Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­166

 

 

     2023             12                 01                                2023/ШЦТ/­­­­166                                               

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ж-ны Б холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б аймгийн Э суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, техникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Ө аймаг, Х сум, 3 дугаар баг, Шар дов *** тоотод түр оршин суух хаягтай, /Үндсэн захиргаа: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1-р баг, буурал, 6 гудамж, 33 тоот/ урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Жаргалсайханы Бавуусүрэн /Регистрийн дугаар: ВТ97042314/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Ж.Бавуусүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Гэм буруугийн талаар:

     Шүүгдэгч Ж.Бавуусүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Оюунтуяагийн өгсөн “... 2023 оны 08 дугаар сарын эхээр надтай хамт ажилладаг хүн “суманд гоо сайхны бараа зарагдаж байгаа юм байна. Дугаар руу залгахаар хүрч ирээд тэр барааг шалгаж, хэрэглэж үзэж болдог гэж байна” гэж ярихаар нь дугаарыг авсан. Тэгээд би 2023 оны 08 дугаар сарын 09-ний орой 95626211 гэсэн дугаар руу залгаад “Гоо сайнхны барааг чинь сонирхож байна” гэхэд 30 орчим насны эрэгтэй хүн манай гэрийн гадаа хүрч ирээд гоо сайхны барааг нь шалгаж, нүүрэндээ түрхэж үзэхэд надад таалагдаад тэр хүнээс нарны тос, массажны аппарат, шампунь, ангижруулагч, ампуль, нүүрний шүршдэг аппарат, серум зэрэг ком барааг авахаар тохиролцоод би 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн нэр дээр Голомт банканд бүртгэлтэй 5245102412 тоот данснаас Жаргалсайхан Бавуусүрэн гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн. Хаан банкны 5068254509 тоот данс руу 3.440.000 төгрөг шилжүүлсэн. Тэр хүн надад “Би таны бараа ирэх 7 хоногийн 1 дэх өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өгье” гэсэн. Тэгээд би тэр өдөр нь 95626211 дугаар руу залгахад “Би Улаанбаатар хотод ирсэн байна. Таны бараа бэлэн байхгүй байна. Захиалж байж оруулж өгье” гэсэн. Би хэд хоногийн дараа дахин залгаад “Чиний бараа чинь байхгүй байгаа юм бол миний мөнгийг буцаагаад шилжүүлчих, би өөр газраас бараа захиалчихъя” гэсэн чинь “Миний аавын бие муудаад таны мөнгийг зарцуулчихсан. Уучлаарай эгч, би удахгүй буцааж өгнө” гэхээр нь би хэсэг хугацаанд хүлээсэн чинь сүүлдээ утсаа унтраагаад, надтай холбогдохоо больсон. Тэгээд би цагдаад хандсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Ж.Бавуусүрэнгийн өгсөн “... би 2023 оны 08 дугаар сарын 09-ний 19 цагийн үед очиж уулзаад гэрт нь очиж гоо сайхны бүтээгдэхүүн танилцуулж тест хийж өгсөн надад ком бараа захиалахаар болоод нэмэлтээр шампунь нүүрний тос, нарны тос зэрэг нийт 3.440.000 төгрөгийн бүтээгдэхүүн захиалахаар болсон. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр миний дансанд захиалгын мөнгө орж ирсэн. 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр аавын бие муу хот руу явахаар болсон тухайн үед би мөнгөний боломж байхгүй бүтээгдэхүүн захиалсан хүний мөнгөнөөс зарлага гаргасан аавын эмчилгээ ойр зуурын юманд 1.000.000 төгрөг зарлагдсан ааваар тэтгэврийн зээл авхуулах байсан. Тэр зээл маань боломжгүй болоод нөгөө хүнийхээ мөнгийг олох зорилготой мөрийтэй тоглоом тоглоод үлдсэн 2.440.000 төгрөгийг нь алдчихсан. ... би Б.Оюунтуяад захиалсан барааг нь өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 Хохирогч Б.Оюунтуяагаас гарган өгсөн Голомт банкны 5245102412 дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 36 дахь тал/,

         Яллагдагч Ж.Бавуусүрэнгээс гаргаж өгсөн хохирол төлсөн баримтын хуулбар /хавтаст хэргийн 37-41 дэх тал/,

         Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23/344 тоот албан бичгээр ирүүлсэн Ж.Бавуусүрэн гэх эзэмшигчтэй хаан банкны 5068254509 дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 51-55 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

           Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

  Шүүгдэгч Ж.Бавуусүрэн нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Ж.Бавуусүрэнгийн бусдын эд хөрөнгийг залилж авсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Хуулиар хамгаалах эрх ашиг нь бусдын өмчлөх эрх байна.

              Шүүгдэгч Ж.Бавуусүрэн нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оюунтуяагийн эд хөрөнгөд учирсан 3.440.000 /гурван сая дөрвөн зуун дөчин мянга/-н төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч Ж.Бавуусүрэн нь хохирогчид нөхөн төлсөн болох нь банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 39-41 дэх тал/ 

 

             Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.  

   Шүүгдэгч Ж.Бавуусүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Ж.Бавуусүрэн нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 42 дахь тал/  

   Иймд, шүүгдэгч Ж.Бавуусүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Жаргалсайханы Бавуусүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бавуусүрэнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бавуусүрэнд оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Бавуусүрэн нь хохирогч Б.Оюунтуяад 3,440,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бавуусүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАТМӨНХ