Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00891

 

                      “Ө-20” СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний

                        хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02148 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1777 дугаар магадлалтай,

“Ө-20” СӨХ-ны нэхэмжлэлтэй, 

П.Л, С.Т нарт холбогдох

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2,295,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч бөгөөд хариуцагч П.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т-ын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагч С.Т, П.Л, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ө-20” СӨХ нь хариуцагч П.Л, С.Т нарт холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 4,220,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,295,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02148 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Л, С.Т нарт холбогдох 2,295,000 төгрөг гаргуулах тухай “Ө-20” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1777 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02148 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Л, С.Т нараас 690,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ө-20” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,605,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Л, С.Т нараас 21,110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ө-20” СӨХ-нд олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлсөн 51,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч бөгөөд хариуцагч П.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.17-ны өдрийн 1777 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, магадлалд “гэрч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах учиртай, түрээсийн төлбөрийг СӨХ-нд төлсөн гэдгийг зөвхөн гэрчийн мэдүүлгээр бус өөр баримтаар давхар нотлох ёстой байсан” гэжээ. Гэрч М.Б нь нэхэмжлэгч СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2016.08.29-ний өдрөөс 2019.09.26-ны өдөр хүртэл ажиллаж байсан болохоо мэдүүлж гэрчийн мэдүүлэг өгсөн. П.Л нь подвалын бүргэд хаалга ажиллагаагүй болсон, хуучин түрээслэгч нь эвдсэн байсныг  сольж, гадуур нь тор, төмөр хашлага хийж цоожтой болгоод түрээсийн төлбөрт 2017 оны 3 дугаар сард суутгуулсан. Түрээсийн төлбөрт 540,000 төгрөгийг бэлнээр өөрөө хүлээн авсан болохоо мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй гэдэг нь үндэслэлгүй. Гэрч нь СӨХ-г бүрэн төлөөлж хариуцагч нартай гэрээ байгуулсан, гэрээний биелэлтийг хангуулж байсан этгээд бөгөөд өөрийн хийсэн үйлдлийг үнэн бодитоор мэдүүлсэн буюу хаалгыг сольж засварлах, 150,000 төгрөгөөр тооцон түрээсийн төлбөрөөс суутгах зөвшөөрлийг өгч суутгасан, бэлнээр 2 сарын түрээсийн төлбөрийг хүлээж авсан, бэлнээр хүлээж авах болсон учир шалтгаанаа мэдүүлсэн.

4.2. Мөн давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь гэрчийн мэдүүлгийн тодорхой хэсэг буюу “П.Л-той түрээсийн төлбөрийг 150,000 төгрөгөөр тохиролцсон гэсэн агуулга бүхий мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж нотлох баримтаар үнэлж дүгнэж шийдсэн атлаа түрээсийн төлбөрийг бэлнээр хүлээн авсан, хаалга, хашлагыг түрээсийн төлбөрт тооцсон талаарх мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч “Ө-20” СӨХ нь хариуцагч П.Л, С.Т нарт холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2,295,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагч нараас 690,000 төгрөг гаргуулж, үлдэх 1,605,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

7. Нэхэмжлэгчээс “... “Ө-20” СӨХ нь С.Т-тай 2017.01.02-ны өдөр 26 тоот гэрээ байгуулж, 1 дүгээр орцны 0 тоот, 18 м.кв талбайг 1 сарын 130,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохирсон... П.Л нь 2017.02.16-ны өдөр гэрээ байгуулж, 20 дугаар байрны 1 дүгээр орцны подвалыг 1 сарын 200,000 төгрөгөөр түрээсэлсэн... С.Т, П.Л нар 10,690,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх байснаас нийт 8,395,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 2,295,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч нар эс зөвшөөрч, “... 0 тоотыг сарын 130,000 төгрөгөөр, подвалыг гэрээнд 200,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон ч 150,000 төгрөгөөр түрээсэлж байсан... 2017 оны 2, 6, 7 сарын төлбөр болон 2019 оны 6 сарын төлбөр 130,000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн... Мөн 2017 оны 3 сарын түрээс 150,000 төгрөгийн төлбөрт подвалын төмөр хаалгыг бүргэд хаалгаар сольж, төмөр хашлага хийснийг тооцсон. Энэ талаар СӨХ-ны дарга М.Б-тэй тохиролцоод түрээсийн төлбөртөө суутгуулж байсан... Мөн 0 тоот болон подвалыг түрээслэхэд угаалтуур, суултуур байгаагүй тул 727,000 төгрөгөөр тохижилт, засвар, засан сайжруулалт хийсэн. Төлбөрийн үлдэгдэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, П.Л-той байгуулсан гэрээнд сар бүрийн түрээс 200,000 төгрөг байхаар тусгасан боловч хэрэгт авагдсан баримтаар гэрээний үнийг сар бүр 150,000 төгрөг байхаар тохиролцсон болох нь тогтоогдсон, гэрч М.Б-гийн мэдүүлгээр “...зарим сарын төлбөрийг СӨХ-ны даргад бэлнээр төлж байсан, мөн хаалгыг түрээсийн төлбөрт тооцсон” гэх хариуцагч нарын тайлбар нотлогдсон... төлбөл зохих түрээсийн төлбөр нийт 9,057,333 төгрөг байхаас... хариуцагч нар 27,667 төгрөгийг илүү төлсөн болох нь тогтоогдсон, иймд нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөр шаардах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

9. Давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...анхан шатны шүүх П.Л-ийн 150,000 төгрөгөөр хийлгэсэн подвалын төмөр хаалгыг 2017 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрт тооцож авсан, 2017 оны 6, 7 дугаар сарын хөлс 260,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын хөлс 280,000 төгрөгийг би бэлнээр авсан гэх гэрчийн мэдүүлгийг үндэслэн хариуцагч нарын төлбөрөөс 690,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, түрээсийн төлбөрийг СӨХ-нд төлсөн гэдгийг зөвхөн гэрчийн мэдүүлгээр бус өөр баримтаар давхар нотлох ёстой байсан, мөн хэнд хүлээлгэж өгсөн баримтгүй тул подвалын хаалга хийсэн төлбөрийг хассан нь буруу...” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тул “...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

11. Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1777 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч бөгөөд хариуцагч П.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 21,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.ЦОЛМОН                                   

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА 

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД