Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2013/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0055/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч *******. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******.д холбогдох эрүүгийн 201309000009 тоот хэргийг 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар  сарын .-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын .-р баг .. хэсэг .. тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 8 сарын 20-ны өдрийн 117 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар 20000 төгрөгөөр торгох, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 сарын 9-ны өдрийн 148 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сар баривчлах, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 сарын 9-ны өдрийн 148 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сар баривчлах, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 9 сарын 19-ны өдрийн 257 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 1 сарын 23-ны өдрийн 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 3 жил 11 сар 7 хоног хорих ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт *******. /МБ....../

 

Шүүгдэгч *******. нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2012 оны 12 сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн задгайд байрлах авто засварын вагончикт нэвтэрч гагнуурын аппарат, суурин тасдагч, 20 метр кабель утас, гар тасдагч зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Б.Б.д 1050000 төгрөгийн хохирол учруулсан, 2012 оны 12 сарын 30-31-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг 4-р байрны зүүн талд байрлах иргэн Д.Э.ын эзэмшлийн амбаарт нэвтэрч 25 кг-ын шуудайтай гурил 6 ширхэг, 25 кг-ын шуудайтай будаа 2 ширхэг, ямааны гулууз мах 2 ширхэгийг хулгайлж иргэн Д.Э.т 410500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******. нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2012 оны 12 сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн задгайд байрлах авто засварын вагончикт нэвтэрч гагнуурын аппарат, суурин тасдагч, 20 метр кабель утас, гар

 

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Bayarsaihan-145.2.doc

тасдагч зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Б.Б.д 1050000 төгрөгийн хохирол учруулсан, 2012 оны 12 сарын 30-31-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг 4-р байрны зүүн талд байрлах иргэн Д.Э.ын эзэмшлийн амбаарт нэвтэрч 25 кг-ын шуудайтай гурил 6 ширхэг, 25 кг-ын шуудайтай будаа 2 ширхэг, ямааны гулууз мах 2 ширхэгийг хулгайлж иргэн Д.Э.т 410500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

-Шүүгдэгч *******.ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2012 оны 12 дугаар сарын 26-ны орой 9 цагт биржийн урд байдаг автозасварын вагончигоос гагнуурын аппарат тасдагч авсан. 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр микрийн урд байдаг агуулахаас 6 шуудай гурил, 2 шуудай будаа, 2 ямааны гулууз мах авч зарсан. Гагнуурын аппарат, тасдагчийг нь буцаагаад өгсөн. Үлдсэн 410.500 төгрөгийн хохирол байгаа” гэв.   

 

            -Хохирогч Б.Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...маргааш нь буюу 2012-12-28-ны өглөө манай вагончик  байдаг хашааны манаач Оюун над руу утсаар залгаад “танай вагончик онгорхой байна” гэсэн. Тэгэхээр нь би вагончик дээрээ очиж үзэхэд 2 цагаан цоожны голийг ухаж эвдээд вагончикны гадаа хаясан, вагончик онгорхой байсан. Би дотогш ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд asea-230 маркын солонгос гагнуурын аппарат, гагнуурын кабель, кен маркийн суурин тасдагч кабель утасны хамт, гар тасдагч зэрэг зүйл алга болсон байсан. Тэгээд вагончикны хаалганы завсраар шуурч орсон цасан дээр арзгар ултай гутлын мөр байхыг харсан. Тэгээд хулгай орсон гэдгийг мэдээд цагдаа дуудсан. 

            ...би алдагдсан эд зүйлээ бүгдийг нь хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн  гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх  тал/,

            -Хохирогч Д.Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 12 сарын 31-ны өглөө босоод гадаа амбаараас мах авах гэтэл амбаарын цоож эвдчихсэн газар хэвтэж байсан, амбаар онгорхой байсан.  Тэгэхээр нь би амбаартаа ороод эд зүйлээ үзтэл 25 кг-ын 6 ширхэг шуудайтай алтан тариан дээд гурил, 25 кг-н 2 шуудай будаа, 2 ямааны бүтэн гулууз зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тэгээд би цагдаа дуудсан.

            ...25 кг-н алтантариан дээд гурилаа нэг бүрийг нь 25000 төгрөг, 25 кг-н будааг нэг бүрийг нь 36000 төгрөг, 2 ямааны бүтэн гулууз 110000 төгрөг үнэлж байна. Нийт учирсан хохирол 442.000 төгрөг болж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,

            -Гэрч Х.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд би хүрээд очсон чинь 2 хятад цагаан цоожийг нь түлхүүр ордог хэсгийг нь ухаад хаячихсан байсан. Тэгээд Б.г дуудаад цагдаа ч дуудсан. Б. ирээд дотогшоо ороод гагнуурын аппарат, кабель утас, суурин болон гар тасдагч зэрэг эд зүйл алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,

            -Гэрч Д.Ш-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би сар, өдрийг нь сайн санахгүй байна. Шинэ жил болох гээд ганц хоёр хоног дутуу байсан санагдаж байна. Ажил дээрээ өрөөндөө сууж байхад орой 5, 6 цагийн үед харанхуй бүрий болж байхад нэг залуу ирээд цонхоор цүнхтэй суурин тайрагч үзүүлээд “та авчихаач, хүүхэддээ бэлэг авах гэсэн юм” гээд үзүүлсэн. Тэгэхээр нь би “наадах чинь ажилладаг юм уу?, дардаг кноп нь байхгүй юм байна шүү дээ” гэсэн чинь би өөрөө хэрэглэж байсан юм, баяр болоод хүүхэддээ бэлэг авч өгөх гэсэн юм гээд залгуурыг нь гаргаж ирээд тогонд залгасан чинь тар гээд дуугарахаар нь би за за хэнд ч юу ч тохиолдож болно гэж бодсон чинь нөгөө залуу 20.000 төгрөгөөр авчихаач гэхээр нь би 20.000 төгрөг өгөөд нөгөө суурин тайрагчийг нь аваад орон доогуураа хийчихсэн байсан чинь хэд хоногийн дараа цагдаа нар  ирээд хулгайн эд зүйл худалдаж авсан байна гээд хурааж аваад явсан.

            ...би тэр залуугаас 20.000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/

            -Гэрч П.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг өглөө босоод хашаанаас гараад вагончик руу хартал цоожгүй, хаалга нь хаалттай байсан. Тэгээд дөхөж очтол цоожилсон байсан 2 цоож нь газар хэвтэж байсан. Тэгээд би Б. ахыг утсаар дуудаж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй. Вагончикны хаалга нь хойшоо харсан байдалтай манай хашааны гадна талд байдаг болохоор бид нар ямар нэгэн дуу чимээ сонсоогүй.

            ...тэгээд Б. ах ирээд бид нар вагончик дотор орсон чинь гагнуурын аппарат, тайрагч эд нар нь алга болсон байна гээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 25 дахь тал/

-Гэрч С.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгсэн тэр залуу гагнуурын аппарат, кабель утастайгаа, гар тасдагч 2 тавьчихсан намайг худалдаж авах уу? гэхээр нь би авч чадахгүй, мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу “би хямдхан зарна, хулгайн юм биш ээ, би ажил хийгээд ажлынхаа хөлсөнд авсан юм аа, хямдхан зарна. 200000 төгрөгийн үнэтэй аппарат 50000 төгрөгөнд өгнө.” гэхээр нь хэрэг болох байх гэж бодоод гэрт мөнгө байгаа гээд манай гэр рүү барилцаад тэр залуу бид 2 алхсан.  Тэгээд би гэрт очоод 50000 төгрөг өгсөн. ...гэхдээ би тэр залуугаас 50000 төгрөгөө нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,

-Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2012 оны 12 сарын 30-ны шөнө 01 цаг өнгөрч байхад вокзалын урд Б.тай тааралдсан чинь хажуудаа баахан шуудайтай юм тавьчихсан надаас “гурил, будаа авахгүй биз” гэсэн. Тэгэхээр нь “хямдхан өгөх юм уу?, юм оролцуулж болох юм уу?” гэсэн. Тэгээд би 15000 төгрөг, 2 симтэй төмөр хятад утас өгөөд 1 шуудай будаа, 1 шуудай алтан тариан дээд гурил аваад таксидаад гэртээ харьсан. Б. тэндээ үлдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/,

-2013 оны 1 сарын 22-ны өдрийн 13 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 29-30 дахь тал/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч *******. нь 2007 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 3 жил 11 сар 7 хоног хорих ял шийтгүүлж ялтай байхдаа давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч *******.ы ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд шүүгдэгч *******.ыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон учир эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй байна.

     Хохирогч Б.Б.д хулгайлж авсан эд зүйлээ буцаан өгсөн бөгөөд хохирогч Д.Э.ын хулгайд алдсан эд зүйлийн үнийг эд зүйл үнэлэх комиссын шийдвэрийн дагуу тооцож, шүүгдэгч *******.аас гаргуулж олгох нь зүйтэй.

Шүүгдэгч *******. урьд нь хорих ял эдэлж байсан боловч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч *******.ы энэ хэрэгт цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар ногоон өнгийн 1 хос пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хүсэлтээр буцаан олгохоор шийдвэрлэснийг дурьдаад

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч Б овогт *******.ыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б овогт *******.ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *******.д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч *******.ы энэ хэргийн улмаас 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******.аас 410500 /дөрвөн зуун арван мянга таван зуун/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг . дүгээр байрны .. тоотод оршин суух Д.Э.т олгосугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар ногоон өнгийн 1 хос пүүзэн гутлыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******.д буцаан олгосугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *******.д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл *******.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ