Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1564

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2018/00881 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.О-д холбогдох

 

Зээлийн үүрэг 63 755 755,10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, Э.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх А-тай Л.О- 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууц болон барьцааны гэрээ байгуулж, 36 000 000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж, барьцаанд Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58 дугаар байрны 18 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. К нь А-наас шаардах эрх шилжүүлэн авсан. Зээлдэгч Л.О- зээл авснаасаа хойш гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, хаана оршин суудаг нь тодорхойгүй байсан учир шүүхэд хандахад хаягтаа оршин суудаггүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шаардах эрх шилжүүлэн авсны дараа Л.О- нь зээлийн төлбөрт 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 200 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, Л.О-гийн нөхөр 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал дараа нь үндсэн үүрэг эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Хариуцагч Л.О- нь зээлийн төлбөрт 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 200 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөгийг зээлийн хүүд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусах боловч, хариуцагч Л.О- нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа удаа зөрчсөн тул нэхэмжлэгч “К” өөрийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хариуцагч Л.О-гоос үндсэн зээлийн үлдэгдэл 34 218 075,84 төгрөг, зээлийн хүү 22 694 064,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 843 615,17 төгрөг 17 мөнгө нийт 63 755 755,10 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Л.О- нь А-инд ажиллаж байхдаа 2007 онд орон сууц худалдан авахаар 36 000 000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлсэн. Л.О- нь зээлийн гэрээний дагуу эхний жилийн үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдсөн. Тухайн үед А- төлбөрийн чадваргүй болж Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар тус банкинд 2008 онд онцгой дэглэм тогтоон, 2009 онд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч тус банкинд томилогдсон зэргээс зээлдэгчийн хувьд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Мөн Л.О- нь 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөө авсан нь зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлсөн. Тус банк 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А-наас Л.О-гийн зээл шаардах эрхийг шилжүүлэн авсан бөгөөд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.

К ХХК нь А- ХК дахь эрх хүлээн авагчаас шаардах эрх шилжүүлэх гэрээнд ... 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Л.О-гийн үндсэн зээл 34 255 889,68 төгрөг, балансын гадуурх хүү 4 867 420 төгрөг, хүү 45 675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37 910 төгрөг нийт 39 206 894 төгрөгийг шилжүүлэв гэж бичигдсэн. Л.О- гэрээний дагуу эхний жилийн үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдсөн байсныг харгалзан тооцоход зээл шилжих үед үндсэн зээлээс 1 744 111 төгрөг, зээлийн хүүд 7 040 346 төгрөг төлсөн. Түүнчлэн хариуцагч Л.О- 2009 оны 9 дүгээр сараас ажилгүй болж, зээлээ төлж чадаагүй ба 2010 онд зээлийн шаардах эрхийг А-, “К” руу шилжүүлсэн. Зээл шилжүүлсэн тухай Л.О-д мэдэгдээгүй тул хаана төлөхөө мэдээгүй, бөгөөд энэ тухайгаа түүнд 1 жил 6 сар гаруйн дараа мэдэгдснээр 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 200 000 төгрөг төлсөн. 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг тус тус төлсөн. Л.О- Кинд зээл шилжиж ирснээс хойш нийт 12 200 000 төгрөг төлсөн. Эдгээр төлөлтийг зээлийн хүүд тооцож, үндсэн зээлээс нь хасаагүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг К нь зөрчиж төлсөн мөнгийг нэмэгдүүлсэн хүү, хүүд нь авсан. Хэрэв төлсөн мөнгийг үндсэн зээлээс хассан бол үндсэн зээлийн хүүгийн хэмжээ багасна. Иймд А- дампуурлын байдалтай байсан, мөн зээлийн шаардах эрх шилжүүлсэн тухайгаа Л.О-д мэдэгдээгүй, зээлээ хаана, яаж төлөхөө тодорхой мэдээгүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан зэрэг зээл авах үед урьдчилан тооцоогүй нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэмэгдүүлсэн хүү 6 764 037 төгрөгөөс чөлөөлж өгнө үү. Бидний тооцооллоор Кинд үндсэн зээл 22 018 075 төгрөг төлөхөөр байх тул уг зээлийн үлдэгдэлд ногдох хүүг энэ мөнгөн дүнгээс тооцон нэхэмжлэлд дурдсан хүүний дүнгээс хасч өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.О-гоос 51 205 831 төгрөг гаргуулж К ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12 549 924 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.О- шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007145 дугаарт бүртгэгдсэн Л.О-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58 дугаар байрны 18 тоотод байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “К” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 655 төгрөгнөөс төлбөл зохих 476 729 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 55 926 төгрөгийг улсын төсвөөс буцааж, хариуцагч Л.О-гоос 413 979 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “К” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Хариуцагч Л.О- нь "А-" ХК-тай 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 36 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлж авсан. "К" ХХК нь "А-" ХК-тай 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн "Шаардах эрх болон ипотек шилжүүлэх гэрээ" байгуулснаар Л.О-той байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх хүлээн авагч болсон. Зээлдэгч Л.О- нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаанд буюу гэрээний хугацаа дуусахаас өмнөх хугацаанд үндсэн зээл 37 813,84 төгрөг, зээлийн хүү 12 162 186,16 төгрөг, нийт 12 200 000 төгрөг төлсөн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хариуцагч Л.О-гийн төлсөн 12 200 000 төгрөгийг 2010 оны 11 дүгээр сарын 05-наас хойш 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл зээл болон зээлийн хүүнд хасч тооцож, үлдэх 100 000 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын зээл болон хүүгийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй. Гэтэл гэрээний хугацаанд төлсөн нийт төлбөр 12 200 000 төгрөгийг зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу тэнцүүлж хасч тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаанд төлсөн хүүгийн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох нь буруу, харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар төлүүлнэ гэж ойлгоно. Хэрэв зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлсөн бол ингэж тооцогдох нь зөв гэх үндэслэлтэй. Гэтэл зээлдэгч нь 2012 оны 5 дугаар сарын 15-ны 1 200 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг тус тус төлсөн. Шүүх зээлдэгчийн гэрээнд заасны дагуу хуваарийн дагуу төлөөгүй байхад гэрээний хавсралтад заасны дагуу төлсөн мэт тооцож үндсэн зээлийн төлбөрөөс хасч байгаа нь илт үндэслэл муутай, тоо тооцооллын алдаатай дүгнэлт болсон. Мөн түүнчлэн нэмэгдүүлсэн хүүг зөвхөн хэтэрсэн хугацааны хүүнд ногдуулж тооцсон нь буруу. Учир нь зээлдэгч нь зээлийн эргэн толөлтийг зөрчсөн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон 12 549 924 төгрөгийг "К" ХХК-д нэмж буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчсөн. А- болон Л.О- нарын хоорондын зээлийн гэрээний хугацаа 120 сар бөгөөд 2017 онд дуусах байсан. Гэхдээ зээл болон хүүг нэг удаагийн төлөлтөөр бус нийт 120 сарын хугацаанд сар бүр тодорхой хувь хэмжээгээр төлж байх тусгай хуваарьтай байсан ба энэ нь хавсралтаар зохицуулагдах тухай гэрээний 3.2-т заасан. Мөн зүйлийн 3.3-т “зээлдэгч нь зээлийн үндсэн өрийг бүрэн буюу аль нэг хэсгийг нь төлөөгүй тохиолдолд энэ гэрээний хавсралт 1-д зааснаас хэтэрсэн хугацаанд үндсэн хүүгээс гадна төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэлд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох”-оор заасан.

Иймд зээлийн хугацааг түүнийг төлж дуусгах эцсийн хугацаагаар биш зээл төлөх дурдсан хувиараар авч үзэх бөгөөд зээлдэгчийн төлж байгаа мөнгө энэ хуваарьт заасан хугацаанд төлөх үлдэгдэл төлбөрт хүрэхгүй байсан бол Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу уул төлсөн мөнгийг нь хүүнд биш зээлийн үндсэн төлбөрт тооцон авах ёстой боловч шүүх ингэж үзээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Тооцож үзвэл үндсэн зээлийн үлдэгдэл 34 218 075 төгрөг бус 22 018 075 төгрөг болох байсан. Анхан шатны шүүх эдгээр 3 төлөлтийг үндэн зээл бус хүүнд тооцож авсанаар нэхэмжилж буй мөнгөн дүн хуулийн үндэслэлгүй, илүү тооцогдсон.

Шүүх шийдвэртээ “...шаардах эрхийн хэмжээг тодорхойлохдоо балансын гадуурх хүү 4 867 420 төгрөг, хүү 45 675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37 910 төгрөг гэж хийсэн тооцооллыг хэрхэн хийсэн тухай нотлох баримтгүй байна” гэх зэргээр дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн нь шийдвэрээс харагдахгүй байна. Мөн банк улсад төлөх татварынхаа дүнг багасгах зорилгоор балансаас гадуур гаргасан хүү төлөхийг бид зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа нотлох баримтыг программаар бодсон үлдэгдлээр зээлийн дансны хуулгыг 2017 оны 3 дугаар сарын байдлаар шүүхэд өгсөн боловч түүнээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хэрхэн тооцож байгаа нь ойлгомжгүй, өөрсдөө ч тайлбарлаж чадаагүй.

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь ямар ч нотлох баримтгүй байхад нотлоглоогүй гэсэн үндэслэлээр нийт дүнгээс хасаагүйд гомдолтой байна. Иймээс шийдвэрийн нийт дүнгээс /12 200 000+4 951 005+3 725 035/ 20 876 040 төгрөгийг зөвшөөрөхгүй тул багасгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

            Хариуцагч Л.О- нь нэхэмжлэгч “К” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг 63 755 755,10 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 22 018 075 төгрөг, түүнд ногдох хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зээлдэгч Л.О-, “А-” ХК-иудын хооронд 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүсч, Л.О- нь 36 000 000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж,  үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58 байрны 18 тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, зээл хүсэгчийн анкет, Л.О-гийн орон сууцны захиалгын гэрээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2007 оны лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаангүй. /хх-5-7, 13, 53, 55, 58-59, 61 дэх тал/

Зээлдүүлэгч “А-” ХК, “К” ХХК-тай 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шаардах эрх болон ипотек шилжүүлэх нэртэй гэрээ байгуулан, зээлдэгч Л.О-той 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан өөрийн бүх эрх, үүргээ Кинд шилжүүлж, гэрээг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний  хуулийн 123 дугаар зүйлд заасанд нийцэж байна. /хх-8 дахь тал/ Иймээс нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Л.О-гоос гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

“А-” ХК, Л.О- нар зээлийн гэрээний хавсралтаар зээл төлөх хуваарийг баталж, сар бүрийн 10-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүд 550 000 төгрөг төлөх, гэрээний 3.3 дахь заалтаар зээлдэгч нь зээлийн үндсэн өрийг бүрэн буюу аль нэг хэсгийг төлөөгүй тохиолдолд хавсралт 1-д заасан хэтэрсэн хугацаанд үндсэн хүүгээс гадна, төлөгдөөгүй үлдсэн зээлийн үлдэгдэлд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3 дахь заалтад нийцжээ. /хх-5, 62 дахь тал/ Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв дүгнэсэн.

Хариуцагч тал зээлийн үүргээс 12 200 000 төгрөг төлсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэдгээ зөвшөөрдөг, харин гүйцэтгэсэн үүргээс зээлийн өр суутган тооцсон дарааллын талаар маргаж, зохигчид энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Л.О-гийн зээлийн төлбөрт төлсөн 12 200 000 төгрөгийг зээлийн хүүд суутган тооцсоныг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь хуулийн дээрх заалтаар тогтоосон үүрэг гүйцэтгэх дараалал нь хугацаа болоогүй зээлийн өрд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн төлсөн 12 200 000 төгрөгөөс үндсэн зээл болон зээлийн хүү хасч тооцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын зарчимд нийцээгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн, хариуцагч Л.О-гоос үндсэн зээлд 34 218 075 төгрөг, зээлийн хүүг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон 22 964 064 төгрөг гаргуулахаар шаардаж буйг үндэслэлтэй гэж үзнэ.

  Нэмэгдүүлсэн хүү төлүүлэх шаардлагын тухайд:

   Нэхэмжлэгч “К” ХХК, хариуцагч Л.О-гоос нэмэгдүүлсэн хүүд 6 843 615 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал “... “А-” ХК-д 2008 онд онцгой дэглэм тогтоосон, ... хүүхэд асрах чөлөөтэй байсан, ... шаардах эрх шилжүүлсэн талаар мэдэгдээгүй ...” гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзсан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч нь гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсон, мөн талууд гэрээгээр нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон учир хариуцагч Л.О- Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

   Гэрээний талуудын баталсан зээлийн гэрээний хавсралтаас үзвэл, хариуцагч Л.О- 2009 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд үндсэн зээлээс хэсэгчлэн төлөхөөр тохирчээ. /хх-62 дахь тал/ Гэтэл нэхэмжлэгч тохирсон хэмжээнээс нэмэгдүүлсэн хүүг тооцолгүй, нийт үндсэн зээлийн үлдэгдлээс тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна. Түүнчлэн “А-” ХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ шилжүүлсэн тухай хариуцагчид мэдэгдсэн гэдгээ баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгч “К” ХХК-ийн шаардах эрх шилжүүлэн авсан 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хариуцагч талын мэдсэн гэх 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн үүрэгт хариуцлага тооцон нэмэгдүүлсэн хүү шаардсаныг үндэслэлгүй гэж үзнэ. Иймд хариуцагчийн төлөх ёстой нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хуваариар баталсан үндсэн зээлийн хэмжээний 0.2 хувиар /1% Ч20%/ 2009 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл тооцвол 3 720 026 төгрөг байх бөгөөд үүнээс шаардах эрх шилжүүлсэн талаар мэдэгдээгүй байсан хугацааны төлбөр болох 1 018 433 төгрөгийг хасвал 2 701 593 төгрөг байна.

   Харин хариуцагч нь зээл төлөх тодорхойгүй нөхцөл байдал үүссэн гэдгээ баримтаар нотлоогүйн гадна хүүхэд асрах чөлөөтэй байсныг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэн нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч нь шаардах эрх шилжүүлэн авах үеийн хариуцагч Л.О-гийн зээлийн үүргийн дүнгээр шаардаагүй учир түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “балансын гадуурх хүүг төлөхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

   Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч Л.О-гоос зээлийн гэрээний үүрэгт 60 273 805 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 481 950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

       

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2018/00881 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “51 205 831” гэснийг “60 273 805”  гэж, “12 549 924” гэснийг “3 481 950” гэж, 3 дахь заалтын “413 979” гэснийг “459 329” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215 748 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262 330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Ч.ЦЭНД