| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00382/и |
| Дугаар | 142/шш2020/00402 |
| Огноо | 2020-03-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 142/шш2020/00402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Г-д холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Н-, хариуцагч А.Г- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь А.Г-тэй 2003 онд танилцаж гэр бүл болоод 2005 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2004 онд том хүү А-, 2007 онд охин М-, М-нар төрсөн. 2015 оноос бид таарч тохирохгүй тул тусдаа амьдарсаар өнөөг хүрсэн. Мөн 2020 оны 02 сарын 13-ны өдөр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан тул гэрлэлтээ цуцлууж хүү А-, охин М-, М-нарыг өөрийн асрамжинд авч хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч А.Г- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Н-гийн гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлтээ цулуулах, хүү А-, охин М-, М-нарыг ээжийнх нь асрамжинд өгч 3 хүүхэддээ тэтгэмж тогтоолгон өгч байхыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Н.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2000 оноос эхлэн танилцаж үерхэж, нөхөрлөж байсан. 2004 онд хүү А- төрж албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2007 онд хоёр охинтой болсон. 2013 оны 09-р сарыг хүртэл хамт амьдарч байгаад ерөнхийдөө 2015 оноос хойш тусдаа амьдарч өдийг хүрсэн. Энэ 5 жилийн хугацаанд тусдаа амьдарч байсан. Ингээд гэрлэлтээ цуцлуулахаар шийдэж нэхэмжлэл гаргасан. Хүүхдээ би өөрийнхөө асрамжинд авна. Нөхрөөсөө хүүхдийн тэтгэмж авах хүсэлт гаргасан. ...Тухайн үед ахуйн шинжтэй үл ойлголцох байдал, мөн архидалтаас болж бид хоёрын хооронд үл ойлголцох байдал, хариуцлага сулаас болж маргаан гардаг байсан. Манай нөхрийн гэр бүлдээ анхаарал халамж тавих нь суларч хариуцлагагүй болсон. Архи их ууж эхлэхээр ааш авир нь өөрчлөгдөж эхэлсэн. Өөртөө дүгнэлт хийхдээ сул болоод эхэлсэн. Эргээд нийлнэ гэсэн бодол байсан боловч надад үлдсэн сэтгэгдэл нь өөрчлөгдөхгүй байсаар байгаад эргэж нийлээгүй гэв.
Хариуцагч А.Г- шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: 2004 онд хүү А- төрөөд 2007 онд охидууд маань төрсөн. Ингээд Жаргалант суманд хамт амьдарч байгаад 2016 оны хавар тусдаа амьдарч эхэлсэн. Тэрнээс хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. 2016 оноос хойш тусдаа амьдарч эргээд нийлэх саналыг би хэлсэн. Манай хүн хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд гэр бүлээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н- нь А.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Н- хариуцагч А.Г-д нар нь 2003 онд танилцаж, 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2004 оны 12 сарын 23-ны өдөр хүү Г.А-, 2007 оны 07 сарын 03-ны өдөр охин Г.М-, Г.М-нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тус шүүх Н.Н-, А.Г- нарын гэрлэлт цуцлах маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санал санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид хоёулаа гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа нь тэднийг эвлэрэх боломжгүйг харуулж байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Хариуцагч А.Г- нь хүү Г.А-, охин Г.М-, Г.М-нарыг эх Н.Н-гийн асрамжинд үлдээнэ гэж хүлээн зөвшөөрсний дагуу хүүхдүүдийг эх Н.Н-гийн асрамжинд үлдээж, эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг А.Г-эс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226968 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Г-эс 226968 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ч овогт А-ийн Г, Х овогт Н-ийн Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 12 сарын 23-ны өдөр төрсөн хүү Г.А-, 2007 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн охин Г.М-, 2007 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн охин Г.М-нарыг эх Н.Н-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2004 оны 12 сарын 23-ны өдөр төрсөн хүү Г.А-, 2007 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн охин Г.М-, 2007 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн охин Г.М-нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Ч овогт А-ийн Г-эс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226968 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Г-ээс 226968 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-д олгоугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ