Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 142

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                 Хэргийн индекс: 171/2012/0133/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оч даргалж, шүүгч А.Алтанхуяг, Б.Цолмонбаатар нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,

иргэдийн төлөөлөгч Д.Ганболд, С.Банди, Ц.Цэндсүрэн

улсын яллагч Г.Яндаг

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Жанцан /0-068/, Ч.Эрдэнэгэрэл /0-838/,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /0-011/

хохирогч Ж.Ж.Э-, Д.Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэрэгт М.П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000012 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн М.П-, /РД: /, 1971 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “******” ХХК-нд лангуу түрээсэлж ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ************* тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

             

Шүүгдэгч М.М.П- нь согтуугаар 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******************* тоотод насанд хүрээгүй иргэн Ж.Ж.Э-г хэл амаар доромжлон хүч хэрэглэн зодож танхайрсан,

     Мөн үл ялих зүйлээр шалтаглан иргэн И.И.Н-н цээжин тус газар нь хутгалж охин Ж.Ж.У-, Ж.Ж.Э- нарын буюу ойр дотны хүмүүсийн дэргэд нь амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагт нөхөртэйгөө хамт эгч П-ын гэрт очсон. Хүүхэд гэртээ үлдсэн. Очихдоо 1 ширхэг 0.5 литрийн морьтой “Чингис” гэдэг архи, бэлэг авч очсон. Очоод архи уухгүй гэсэн чинь уучих гээд жижиг рункрээр хийж өгсөн. Манай нөхөр бол архи уугаагүй. Тэгээд хоол идчихээд П-а найз руугаа утсаар яриад хүрээд ир гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж болох юм уу гэсэн чинь манай нөхөр танихгүй айлд очоод яах юм бэ гэсэн. Тэгсэн П-а манай хоёр найз юмаа очъё гээд гарсан. Тэднийхээс гараад 2 дахь хаалганд нь байдаг айлд замаараа ороод бас 0.5 литрийн “Алтантүрүү” гэдэг архинаас нэг рунк татаад сууж байхад Эрдэнэчимэгийн нөхрийн дүү нар гээд олуулаа байсан, бас П-а нөгөө хоёр найз маань хүрээд ир гээд  дуудаад байна гэхээр нь тэр айлаас гараад нөгөө айл руу очсон. Манай нөхөр тэр айлын гадаа П-а, тэдний охин, бид гурвыг хүргэж өгчихөөд яваад өгсөн. Гэрт ороход Ж- /Ж-/ гээд нөхөр нь,

 

D:\My D\My office files\Шийтгэх тогтоол\М.Пүрэвдулам-91.2.2  12 181.1-142.doc

эхнэр И.Н-, хоёр охин, бага хүү нь байсан. Тэгээд цай уугаад байж байтал нөхөр нь архи задлаад бид нарт өгсөн. Би ширээний зүүн талд П-а Ж-гийн өөдөөс, И.Н-н өөдөөс би хараад сууж байсан. Ж- П-ад “Танай дүү сувилагч байхдаа” бидэнд их тусалсан гээд нэг хүүхдийг зааж байсан. Тэр үед миний сэтгэл их хөдөлсөн. Намайг архи уухгүй гэсэн чинь Ж- дахин дахин хийж өгөөд байсан тухайн үед сайн орж өгөхгүй байсан. Би заримдаа таллаад заримдаа амсаад тавиад байсан. Дахиад бас Ж- архи хийгээд өгөхөөр нь уухгүй гэсэн чинь П-а “Наадах чинь цэвэр юмаа уучих гээд байсан” тэгээд байхаар нь талыгнь уугаад тавьчихсан. Тэгсэн тэднийд ах, дүү нар нь гээд зөндөө хүн орж ирсэн. Тэр дунд ээж нь гээд нэг настай хөгшин сууж байхаар нь ямар сайхан юм бэ гэж бодоод сэтгэл хөдөлж суусан. Тэр үед И.Н- согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан болохоор П-а юмнаас нь хийлцэж байсан. Би хоол цай идэж уух гэсэн чинь идэж чадахгүй, согтож байна гэдгээ мэдэж байсан. Тэгтэл Ж- ахиад архи хундагалаад өгөхөөр нь ээжийгээ сайн хайрлаж байгаарай гэж хэлээд дуу эхэлсэн. Тэрнээс өөр юм хэлээгүй толгой манараад  сууж байтал өөдөөс Отгонцэцэг гээд дүү нь хараад сууж байсан. Тэгэхээр нь би “О- ороод ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэр үед О- миний зүүн талд сууж байсан. Удалгүй дотор хачин болоод гэдийгээд сууж байгаад нэг ухаан ороод харахад зочид гараад явж байсан. Тэр үед миний зүүн талд П-а, Ж-гийн хажуу талд И.Н- сууж байсан. Сүүлдээ ууж чадахаа болиод нэг хэсэг юм мэдэхээ больсон. Нэг мэдэхэд хоёр эмэгтэй хүн гадаа намайг аймар зодож байсан. Тэр үед яагаад намайг зодоод байгааг мэдээгүй, сүүлдээ би “Болиоч, би явмаар байна” гээд өшиглөсөн чинь холдоод явчихсан. Тэгээд би босоод амбаар түшээд хаалган дээр нь очиход өөдөөс хувцаснууд шидээд байсан, тэгээд би гэрийн ордог хаалга дээр сууж байгаад хувцсаа удаан өмссөн. Тэр үед амбаарын цаана чимээ гараад байсан, аймар тод сонсогдоод байсан боловч би ерөөсөө очиж болохгүй амбаарын өнцөгт тээглээд уначихаад босоод тэнд багагүй хэсэг хугацаанд зогссон. Тэгсэн сүүлд бодохнээ би хаалгаар удаан гарч явсан санагдаж байгаа. Хашаанаас гараад гудамж өнгөрөөгүй машин зам руу харахад хашааны өнцөг харагдсан. Тэгээд нөхөр лүүгээ ярихад холдож болохгүй гэхээр нь тэндээ байж байхад манай нөхөр намайг ирж авсан. Цагдаа нар ирэхэд би хоёр эмэгтэй хүн намайг зодсон талаар хэлэхэд маргааш бол гэж хэлсэн. Тэр үед надад хувцас хунар өмсүүлээгүй ганцхан хувцастай авч явсан. Тэгээд эрүүлжүүлэх дээр авчихаар нь би учрыг нь ойлгохгүй, ямар ч гэм хийгээгүй гээд орилсон.  Тэгсэн камерт хийгээд цоожилсон. Тэгээд байж байтал Ж- миний урдуур 00 яваад эргээд явахдаа намайг хараад “Бие чинь гайгүй юу, манай эхнэр, охидууд муухай ааштай юмаа. Чи, би  баларсан, хоёулаа хөтөлцөөд явна” гэж хэлсэн. Дараа нь тэндээс цагдаагийн машин ирээд бид нарыг аваад цагдаа дээр авчирсан. Цагдаагийн гадаа зогсоход их даарсан, П-ад их гомдож байна, тэр үед надад куртекээ өгчих байх гэж би бодож байсан юмаа. Тэр үед миний хамаг бие хавдаад хөхөрчихсөн их хэцүү байсан. Мөн намайг зодсон хүмүүс миний хамрын дээдэх арьсыг хумсаараа ураад авчихсан байсан. Тэр өдөр өдөржингөө цагдаа дээр суулгасан. Орой нь Б- байцаагч пал хийтэл хэлсэн. Намайг ганцхан хорьж энэ хэргийг шалгасан. Уг нь Ж-, П-а нарыг мөн хорьж шалгах ёстой байсан бас Ж-ы хувцаснаас цусны шинжилгээ хийгээгүй, шалгаагүйд гомдолтой байна. Би талийгаачийг хутгалаагүй, хутга ч бариагүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

М.М.П- нь 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *************** тоотод архи ууж согтуурч өөрийн нөхөр Д.Ц-, И.И.Н-, Ж.Ж.Э- нартай маргалдаж, улмаар насанд хүрээгүй Ж.Ж.Э-г “Янхан, эрийн дэвсгэр” гэх мэтээр доромжилж түүнийг үсдэж зодох зэргээр хүч хэрэглэн танхайрсан,

улмаар танхайрч бусадтай хэрэлдэн маргалдах явцдаа иргэн И.И.Н-г түүний охин У.Уранчимэг, Ж.Ж.Э- нарын нүдэн дээр цээжин тус газарт нэг удаа хутгалж санаатай алсан болох нь:

- И.И.Н-н биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 07 тоот акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 167-174 дэх тал/

            Дүгнэлт:

1. Талийгаачийн биед цээжний хөндийд нэвтэрч зүүн уушиг гэмтээсэн цээжний өмнөд хананы шарх, хурц гадуур, дотуур цус алдалт, цээжний өмнөд хана, гарын зөөлөн эдийн шарх, цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

            3. Талийгаач нь цус алдалтын шокын улмаас амьсгал, цусны эргэлтийн хурц дутагдлаар нас баржээ.

            4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй.

            7. Талийгаачийн цусанд 3.2 промиль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолт болно.

            8.Талийгаачийн цусны бүлэг OI бүлэг байна” гэсэн дүгнэлт,

- Хохирогч Ж.Ж.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр би дэлгүүр орчихоод ирж байтал М.П-ын нөхөр нь эд нарыг хүргэж өгчихөөд буцаад явж байсан. Тэгээд эд нар архи гаргаад ууцгаасан. Энэ үед манай гэрт ээжийн талын хамаатнууд ирцгээсэн. Тэгээд манай эмээг М.П- харчихаад “Танай гэр бүл сайхан амьдарч байгааг захаар яринаа” гэж хэлж байсан. Тэгээд янз бүрийн юм яриад агсараад байсан. Тэгсэн манай хамаатнууд удалгүй яваад өгсөн юм. Тэр үед тэд архи ууж нилээн сууцгаасан. Тэгээд манай найз залуу ирээд бид хоёр гадаа байж байгаад буцаад гэртээ орох гэсэн чинь хаалга цоожтой цаана нь түжигнээд байсан. Тэгсэн удалгүй М.П-ын нөхөр нь хаалга онгойлгоод араас нь М.П- нь хогийн шүүр барьчихсан гарч ирээд манай найз залууг цохиод авчихсан. Тэгээд бид хоёр гэрт ороод эргээд би гартал манай хашаан дотор М.П-, нөхөртэйгөө зодолдоод манай аав дунд нь орчихсон салгах гээд зогсож байхаар нь би аавыгаа гэртээ ор гээд оруулсан. Тэгээд М.П-ын нөхөр нь машинаа унаад яваад өгчихсөн. Тэгсэн М.П-, манай ээжийн мөрнөөс нь татаад чирсэн тэгэхээр нь би очоод салгасан чинь намайг “Янхан, эрийн дэвсгэр” гэж янз бүрээр намайг хэлсэн. Тэгээд газар хэвтээд байсан чинь ээж босгох гээд очтол ахиад ээжийг үсдээд авсан. Тэгэхээр нь гэрээс хувцсыг нь гараад өгсөн чинь буцаж гэр лүү орж ирээд “Танайхаас нэр хүндтэй” гарна гээд сандал дээр суучихсан. Тэгээд бас намайг үсдэж аваад янз бүрээр хэлээд байсан, бас ээж бид хоёрыг ойртохоор өрөөсөн гутлаараа цохих гээд байсан. Тэгээд ээж М.П-ын өөдөөс ташаагаа тулаад “Манай охиныг юу гээд байгаа юм бэ” гэж хэлж байсан. Энэ үед би толинд хараад үсээ янзалаад зогсож байтал манай ээжийг хутгалчихсан. Ээж над руу хараад цээжин дээрээ гараараа дараад том өрөө рүү эргэсэн. Тэгээд би хашгираад түргэн дуудах гээд гараад гүйсэн... Аавын цамцан дээр болсон цус бол гадаа М.П-, нөхрөөс салгах үед болсон цус. Энэ хүнд маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг

- Гэрч Ж.Ж.У-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байтал гаднаас ээжийн найз П-а, дүү М.П-, охин гурван нь орж ирсэн. Тэр үед гэрт манай хоёр дүү, аав, ээж бид нар байсан. Дараа нь 21 цагийн үед ээжийн талын хамаатнууд бүгдээрээ орж ирээд 22 цаг дөхөж байхад гараад явчихсан. Тухайн үед М.П- агсараад босож ирээд байхаар нь дургүй нь хүрээд яваад өгсөн байх. Удалгүй М.П-ын нөхөр нь ирчихсэн хэрэлдээд байсан. Сүүлдээ нөхөр нь эхнэрээ шанаадаад газар унагаачихсан байсан, тэгээд нөхөр нь яваад өгсөн. Тэгсэн манай дүү Ж.Б- “Ээжийг үсэдчихсэн байна” гэж хэлсэн.  М.П- тухайн үед манай дүү Ж.Э-тай хэрэлдээд “Янхан, гичий” гэж янз бүрээр хэлээд үсдээд авчихсан байхаар нь очиж салгасан. Тэгээд хоёр удаа гэрээс гаргаад яв гэхэд хаалга нүдээд байхаар нь гэртээ оруулчихсан. Тэгээд М.П- сандал суучихаад хэрүүл хийгээд байсан. Манай ээж өмнө очиж зогсоод “18 нас хүрээгүй хүүхдийг чи яахаараа ингэж хэлдэг юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн М.П- тоорт зүсээд тавьчихсанбайсан хутгыг аваад ээжийн цээж рүү нь зоочихсон. Тэгсэн ээж цээжээ гараараа дараад эргэсэн тэр үед би орилоод барьж аваад газар хэвтүүлсэн. Тэгэхэд М.П- хутгаа бариад хамаг хувцсаа аваад гараад явчихсан. Удалгүй түргэн дуудсан. М.П- нөхөртэйгөө зодолдож байхад аав дундуур нь орж гадаа байхад  нь салгасан. Харин ээжийг үсдүүлээд байж байхад мэдээгүй согтуу хэвтэж байсан, харин Л.Б- тухайн үед ирсэн байсан үгүйг сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг

- Гэрч Л.Л.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр бүтэн сайн өдөр байсан. Ж.Э-тай гэрийн гадаа нь уулзчихаад гэрт нь орох гэтэл хаалга нь цоожтой цаана нь пижигнээд байсан. Тэгээд хаалга онгойтол М.П- намайг хогийн шүүрээр цохиод авсан. Тухайн үед би гайхаад юм бодоогүй том өрөө рүү яваад орсон Ж- ах “Наашаа суу, чихэр амс” гэхээр нь чихэр амсчихаад суусан. Тэгээд удалгүй Ж.Э- орж ирээд аавыг унтуулчих гэхээр нь Ж- ахыг зурагтын урд нь гудсан дээр унтуулсан. Тэр үед гадаа пижигнэлдээд байсан. Тэгээд хэсэг байж байгаад М.П- хашгираад Ж.Э-г үсэдчихсэн байсан, тэгээд Ж.Э- намайг цагдаа дуудчих гэхээр нь цагдаа дуудах гээд зогсож байтал Ж.Э-гийн эгч Ж.У- орилохоор нь хартал Ж.Э-гийн ээж том өрөө рүү цээжээ дараад эргээд алхсан. Тэр үед би Ж.У-ийн хамт ээжийг нь шалан дээр хэвтүүлсэн. Энэ үед М.П- гартаа хутгаа барьсан чигээрээ гараад гүйчихсэн. Тухайн үед Ж- согтуу унтаж байсан босож ирээгүй, Ж.У- гол тогооны өрөөний босгоны тэнд байсан. Ж.Б- лав гэрт байгаагүй. М.П-ыг гэрээс гаргах болгонд  танайхаас нэр төртэй гармаар байна гээд буцаж орж ирээд байсан” гэсэн мэдүүлэг,

- Насанд хүрээгүй гэрч Ж.Ж.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өглөө идээ тавгаа засчихаад эмээг хүлээж байсан. Тэгээд Цээгий эгч бид нарыг дуудаад бид нар гэрт нь оччихоод оройхон гэртээ ирсэн. Тэгсэн удалгүй Тулгаа /П-а/ эгч утсаар залгаад Тулгаа эгч, М.П- бас Тулгаа эгчийн охин нь ирсэн. Тэдний дараа 10-20 минутын дараа манай ээжийн хамаатнууд ирсэн. Тэр үед М.П- “Танайх элэг бүтэн хүмүүс” энэ тэр гээд жаахан үг хаяад байсан. Удалгүй манай хамаатны хүмүүс бууз идчихээд яваад өгсөн. Удаагүй 10-15 минутын дараа М.П-ын нөхөр ирээд М.П-ыг аваад явах гэсэн чинь явахгүй гээд байх шиг байсан тэгээд би гал тогооны өрөө рүү харахад нөхөр нь М.П-ыг шанаадаад унагааж байсан. Би тухайн үед том өрөөндөө компьютер тоглож байсан юм. Дараа нь М.П- манай ээж рүү дайраад “Чи амжихгүй шүү” гээд орилоод байсан. Тэгсэн Ж.Э- эгч намайг Тулгааг нь олоод ир гэж хэлэхээр нь гараад гадаа харанхуй байсан болохоор айгаад хол явалгүй гадаа үүдэн дээр зогсож байтал Ж.Э- эгч орилж чарлаад гэрээс гара ирээд ээжийг М.П- хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Д.Г- ахыг дуудах гээд гэр лүү нь очтол хүн байхгүй байсан. Тэгсэн М.П- казакийн гудамж руу гүйгээд явчихсан. Удалгүй 20-30 минутын дараа эмнэлэг ирсэн. Тэр үед аав согтуу хэвтэж байсан, тасарчихсан байсан” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.Д.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр бид нар гэр бүлээрээ  эгчийндээ 21 цагийн үед очсон явсан. Очиход гэрт нь М.П-, эгч нь хүүхэдтэйгээ ирсэн байсан. Тэгээд манай хүргэн архи задлаад өгөхөөр нь би амсаад өгсөн. Тэгтэл М.П- эгчтэйгээ цуг нилээн архинаас уугаад өгөөд байсан. Тэр үед манай эгч инээж хөхрөөд сайхан л байсан.  Бид хэд нэг их удалгүй 1 цаг орчим болоод манайх руу ирсэн. Тэгээд бууз жигнээд байж байтал манай эхнэрийн утас руу манай эгчийн охин нь залгаад “Ээжийг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь юу болов гээд асуусан чинь юм ярихгүй уйлаад байсан. Тухайн үед би хажууд нь сонсоод зогсож байсан.  Отгонцэцэг нөхөртэйгөө түрүүлээд араас нь би 5-10 минутын дараа яваад очсон. Очиход  манай эгч гал тогооны өрөөний шалан дээр хэвтэж байсан, үүдэнд түргэний эмч ирээд зогсож байсан. Эмч манай эгчийг өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад бүгд “М.П- хутгалчихаад гараад гүйчихсэн” гэж хэлсэн. Тухайн үед нөхөр Ж- нь согтуу унтаж байхаар нь очоод татаад хэд хэд цохиж авсан. Тэгсэн урдаас “Юу болоод байгаа юм бэ” гэхээр нь би “Хуцаад бай, эхнэр чинь өнгөрчихөөд байна” гээд нэг өшиглөсөн. Дараа нь орон дээр сууж байхад бас  зүүн шанаа орчим 3-4 удаа, бас 1-2 удаа өшиглөсөн. Намайг цохихоос өмнө Ж-ы бие цус болоогүй байсан” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Д.Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн:  “Ах, дүүгээрээ талийгаач эгчийндээ 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 21 цагийн үед очсон. Тэгэхэд манай эгч бид нарт  бууз жигнэж өгсөн. Тэр үед М.П- диван сууж байгаад босож ирээд хундага тулгачихаад буцаж суугаад байсан. Тэгээд “Та нар чимээгүй бай, би настай хүнд дуу дуулж өгнө” гээд нэг дуу аялсан. Тэгэхдээ сайн дуулаагүй ч үгүй уйлаад байсан. Тэгээд бид нар хэсэг байж байгаад бууз идчихээд гараад явсан. Удалгүй манай ээжийг хүн хутгалчихлаа гэж Ж.Э- Сувд руу утсаар ярьсан. Тэгээд бид нар буцаад ирэхэд эгч маань нас барсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад М.П-ыг нөхөртэйгөө зодолдсон, ээжийг хутгалчихаад хутгаа бариад гараад зугтаачихсан гэж хэлсэн. Тэр үед хүү Ж.Б- бид нарыг дуудах гээд манай гэрийн хаалгыг нүдэж байгаад эргэж ирэхдээ харахад М.П- баруун тийшээ хар хурдаараа зугтааж байсан гэж хэлсэн. Яг тухайн үед манай гэрт хүн байхгүй байсан. М.П-ын мөрийг нь харахад мөр нь их тод байсан. Ер нь хүн айлд очиж ууж идчихээд болсон бол нөхрийгөө дагаад явчихгүй, хэрэв явчихсан бол өдийд ийм юм болохгүй байсан. Оршуулагын зардалд 3.476.850 төгрөг гарсан үүнийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар  нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс “Ж-ы хувцасны цусыг шинжлээгүй, талийгаачийг хутгалсан гэх хутгыг олоогүй, түүний явсан маршрутыг тогтоогоогүй, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрөөтэй, мөрдөн байцаалтын ажиллагааг нэг талыг барьж явуулсан” тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү,  М.М.П-ын цуснаас спирт илрээгүй, түүний өмсөж явсан хувцсанд цусны толбо байхгүй байгаа гэсэн хүсэлтүүдийг гаргаж байгаа боловч

Хохирогч Ж.Ж.Э-гийн “Тэгээд М.П-ын нөхөр нь машинаа унаад яваад өгчихсөн. Тэгсэн М.П-, манай ээжийн мөрнөөс нь татаад чирсэн тэгэхээр нь би очоод салгасан чинь намайг “Янхан, эрийн дэвсгэр” гэж янз бүрээр намайг хэлсэн. Тэгээд газар хэвтээд байсан чинь ээж босгох гээд очтол ахиад ээжийг үсдээд авсан. Тэгэхээр нь гэрээс хувцсыг нь гараад өгсөн чинь буцаж гэр лүү орж ирээд “Танайхаас нэр хүндтэй” гарна гээд сандал дээр суучихсан. Тэгээд бас намайг үсдэж аваад янз бүрээр хэлээд байсан, бас ээж бид хоёрыг ойртохоор өрөөсөн гутлаараа цохих гээд байсан. Тэгээд ээж М.П-ын өөдөөс ташаагаа тулаад “Манай охиныг юу гээд байгаа юм бэ” гэж хэлж байсан. Энэ үед би толинд хараад үсээ янзалаад зогсож байтал манай ээжийг хутгалчихсан. Ээж над руу хараад цээжин дээрээ гараараа дараад том өрөө рүү эргэсэн. Тэгээд би хашгираад түргэн дуудах гээд гараад гүйсэн” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Ж.У-ийн “Тэгээд М.П- сандал суучихаад хэрүүл хийгээд байсан. Манай ээж өмнө очиж зогсоод “18 нас хүрээгүй хүүхдийг чи яахаараа ингэж хэлдэг юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн М.П- тоорт зүсээд тавьчихсанбайсан хутгыг аваад ээжийн цээж рүү нь зоочихсон. Тэгсэн ээж цээжээ гараараа дараад эргэсэн тэр үед би орилоод барьж аваад газар хэвтүүлсэн. Тэгэхэд М.П- хутгаа бариад хамаг хувцсаа аваад гараад явчихсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Л.Б-ы “Ж.Э- намайг цагдаа дуудчих гэхээр нь цагдаа дуудах гээд зогсож байтал Ж.Э-гийн эгч Ж.У- орилохоор нь хартал Ж.Э-гийн ээж том өрөө рүү цээжээ дараад эргээд алхсан. Тэр үед би Ж.У-ийн хамт ээжийг нь шалан дээр хэвтүүлсэн. Энэ үед М.П- гартаа хутгаа барьсан чигээрээ гараад гүйчихсэн” гэсэн мэдүүлгүүд нь шүүгдэгч М.М.П-ын гэмт үйлдлийг тодорхой  зааж мэдүүлсэн бөгөөд дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэгт байгаа зөрөө нь шүүгдэгч М.М.П-ын үйлдлийг үгүйсгэх хэмжээний эрс зөрөөгүйгээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөн талийгаачийг хутгалсан хутгыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, криминалистикийн шинжээч хутганы аман зургийг /хэргийн 219-227/ гаргажээ

 

Иймд шүүгдэгч М.М.П-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон хэргийг нэмэлт мөрдөн байцаалт буцаах үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг тайлбарлах тухай” тогтоолын

 

4. Мөн зүйл, хэсгийн 91.2.2-т заасан ...”Танхайрах” гэдэг нь иргэд хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээгээр хэрэгжиж тогтсон ёс суртахууны болон хүмүүсийн зан үйлтэй холбогдох нийтэд хүлээн зөвшөөрсөн хэв журмыг зөрчин тухайн орчиндоо илтэд хүндэтгэлгүй хамаа бус хандсан үйлдэлдээ  элдэв цээртэй хараалын болон бусдын нэр төрийг басамжлан доромжилсон үгийг ичгүүргүйгээр зарлан түгээх, бусад руу хүч хэрэглэн дотвлох, зодох,  ингэхдээ элдэв юмсыг эсхүл зэвсэг хэрэгсэл түүнтэй адилтгах зүйлсийг хэрэглэх, хэрэглэхээр завдах, эсхүл үүнийгээ хатуу ширүүн үгээр илэрхийлэн орчны хүмүүсийг айлган сүрдүүлж түгшээх, жигшил дургүйцлийг төрүүлэх зэргээр хэрцгий догшин авирлан  нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн шууд санаатай үйлдэл байхыг ойлгоно.

14. Мөн зүйл, хэсгийн 91.2.12-т заасан ”онц харгис хэрцгий аргаар” гэдэгт ойр дотнын хүмүүсийн нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулна.” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.М.П-ын хохирогч Ж.Ж.Э-гЯнхан, эрийн дэвсгэргэх мэтээр түүний нэр төрийг гутаан басамжлан доромжилж, улмаар түүнийг үсдэж түүнд хүч хэрэглэсэн, мөн түүний эх И.И.Н-г ийнхүү танхайрах явцдаа, насанд хүрээгүй охин Ж.Ж.Э- болон охин Ж.Ж.У- нарын дэргэд цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон түүний үйлдэл нь уг тогтоолын заалтад бүрэн нийцэж байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаар М.П-ыг бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.М.П- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна. /хэргийн 256 дахь тал/

 

 

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.6-д заасны дагуу онц хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч М.М.П-ын сэтгэцийн байдалд шинжилгээ хийлгэхэд 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 05/2012 дугаартай магадалгаагаар тэрээр: “сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл байна, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай” нь тогтоогджээ. /хэргийн 62 дахь тал/

 

Хохирогч Ж.Ж.Э-гаас тодорхой баримт гарган хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчээс гаргуулж, түүнд олгох хохирол төлбөр байхгүй байна.

Харин хохирогч Д.Д.Г-ээс талийгаачийн оршуулагын зардалд 3.476.850 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтыг бүрдүүлж хэрэгт хавсаргаж ирүүлсэн байх тул дээрх хохирлыг шүүгдэгч М.М.П-аас гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.М.П-д ял шийтгэл оногдуулахдаа түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлүүдийг шүүгдэгч, хохирогч  нараас буцаан авна гэж мэдүүлсэн тул бор өнгийн малгайг шүүгдэгч М.М.П-д, талийгаач И.И.Н-н хувцсыг хохирогч Д.Д.Г-эд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор тогтоолд заав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М.П-ыг бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсугай.

 

2. М.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар 17 /арван долоо/ жил хорих, 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар М.М.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар оногдуулсан 17  жил хорих ялд, мөн хуулийн 181 дүгээр 181.1-д зааснаар 1 жил хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 17 /арван долоо/ жил хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар М.М.П-д оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.М.П-ын энэ хэрэгт 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 196 /нэг зуун ерэн зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар М.М.П-аас 3.476.850 /гурван сая дөрвөн зуун далан зургаа мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж, ********** тоотод оршин суугч Д.Г- /РД: /-д олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бор өнгийн малгайг шүүгдэгч М.М.П-д, талийгаач И.И.Н-н хувцсыг хохирогч Д.Д.Г-эд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.М.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.М.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ОЧ          

                                   

   ШҮҮГЧИД                                                    А.АЛТАНХУЯГ

 

                                                                                    Б.ЦОЛМОНБААТАР