| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2012/0058/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/47 |
| Огноо | 2013-03-11 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2013/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0058/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Г.Яндаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
Хохирогч Н.Д ,
Шүүгдэгч *******. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б. Д. д холбогдох 201309000093 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг ... дугаар байрны .... тоотод оршин суудаг, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, З овогт Б. Д. /ТИ..../
Шүүгдэгч *******. нь 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Дархан сумын 14 дүгээр баг “Арт” баранд иргэн Н.Д ыг үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдан нүүрэн тус газар нь цохиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******. аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр найзуудтайгаа “Арт” баранд ороод 0.75 граммын 1 шил ерөөл архи, хүний нэг, нэг пиво авч уусан. Тэгээд тооцоогоо хийх гээд би найзтайгаа текний дэргэд зогсож байтал Н.Д бас зогсож байгаад чи энэ барменийг таньдаг юм уу? гэсэн. Би танихгүй гэхэд тэгвэл холд би тооцоо хийх гэж байна гээд бид хоёр маргалдаад нэг нэгийгээ алгадсан. Тэгээд салаад ширээндээ сууж байхад намайг янз бүрээр хэлээд байсан. Тэгээд би зүүн гарынхаа ар талаар алгадсан. Хохирол төлбөрт 200.000 төгрөг өгсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Д аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр найзтайгаа “Арт” баранд орсон. Миний зүүн гар талд хэдэн залуучууд сууж байгаад маргалдаад байсан. Тэгээд бид хоёр гарах гээд текен дээр очиход цагдаа ороод ирчихсэн зогсож байсан. Би нэг цагдааг нь таньдаг учраас мэндлээд зогсож байсан. Намайг *******. текний хажууд цохиогүй, Намайг ширээн дээрээ буцаж очоод сууж байхад 2
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Delgersaikhan 181.2.1.docx
билүү 3-уулаа ирж цохисон. Манай найз больцгоо гээд салсан. Тэгээд би шүдээ хугалуулчихлаа гээд цагдаа руу дуудлага өгсөн. Анх маргааныг *******. эхэлсэн. Миний урд шүд, мөн хажуугийн шүд нь эмтэрсэн, уруул тухайн үедээ хөхөрсөн байсан. Хохиролд 200.000 төгрөг авсан. Энэ хүнд гэмгүй байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Хүнийг зүгээр байхад цохиж шүд хугалчихаад гэмгүй явж болохгүй байх, энэ хүнийг явдаг газар нь явуулж өгөхийг хүсч байна.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******. нь 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Дархан сумын 14 дүгээр баг “АРТ” баранд иргэн Н.Д ыг үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдан нүүрэн тус газар нь цохиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-Шүүгдэгч *******. ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэгээд тооцоогоо хийх гээд би найзтайгаа текний дэргэд зогсож байтал Н.Д бас зогсож байгаад чи энэ барменийг таньдаг юм уу? гэсэн. Би танихгүй гэхэд тэгвэл холд би тооцоо хийх гэж байна гээд бид хоёр маргалдаад нэг нэгийгээ алгадсан. Тэгээд салаад ширээндээ сууж байхад намайг янз бүрээр хэлээд байсан. Тэгээд би зүүн гарынхаа ар талаар алгадсан. Хохирол төлбөрт 200.000 төгрөг өгсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Н.Д ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Намайг *******. текний хажууд намайг цохиогүй, ширээн дээрээ буцаж очоод сууж байхад хоёр билүү гурвуулаа ирж цохисон. Тэгээд би шүдээ хугалуулчихлаа гээд цагдаа руу дуудлага өгсөн. Энэ хүнд гэмгүй байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Хүнийг зүгээр байхад цохиж шүд хугалчихаад гэмгүй явж болохгүй байх, энэ хүнийг явдаг газар нь явуулж өгөхийг хүсч байна.” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 02 сарын 01-ны өдөр би Ариунболд, Д. бас нэг танихгүй залуутай бид дөрөв хуучин хороололд байдаг “Арт” баранд ороод 0,75 граммын ерөөл архи аваад хэдэн пиво аваад сууж байсан юм. Тэгээд Д. тек рүү яваад тооцоо хийх гээд явсанаа намайг дуудсан юм. Би араас нь текэн дээр очоод тооцооны үлдсэнийг нь өгөөд зогсож байсан чинь нэг танихгүй залуу бид хоёрын хажуугаар орж ирээд Д. аас “чи наад бармен эмэгтэйгээ таньдаг юм уу? гэсэн чинь Д. “танихгүй” гэсэн. Тэгсэн чинь уг танихгүй залуу “тэгвэл наад текнээсээ зайлаач” гэсэн. Тэгэхээр нь Д. ямар ч байсан миний харсанаар нүүр рүү нь нэг алгадаад авсан юм. Тэгсэн чинь нөгөө танихгүй залуугийн найз нь ирээд найзыгаа аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 6 дахь тал/,
-Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Алтангадас, Д. бас нэг танихгүй залуу бид дөрөв хуучин хорооллын Арт баранд ороод 0.75 граммын Ерөөл архи аваад суусан юм. Тэгээд нилээн сууж байгаад Д. тооцоогоо хийчихээд ирье гээд тек рүү явсан. Тэгээд Д. текний хажууд нэг танихгүй залуутай маргалдаж байсан, тэгээд буцаж ширээн дээр ирж сууж байгаад Д. босоод нөгөө маргалдаж байсан залуу дээрээ очоод нүүр рүү нь 3 удаа цохисон, тэгэхээр нь би очоод салгасан юм гэх мэдүүлэг /хэргийн 7 дугаар хуудас/,
- Шүүх эмнэлэгийн 137 дугаар дүгнэлтэд: “Н.Д гийн биед 2 шүдний цөгц хэсгийн эмтэрсэн, талласан хугарлын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, энгийн хөдөлмөрийн чадварыг 10 хувиар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” /хэргийн 11 дүгээр хуудас/ гэх дүгнэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *******. нь 2013 оны 2 сарын 1-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн “Арт” баранд иргэн Н.Д ыг үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******. ыг үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******. нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан байх бөгөөд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуусан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялтай байдал нь дууссан байна.
Иймд шүүгдэгч *******. ыг анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч Н.Д нь “шүдээ эмчлүүлнэ, гомдолтой байна” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөг өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэстэй бөгөөд хохирогчийн хохирол төлбөр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч *******. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нотлох баримтын хэмжээнд сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1,
290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд
заасыг удирдлага болгон ТОГТООХ НЬ
1. Шүүгдэгч З овогт Батхуягын Д. ыг бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч *******. д 3 /гурван/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *******. д оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *******. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Н.Д нь нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар *******. д оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *******. д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *******. д мэдэгдсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******. д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ