Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­164

 

 

 

 

 

                        2023           11                 28                               2023/ШЦТ/­­­­164                                              

 

                                                                                  

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Т.С,

Шүүгдэгч: Э.Х /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Э-ийн Х-д холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ө аймгийн М суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, 5 хүүхдийн хамт Ө аймаг, Ханбогд сум, 5-р баг, Х, далан шар, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлтэй, Х овогт Э-н Х /РД:/.

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Э.Хнь 2023 оны 05 дугаар сарын 27-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсэд байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Цэмбэлмаатай үл ялих зүйлээр маргалдаж, толгой хэсэгт шилэн аягаар цохисны улмаас духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр шуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл үүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х нь мэдүүлэхдээ: ‘’2023 оны 05 дугаар сарын 26-ны орой манайд уугаад Т.Ганцэцэг эгч, Г.Цэмбэлмаа хоёр манайхаас явсан. Би цуг яваагүй гэртээ унтаад үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь тэр 2 ирж авсан сүүлд нүүрэлдэж өгсөн мэдүүлэг дээр энэ талаар хэлсэн байгаа. Зодоон болдог өдөр нь 05 дугаар сарын 27-ны өдөр байсан. Өглөө Г.Цэмбэлмаа, Т.Ганцэцэг эгч хоёр машинтай ирээд намайг гэрээс ирээд аваад Г.Цэмбэлмаагийнд очиж уусан. Тэгээд тэр өдөр Г.Цэмбэлмаагийнд зодоон болсон юм. Манайх монгол гэрт амьдардаг Г.Цэмбэлмаагийнх болохоор байшинд амьдардаг энэ зураг дээр бүх юм нь байж байгаа юм. Би хууль зүйн зөвлөгөө авах, өмгөөлөгч авах төлбөрийн асуудлаас болоод аваагүй. Сая л цаасаар гаргаж өгдөг гэдгийг мэдлээ. 05 дугаар сарын 27-ны өдөр Г.Цэмбэлмаа намайг зодсон болохоос би Г.Цэмбэлмааг зодоогүй, би Г.Цэмбэлмаад огт гар хүрээгүй. Шууны урагдлыг зодуулж байхдаа сарваганаж байгаад шууг нь урсан байж магадгүй.  Аяга авч шидсэн зүйл байхгүй. Харин миний дээр хэвтчихээд миний нүүр ураад, үс зулгаагаад байсан. Тэгээд 4 хоногийн дараа миний толгой гахайн толгой шиг болоод хавдсан. Тэгээд хот руу яаралтай яв гээд эмч намайг явуулсан. Тэгээд Г.Цэмбэлмаа аяга шидсэн зүйл манайд болоогүй, хэрэлдэх ч юм болоогүй. Г.Цэмбэлмаа гарч гүйгээд машинаа асаагаад Ганцэцэг эгчийг аваад явсан би гэр лүүгээ ороод унтаад өгсөн. Хэлэх, хэлэхгүй хэлсэн гэдэг нь юу гэсэн үг юм, ямар сүрхий давилуун хүүхэн бэ, Цагаан хад дээр хүн болгоныг зодоод явдаг гэсэн тэрнийх нь золиос нь би болчхож л дээ. Бусад нь зодуулаад айгаад хэл ам таталдаггүй юм байна. Би золиос нь болоод үлдэж байгаа юм байна. Би ёстой тийм ч цагдаа танина гээд яасан мундаг юм. Тэгээд хүнийг ингээд гүжирдэж болдог юм байна. Би аягаар цохиогүй талаар анхнаас нь хэлсэн.  5 сарын 27-ны өдрийн зодоон болсны дараах зураг дээр нүүрэн дээр нь ямар нэгэн шарх сорив байхгүй. Намайг зодчихоод утсаар яриад хэвтэж байгаа зураг байгаа. Утас нь шатсан гээд байсан утсаараа зүгээр яриад хэвтэж байгаа зураг байгаа. Маргааш нь манайд ирэхдээ утас эвдэрсэн гэж юу ч яриагүй. Би Г.Цэмбэлмаад хүрсэн зүйл байхгүй, шуу зэргийг нь цааш түлхэх гэж байгаад хүрсэн байж мэднэ. Яагаад гэвэл миний дээр хэвтчихээд нүүр самардаад үс зулгаагаад байсан учраас өөрийгөө хамгаалах самардсан байж мэднэ. Нэг  нэг рүүгээ зэвсэг барьсан юм бол байхгүй. Манайд болоогүй Г.Цэмбэлмаагийн гэрт болсон явдал. Яасан ч сүрхий үгсэж, хуйвалдаж худлаа ярьдаг юм. Т.Ганцэцэг эгч  дурсаад байна лээ. Т.Ганцэцэг эгчийг яасан ч сүрхий барьчихсан юм. Энэ зургаа өнгөтөөр хэвлүүлэхээр надад 5 минутын хугацаа өгч  болох уу. Би энэ хүнийг цохиж зодсон, аягаар цохисон зүйл байхгүй.  Аягаар ч биш, өөр ямар нэг зүйлээр цохиж, юм шидсэн зүйл байхгүй. Хоорондоо дээр доороо ороод ингэж байгаад Г.Цэмбэлмаа намайг самардсан. Тэнд аяга хагарсан зүйл байхгүй. Ерөөсөө аягаар нэгнийгээ цохисон зүйл байхгүй.  Ямар айхтар хүүхэн бэ, тэгснээ шүүх шинжилгээнд нөлөөлөөд, би тийм шүүх шинжилгээний эмч таньдаг гээд  хүнд яриад явж байна гэсэн ичих булчирхай гэж байдаггүй юм байх даа. Би Цагаан хад дээр амьдардаг ч ууж идээд яваад байдаггүй. Нэг итгэсэн үедээ ууя гэхээр нь л тухайн үед ярьж байгаад уусан нь миний буруу, том алдаа болсон. Би ямар нэгэн байдлаар Г.Цэмбэлмааг зодоод, цохиод гэмтээсэн зүйл байхгүй. Энэ футболкийг хутгаар сийчээд хаячихсан юм уу хаашаа юм. Тэр дараа нь миний утсан дээр зураг дээр байгаа дээшээ хараад хэвтсэн футболк нь зүгээр урагдаагүй байсан. Их л айхтар хүн гүжирддэг хүүхэн байна. Яасан ч сүрхий танил талтай юм. Би ёстой Шүүх шинжилгээний эмч таньдаг тэгээд энэ Хандмааг юуг яасан гээд найздаа яриад явж байна гэсэн. Яасан ичдэггүй юм бэ, би Г.Цэмбэлмааг цохиж зодсон зүйл байхгүй. Хэрэв цохиж зодсон бол хэргээ хүлээнэ. Надад тийм чадвар байна. Тэнд тасартлаа уугаад биеэ авч явж чадахаа больсон зүйл байхгүй. Хүүхэд утсаар ярьсан чинь хүүхэд рүү давшлаад байхаар нь би өөдөөс нь муудалцсан. Түүнээс болоод жоохон маргаан гарсан. Шүүхээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч, би 5 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, тэглээ гээд би хүнээс гуйгаад явдаггүй, өөрийнхөө бор зүрхээр л амьдардаг. Өдөртөө би таксинд явдаг. Өмнөговь аймагт таксинд явахаас Цагаан хаданд явах арай гайгүй. Аймагт их такситай болохоор Цагаан хаданд явдаг, гэхдээ одоо Цагаан хаданд ч ихэслээ. Боломжтой байсан бол энэ шүүх хурал дээр би өмгөөлөгч аваад ороод ирэхээр байлаа. Даанч надад тийм боломж байсангүй. Хууль зүйн зөвлөгөө аваад нотлох баримтыг хууль мэддэг байсан бол оруулаад ирэхээр байлаа. Надад тийм боломж байсангүй. Утсан дээр байхад болдог гээд хүний амнаас сонсчхоод болдог юм байна гэж ойлгоод утсан дээрээ байсан зургийг тэр чигээр нь аваад ороод ирсэн. Цаасаар хэвлэдэг гэдгийг сая л орж ирсэн хойно сонслоо. Гэрч байцаалгаад Цэмбэлмаатай миний буруу байгаагүй гээд явах л байсан. Даанч надад тийм зав байдаггүй, нэг өдөр ч гэсэн таксинд яваад 5, 10 цаас олоод хүүхдүүддээ явуулж байвал хэрэгтэй байдаг учраас тэр болгон гэрчээ нааш, цааш зөөгөөд явах тийм зав надад үнэхээр байдаггүй. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү, би хүүхдүүд дээрээ ойрд очоогүй байгаа. Зорчих эрхийн хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү. Хагас жил гэртээ очихгүй болох гээд байна тэрийг харгалзаж үзнэ үү.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Солонго нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’ Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Э.Хандмаад холбогдох эрүүгийн 2329000000148 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна.

Шүүгдэгч Халзан Баяр овогт Эрэнхүүгийн Хандмаа нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар багт архи өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Цэмбэлмаатай үл ялих зүйлээс  маргалдаж толгой хэсэгт нь шилэн аягаар цохисны улмаас духанд зөөлөн эдийн няцралт, цус хуралт, хоёр шуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл үүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримт болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Г.Цэмбэлмаагийн өргөдөл, хохирогч Г.Цэмбэлмаагийн мэдүүлэг, гэрч Г.Цэмбэлмаагийн мэдүүлэг, гэрч Ганцэцэгийн мэдүүлэг,  гэрч Ганцэцэгийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дахин өгсөн мэдүүлэг, Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 7549 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1050 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч Г.Цэмбэлмаа, Хандмаа, мөн Ганцэцэг, Хандмаа, мөн Ганцэцэг, Цэнгэлмаа нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, нотлох баримтыг хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийн оролцогчийн эрх, ашгийг хязгаарласан зүйл тогтоогдоогүй тул эдгээр баримтуудыг үнэн зөв баримтууд гэж үнэлсэн. Шүүгдэгч Э.Хандмаад 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авагдсан, энэ шийдвэрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, гэмт хэргийн улмаас Г.Цэмбэлмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч Цэмбэлмаа нь хохирлын баримт гаргаж өгөөгүй. Хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 3,550,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн. Дээрх нэхэмжлэлийг хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, яллагдагч нь хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Си ди-г хэргийн хадгалах хугацааг дуустал хавсаргах. Иймд шүүгдэгч Э.Хандмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Тухайн хэрэг нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татагдсан байгаа. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад 06 дугаар сарын 07-ны өдөр ирсэн. Таны гар утсан дээр байгаа зургийг гаргаж өгөх хугацаа одоо энэ 06 дугаар сараас 11 сар гэхээр бүхэл бүтэн 5 сарын хугацаа байсан. Таны эрх, ашгийг шүүхээс хангаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулсан. Мөн шинжээчийн дүгнэлт гараагүй гэдэг үндэслэлээр дахиж шүүх хуралдааныг 15 хоногоор хойшлуулсан байгаа. Таныг эрхээр чинь шүүхээс бүрэн дүүрэн хангасан гэж үзэж байна. Иймд оролцогчийн эрх, ашиг зөрчигдсөн гэдэг үйл баримт тогтоогдохгүй байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэмт үйлдэл болон хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо учирсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Э.Хандмаа нь хохирогч Г.Цэмбэлмаагийн толгой хэсэгт нь аягаар цохисны улмаас хохирогч Цэмбэлмаад духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 шуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл үүсэж хөнгөн хохирол учирсан байх тул шүүгдэгч Э.Хандмаагийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Иймд өмнөх саналаа дэмжиж байна. Шүүгдэгч Э.Хандмааг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан буюу хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан нь эрүүгийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хандмааг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, цэнхэр өнгийн фудволкыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, шүүгдэгч Э.Хандмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгчээс гаргуулах мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болно. Өмнөх саналаа дэмжиж байна. Шүүгдэгч Э.Хандмаа нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөггүй, мөн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлдэггүй байдал зэргийг харгалзаад дээрх саналыг гаргасан байгаа.’’ гэв.

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Г.Цэмбэлмаагийн өргөдөл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Цэмбэлмаагийн “...миний хуурай ах эгч хоёр Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд байдаг байсан тэр хоёр маань нутаг буцлаа өнөөдөр эгчийн төрсөн өдөр гэж Энхсайхан ах хэлэхээр нь /өдрийг нь сайн санахгүй байна/ Ханбогд сумаас нэг хроп сэрүүн нэртэй пиво, Агар гэсэн нэртэй 0.5 граммын 1 шил архи авч Цагаанхад руу авч очсон 1 хроп пивоо ах эгч хоёртоо өгчхөөд 1 шил архи нь надад байсан юм 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай найз Гандолгор Ханбогд сумаас авчирсан Агар нэртэй архийг задлуулаад нэг татчихаад би уухаа болилоо маргааш ажилтай гээд орхисон байсан юм. 2023 оны 05 дугаар 27-ны орой 19 цагийн үед Хандмаа гэдэг хүн ажил дээр орж ирээд юм ярьж байгаад шоудмаар байна гэхээр нь надад нэг юм байгаа манай найз дээрээс нь жоохон уусан гэж хэлчхээд хамт Цагаанхад суурьшлын бүсэд дэлгүүрт суудаг Ганцэцэг эгчийн дэлгүүрт нь орсон дэлгүүр дотор нь Хандмаа, Ганцэцэг эгч бид гурав юм яриад байж байсан чинь үс засуулъя гээд утсаар намайг хүн дуудсан тэгээд би ажил руугаа орж ажлаа хийж байгаад 21 цагийн үед Ганцэцэг эгчийн дэлгүүрт орсон чинь дэлгүүрт нөгөө Хандмаа, Ганцэцэг эгч нар юм яриад сууж байсан тэгээд Ганцэцэг эгч Хандмааг хүргээд ег гэсэн чинь тэгье гэсэн тэгээд дэлгүүрээс гараад Хандмаа нөгөө юмаа авчих манайд очоод ууя гэхээр нь би ажил ороод нөгөө архиа авсан тэгээд Хандмаагийнд очоод Ганцэцэг эгч Хандмаа бид 3 нэг шил архиа хувааж уугаад дууссан тэгсэн чинь Хандмаа гэртээ байсан 0.75 граммын Хараа нэртэй архи гаргаж ирээд хамт үргэлжлүүлээд уусан тэр архи дуусахын алдад Хандмаа намайг янхан биеэ үнэлэгч би чамайг хүүгээрээ алуулна гээд агсан тавиад миний толгой руу шилэн аягаар цохисон тэгсэн чинь миний духны зүүн талаас цус гарсан би подволкоороо цусыг нь дараад гайгүй болгосон тэгээд би Ганцэцэг эгчид 2-уулаа явъя явъя гээд хэлсэн чинь Ганцэцэг эгч тэгье танайд хоноё гээд Хандмаагийн гэрээс нь гарах гэсэн чинь 2 пизда 2 янхан чинь намайг хаяад явах гээд байна уу хамт явъя гээд орилоод байсан тэгэхээр нь би манайх руу явъя манайд очоод янз бүрийн асуудал битгий үүсгээрэй гэсэн чинь за гэж хэлсэн тэгээд манай гэрт хамт очсон манайд жоохон байж байгаад халуун савыг минь шидээд миний гар утсан дээр цэвэр уснаас асгаад дэлгэцийг нь шатаацан /би хятад руу утсаа явуулж гар утсаа засуулсан/ манай гэрт байгаа бүх эд зүйлийг шидэхийг нь шидээд эвдэхийг нь эвдээд байж байгаад гараад явсан тэгээд маргааш нь Хандмаа над руу утсаар залгаад пизда минь чи миний нүдийг цохисон байна гэж хэлсэн гэхээр нь найзтайгаа очоод би чиний нүдийг цохиогүй гэхдээ тос аваад өгий гээд аваачиж өгсөн тэгээд би Хандмаад чи миний духыг ийм болгосон гэсэн чинь хуц янхан минь гэсэн тэгээд дараа нь манай найзад утсаар Цэмбэлмаа ширээ мөргөж унасан гэж хэлсэн байна лээ 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс миний бие өвдөөд босож чадахгүй толгой өвдөөд байсан 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр миний хамраас цус олгойдоод аймар их гарсан тэгээд би цагдаад хандаж байна тэр цохиулсан өдрөөс хойш ажлаа хийж чадахгүй байгаа... Цохиогүй миний үснээс зулгаахаар нь би үснээс нь зулгаасан өөр цохисон зүйл бол байхгүй ээ...Ганцэцэг эгч Хандмаа бид 3 л уусан...2О23 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хооронд ажлаа хийж хийж чадаагүй би өдрийн орлогоо дундажлаад бодоход 11 өдрийн орлого 2.200 000 болсон дээрээс нь Ханбогд сум руу мэдүүлэг өгөх, дүгнэлттэй танилцах зэрэг ажлаар бүтэн өдрийнхөө орлогоо алдсан дундажлаад бодоход 600.000 төгрөгийн хохирол мөн Ханбогд сум руу ирж буцах, Улаанбаатар хот руу ирж очих зардал 2 удаа явсан надаас гарсан зардал 450.000 төгрөг болсон Улаанбаатар хотод очоод эмнэлэгт очиж үзүүлэхэд томографт харуулахад 154.000 эм тариа эмчилгээндээ зориулж 150.000 болсон нийт 3.550.000 төгрөгийн хохирол учирсан байх тул төлбөрийг барагдуулж өгнө үү...Би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Цэмбэлмаагийн “...миний хуурай ах эгч хоёр Цагаан хадан дээр байдаг байсан юм нутаг буцлаа өнөөдөр эгчийн төрсөн өдөр гэхээр нь /өдрийг нь сайн санахгүй байна/ Ханбогд сумаас нэг хроп сэрүүн нэртэй пиво, Агар гэсэн нэртэй 0.5 граммын 1 шил авч Цагаанхад руу авч очсон 1 хроп пивоо ах эгч хоёртоо өгчхөөд 1 шил архи нь надад байсан юм. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай найз Гандолгор Ханбогд сумаас авчирсан Агар нэртэй архийг задлуулаад нэг татчихаад би уухаа болилоо маргааш ажилтай гээд орхисон байсан юм 2023 оны 05 дугаар 27-ны орой 19 цагийн үед Хандмаа гэдэг хүн манай ажил дээр орж ирээд юм ярьж байгаад шоудмаар байна гэхээр нь надад нэг юм байгаа манай найз дээрээс нь жоохон уусан гэж хэлчхээд хамт Ганцэцэг гэдэг эгч байдаг дэлгүүрт орсон дэлгүүрт юм яриад байж байсан чинь үс засуулъя гээд утсаар намайг дуудсан тэгээд би ажил руугаа орж ажлаа хийж байгаад 21 цагийн үед Ганцэцэг эгчийн дэлгүүрт орсон чинь дэлгүүрт нөгөө Хандмаа Ганцэцэг эгч нар юм яриад сууж байсан тэгээд Ганцэцэг эгч Хандмааг хүргээд өг гэсэн тэгье гэсэн тэгээд дэлгүүрээс гараад Хандаа нөгөө юмаа авчих манайд очоод ууя гэхээр нь би ажил ороод авсан тэгээд Хандмаагийнд очоод Ганцэцэг эгч Хандмаа бид 3 нэг юмаа хувааж уугаад дууссан Хандмаа гэртээ байсан 0.75 граммын Хараа нэртэй архи гаргаж ирээд хамт үргэлжлүүлээд уусан тэр архи дуусахын алдад Хандмаа намайг янхан биеэ үнэлэгч би чамайг хүүгээрээ алуулна гээд агсам тавиад миний толгой руу шилэн аягаар цохисон тэгсэн чинь миний духны зүүн талаас цус гарсан би подволкоороо цусыг нь дараад гайгүй болгосон тэгээд би Ганцэцэг эгчид 2 лаа явъя явъя гээд хэлсэн чинь Ганцэцэг эгч тэгье танайд хоночий гээд гэрээс нь гарах гэсэн чинь 2 писдаа манайг хаяад явах гээд байна уу хамт явъя гээд орилоод байсан тэгэхээр нь би манайх руу явъя манайд очоод янз бүрийн асуудал үүсгээрэй гэсэн чинь за гэж хэлсэн тэгээд манай гэрт очсон манайд жоохон байж байгаад халуун савыг минь шидээд миний гар утсан дээр цэвэр уснаас асгаад дэлгэцийг нь шатаацан /би хятад руу утсаа явуулж гар утсаа засуулсан/ манай гэрт байгаа бүх эд зүйлийг шидэхийг нь шидээд эвдэхийг нь эвдээд байж байгаад гараад явсан тэгээд маргааш нь Хандмаа над руу утсаар залгаад пиздаа минь чи миний нүдийг цохисон байна гэж хэлсэн гэхээр нь найзтайгаа очоод би чиний нүдийг цохиогүй гэхдээ тос аваад өгий гээд аваачиж өгсөн тэгээд би Хандмаад чи миний духыг ийм болгосон гэсэн чинь хуц янхан минь гэсэн тэгээд дараа нь манай найзад утсаар Цэмбэлмаа ширээ мөргөж унасан гэж хэлсэн байна лээ 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс босож чадахгүй толгой өвдөөд байсан 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр миний хамраас цус олгойдоод аймар их гарсан тэгээд би цагдаад хандаж байна тэр цохиулсан өдрөөс хойш ажлаа хийж чадахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Ганцэцэгийн “...тухайн өдрийн орой 19 цагийн орчимд намайг Аз хур дэлгүүр дээрээ сууж байхад гаднаас Хандмаа, Цэмбэлмаа нар орж ирсэн. Тэгээд бид 3 манай дэлгүүрт сууж байгаад орой 21 цагийн орчимд Хандмаагийн гэрт очоод Цэмбэлмаа гэрээсээ нэг шилтэй задалсан архи авч ирээд тэрийг бид 3 хуваагаад уусан. Тэр архи дуусаад Хандмаа дахиж нэг шилтэй 0,75 литрийн савлагаатай Хараа архи гаргаж ирээд бид 3 түүнийг уугаад дуусаж байх үед гэнэт Хандмаа, Цэмбэлмаа 2 хоорондоо гэнэт муудаж маргалдаад хэрэлдээд байсан. Би хөл муутай учраас тэр 2-ын хэрүүл маргаанд оролцоогүй, Хандмаагийн гэрийн орон дээр нь хэвтэж байсан. Намайг хэвтэж байхад бие биенийгээ “чи янхан, биеэ үнэлэгч" гэх мэтээр хараагаад хэрэлдээд л байсан би яг юунаас болж муудаж маргалдсан талаар нь мэдэхгүй байна. Тэр 2 Хандмаагийн гэрт хэрэлдэж байгаад бид 3 хамт Цэмбэлмаагийн гэрт очоод байж байхад тэр 2 дахиж хоорондоо маргалдаад бие биенийгээ “гичий, янхан” гэх мэтээр хараагаад хоорондоо хэрэлдээд байсан. Тэр 2-ыг тэгж хэрэлдэж байх үед би Цэмбэлмаагийн орон дээр хэвтэж байгаад тэр чигтээ унтчихсан байсан. Хандмааг хэзээ явсныг нь ч мэдээгүй... Хандмаагийн гэрт тэр 2 хэрэлдэж байх үедээ бие биенийхээ үснээс зулгаагаад байх шиг байсан. Өөрөөр ямар нэгэн байдлаар халдаж цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. Тэрний маргааш өглөө нь буюу 05 дугаар сарын 28-ны өдрийн өглөө намайг ажил дээрээ байж байхад Хандмаа манай ажил дээр орж ирэхдээ хар өнгийн нүдний шил зүүчихсэн “миний нүд, ийм болчихлоо” гээд надаа харуулахад Хандмаагийн зүүн нүдний дээд талд жаахан улайсан байдалтай, хацар дээр нь хумсны маажсан шарх харагдаж байсан. Цэмбэлмаатай тэрнээс хойш 2-3 хоногийн дараа уулзсан тэгэхэд бол ямар нэгэн бэртэл гэмтэл шарх харагдаагүй...Тэр 2 хоорондоо муудаж маргалдсан өөр хүнтэй муудаж маргалдаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дахин өгсөн “...би хөгшин хүн болохоор хоёр шил архи уугаад тухайн үед нэлээн муудсан байсан нэг харахад надад ноцолдож байгаа юм шиг харагдсан аяга шидсэн эсэхийг харж чадаагүй босох гээд биеэ дийлэхгүй нойр хүрээд нүд анилдаад унтаад байсан юм...Би тухайн зодоон болдог шөнө та хоёрыг ингээд байвал бичлэг хийнэ шүү гэж хэлж байсан шиг санаж байна өглөө Хандмаатай уулзахад би өчигдөр бичлэг хийсэн байж магадгүй гэж хэлсэн Хандаа миний утсыг үзье гэж хэлээгүй би ч үзүүлээгүй маргааш нөгөөдөр нь нээрээ бичлэг хийж үү үгүй юу гээд утсаа үзсэн бичлэг хийгдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7549 дугаартай “1. Г.Цэмбэлмаагийн биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр шуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл учирчээ. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

             Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 674 дугаартай “1. Э.Хандмаагийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, шуу, баруун шуу, нуруу, баруун өвдгөнд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, механизмаар үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. 4. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-47 дахь тал/

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1050 дугаартай “1. Урд гаргасан №7549 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Г.Цэмбэлмаагийн биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр шуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Г.Цэмбэлмаагийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр шууны зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 203-205 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Э.Хандмааг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

           Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Э.Хандмаа нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаанхад суурьшлын бүсэд байрлах өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Цэмбэлмаатай үл ялих зүйлээр маргалдаж, толгой хэсэгт шилэн аягаар цохисны улмаас түүний биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл үүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Хандмаа нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Хандмаагийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Цэмбэлмаагийн биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Хандмаа хохирогч Г.Цэмбэлмаатай үл ялих зүйлээр маргалдаж хохирогчийн бие эрүүл мэндэд толгой хэсэгт шилэн аягаар цохисны улмаас духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хандмаа нь гэм буруугийн талаар маргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Г.Цэмбэлмаагийн мэдүүлгүүд, гэрч Т.Ганцэцэгийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7549 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1050 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Хандмааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

           Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Цэмбэлмаагийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7549 дугаартай “1. Г.Цэмбэлмаагийн биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр шуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл учирчээ. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1050 дугаартай “1. Урд гаргасан №7549 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Г.Цэмбэлмаагийн биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр шуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Г.Цэмбэлмаагийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр шууны зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 203-205 дахь тал/ тус тус тогтоогдож байна.

Хохирогч Г.Цэмбэлмаа хохирол, хор уршгийн зардалд шүүгдэгч Э.Хандмаагаас нийт 3,550,000 /гурван сая таван зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд баримтаар тогтоогдсон 140,000 /нэг зуун дөчин мянга/-н төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хандмаагаас гаргуулж хохирогч Г.Цэмбэлмаад олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогчийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой зарим баримтууд хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Цэмбэлмаагийн нэхэмжлэлээс 3,410,000 /гурван сая дөрвөн зуун арван мянга/-н төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэгч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Э.Хандмаа нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Хандмаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хандмааг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Хандмаагаас “...зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү, би хүүхдүүд дээрээ ойрд очоогүй байгаа.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Э.Хандмаа нь өрх толгойлсон эмэгтэй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт амьдардаг, такси үйлчилгээ эрхэлж өрхийн орлого олдог зэрэг хувийн нөхцөл байдал тогтоогдож байна. /хавтаст хэргийн 57 дахь тал/

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Хандмаагийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хандмаад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хандмаад оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар 2 /нэг/ ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Э.Хандмаа нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн Фудболкийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хандмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Халзан Баяр овогт Эрэнхүүгийн Хандмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хандмаад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хандмаад оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хандмаагаас 140,000  /нэг зуун дөчин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Г.Цэмбэлмаад олгосугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Цэмбэлмаагийн 3,410,000 /гурван сая дөрвөн зуун арван мянга/-н төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар 2 /хоёр/ ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Э.Хандмаа нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн Фудболкийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хандмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

                           

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАТМӨНХ