| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/43 |
| Огноо | 2023-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Г*********** |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/43
2023 03 24 2023/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золжаргал,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,
Шүүгдэгч: М.М***** /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М*****д холбогдох эрүүгийн 2229000000133 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.М***** нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн автозамын 2 дахь километрт Л.Б***********ыг “...өөрөө машинтай байж шинэ машин бариад мөнгө төгрөг их олоод зан чинь эвдэрсэн, утсаа авахгүй, хүн хаяж яваад...” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хацар шанааны зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М*****д холбогдох эрүүгийн 2229000000133 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М***** мэдүүлэхдээ:
Болсон үйл явдлын талаар сая улсын яллагчийн уншиж өгсөнтэй яг адилхан байна. Бүгд үнэн зөв. Найзтайгаа маргалдаж хохирол учруулсандаа гэмшиж байна.
Найз дээрээ машин тэрэг зөөдөг ажил хийж байсан. Тэр найзтайгаа багаасаа нэг сургуульд цуг өссөн. Би найзыгаа Л.Б***********тай танилцуулаад нэг компанид орсон. Манай найз Л.Б***********аас мөнгө авахаар тохиролцсон юм байна лээ. Тэр мөнгийг Л.Б***********аас авахааргүй болоод хоорондоо тохироод өргүй болчихъё гэсэн чинь Л.Б*********** за тэгье гэсэн. Одоо чи ажилгүй байгаа юм чинь ингээд өргүй болчихоё надад одоо гомдол санал байхгүй гэсэн гэв.
-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
-Л.Б***********ы Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Б***********ы өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Б***********ы гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дашдоржийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26, 29-31 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 430 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
-Эмчийн тодорхойлолт, үзлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд М.М**********-йн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48, 50-51 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Б***********ы Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 137 дахь/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч М.М***** нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сум, нүүрс тээврийн автозамын 2 дахь километрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Б***********ыг “...өөрөө машинтай байж шинэ машин бариад мөнгө төгрөг их олоод зан чинь эвдэрсэн, утсаа авахгүй, хүн хаяж яваад...” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хацар шанааны зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Б***********ы өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын урд байдаг нүүрс тээврийн 2 дахь километрт хамт тээвэрт явдаг Дашдорж, м.******, Дашшийрэв бид дөрвүүлээ улсын наадам болж байсан тул Цогтцэций сум руу явж хоол хүнс авах, мөн халуун усанд орцгоох гэж Дашдоржийн жижиг машинаар явцгаасан юм. Тэгээд сум руу орж дэлгүүрээс 2 шил архи авч, хоол хүнс авч, усанд орчихоод буцаад нүүрс тээврийн 2 дахь км-т байгаа машин руугаа явж очоод дөрвүүлээ авсан архийг хуваагаад уусан. Мөн махаа шарж идээд эхний архийг уугаад сууж байхад М********* намайг өөрөө машинтай байж хүний шинэ тэрэг бариад ааш зан нь эвдэрсэн хаяж явлаа хүлээсэнгүй” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд намайг архины шилээр цохих гэж байхад Дашшийрэв, Дашдорж хоёр Мөнхтулгыг болиулсан. Тэгээд М********* миний баруун талд сууж байгаад босож ирээд зүүн талын шанаа руу нэг удаа гараараа цохиж авахаар би бостол хүзүүнээс гараараа боож байгаад намайг газарт унагасан. Тэгээд үснээс зуурч байгаад толгой руу 2-3 удаа цохиж авсан. Тэр үед Дашшийрэв, Дашдорж хоёр ирээд Мөнхтулгыг татаад намайг босгосон. Тэр үед миний зүүн шанаа болон баруун нүдний доод талаас цус гарсан... хэрүүл маргаан оройны 21 цагийн үед Цогтцэций сумын нутаг болох нүүрс тээврийн авто замын 2 дахь км-т болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дашдоржийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн: “...М*********, Болорсайхан нар хоорондоо үл ойлголцож М********* Болорсайханд хандаж “Чи шинэ машин унаад сонин зан гаргалаа гэж хэлээд хоорондоо маргалдаад сууж байгаад М********* архи тойруулж байснаа архины шилээ аваад цохих гээд босоод ирэхээр нь Дашшийрэв бид 2 босож Мөнхтулгын гарт байсан архины шилийг салгаж авсан. Архины шилийг авсны дараа М********* Болорсайханы толгой хэсэгт гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд тэр 2 заамдалцаад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь Дашшийрэв бид хоёр хоорондоо учраа олог гэж бодоод орхичихсон байж байгаад нэг харсан чинь М********* Болорсайханыг газарт унагаад дээр нь гарчихсан үснээс зулгаагаад өвдгөөрөө цээж хэсэгт дарчихсан сууж байсан... дахиж хоорондоо муудаад маргалдаад байхаар нь би хоёуланг нь загнаад машин машин руугаа очиж унт гэж хэлсэн. Тухайн үед Болорсайханы зүүн талын хацар хавдчихсан, баруун нүдний доод хэсэгт шалбарсан шарх үүссэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 430 дугаартай шинжээчийн “...1.2. Л.Б***********ы биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хацар шанааны зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл үусжээ. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд М*********яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны орой Дашдорж, Болорсайхан, Дашшийрэв нарын хамтаар Цогтцэций сумаас мах болно хоол хүнсний юм авсан. Тэд нар 2 шил 0,75 литрийн Эдэн гэдэг архи авсан байсан. Тэгээд сумаас нүүрс тээврийн 2 дахь км-т машин дээрээ очоод махаа шарж идээд авсан архиа ууцгаасан... тэд нар нэлээн согтсон байсан ба дуу нь нэлээн чангарчихсан байсан. Би тэр үед нь Дашдорж болон Болорсайхан нарт “...өмнөх рейсэн дээр та хоёр намайг орхиод явчих юм. Нэг компанид ажилладаг хүмүүс байж нэгнийгээ орхиод явчих юм. Эртээд араас чинь 2 дээр ирээд хаана байгаа юм гэхэд хүртэл 2 шинэ тэрэг байгааг харахгүй байна уу, наад нүд чинь юм харахгүй байна уу гээд байсан. Тэгж болдог юм уу” гэж хэлсэн Тэгсэн чинь Болорсайхан “би ч гэсэн чамайг пизда наахуу гэхээр чинь гомддог ш дээ” гээд хэлэхгүй яасан юм би тэгвэл ойлгоод үг хэлээ засна ш дээ гэж хэлсэн чинь Болорсайхан миний толгой руу толгойгоо нийлүүлээд шахаар байхаар би баруун талын нүд хавьд нь нэг удаа цохиж аваад газарт тонгорч унагасан. Тэгээд дээр нь гарчихаад байж байхад Дашдорж ах ирээд бид хоёрыг салгаж аваад тэр үед Болорсайханы зүүн хацар шанаа хэсэгт шалбараад цус гарч байсан. Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.М***** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 430 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч М.М***** нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч М.М***** нь хохирогч Л.Б***********ы эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М********* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Л.Б***********ы биед “тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хацар шанааны зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 430 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Л.Б***********ыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 10 дахь тал/
Хохирогч Л.Б*********** нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд ирүүлсэн “2023.03.24-ний өдөр болох иргэн М*********д холбогдох шүүх хуралд гомдол гаргасан Л.Б*********** миний бие оролцохгүй. М*********д гомдол санал байхгүй болно” гэх тайлбараар нотлогдож байна. /хавтаст хэргийн 141 дэх тал/
Иймд хохирогч Л.Б*********** нь шүүгдэгч М.М*****ас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч М.М***** нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сум, нүүрс тээврийн автозамын 2 дахь километрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Б***********ыг “...өөрөө машинтай байж шинэ машин бариад мөнгө төгрөг их олоод зан чинь эвдэрсэн, утсаа авахгүй, хүн хаяж яваад...” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хацар шанааны зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М*****д 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч М.М*****д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.М***** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.М*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******************* овогт ***********************-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М*****д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч М.М*****д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Л.Б*********** нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч М.М***** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН