Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 142/шш2020/00513

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Э-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т-, хариуцагч Ц.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ц.Э-тэй 2013 онд танилцаж гэр бүл болж 2018 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2014 онд С-охин маань төрсөн. Бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж охин Сувдан-Эрдэнийг эх миний бие өөрийн асрамжиндаа авч эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй, бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв

Хариуцагч Ц.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Э- миний бие Н.Т-тай 2013 онд танилцаж 2018 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2014 онд охин С-төрсөн. Н.Т- бид таарч тохирохгүйн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин С-ийг эх Н.Т-ын асрамжинд өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг өгөхгүй, гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч Ц.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Н.Т-, Ц.Э- нар нь 2013 оны 12 сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2018 оны 01 сарын 10-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр охин Э-гийн С-төрсөн болох нь зохигчийн тайлбар, охин Э.С-ийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн 6101000607 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид зан, харьцааны хувьд таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч байгаа ба цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Н.Т-, Ц.Э- нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э-гийн С-ийг өөрийнхөө асрамжид авна гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул охин Э.С-ийг эх Н.Т-ын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Т-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-гээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ө овогт Ц-ын Э-, Боржигон овогт Н-ийн Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э-гийн С-ийг /эх/ Н.Т-ын асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Т-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-гээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ