувийг нь байгууллагаас төлж байгаа. Гэтэл яагаад гар дээр нь их мөнгө олгож багаар нийгмийн даатгал төлж байгаа юм, бага мөнгө олгож ихээр нийгмийн даатгал төлж байгаа. 8 дугаар сард А-д 662 586 төгрөг гарт нь олгосон боловч нийгмийн даатгалын баримтанд 391 940 төгрөгөөр төлсөн байна. Зөвхөн А-гийн жишээн дээр үзэхэд зөрүүтэй тайлан гаргаж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байгаа юм уу. О-д 662 589 төгрөгийг гарт олгож гэсэн боловч нийгмийн даатгалын тайланд 62 700 төгрөгөөр шимтгэл төлсөн байгаа. Бусдын өмнө хүлээсэн үүргээ хуулийн дагуу биелүүлж байгаа юм уу. Мөн 2018 оны 03 дугаар сарын тайланд А-, Т, Г нарыг 240 000 төгрөгөөр шивсэн мөртлөө 197 000 төгрөг гарт олгож болж байгаа юм уу. НТГ-ХХК болон ЭХ-ХХК нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа юм уу. Бодит байдалд нийцэж байгаа юм уу. Урьдчилгаа цалин дээр -175 000 төгрөг гарч байгаа ажилтнууд байна. Танай компанид ажил хийчихээд ямар учраас хасах цалинтай гарч байгаа юм бэ. Энэ байдлууд нь Б.Ц- болон Б.А- нарын хэлж ярьсантай нийцээгүй юу. Энэ байдлыг шүүх анхаараачээ. ЭТХХК-ийн ажилчид яриа өгсөн, тэдгээрийн хөдөлмөрийн гэрээг ЭХ-ХХК-ийн ажилчин биш гэдгийг нотолсон баримт өгсөн гэж өмгөөлөгч нар ярьж байна. Хуульч, өмгөөлөгч нар байж шүүхэд үнэн зөв тайлбар өгөх ёс зүйтэй баймаар байна. ЭТХХК гэсэн 12 хүний хөдөлмөрийн гэрээ байгаа. Гэрээний дээд хэсэгт НТГ-ХХК гэсэн логотой байгаа. Ш, О, Ю, Р, О, М, Б, Б, Б, Б, Б гэх 12 хүн байгаа. Эдгээр хүмүүсээс Б.Ц- болон Б.А-т ярилцлага өгсөн хүн байдаггүй юм. Ийм байдлаар шүүхэд худал мэдүүлдэг байдлаа болимоор байна. Уландаа гишгэж байна гэсэн тухайд хөл минь муухай байна, муухай оймс өмчсчихлөө гэсэн байдлаар нэр төрд халддаггүй. Уландаа гишгэж байна гэдэг нь энэ хоёр компанийг ажиллагсдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажил хөдөлмөр хийсэн хүнийг цалингаас нь хасахтай гаргадаг энэ байдлуудыг дүйцүүлж хэлсэн ишлэл үг юм. Тэрнээс биш шууд утгаар нь хөлний улнаас доогуур компаний нэр төрд халдсан асуудал яригдаагүй юм. Нийтлэлд М шударгаар хөдөлмөрөө үнэлүүлмээр байна гэж ярьсан. Компани хуваагдсан, нэгдсэн талаар нэг ч юм яриагүй. Авдаг цалин хаанаа ч хүрэлцдэггүй ээ гэж хэлсэн хүн нэрээ хэлэхийг хүсээгүй байгаа юм. Сэтгүүлчийнхээ ёс зүйгээр нэр усыг нь дурдаагүй. Сайт дээр гарсан мэдээн дээр 8, 9 эмэгтэй ажилчдын зураг байгаа. ЭХ-ХХК-ийн байранд харанхуй нүх шиг өрөөн дотор Үйлдэвчрний эвлэлийн хороо нь байдаг юм билээ. Эдгээр хүмүүсээс 2 нь нэрээ хэлсэн байдаг. Тэрнээс биш 12,13-н хүн байгаагүй, бүгдээрээ ЭТХХК-ийн ажилчид байгаагүй юм. Нотлох баримт шинжлэн судлахад НТГ-ХХК нь таван үйлдвэрлэлийн чиглэлтэй юм байна. Гэтэл хуульчаар хянуулж батлуулсан хөдөлмөрийн дотоод журман дээр үйлдвэрлэл байхгүй байж яахаараа үйлдвэрлэлийн баримт бичиг батлаад яваад байдаг юм бэ.Үнэндээ хөдөлмөрийн дотоод журам байхгүй гэж харагдаж байгаа. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр захирал нь тушаал гаргасан байхад 2 жилийн дараа баталж байдаг. Тэрийгээ хоёр жил мөрдөөд явж байна. Энэ талаарх хуурамч нотлох баримт бүрдүүлээд байгаа үгүйг шүүх анхаарч үзээсэй. Мөн өмнөх анхан шатны шүүх хуралдаанууд дээр шүүх шийдвэрээ гаргахдаа энэ нийтлэл дотор бичигдсэн үг үсэг бүгдийг нь ЭХ-ХХК, НТГ-ХХК-ийн төлөөлөгч Б, У нарын ярьснаар, сэтгүүлчийн бичсэн нийтлэлд засвар оруулж шийдсэн байдаг. Үүнийг давтахгүй байгаасай гэж бодож байна. Компанийн тухай хуулийн 9.1, 9.2-ыг М.Ганзориг өмгөөлөгч яриад байна. Тэр бол зөвхөн хувьцаа эзэмшигч бусдын өмнө хүлээх үүрэгтэй холбоотой заалт байдаг. Харин ч энэ заалтыг энэ хүмүүс нийтлэлээрээ бүрэн бодитой биелүүлсэн гэж бодож байна. ЭТХХК-ийн хувьцаа эзэмшигч нь НТГ-ХХК байгаа. Хувьцаа эзэмшигч нь нэг байхад компанийн бусдын өмнө хүлээх үүргийг хүлээнэ гэж компаний дүрмүүдэд байгаа. Нотлох баримтаар уншуулж судлуулсан. Харин ЭХ-ХХК-ийн компаний дүрмийн 6.3-т компани нь хувь нийлүүлэгчийнхээ өрийг хариуцахгүй гэж байгаа. Бусдын өмнө хүлээх өрийг хариуцахгүй гэж байгаа болохоос хувьцаа эзэмшигч нь ил байгаа тохиолдолд Компаний тухай хуулийн 9.1, 9.2-т зааснаар хувьцаа эзэмшигч нь нэг байгаа тохиолдолд адилхан эрх үүрэгтэй юм байна. Тийм ч учраас улсын бүртгэлээс ирсэн баримтууд дээр НТГ-ХХК удирддаг, НТГ-ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэгдсэний дагуу зохион байгуулагдана гэж бүх дүрмэн дээр байгаа. Ийм нөхцөл байдлуудыг яагаад Иргэний хуулийн 21.3-т зааснаар бодит байдалд нийцээгүй гэж няцааж байгаа юм бэ. Ойлгомжгүй байна. Энэ нь харин ч Б.Ц-, Б.А- нар бодит байдлыг өөрсдийнхөө хэмжээнд мэдээлсэн юм байна. Эдгээр мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангаж ирсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, цалингийн цэс, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан зэрэг баримтаар батлагдаж байна. Сэтгүүлчийн мэргэжлийг хэн нэгэн этгээд шүүх эрхгүй. Хүн хаана ч ямар ч үед үг хэлэх эрх чөлөө бий. Эрүүгийн хууль болон Иргэний хуулиар тодорхой хязгаарласан байдаг. Иргэний хуулийн 21.1-21.9 дээр хязгаарлалтыг дурдсан. Гэхдээ ЭХ-ХХК болон НТГ-ХХК ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж байна гэсэн гарчигтай энэ нийтлэл дээр сэтгүүлч Б.А-, ярилцлага өгсөн Б.Ц- нар нь Иргэний хуулиар хамгаалагдсан танай компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэдэг нь эдгээр баримтуудаар тогтоогдохгүй байна. Компанийн ажил хэргийн нэр хүндийг бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбож үздэг болохоос тэр компанийг сайн, муу хэлснээр нэр хүндэд нь халдах асуудал яригддаггүй юм. Мөн энд ноос ялгагч болон доод шатны ажилчдын цалин бага байна л гэж ярьсан. Нийгмийн даатгалын тайланг үзвэл 2500, 1700, 28 000 төгрөг гээд хөдөлмөрийн хөлснөөс бүр доошоо төлсөн компанийн ажилчдын бүх нэрс байгаа. Хамгийн эхний хүснэгтээр харагддаг. Яагаад энэ баримтуудыг авсан бэ гэхээр цалингийн цэсийг бүх ажилчидтай тулгаж зөрүүг нь гаргая гэж бодож байсан. Харамсалтай нь шүүх хараагүй явсаар байгаад түүврийн аргаар таван ажилчин дээр нь ярьсан. Нэг хүн дээр нь гэхэд таван удаагийн зөрчилтэй. 2 хүн дээр нь гурван удаагийн зөрчилтэй баримтууд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Ажилчдын эрх ашгийг уландаа гишгэж байна гэсэн нийтлэл дотор худлаа ярьсан, өөр хүний нэрийг ашигласан, зургийг эвлүүлэг болгож ашигласан зүйл байхгүй. Өмнөх шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлахад байсан дуу хоолойны бичлэг нь байгаа. Үүнийг ямар учраас бодит байдалд нийцээгүй гэж үзээд байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Л.Н гаргасан дүгнэлтдээ:ЭХ-ХХК үнэхээр ажилчдаа дарамталж, цалин хөлсийг нь хасч байгаа, хүнийг дарамталж хөөж тууж байгаа болон илүү цагаар ажиллуулж, илүү цагийн мөнгийг өгөхгүй байгаа бол хуулийн хариуцлага хүлээх нь зөв гэж бодож байна. Сэтгүүлч А- мэдээ, мэдээлэл гаргахдаа гутаан доромжилсон бол сэтгүүлчийн буруу. ЭХ-ХХК ажилчдынхаа эрх ашгийг зөрчөөгүй бол буруу мэдээлэл өгсөн сэтгүүлч А-, Ц- нарын буруу юм уу гэж бодож байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЭХ-ХХК, НТГ-ХХК нь НТГ-ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо болон түүний дарга Б.Ц-, еtzone.mn сайтын эзэмшигч Г.А- нарт холбогдуулан Компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэлдээ залруулга хийж, уг залруулсан мэдээллээ анх худал мэдээлэл байршуулсан erdenetmedee.mn, etzone.mn, todmedee.mn сайтуудад мэдээний эхний нүүрэнд байршуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч НТГ-ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо болон хорооны дарга Б.Ц-, еtzone.mn сайтын эзэмшигч Г.А- нар нь бодит байдалд нийцсэн, үнэн зөв мэдээллийг нийтлэсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан.
Хариуцагч Еtzone.mn сайтын эзэмшигч, сэтгүүлч Г.А- нь 2019 оны 01 сарын 15-нд хариуцагч НТГ-ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц-, ээрэх үйлдвэрийн ажилчин Н.М, ЭТ ХХК-ийн томруулан ороогч /нэрээ хэлэхийг хүсээгүй/, ЭТ ХХК-ийн шилжүүлэн ороогч Н.Б гэх хүмүүсээс ярилцлага авч ЭХ-ХХК буюу НТГ-Ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж байна гэх гарчигтай нийтлэлийг erdenetmedee.mn сайт болон өөрийн эзэмшлийн Еtzone.mn сайтуудад нийтлэсэн ба энэ талаар зохигч маргахгүй байна.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна гэж заасны дагуу нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байна.
Хариуцагч Г.А- дээрх сайтуудад нийтэлсэн нийтлэлийн эхэнд: Хивсийг ноос байхаас нь эхлэн гардан бүтээдэг баялаг бүтээгч ажилчдаа дорд үзэн илүү цагийн ажлын хөлс боддоггүй, хоцорсон минут тутамд 300-500 төгрөг хасдаг гээд энэ компанид ажилладаг 850 гаруй ажиллагсдын эрх ашиг, нийгмийн хамгаалал ихээр зөрчигдөж байгаа тухай Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц- олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан ил болгож байна. Ноос ээрэгч, дунд, доод шатны ажилчдын цалин харьцангуй бага, 350000-500000 төгрөгийн хооронд амьдралын шаардлагаар банкны цалингийн зээлтэй, өрх толгойлсон эмэгтэй 242000-г банкны зээлэндээ өгөөд бусад шимтгэл татвараа төлөөд 60000 төгрөгөөр 4 хүүхдээ тэжээж байгаа тохиолдол энэ үйлдвэрийн ажилчид дунд байдаг байна. Хөдөлмөрчин ангийн хөлс хүчийг сорсон, олигарх баячуудын дарангуйлал өдөр шөнө ч энэ үйлдвэр дээр харагдах болсоор удсан гэнэ. Үйлдвэрийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захиралууд удирдах зөвлөлийнхөн үнэтэй цай, кофе зөөлгөн тансаг өрөөндөө тухалж суухад хөөрхий ажилчин эх хэдэн хүүхдээ тэжээхээр хуруу гараа эсгэн, ноос самардан амиа зогоодог байдал хувьд очсон энэ он жилүүдэд өдөр тутмын дүр зураг болжээ.
ЭХ-нэг өдөрт 16-22 ширхэг тансаг зэрэглэлийн хивсийг үйлдвэрлэн гаргадаг бөгөөд нэг бүрийн үнэ нь дунджаар 550000-1200000 төгрөгийн хооронд байдаг гэнэ. Харин хивс үйлдвэрлэгч нэг ажилчин нэг хивсний үнэ хүрэхгүй цалинг сарын турш илүү цагаар хонон өнжин ажиллаад ч авч чаддаггүй, хасуулан байж цөөхөн хөлс гар дээр авдагаа ярилцлага өгсөн ажилчид нуусангүй ээ. Өнөөдрийн байдлаар ЭХ-буюу НТГ-ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллага Үйлдвэрчний эвлэлийн хороог үл хүндэтгэх, хавчин гадуурхах үйл ажиллагааг явуулж ажилчдын дуу хоолой болон ажиллаж байгаа хорооны даргын цалин хөлсийг өгөхгүйгээр 5 сарын нүүр үзжээ. Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргатайгаа ажилчид орж уулзах, санал бодлоо хэлсний төлөө хавчин гадуурхах, үл тоомсорлох байдал хэрээс хэтэржээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдал алдагдсан цэв хүйтэн ажлын байран дээрээ бээртлээ ажиллаж буй ажиллагсадынхаа төлөө дуугарлаа ч үл хүлээж авах тул ажилчид Үйлдвэрчний эвлэлийн хороооны даргын хамтаар ийнхүү манай сайтад хандаж дэлгэрэнгүй мэдээллийг өгснийг ийнхүү хүргэж байна гэжээ.
Тус сайтад ээрэх үйлдвэрийн ажилчин Н.М: Компанийн нэг ажилчин сард 500000 төгрөг авдаг гэж байгаа ч хасуулаад 192000 төгрөг авдаг, энэ нь амьдралд хаанаа ч хүрэлцдэггүй. Бид нарын ар талд хүрэлцэхгүй байгаа болохоор амьдрал өдрөөс өдөрт хэцүү болж байна. Ажлын ачаалалтай хагас сайнд ч ажиллана, долоо хоногтоо сунана. Цаанаасаа захиалгатай та нар цалин авч байгаа хийх ёстой гэсэн байдалтай байдаг. ...Бид мөнгөтэй хүмүүсийн тансаг амьдралын төлөө боол баймааргүй, хөдөлмөрөө шудрагаар үнэлүүлмээр байна. Үйлдвэрчний эвлэлийн хороонд 522 ажилчин байна. Ээлжинд явж байгаа хүмүүс маань шөнийн нэмэгдэл, илүү цагаа авъя гэхэд өгдөггүй. Хийсэн бүтээлийн чинь үнэлгээ чинь ийм байна л гэдэг. Үнэхээр харамсмаар байдаг.Олон жилийн нэмэгдэл гэж өгдөг байсан тэр ч олгогдохоо больсон гэжээ.
ЭТкомпанийн томруулан ороогч гэх нэрээ хэлэхээс татгалзсан ажилчин: 10 дахь жилдээ ажиллаж байна. Сарын цалин 400000 төгрөг. Төлөвлөгөө нормоо биелүүлсэн тохиолдолд 500.000 гаран төгрөгнөөс цалин бодогдоод манай ажилчид бүгд банкны зээлтэй, тэгээд бодохоор миний хувьд 252.000 төгрөгний зээлээ төлөөд аванз 250.000 төгрөг авлаа гэж бодоход цаана 197.000 төгрөг нь хүрэлцдэггүй. Үндсэндээ банкны зээлээ ч дараа нь хийж чадахгүй хагаслаад хийнэ. Хэдийгээр ажилчид Үйлдвэрчний эвлэлийн хороотой байхыг хүсдэг ч их дарамттай, ингээд хэлчихвэл ажилгүй болчих болов уу гэсэн айдастай байдаг. Хүн хийж чадах хэмжээгээрээ ажиллаж байгаа болохоор ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдээд өгөөч ээ гэж л хүсээд байгаа юм. Залуу хүмүүс, ажилчдаа дэмжээд урам өгөөчээ гэж байгаа болохоос та надад мөнгө өгөөчээ гэж байгаа юм биш. Гэнэт л энэ захиалга орж ирлээ, яаралтай хий гээд ороод ирдэг, төлөвлөгөөг хийгээд явуулдаг, заримдаа сул зогсолттой, сул зогсолтын мөнгө ч өгдөггүй гэжээ.
ЭТкомпанийн шилжүүлэн ороогч Н.Б: Үйлдвэрчний эвлэлийн хороо байхгүй байхад биднийг дуртай цагтаа дуудаж ажиллуулдаг, дургүй үедээ яваарай зайлаарай гэдэг. Миний хувьд олон жил ажилласан туршлагатай хөрвөх чадвартай гээд энд тэнд тавина. Хэрвээ би өөрийн машин дээрээ ажиллавал 450 хувийн нормоо хийж байж цалингаа гайгүй авна. Өөр машин дээр тавьчихаар нормоо биелүүлээгүй гээд хасагддаг. Энэ мэтчилэн олон асуудлыг Үйлдвэрчний эвлэлийн хороондоо хэлж шийдүүлмээр байдаг учраас бид тэмцээд байгаа юм. Цалин хаанаа ч хүрдэггүй, цалингийн зээлэнд 220.000 нь яваад өгдөг. Амьдрал үнэндээ ийм л байна.Ажилчдынхаа нийгмийн асуудлыг харж үзээч ээ, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой баймаар байна гэж хэлмээр байна.Төр засаг минь биднийг анхааралдаа аваач гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг болно.
Хариуцагч Г.А- нь хариуцагч НТГ-ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц-гээс ярилцлага авч нийтлэл бичихдээ нийтлэл ярилцлагынхаа эхэнд: Хөдөлмөрчин ангийн хүч хөлс хүчийг сорсон, олигарх баячуудын дарангуйлал өдөр шөнө ч энэ үйлдвэр дээр харагдах болсоор удсан гэнэ гэж бичсэн нь ажил олгогчтой гэрээ байгуулан хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр хөдөлмөрөө үнэлүүлэн, цалин хөлс авч ажиллаж байгаа ажилтныг хөлс хүчээ соруулж байгаа гэж, ажил олгогчийг олигарх баячууд, олигархи баячуудын дарангуйлал гэж дүгнэсэн байна.
Хэрвээ ажил олгогч ажилтныг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажил үүргийг хүчээр гүйцэтгүүлж байгаа бол энэ нь гомдол шаардлага гаргах, улмаар гэрээг цуцлах үндэслэл болно. Гэтэл ажил үүргийнх нь онцлог байдлыг тухайн хүн хаа нэг газар, ямар ч хөдөлмөрийн гэрээгүйгээр, албадлагаар хуруу гараа эсгэн ноос самардан амиа зогоодог байдлаар бичсэн нь талуудын хооронд үүссэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн харилцааг үгүйсгэсэн бодит байдалд нийцэхгүй мэдээлэл болсон байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад ЭХ-ХХК, НТГ-ХХК-иудын ажилчид нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур буюу нийтлэлд бичсэн шиг 192000-350000 төгрөгийн цалин авдаг, ажилчдад нэмэгдэл өгдөггүй, ажилчдын цалингаас хоцорсон минут тутамд 300-500 төгрөг хасдаг, илүү цагаар ажиллуулдагч ч илүү цагийн хөлс өгдөггүй, ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдал алдагдсан цэв хүйтэн ажлын байранд ажиллуулдаг байдал нотлогдохгүй байна.
Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг ЭХ-ХХК нь хувь нийлүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит хурлын № 3 дугаартай тогтоолоор ЭХ-ХХК-ийн ашигт ажиллагааг дээшлүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нэрийг өөрчлөн НТГ-ХХК оноосон нэртэй болж, шинээр ЭХ-ХХК, ЭТХХК, ЭК ХХК, ОИ ХХК-иудыг байгуулж, хувьцаа эзэмшигчээр НТГ-ХХК бүртгэгджээ.
Мөн НТГ-ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь улсын бүртгэлд НТГ-ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо гэж бүртгэгдсэн байна.
Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ, мөн зүйлийн 6.5-д Хараат болон охин компани нь толгой компаныхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийхаа өрийг хариуцахгүй, 6.12-т Толгой компани нь үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс бусад тохиолдолд хараат болон охин компанийн үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж байгаа хувьцааныхаа эрхээр оролцоно, 9.2-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус заажээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан ЭХ-ХХК, НТГ-ХХК, ЭТХХК-иудын дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр уг компаниуд нь бие даасан хуулийн этгээдүүд болох нь тогтоогдож байх ба хариуцагч Г.А- нь ээрэх үйлдвэрийн ажилчин Н.Мөнгөнцэцэг гэх хүнээс ярилцлага авсан боловч энэхүү үйлдвэр нь ямар компанид харъяалагддаг болох, ЭТ/нийтлэлд ЭТ гэж бичсэн/ компанийн томруулан ороогч ажилтай нэрээ хэлэхийг хүсээгүй ажилчин, компанийн шилжүүлэн ороогч Н.Б зэрэг хүмүүс ЭХ-ХХК, НТГ-ХХК-ийн ажилчид биш байхад нийтлэлдээ ЭХ-ХХК буюу НТГ-ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж байна гэх гарчиг өгч нийтлэсэн нь буруу болжээ.
Нөгөөтэйгүүр хариуцагч Г.А- нь хариуцагч НТГ-ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц-гийн хүсэлтээр тус компанийн ажлын байранд очиж ажилчдаас ярилцлага авч, нийтлэлийг бичиж нийтлэхдээ чухам аль компанийн асуудлыг хөндөх гэж байгаагаа тодорхой болгоогүй, мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах, хэвлэн нийтлэхдээ хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, зөрчихгүй байх, хууль дээдлэх зэрэг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй байна.
Хариуцагч НТГ-ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц- нь Монгол улсын Үндсэн хуульд заасан ...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ дагуу Еtzone.mn сайтын эзэмшигч, сэтгүүлч Г.А-т ярилцлага мэдээлэл өгсөн ба уг ярилцлага, мэдээлэл нь бодит үнэнд нийцсэн эсэхийг тодруулж, мэдээллийн тэнцвэрт байдлыг хангасаны үндсэн дээр нийтлэх үүрэг нь сэтгүүлчид хуулиар олгогдсон байна.
ЭХ-ХХК буюу НТГ-ХХК нь ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллага болох Үйлдвэрчний эвлэлийн хороог үл хүндэтгэх, хавчин гадуурхах үйл ажиллагааг явуулж ажилчдын дуу хоолой болон ажиллаж байгаа хорооны даргын цалин хөлсийг өгөхгүйгээр 5 сарын нүүр үзэж байна гэж ярьсан ярилцлагын агуулга нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаатай холбоотой гомдол хүсэлт, маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа учир НТГ-ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Г.А-ийн бичсэн нийтлэл нь Еrdenetmedee.mn сайт болон Еtzone.mn сайтуудад байршсан байх бөгөөд харин Тodmedee.mn сайтад байршуулсан болох нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч Г.А-ийн дээрх нийтэд тараасан мэдээлэл нь зарим талаараа үнэн бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгч компаниудын ажил хэргийн нэр хүндийг гутаасан болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул, сэтгүүлч өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй боловч түүний үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж буй хэлбэр нь бусдын нэр төр, алдар хүндийг, тухайн тохиолдолд ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж ЭХ-ХХК болон НТГ-ХХК-иуд ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж байна гэх гарчиг бүхий ...ажилчдаа дорд үзсэн, илүү цагийн ажлын хөлс боддоггүй, цалин хөлс хасдаг, хоцорсон минут тутамд 300-500 төгрөг хасдаг, хөдөлмөрчин ангийн хөлс хүчийг сорсон олигархи баячуудын дарангуйлал өдөр шөнө ч энэ үйлдвэр даээр харагдах болсоор удсан, үйлдвэрийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлууд удирдах зөвлөлийнхөн үнэтэй цай кофе зөөлгөн өрөөндөө тухалж суухад хөөрхий ажилчин эх хуруу гараа эсгэн ноос самардан амиа зогоодог байдал өдөр тутмын дүр зураг болжээ гэсэн мэдээлэлдээ залруулга хийж уг залруулсан мэдээллээ анх мэдээлэл байршуулсан Еrdenetmedee.mn, Еtzone.mn сайтуудад байршуулахыг хариуцагч Г.А-т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Todmedee.mn сайтад байршуулсан худал мэдээлэлдээ залруулга хийж уг залруулсан мэдээллээ байршуулахыг даалгах болон хариуцагч НТГ-ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо болон хорооны дарга Б.Ц-д холбогдуулан гаргасан Компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэлдээ залруулга хийж, уг залруулсан мэдээллээ анх худал мэдээлэл байршуулсан erdenetmedee.mn, etzone.mn, todmedee.mn сайтуудад мэдээний эхний нүүрэнд байршуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ЭХ-ХХК, НТГ-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.А-ээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭХ-ХХК-д 35100 төгрөг, нэхэмжлэгч НТГ-ХХК-д 35100 төгрөгийг тус тус олгохоор шүүхийн шийдвэрт заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6-д заасныг баримтлан ЭХ-ХХК болон НТГ-ХХК-иуд ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж байна гэх гарчиг бүхий ...ажилчдаа дорд үзсэн, илүү цагийн ажлын хөлс боддоггүй, цалин хөлс хасдаг, хоцорсон минут тутамд 300-500 төгрөг хасдаг, хөдөлмөрчин ангийн хөлс хүчийг сорсон олигархи баячуудын дарангуйлал өдөр шөнө ч энэ үйлдвэр даээр харагдах болсоор удсан, үйлдвэрийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлууд удирдах зөвлөлийнхөн үнэтэй цай кофе зөөлгөн өрөөндөө тухалж суухад хөөрхий ажилчин эх хуруу гараа эсгэн ноос самардан амиа зогоодог байдал өдөр тутмын дүр зураг болжээ гэсэн мэдээлэлдээ залруулга хийж уг залруулсан мэдээллээ анх мэдээлэл байршуулсан Еrdenetmedee.mn, Еtzone.mn сайтуудад байршуулахыг хариуцагч Г.А-т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Todmedee.mn сайтад байршуулсан худал мэдээлэлдээ залруулга хийж уг залруулсан мэдээллээ байршуулахыг даалгах болон хариуцагч НТГ-ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо болон хорооны дарга Б.Ц-д холбогдуулан гаргасан Компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэлдээ залруулга хийж, уг залруулсан мэдээллээ анх худал мэдээлэл байршуулсан erdenetmedee.mn, etzone.mn, todmedee.mn сайтуудад мэдээний эхний нүүрэнд байршуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ЭХ-ХХК, НТГ-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭХ-ХХК-д, 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НТГ-ХХК-д тус тус олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Р.ҮҮРИЙНТУЯА