Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 142/шш2020/00411

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Гэм хорын хохирол 1599000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр .........нь ******* ******* улсын дугаартай машиныг мөргөж хохирол учруулсан. Хохирлын хэмжээ 1599000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү. ... 2019 оны 12-р сарын 07-ны өдөр манай найзын найз нь миний эзэмшлийн машиныг жолоодож явж байхдаа *******- гэх хүний машинтай мөргөлдсөн. Машины минь баруун хэсгээр нь мөргөлдүүлсэн байсан. Урд гупер, рулийн тэнхлэг нь алдагдсан, хажуу карлан цөмрөөд орчихсон байсан. Би машинаа Дэнж багт байрлах Оргил гэх нэртэй засварын газарт янзлуулсан. Ажлын хөлс 500000 төгрөг, сэлбэг авахад 600000 төгрөг болсон. Мөн журмын хашаанаас машинаа авахдаа 196000 төгрөг төлж авсан. Тэгээд тэнхлэгний засварыг хийлгэсэн. Хувь хүн хийсэн учраас баримт гаргаж өгөөгүй. Нийт 1599000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч *******- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Энэхүү нэхэмжлэлийг надад хамааралгүй гэж үзэж байна. Учир нь 2019 оны 12 сарын 06-07-нд шилжих шөнө 02 цагийн үед *******-ийн ******* ******* улсын дугаартай Соната-6 маркийн авто машиныг түүний найз нь гэх Тулгаа гэх залуу согтуугаар жолоодож явсан болно. Миний жолоодож явсан ******* ******* улсын дугаартай Тоёото приус маркийн авто машин дээрх авто машиныг мөргөөгүй. Харин тэр авто машин миний машины баруун хойд талаас маш хурдтайгаар ирж мөргөсөн болно. Энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. ******* улсын дугаартай Сонота 6 маркийн авто машин миний машины араас мөргөсөн. Тэр машины жолооч согтуугаар жолоо барьсан байсан. Тухайн үед камер байсан. Камер шүүх талаар хэлэхэд байцаагч нь маргааш шүүж өгнө гэж хэлсэн. Маргааш нь камер шалгах гэтэл камер ажиллахгүй байгаа гэж хэлсэн. Би энэ талаар их гомдолтой байгаа. Би буруу зүйл хийгээгүй. Харин энэ хүүхдүүд согтуугаар жолоо барьж явсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-д холбогдуулан гэм хорын хохирол 1599000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч *******- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан.

 

Хариуцагч *******- нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байрлах Жаст ойл ШТС-ын баруун талын төв зам дээр өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15,10-т заасан Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тииш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтыг зөрчиж нэхэмжлэгч *******-ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж, түүний эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан акт, осол болсон үеийн гэрэл зураг, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 12 сарын 11-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлан, 2019 оны 12 сарын 18-ны өдрийн шийтгэлийн хуудас, зохигчдын тайлбар мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497, 499 дүгээр зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч *******- нь өөрийнхөө эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол болон түүнтэй холбоотой бусад зардлыг хариуцагч *******-аас нэхэмжлэх эрхтэй байна.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...*******-аас машины засварын хөлс болон машинаа журмын хашаанаас авсан хөлсөнд нийт 1599000 төгрөг гаргуулна... гэж тайлбарлаж, хэрэгт Оргил авто засварын эзэн ******* гэх хүний тодорхойлолт, ******* /Идэр сэлбэг/ гэсэн зарлагын баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэзээ, хэнээс хэнд олгосон нь тодорхойгүй, тамга тэмдэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байх ба нэхэмжлэгч машинаа журамын хашаанаас авсан зардлыг нотлосон нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 12 сарын 11-ний өдрийн №850 хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр ******* ******* Hyundai Sonata ******* маркийн авто машинд учирсан хохирлын үнэлгээг 1040000 төгрөгөөр үнэлсэн байх тул уг үнэлгээний тайланд үндэслэн хариуцагч *******-аас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүсэн гэм хорын хохиролд 1040000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 559000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40534 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 29510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгохоор шүүхийн шийдвэрт заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч *******-аас 1040000 /нэг сая дөчин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 559000 /таван зуун тавин есөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40534 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 29510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД  Б.БЯМБАСҮРЭН

 Б.ХИШИГДАВАА