Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2026/0372

 

 

 

ТАЗийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч М.Бб

Нэхэмжлэгч: ТАЗ

Хариуцагч: М.Бб

Гуравдагч этгээд: П.У

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: ГА аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар шийдвэр

Нэхэмжлэлийн шаардлага: “ГА аймгийн Т сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Ббаас төрд учирсан гэм хорын хохирол 56,647,037 төгрөгийг гаргуулах”

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дс, Р.Жд, хариуцагч М.Бб, гуравдагч этгээд П.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 112/2026/0001/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ГА аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр:

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасныг баримтлан Монгол Улсын ТАЗийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч М.Ббаас төрд учруулсан хохирол болох 55,124,494 /тавин таван сая нэг зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрвөн/ төгрөгийг гаргуулж, ТАЗийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,522,543 /нэг сая таван зуун хорин хоёр мянга таван зуун дөчин гурван/ төгрөг гаргуулахыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Хариуцагч М.Ббаас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

“М.Бб миний бие Т сумын Засаг даргаар 2023-2024 онд ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Уыг ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн шалтгаанаар ажлаас халсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 112/ШШ2024/0019 дүгээр ГА аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ог эвлэрсэн байна. Мөн ГА аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 112/ШШ2024/0028 дугаар захирамжаар Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ом эвлэрсэн байна.

ГА аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 112/ШШ2025/0013 дугаар захирамжийг гаргахдаа хариуцагч миний биед мэдээлэл өгөхгүй болон итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулахгүйгээр эвлэрэх эрх олгоогүй байхад шийдвэрлэсэн учраас энэ захирамжийг биелүүлэх боломжгүй гэж үзэж байна.

ГА аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 112/ШШ2026/0013 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байгаа болно.

Мөн П.У нь АТГ-ын шийдвэрээр албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдож, ГА аймгийн Эрүүгийн анхан шатны шүүхээр тохирох шийтгэлийг авсан байгаа тул өөрийн гаргасан Ажлаас чөлөөлөх захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд П.Уын холбогдсон эрүүгийн хэргийн нотлох баримтыг хариуцагчийн нэхэмжлэлтэй хавтаст хэрэгт хавсарган шалгаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхээс маргааны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн тул  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч ТАЗөөс М.Ббт холбогдуулан “ГА аймгийн Т сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Ббаас төрд учирсан гэм хорын хохирол 56,647,037 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.Нэхэмжлэгчээс “...ГА аймгийн Т сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Бб нь мөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Уыг хэд хэдэн удаа үндэслэлгүйгээр чөлөөлснөөс төрд 56,647,037 төгрөгийн хохирол учирсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасны дагуу М.Ббаас гаргуулахаар шаардаж байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргажээ.

3.Хариуцагчаас “...тухайн төрийн албан хаагч албан тушаалаа ашиглан өөрт давуу байдал үүсгэн 172 хувиар цалингаа өсгөж авч байсан.” гэх агуулгаар нэхэмжлэлд тайлбар гаргажээ.

4.Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй шууд холбоотой, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллааг хангалттай хэрэгжүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг гаргажээ.

5.Тодруулбал, анхан шатны шүүхээс хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг цуглуулж, захиргааны хэргийг бүрэн, бодитой, нэг мөр тогтоогоогүйн улмаас нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

6.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл М.Бб нь Т сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Т сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Уыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар[1] үүрэгт ажлаас нь чөлөөлж, ТАЗийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор[2] Т сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгож, мөн сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар[3] П.Уыг Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилсон байдаг.

7. Улмаар П.У нь ГА аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр захирамжаар[4] нэхэмжлэгч, хариуцагч М.Ббын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ог нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж нийт 19,266,180 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар тохиролцсон.

8. Хариуцагч М.Бб нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар[5] П.Уыг Тамгын газрын даргаас дахин чөлөөлснийг ТАЗийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 270 дугаар тогтоолоор[6] Т сумын Засаг даргын Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, П.Уыг үргэлжлүүлэн ажиллуулж, зохих журмын дагуу ажил хүлээлцүүлэхийг тус сумын Засаг дарга М.Ббт үүрэг болгосон.

9.П.Уаас ГА аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хариуцагч М.Бб нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар захирамжаар[7] “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

10.ГА аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/116 дугаар захирамжаар Т сумын Засаг даргаас М.Ббыг чөлөөлж, мөн өдрийн Б/129 дүгээр захирамжаар Н.Сбыг Т сумын Засаг даргаар томилсон ба Т сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар[8] П.Уыг Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилсон байна.

11.П.У нь ГА аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд миний ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдэл хөлс, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлсэн нийт 22,768,400 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар захирамжаар[9] “Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

12.Хариуцагч М.Бб нь давж заалдах гомдолдоо “...П.У нь Авлигатай тэмцэх газрын шийдвэрээр албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдож, ГА аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тохирох шийтгэлийг авсан” гэж дурдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд П.Уаас “...2025 оноос М.Бб гомдол гаргаад Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараагүй” гэх тайлбарыг гаргаж байна.

 

13.Үүнээс үзвэл П.Уын төрийн албаны чиг үүрэг гүйцэтгэж байх хугацааны үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн журмаар шалгагдаж байгаа талаар хариуцагч, гуравдагч этгээд нараас тайлбарлаж байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүх уг асуудалтай холбоотой эрүүгийн хэргийн баримт материалыг цуглуулж, уг баримтууд захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралтай эсэхийг тогтоож,  дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна.

 

Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ГА аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ  

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 10 дахь тал

[2] Хэргийн 14 дэх тал

[3] Хэргийн 15 дахь тал

[4] Хэргийн 16-18 дахь тал

[5] Хэргийн 22 дахь тал

[6] Хэргийн 27 дахь тал

[7] Хэргийн 28-31 дэх тал

[8] Хэргийн 41 дэх тал

[9] Хэргийн 42-44 дэх тал