Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 142/шш2020/00412

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн 26-р Ц-т холбогдох,

Орхон аймгийн 26 дугаар Ц-ийн няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 142/2020/00350/И индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Г- нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Орхон аймгийн 26 дугаар Ц-т няраваар ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь чанартай гүйцэтгэж ирсэн. Гэтэл намайг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар Ц-ийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Г.Н- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1., хөдөлмөрийн гэрээний 5.2., хөдөлмөрийн дотоод журмын 8.6. дахь заалтуудыг үндэслэн ажлаас үндэслэлгүй халсанд маш их гомдолтой байна. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр намайг ажлаа хийгээд явж байхад Ц-ийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Г.Н- өрөөндөө дуудаж, эмч Ч.Отгонжаргал, нягтлан О.Батхишиг нарын хажууд Чамайг ажлаас халж байна. Үүнээс хойш ажилдаа битгий ирээрэй гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал чинь гарчихлаа ирж ав гээд би тушаалаа очиж авсан. Ажил олгогч нь намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1.-дэх заалтыг үндэслэн харилцан тохирсон гэж үзэн ажлаас халсан байна. Би өөрөө ажлаас гарна гэж хэлээгүй, ажил олгогчтой ажлаас гарах талаар харилцан тохиролцсон зүйл огт байхгүй. Миний бие нь 14000000 төгрөгийн цалингийн зээлтэй бөгөөд сард цалингаасаа 345000 төгрөгийг банкинд төлөөд үлдэх мөнгөөрөө ахуй амьдралдаа хүргэх гэж хичээн хөдөлмөрлөж яваа жирийн нэгэн ажилтан билээ. ...Ажил олгогчтой ажлаас гаръя, чөлөөлөгдье гэж тохиролцоогүй. Ийм зүйл байхгүй. Цалингийн зээлээ төлж чадахгүй хүнд хэцүү байдалтай байна. Хамт олон ажилчидтайгаа эерэг, хамтран ажилладаг сайхан хамт олонтой байсан. Шүүхэд өргөдөл гаргаж өгснөөс хойш Д.Г- миний талаар үүрэг гүйцэтгэгч Н- эрхлэгч ажилчдаас Г-ийн эсрэг өргөдөл бичүүлж авч миний нэр хүндэд халдаж байгаад гомдолтой байна. Иймд Д.Г- намайг Орхон аймгийн 26 дугаар Ц-ийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Г-ийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/15 дугаартай Ц-ийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Н-ийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, Хөдөлмөрийн гэрээний 5.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8.6 дахь заалтуудыг үндэслэл болгон Орхон аймгийн 26 дугаар Ц-ийн няравын ажлаас чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д талууд харилцан тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан. Г- нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцсан тохиролцсон зүйл байхгүй. Харилцан тохиролцоогүй гэдгийг Н- нь хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр өгсөн тайлбараараа хүлээн зөвшөөрч байна. Харилцан тохиролцсон мэтээр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангахгүй, хуульд үл нийцсэн байна. Эрхийн акт нь гагцхүү хуульд нийцсэн байх ёстой. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасан аль нэг заалтыг заавал хэрэглэсэн байх ёстой гэж заасан. Энэ тушаалд ийм заалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно гэж заасан нь ажил олгогч зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас халж, чөлөөлж болно гэсэн шууд утгыг илэрхийлдэг. Энэ утгаараа Ц-ийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаас халах тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн аль нэг үндэслэлийг баримтлаагүй, ажлаас чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. Ажил олгогч нь Г-ийг ямар үндэслэлээр ажлаас халсан нь тодорхойгүй. Нэг бол ажил тасалсан, ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ гүйцэтгээгүй гэдэг. Эсвэл хамт олноос нь санал ирсэн гэдэг. Яг ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь ойлгомжгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш миний үйлчлүүлэгчийн нэр хүндэд халдаж байгаа. Хуурамч бичиг баримтуудыг гаргаж өгч байна. Сахилгын шийтгэл авагдаж байсан талаарх тушаалуудыг хуурамчаар гаргаж өгч байна. Ажилчдаа хүчээр бичүүлэх байдлаар өргөдөл гомдол бичүүлж, нэр хүндэд нь халдаж байгаад харамсаж байна. Үүнийг шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулах боломжтой. Шүүхээс Г-ийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл зөв байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөсэй гэж хүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө, чинээ, эрхэлсэн ажил , албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Тус зүйлийн 4-т хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, 13-т халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэний ч эрх эрх чөлөөг хязгаарлахыг хориглоно. 17 дугаар зүйлийн 2-т хөдөлмөрлөх эрх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж тус тус заасан. Тэгэхэд хариуцагчийн тайлбар, гаргаж өгч байгаа нотлох баримтууд хандлагаас харахад хувийн таарамжгүй харилцаанаас болж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. Үндсэн хуулиар олгогдсон төдийгүй, хөдөлмөрийн харилцааны нэг тал болж байгаа ажилтны хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэгч Г-ийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 26 дугаар Ц-ийн няравын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин буюу 1 334 800 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж, зохих татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч 26 дугаар Ц-ийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус Ц-т няраваар ажиллаж байсан иргэн Д.Г- нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс жижүүрээр ажиллаж байгаад 06 сарын 04-ний өдрөөс няравын албан тушаалд томилогдон ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн биелэлтэд хариуцлагагүй хандаж, мэргэжил ур чадварын хувьд байнга зөрчил дутагдал гаргаж ирсэн бөгөөд байгууллагын зүгээс удаа дараа сануулж, анхааруулга өгч доорх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээг хуулийн дагуу авсан. Үүнд Д.Г- өөрөө чөлөө зөвшөөрөлгүй 7 хоног ажил тасалснаа хүлээн зөвшөөрч хуулийн хариуцлага хүлээхээ бичгээр тайлбар гаргасан. Няравын албан тушаалын тодорхойлолтод заасанчлан чадвартай хүн ажиллах нь зүйтэй гэдгээ хүлээн зөвшөөрч санал оруулсан. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Д.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам зэргийг үндэслэн хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн сануулах арга хэмжээг 1 сарын хугацаатай 2019 оны 09 сарын 11-ний А/06 тушаал, хөдөлмөрийн сахилгын шийтгэл 1 сарын цалингийн 10% хасах шийтгэл 2019 оны 11 сарын 07-ны өдрийн А/14 тушаалаар тус тус сахилгын арга хэмжээг авсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бий болсон. Гэвч Д.Г-ийг өөр байгууллагад дахин ажиллах боломжийг олгох, ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн авах, түүний ар гэр, нас, хувийн байдлыг харгалзан харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 заалтыг хэрэглэсэн. Ер нь бол өөрөө ажлаа хийж чадахгүй байна, ур чадвар маань хүрэхгүй байна гэдгээ удаа дараа хэлж байсан. Ажлын байран дээр цаашид ур чадвараа сайжруулна, суралцана гэж 2 жилийн нүүр үзэхэд ажилд нь ахиц гарсан зүйл үгүй, ажил мэргэжлийн алдаа, зөрчил нь мэргэжлийн байгууллага /аймгийн аудит/, байгууллагын дотоод хяналт шалгалт, хамт олны санал, гомдол, хүсэлтээр /ам болон бичгээр/ илэрсэн нь баримтаар нотлогдсон. Тиймээс иргэн Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Орхон аймгийн 26-р Ц-т холбогдуулан Орхон аймгийн 26 дугаар Ц-ийн няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч Д.Г- нь Орхон аймгийн 26-р Ц-ийн няраваар 2018 оны 09 сарын 05-нд томилогдож, 2019 оны 01 сарын 07-ны өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна. /хэргийн 5-7-р тал/

Д.Г-ийг Орхон аймгийн 26-р Ц-ийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн №Б/15 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 5.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8.6 дахь заалтуудыг үндэслэн няравын ажлаас чөлөөлжээ. /хэргийн 4-р тал/

Уг тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д хөдөлмөрийн гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно, 37.1.1-д талууд харилцан тохиролцсон гэсэн үндэслэлийг заасан байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар харилцан тохиролцсон үндэслэл тогтоогдохгүй байх ба хариуцагчийн төлөөлөгчийн ...Д.Г- нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн биелэлтэд хариуцлагагүй хандаж, мэргэжил ур чадварын хувьд байнга зөрчил дутагдал гаргаж ирсэн бөгөөд байгууллагын зүгээс удаа дараа сануулж, анхааруулга өгч сахилгын арга хэмжээ авч байсан,... Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бий болсон. Гэвч Д.Г-ийг өөр байгууллагад дахин ажиллах боломжийг олгох, ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн авах, түүний ар гэр, нас, хувийн байдлыг харгалзан харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 дэх заалтыг хэрэглэсэн... гэх тайлбараар тохиролцсон үндэслэл няцаагдаж байна.

Мөн Хөдөлмөрийн гэрээний 5.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-с дээш хоног ажил тасалсан гэсэн заалт байх ба уг байдлыг нотлохоор шүүхэд цагийн бүртгэлийн дэвтрийг эх хувиар нь нотлох баримтаар судлуулсан боловч нэхэмжлэгч Д.Г-ийн ажил тасалсан гэх 2019 оны 12 сарын 19-ний өдрөөс 12 сарын 27-ны өдрийн хоорондох бүртгэлийг баллаж зассан засвартай, ажил тасалсан гэх 12 сард Д.Г-т 21 хоногийн цалин хөлс бодогдсон байна.

 

 

 

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.6-д заасан чөлөө авалгүйгээр ажлаа шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоногоор тасалсан, сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэсэн үндэслэлүүдийн алиныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцласан болох нь тодорхойгүй байна.

Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаараа тушаалд тодорхой заах ёстой юм.

Нөгөөтэйгүүр ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах хуулийн шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримтласан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил, ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх ёстой, ингэснээр Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн шийдвэр болно.

 

Нэхэмжлэгч Д.Г- нь мэргэжил, ур чадварын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь холбогдох хяналт шалгалтын байгууллагын шийдвэр дүгнэлтээр тогтоогдоогүй байх ба ажил олгогч түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл болох ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан байдлыг шалгаж тогтоосон баримтгүй, ямар зөрчлийг хэзээ гаргасан нь тодорхойгүй, удаа дараа үүрэг даалгавар өгөхөд биелүүлээгүй гэх үндэслэлд ямар албан тушаалтнаас хэзээ өгсөн ямар үүрэг даалгаврыг хэзээ биелүүлээгүй талаар шалгасан материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, өөрөөр хэлбэл тушаалд заасан зөрчлүүдийг Д.Г- гаргасныг нотолсон нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ц-ийн нябо О.Батхишиг, эмч Ч.Отгонжаргал, ахлах тогооч Отонсүрэн, Л.Пүрэвдулам, Д.Отгонбаяр, багш Б.Уранчимэг, Б.Анхзаяа нарын Ц-ийн захиргаанд хандаж гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул уг баримтуудад үндэслэж шүүх шийдвэр гаргах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Г- нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан, зөрчлийг давтан гаргасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Орхон аймгийн 26-р Ц--ийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн №Б/15 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг урьд эрхэлж байсан Орхон аймгийн 26-р Ц--ийн няравын ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалинг баримталж, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцож /573968/22=26089*ажилгүй байсан 51 хоног/ 1330539 төгрөгийг хариуцагч Орхон аймгийн 26 дугаар Ц-ээс гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож, харин ажилгүй байсан хугацааны цалин, хөлснөөс зохих суутгалыг бодож, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

 

 

 

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд хуульд зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1330539 төгрөг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 36238 төгрөг, нийт 106438 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж овогт Д-ийн Г-ийг Орхон аймгийн 26-р Ц-ийн няравын ажилд эгүүлэн тогтоож, Д.Г-ийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1330539 /нэг сая гурван зуун гучин мянга таван зуун гучин ес/ төгрөгийг хариуцагч Орхон аймгийн 26-р Ц--ээс гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Орхон аймгийн 26-р Ц-т даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Орхон аймгийн 26-р Ц-ээс 106438 /нэг зуун зургаан мянга дөрвөн зуун гурав/ төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ