Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 142/шш2020/00461

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Г-т холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Г-той 2010 онд анх танилцаж 2011 онд хамт нэг гэр бүлд амьдарч 2013 онд анхны хүү Т- төрж, гэрлэлтийн баталгаагүй байсан учир эхээр нь овоглосон тул эцэг тогтоож өгнө үү. 2014 онд 2 дахь хүү Г-ийн Э- төрсөн болно. О.Г- нь 2014 онд салаад тусдаа амьдарч байгаа тул хоёр хүүхдэд нь тэтгэлэг олгож өгнө үү. ... Өмнө нь архи дарс уудаг хүн байсан. Би засрах байх гэж бодсон боловч засраагүй. Намайг төрөөд 14 хонож байхад зодож байсан. Тэр үед цагдаа дуудаж өгсөн. Би хүүхдээ бодоод эргээд хамт амьдарсан. О.Г- дахиад л архи дарсаа ууж эхэлсэн. 2014 оны 11-р сарын 27-ны өдөр бага хүү Г.Э- минь төрсөн. Бага хүүг төрөөд удаагүй байхад намайг зодчихоод тэр чигтээ гэрээсээ явсан. Том хүүхэд минь надаар овоглож, бага хүүхэд минь эцгээрээ овоглосон. Одоо бид хоёр хамт амьдардаггүй. Цаашид хамт амьдрахгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Г- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Г- миний бие Д.А-тай 2011 оноос 2014 оны хооронд амьдарч А.Т-, Г.Э- гэсэн 2 хүүтэй болсон .А- нь өөр гэр бүлтэй болж 2014 оноос хойш тусдаа амьдарсан. Түүнээс хойш 2 хүүхэддээ цалин бүрээсээ тодорхой хэмжээний мөнгө, 5 ханатай гэр, иж бүрэн тавилгатай нь өгсөн. Одоогийн байдлаар ажил, хөдөлмөр эрхлээгүй байгаа учир 2 хүүдээ 2020 оны 06 сарын сүүлээс тэтгэмж өгөхийг хүсч байна. Миний бие 2020 оны 01 сараас короно вирусын улмаас хөдөлмөрийн хөлс байхгүй байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

 

 

 

Хариуцагч О.Г- шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 2 хүүхэддээ тэтгэмж өгөхийг зөвшөөрч байна. Тиймээс надгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү. Цаг үеийн байдлаас ажилгүй болсныг харгалзан үзэж шүүх хурлыг явуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч О.Г-т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Хариуцагч О.Г-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Д.А-, хариуцагч О.Г- нар нь 2010 онд танилцаж, хамтран амьдарч тэдний дундаас 2013 оны 04 сарын 13-ны өдөр хүү А.Т-, 2014 оны 11 сарын 27-ны өдөр хүү Г.Э- нар төрж, хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн эх Д.А-ийн асрамжид байгаа, Д.А-, О.Г- нар нь таарч тохирохгүй болсны улмаас тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасны дагуу 2013 оны 04 сарын 13-ны өдөр хүү А.Т-, 2014 оны 11 сарын 27-ны өдөр төрсөн хүү Г.Э- нарын эцэг О.Г- мөн болохыг тогтоож, хариуцагч О.Г-оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү А.Т-, Г.Э- нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.А- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн хэдий ч хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 04 сарын 13-ны өдөр төрсөн хүү А.Т-, 2014 оны 11 сарын 27-ны өдөр төрсөн хүү Г.Э- нарт Орхон аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 206000 төгрөгийн 50 хувь буюу 103000 төгрөгийг сар бүр хариуцагч О.Г- төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар А.Т-, Г.Э- нарт сар бүр төлөх тэтгэлэг 206000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 2472000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 68426 төгрөгийг гаргуулж төрийн санд, олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2013 оны 04 сарын 13-ны өдөр төрсөн хүү Е овогт А-ийн Т, 2014 оны 11 сарын 27-ны өдөр төрсөн хүү Б овогт Г-ийн Э нарын эцэг Б овогт О-ны Г мөн болохыг тогтоосугай.

 

 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 04 сарын 13-ны өдөр төрсөн хүү Е овогт А-ийн Т, 2014 оны 11 сарын 27-ны өдөр төрсөн хүү Б овогт Г-ийн Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Б овогт О-ны Г- оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч О.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 68426 төгрөг гаргуулан төрийн санд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ