Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2026/0375

 

 

 

“Эк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пс, Ж.Бт

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Эк” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/1196 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ох, Ц.Тс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гп, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пс, Ж.Бт,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/0825/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр:

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан “Эк” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/1196 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 2.Гомдлын агуулга:

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пс, Ж.Бт нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ:

"Эк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох "Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1196 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0276 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.", 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.", 22.2-т "Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана.", 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.", 32.2-т "Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.", 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.", 56 дугаар зүйлийн 56.1-д "Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна", 56.1.6-д "Шаардлагатай бол гуравдагч этгээдийг оролцуулах захирамж гаргах" гэж тус тус заасан.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөрчсөний улмаас хуульд нийцээгүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0276 дугаар шийдвэр гаргасан. Үүнд:

Шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас тухайн төсөл хэрэгжүүлэх эрх бүхий хуулийн этгээдийн асуудал шийдэгдэнэ. Төсөл хэрэгжүүлэх эрхтэй хуулийн этгээдтэй 53 дугаар байрны өмчлөгч иргэд хуулийн дагуу гэрээ байгуулах замаар төслийн үйл ажиллагааны оролцогч талууд буюу төсөл хамтран хэрэгжүүлэгчид болох юм. Энэ утгаараа тус маргаан шүүхээр хэрхэн шийдвэрлэгдсэнээс өмчлөгч иргэдийн эрх ашиг нь хөндөгдөх этгээд нь өмчлөгч иргэд мөн. Дээрх 53 дугаар байрны өмчлөгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөж байхад өмчлөгч иргэдийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Мөн нийслэлийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/1229 дугаар захирамжаар Нийслэлийн орон сууцны корпораци ХК-д Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 53 дугаар байрны төсөл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг даалгасан. Тус захирамжийн дагуу дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах ажил явагдаж байгаа. Шүүхээс хэргийг хэрхэн шийдвэрлэхээс Нийслэлийн орон сууцны корпораци ХК-Д захирамжаар олгосон эрх шууд хөндөгдөж байна.

Гэтэл анхан шатны шүүх тус хэрэгтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч хэргийн бодитой, үнэн нөхцөл байдлыг тодруулах, 2 болон 3 талт гэрээний хэрэгжилт, төсөл хэрэгжилтийн явцыг тодруулах зорилгоор түүнийг мэдэх этгээдийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг гомдол гаргах эрхгүйгээр хангаагүй.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0276 дугаар шүүхийн шийдвэр нь хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт дутуу бүрдүүлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй түүний талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тул тус 128/ШШ2026/0276 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Эк” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/1196 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгчээс “...төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш нэр бүхий орон сууцны өмчлөгч нараас манай компанийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр шийдүүлсэн, мөн нэр бүхий 3 иргэн 2 талт болон 3 талт гэрээг байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзсанаас болж төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөнд заасан хугацаанд төслөө хэрэгжүүлэх боломжгүй байсан” гэж тайлбарлан маргадаг.

3.Хариуцагчаас “...нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчидтэй хоёр болон гурван талт гэрээг бүрэн байгуулж чадаагүй, гэрээний үүрэг биелүүлээгүй, календарчилсан төлөвлөгөөний дагуу ажлаа хийгээгүй тул тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан” гэж хариу тайлбараа гаргажээ.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”,

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж, 107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.”, 107.4-т “Үндэслэх хэсэгт...захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заажээ.

5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02-01/03 дугаартай “Орон сууцны байшингийн ашиглалтыг хориглох тухай” шийдвэрт[1] үндэслэн нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/87 дугаартай “Ашиглалтын шаардлага хангахгүй зарим орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай” захирамжаар[2] “...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 53 дугаар байрыг буулган дахин барилгажуулах”-аар болсон байна.

6.Улмаар нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 дугаартай “Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжаар[3] “...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 53 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “Эк” ХХК шалгарсныг батламжилж, тус компанид газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрх олгож” шийдвэрлэжээ.

7.Гэвч төсөл хэрэгжүүлэгч “Эк” ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих төслийн хүрээнд байгуулсан хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/1196 дугаар захирамжаар[4] “Эк” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна.

8.Анхан шатны шүүхээс “...хууль, журмын зохицуулалтаас үзэхэд хариуцагч нийслэлийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгчээс Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах бүрэн эрхтэй байх тул Хяналтын хорооны саналыг авалгүйгээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь хууль бус байна.” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

9.Учир нь хариуцагчаас “...нийслэлийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/1229 дугаар захирамжаар “Нийслэлийн орон сууц корпораци” ХК-д Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 53 дугаар байрны төсөл хэрэгжүүлэн хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг даалгасан. ...иймд “Нийслэлийн орон сууц корпораци” ХК-д захирамжаар олгосон эрх шууд хөндөгдөж байна” гэж маргажээ.

10.Хариуцагчийн маргаж буй нэхэмжлэгчийн компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсны дараа уг төсөл хэрэгжүүлэх эрхийг “Нийслэлийн орон сууц корпораци” ХК-д  олгосон эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгөх нь энэхүү хэрэгт ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг нэг мөр шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

11.Иймд нийслэлийн Засаг даргаас ашиглалтын шаардлага хангахгүй Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 53 дугаар байрыг буулган шинээр барих төслийг “Нийслэлийн орон сууц корпораци” ХК-д олгосонтой холбоотой нотлох баримтыг цуглуулж, мөн “Нийслэлийн орон сууц корпораци” ХК-ийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.” гэж зааснаар гуравдагч этгээдээр татан оролцуулах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

12.Түүнчлэн анхан шатны шүүхээс “нийслэлийн Засаг даргаас төсөл хэрэгжүүлэх эрхийг өөр этгээдэд олгосон” нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулан, хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

13.Дээрхээс дүгнэхэд, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй холбоотойгоор  нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүй, хэрэг хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, захиргааны хэргийг бодитой, нэг мөр шийдвэрлэж чадаагүйн улмаас нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

14.Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

 

       ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

 

       ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 159 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 56 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 38 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 8 дахь тал