Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Иргэдийн төлөөлөгч Д.Оюундэлгэр

Улсын яллагч Б.Жаргал,

Иргэний нэхэмжлэгч Ш.Алтантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг /2149/,

Шүүгдэгч Б.Довчинсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Бадарчийн Довчинсүрэнд холбогдох эрүүгийн 201626022269 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эгч, эгчийнхээ хүүхдүүдтэй хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 7-р хороо Хувьсгалчдын г-11-21 тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 496 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 2508 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 12 хоног хорих ялаас өршөөн хасаж суллагдсан /хх 44-45 хуудас/,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 сар, 21 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан /хх 46-47,48/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1 жил 5 сар 27 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан ба уг хянан харгалзсан хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар өршөөгдсөн /хх 50-53/, Боржигон овогт Бадарчийн Довчинсүрэн /РД:ЧИ78110173/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Довчинсүрэн нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа буюу 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 23-р хороо Зүүн ард Аюушийн 25-7-81 тоотод оршин суух Т.Цэрэнчимэдийн гэрт цонхоор нь хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж нийт 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Довчинсүрэн мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв бөгөөд яллах дүгнэлтэд тодорхой бичигдсэн байх тул нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ш.Алтантуяа мэдүүлэхдээ: “2016 оны 9 дүгээр сарын эхээр БГД-н 23 хорооны нутаг дэвсгэрт байрлах 626 дугаар худаг дээр ажил дээрээ байж байтал өндөр хар куртиктэй үл таних эрэгтэй надаас зурагт авах уу? гэж асуусан. Тэгэхээр нь би ямар зурагт юм үзье гэтэл цагаан ууттай юм барьчихсан ирсэн. Тэр үед авгайтайгаа муудалцаад юмаа зарж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зурагтыг чинь 100.000 төгрөгөөр өгвөл авна гэсэн ба тэр залуу 200.000 төгрөгөөр зарна гэж байснаа намайг 100.000 төгрөгөөр ав ав гэсэн. Тэгээд би шүүгдэгчид мөнгөө авчираад эргэж ирээд энийгээ аваарай гэж хэлсэн. Тэгсэн чинь цагдаагаас дуудаад хулгай эд зүйл болохыг хэлсэн. Шүүгдэгчид өгсөн 100.000 төгрөгөө нэхэмжилмээр байна. Санал гомдол байхгүй” гэв.

 

Хохирогч Т.Цэрэнчимэд мэдүүлэхдээ: “...Би нөхрийн хамт 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дээрх хаяган дээр байх гэрээсээ хүүхдүүд дээрээ очихоор гараад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн хойд талын вакум цонх нь онгорхой байсан. Тэгээд нөхөр бид хоёр гадна талын бүргэд хаалгаа онгойлгоод ортол дотор талын модон хаалга онгорхой эд зүйлс эмх замбараагүй хулгай орсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн.

... манайд урьд өмнө нь хулгай орж байгаагүй. Манай гэрээс тус тус эд зүйлс хулгайд алдсан. Үүнд: Хар өнгийн шарп брендийн ЛСД зурагт, уг зурагтыг 2016 оны 7 дугаар сард наадмаас өмнө хорооллын Номин их дэлгүүрээс 800,000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан. Хар өнгийн шилэн нүүртэй печь, БСБ дэлгүүрээс 2013 оны 280,000 орчим төгрөгөөр худалдаж авсан, Улаан өнгийн тоосны мангас тоос сорогч 2016 оны 5 дугаар сард 210,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ягаан өнгөтэй, цэцэгтэй цахилгаан тогоо. Уг тогоог шөнийн захаас 2016 оны 6 дугаар сард 55,000 төгрөгөөр худалдаж авсан. Тошиба брендийн хар өнгийн дэлгэц эвдэрсэн нөүтбүүк. Энэ нөүтбүүкийг 2012 онд 200,000 орчим төгрөгөөр авч  байсан. Монетон ээмэг. Уг ээмгийг 210,000 төгрөгөөр Мөнгөн завъяагаас 2014 онд худалдаж авсан. МНБС кабелийн модемыг 80,000 орчим төгрөгөөр Дөлгөөн нуурын цаана байдаг Төв дэлгүүрээс нь 2014 онд худалдаж авч байсан зэрэг эд зүйлсийг хулгайд алдсан. Мөн эмэгтэй хүний дээл, Булган малгай хоёр алдагдсан байсныг олж авсан. Хулгайд алдсан эд зүйлээ олж авмаар байна” гэжээ. /хх 17-19 хуудас/ 

 

Хохирогч Т.Цэрэнчимэд дахин байцаалтад мэдүүлэхдээ: “Хүүхдийн пүүз, зэс аяга хоёр бас алдсан юм аа. Одоо хүртэл олж аваагүй. Хүүхдийн пүүз нь 2016 оны 6 дугаар сарын 01-нээс өмнө манай хадам надад өгч байсан ба 30,000 төгрөг, зэс аяга нь 30,000 төгрөг нийт 60,000 төгрөгийн үнэтэй. Мөн манайд цохилттой дрилл байсан. Дриллыг 2015 онд 100 айлаас нөхөр 100,000 төгрөгрөөр худалдаж авч байсан. Хөргөгчинд мах, будаа, гурил, амтлагч зээг байсан байх үнэлж мэдэхгүй, нэхэмжлэх шаардлагагүй.

Би хулгайд алдсан эд зүйлээсээ зурагтаа олж авсан бусад эд зүйлийг нэхэмжлэхгүй, манай гэрт хулгай хийсэн хүн нь төлбөрийн чадваргүй тэнэмэл, архичин болохоор бусад эд зүйлээ нэхэмжлэхгүй гомдол санал байхгүй. Мөн би ажил ихтэй байгаа учир шүүх хуралд оролцмооргүй байна” гэжээ. /хх 77 хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Алтантуяа мэдүүлэхдээ: “2016 оны 9 дүгээр сарын эхээр БГД-н 23 хорооны нутаг дэвсгэрт байрлах 626 дугаар худаг дээр ажил дээрээ байж байтал өндөр хар куртиктэй шар царайтай үл таних эрэгтэй надаас зурагт авах уу? гэж асуусан. Тэгэхээр нь би ямар зурагт юм үзье гэтэл авгайтайгаа муудалцаад юмаа зарах гэж байна, эхнэртэй зодолдоод нүдээ хөхрүүлсэн байна гэсэн. Тэгээд надад хар төрөөд хулгайн зурагт биш биздээ дараа нь ямар нэгэн асуудал болох юм биш биздээ гэж хэлсэн. Тэгэхээр нь тийм юм ерөөсөө байхгүй одоохон аваад ирье гээд удалгүй 10 орчим минутын дараа зурагт аваад ирсэн. Тэгэхээр нь би үзэж байгаад хэдэд өгөх юм гэхэд 200,000 төгрөгөнд өгнө гэсэн. Ямар үнэтэй юм би авахгүй авахгүй гэтэл та тэгвэл 100,000 төгрөгөнд авчих гээд гуйгаад байхаар нь шавхаж байгаад мөнгөө төлөөд авсан. Аваад үлдэхдээ буцаж авахаар бол мөнгө бүрэн төлж аваарай гэж хэлсэн. Тэгээд тэр залуу надаас 100,000 төгрөг аваад такси бариад явсан.

Би тэр хүнийг урьд нь 1,2 удаа архи уугаад манай тэр хавиар явж байхыг нь харсан. Нэрийг нь Довчинсүрэн гэж сонссон. Орон гэргүй архи уугаад явж байдаг. Над дээр ирэхдээ ганцаараа ирсэн, гартаа мөн цагаан ууттай тортой торон дотроо МНБС-гийн антен, хар өнгийн хайрцаг байсан. Нарийн сайн хараагүй.Өөр эд зүйлс худалдаж аваагүй” гэжээ. /хх 21-22 хуудас/

 

Гэрч Д.Баярбаясгалан мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Довчин над дээр 2 шил архитай ирээд бид хоёр хувааж уугаад цагийн нь сайн санахгүй байна. Довчин нь гарч хоолны юм аваад ирье та байж байгаарай гэж хэлээд гадагшаа гарсан. Тэр үед би 2 шил архиндаа согтоод орон дээрээ хажуулдаад хэвтэж байтал гаднаас мах, гурил, будаа авч орж ирээд намайг сайхан хоол хийж байгаарай би энэ хүнсийг эгчтэйгээ уулзаад авчихлаа гэж хэлсэн. Тэгээд би босож хоол хийнэ гэж байгаад унтаад өгсөн байсан. Би харанхуй болсон байхад сэрэхэд Довчин байхгүй болсон ба байсан хоолны материалаар өөртөө хоол хийж идээд буцаад унтсан. Маргааш нөгөөдрөөс нь манай урд талын 81 тоот хашаанд байдаг айлд хулгай орсон байна гэсэн. Тэр өдрөөс хойш Довчинсүрэнтэй тааралдаагүй, уулзаагүй...” гэжээ. /хх 80-81 хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1148 дугаартай комиссын дүгнэлтэд: “Б.Довчинсүрэн нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Довчинсүрэн нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Довчинсүрэн нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Довчинсүрэн нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна”. /хх 83-84 хуудас/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 4/

Хохирогч Т.Цэрэнчимэдийн тайлбар, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 13/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 14/

Эд зүйлийн үнэлгээ /хх 15/

Нэмж хийлгэсэн эд зүйлийн үнэлгээ /хх 76/

шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 56, 57-58, 59-61/

Шүүгдэгч Б.Довчинсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66, 68/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Довчинсүрэн нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа буюу 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард Аюушийн 25-7-81 тоотод оршин суух Т.Цэрэнчимэдийн гэрт цонхоор нь хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж нийт 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Цэрэнчимэд /хх 17-19, 77/, иргэний нэхэмжлэгч Ш.Алтантуяа /хх 21-22/, гэрч Д.Баярбаясгалан /хх 80-81/ нарын мэдүүлэг, шүүх сэтгэц эмгэг судлалын 1148 дугаартай комиссын дүгнэлт /хх 83-84/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 4/, хохирогч Т.Цэрэнчимэдийн тайлбар, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 14/, эд зүйлийн үнэлгээ /хх 15/, нэмж хийлгэсэн эд зүйлийн үнэлгээ /хх 76/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 56, 57-58, 59-61/, шүүгдэгч Б.Довчинсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66, 68/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Довчинсүрэнг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн ба ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэл бүхий байна.

Шүүгдэгч Б.Довчинсүрэнд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа шунахай сэдэлтээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бага бус хэмжээний хохирол учруулан эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Довчинсүрэн нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар шүүгдэгч Б.Довчинсүрэнгийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд, энэ яллах дүгнэлтээр үйлдсэн гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэргийн ангилалд тус тус хамаарч байх тул түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Б.Довчинсүрэнгийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирлын шинж чанар хэр хэмжээ бага, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа зэргийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Б.Довчинсүрэнгийн цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, нэр хөрөнгөөс нь 100,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ш.Алтантуяад олгох, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Т.Цэрэнчимэдэд төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй гэснийг тус тус дурдлаа.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Довчинсүрэн нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа шунахай сэдэлтээр бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Довчинсүрэнгээс 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 01 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар шүүгдэгч Б.Довчинсүрэнг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Б.Довчинсүрэнд оногдуулсан 10 жил 01 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Довчинсүрэнгийн цагдан хоригдсон 70 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Довчинсүрэнгийн эд хөрөнгөөс 100,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо 13-32 тоотод оршин суух Боржигон овогт Шинэхүүгийн Алтантуяа /РД:ЧА68120667/-д олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Довчинсүрэнгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Довчинсүрэнгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                           

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                

                                                                            Ц.ДАЙРИЙЖАВ