Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2026/0374

 

 

 

 

                                                                                           

 

                                            

Т.ТЧийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2026/0035 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

үүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.ТЧ

Хариуцагч: Төв аймгийн Цээл сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Д.Ц

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.

Хэргийн индекс: 123/2026/0019/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалыг үндэслэн, Т.ТЧт газар эзэмших эрхийг шилжүүлэн олгохгүй байгаа Цээл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2. Нэхэмжлэгч маргаан бүхий газрын гэрчилгээг өөрийн нэр гаргуулах хүсэлтийг хариуцагчид 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, мөн оны  05 дугаар сарын 27-ны өдөр тус тус хүсэлт гаргаж байсан байна.

3. Дээрх хүсэлтүүдэд хариу өгөөгүй тул 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

4. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2026/0035 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.1, 23.2.22, 30 дугаар зүйлийн 30.2, 38 дугаар зүйлийн 38.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.ТЧифйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. эс “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалыг үндэслэн, Т.ТЧт газар эзэмших эрхийг шилжүүлэн олгохгүй байгаа Цээл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

5.1. “... Захиргааны шүүх иргэний шүүхийн шийдвэрт дүгнэлт хийж, шүүх эрх мэдлийн хязгаарыг зөрчсөн тухай:

Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Үндсэн хуулийн дагуу шүүхүүд эрх мэдлийн төрлөөр дагнасан байдаг. Захиргааны хэргийн шүүх нь иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хянах, түүнд хууль зүйн дүгнэлт өгөх, "хангалтгүй" гэж үзэх эрх хэмжээ байхгүй.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар магадлалыг "маргааныг эцэслэн шийдвэрлээгүй", "гэрчилгээг орлохгүй" мэтээр дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг захиргааны шүүх өөрөө зөрчсөн үйлдэл боллоо.

5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг зөрчиж, тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэсэн тухай:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй" гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч нарын өвлөх эрхийг тогтоосон 05 дугаар магадлалыг үнэлэлгүй, гуравдагч этгээд Д.Цын өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болсон байхад түүний "эрх нь дуусгавар болоогүй" мэтээр Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэсэн байна.

5.3. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим ба Засаг даргын үүргийн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг бүх иргэн, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1-д Засаг дарга нь "харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах" үндсэн үүрэгтэй. Хариуцагч Засаг дарга нь Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2024/00005 дугаар магадлалыг биелүүлэхээс татгалзаж байгаа нь дээрх хуулийн заалтуудыг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан "Хууль дээдлэх" зарчмыг шууд зөрчиж байна.

5.4. Нотариатын тухай хууль ба биелэгдэх боломжгүй шаардлагын тухайд:

Шүүх Засаг даргыг зөвтгөсөн нь үндэслэлгүй. Шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.3-т заасан "өв залгамжлах эрхийн гэрчилгээ"-г хавсаргаагүй тул Засаг даргын татгалзал зөв гэж дүгнэсэн нь хууль бус. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8.3-т зааснаар шүүхээр шийдвэрлэгдсэн асуудалд нотариатч дахин гэрчилгээ олгодоггүй. Иймд шүүхийн магадлал нь өөрөө эрх гэрчлэх баримт бичиг мөн атал шүүх иргэнийг биелэгдэх боломжгүй нөхцөлөөр хавчин боож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан хууль дээдлэх, бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг алдагдуулсан. Анхан шатны шүүх иргэнийг биелэгдэх боломжгүй нөхцөл (гэрчилгээ) шаардсан захиргааны байгууллагыг зөвтгөж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 (Бодит нөхцөл байдалд тохирсон байх) зарчмыг буруу тайлбарлаж, иргэнийг илтэд чирэгдүүлсэн байна.

5.5. Засаг даргын үүрэг ба эс үйлдэхүй:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1-д зааснаар Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал техникийн шинжтэй журам ярьж татгалзаж байгаа нь илэрхий хууль бус эс үйлдэхүй юм.

5.6. Шүүх Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг буруу тайлбарласан тухай

Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн (ЗЕХ) 4.2.5 болон "Газрын тухай хуулийн 23.2.1, 30.2, 38,3.3-ыг баримталсан нь үндэслэлгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-ийн тухайд: Захиргааны шийдвэр "Бодит нөхцөл байдалд тохирсон байх" зарчим нь иргэний хэргийн шүүхийн магадлалыг биелүүлэхийг шаардана. Бодит нөхцөл байдалд нэхэмжлэгч нар хууль ёсны өвлөгч мөн болох нь шүүхээр тогтоогдсон.

Бүрэн эрхийн тухайд: Засаг даргын бүрэн эрх нь хууль дээдлэх зарчимд захирагдана. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1-д зааснаар шүүхийн шийдвэр биелүүлэх нь Засаг даргын үүрэг юм. Газрын тухай хуулийн техникийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрээс дээгүүр тавьж хэрэглэсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг нотолж байна.

57. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2026/0035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.ТЧийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгч Т.ТЧөөс “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалыг үндэслэн, Т.ТЧт газар эзэмших эрхийг шилжүүлэн олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Уг нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч “... Цээл сумын Засаг дарга нь шүүхийн хүчин төгөлдөр магадлалыг үл харгалзан, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтийг хангахгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүйгээр удаа дараа татгалзаж, хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны байдал, шударга ёс, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байх зарчмуудыг ноцтой зөрчиж байна...” ,

Хариуцагчаас “... 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Т.ТЧ нь  шүүхийн тогтоол миний талд гарсан хэмээн өргөдөл гаргасан бөгөөд ... хууль, журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээг шаардсан уг шаардлагын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авч ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна”,

Гуравдагч этгээдээс “...М.ТБ /агсан/-ийн эхнэр Д.Цын өвлөх эрхтэй эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлээгүй бөгөөд маргаан бүхий газрын 100 хувийн өмчлөгчөөр Т.ТЧийг тогтоогоогүй...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан дээрх 05 дугаар магадлалаас үзвэл[1] М.ТБ /агсан/-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4123050372 тоот нэгж талбарын дугаартай, 0000061364 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, 950533 м.кв газрын өв залгамжлагчаар түүний охин Т.ТЧ /нэхэмжлэгч/-ийг тогтоож, харин эхнэр Д.Ц /гуравдагч этгээд/-д олгосон 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0085 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, үлдсэн түүний хүүхдүүд болох Т.Шэг, Т., Т. арын өв залгамжлагчаар тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин хууль ёсны өвлөгч /охин Т.ТЧ, эхнэр Д.Ц/ нарт маргаан бүхий газрыг хэрхэн хуваарилах талаар шийдвэрлээгүй байна.

5. Анхан шатны шүүх “... уг газрыг өвлөх өвлөгчдийн дунд газрыг хуваарилах талаар маргаантай байгаа нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхаас гадна хариуцагчийн газар эзэмших эрхийн өв залгамжлах эрхийг тодруулах гэсэн үйлдлийг буруутгах үндэслэлгүй, мөн дээрх шүүхийн төгөлдөр болсон шийдвэр нь хариуцагч Засаг даргад холбогдох, эсхүл түүнд чиглэн гарсан шийдвэр биш байх тул хариуцагч шууд дангаар өв залгамжлах эрхийг тодорхойлон шийдвэрлэх чиг үүрэггүй бөгөөд энэ үйлдлийг хийлгэхээр түүнд даалган шийдвэрлэх үндэслэлгүй ...” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... Захиргааны хэргийн шүүх нь иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хянах, түүнд хууль зүйн дүгнэлт өгөх, "хангалтгүй" гэж үзэх эрх хэмжээ байхгүй. ... Хариуцагч Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал техникийн шинжтэй журам ярьж татгалзаж байгаа нь илэрхий хууль бус эс үйлдэхүй юм. ... Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8.3-т зааснаар шүүхээр шийдвэрлэгдсэн асуудалд нотариатч дахин гэрчилгээ олгодоггүй. Иймд шүүхийн магадлал нь өөрөө эрх гэрчлэх баримт бичиг мөн атал шүүх иргэнийг биелэгдэх боломжгүй нөхцөлөөр хавчин боож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан ... зарчмыг буруу тайлбарлаж, иргэнийг илтэд чирэгдүүлсэн байна...” гэжээ.

7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Т.ТЧ нь М.ТБ /агсан/-ы охин, гуравдагч этгээд Д.Ц нь эхнэр болох нь тус тус тогтоогдсон, үүнийг үгүйсгэсэн баримт байхгүй байна.

Хариуцагч Төв аймгийн Цээл сумын Засаг дарга нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/106 дугаар захирамжаар зөвхөн эхнэр Д.Цын өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлснийгээ Т.ТЧ нарын өргөдлөөр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/230 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэснээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. 520.1.1.нас барагчийн ... эхнэр, төрүүлсэн ... хүүхэд ...” гэж зааснаар хууль ёсоор адил хэмжээгээр өвлөх эрхтэй этгээдүүд тухайн газар эзэмших эрхийг зохих журмаар өвлөх боломжтой болжээ.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж зааснаар хууль ёсны өв залгамжлагч болох нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргах эрхтэй байна.

Гэтэл эхнэр Д.Ц нь өвлөх эрхээс татгалзаагүй байхад нэхэмжлэгч Т.ТЧ нь иргэний хэргийн шүүхийн магадлалаар өв залгамжлагчаар тогтоолгосон гэх үндэслэлээр М.ТБ /агсан/-ы эзэмшиж байсан газар эзэмших эрхийг зөвхөн өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасныг хариуцагч Засаг дарга татгалзсан нь бодит нөхцөл байдалд тохирсон, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан “хуульд үндэслэх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн үндэслэлээ болгон маргаж буй Иргэний хэргийн шүүхийн магадлалд /Хянавал хэсгийн 3-д/ “... Т.ТЧ, Т.Шүг, Т., Т.Б, ... Д.Ц нар тэргүүн ээлжийн, тэгш эрхтэй хууль ёсны өвлөгчид болно” гэж, ах, дүү нарыг нь татгалзсан талаар дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, харин Д.Цыг өвлөх эрхийг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, Т.ТЧийг өв залгамжлагчаар тогтоосон боловч ... өвлөх хувь хэмжээг тодорхой заагаагүй зэргээс үзвэл “анхан шатны шүүх иргэний шүүхийн шийдвэрийг буруу тайлбарласан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй. 

Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно”, 43.2-т “Өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараахь баримт бичгийг үндэслэнэ: ... 43.2.4.өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр;” 43.3-т “Өвлөгч нь Иргэний хуулийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 8 дугаар зүйлийн 8.1-д “Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримтална” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар шүүхийн шийдвэр гарсан бол өвлөх эрхийн гэрчилгээ авах шаардлагагүй талаар заагаагүй байх тул хариуцагчийг шүүхийн шийдвэрийг үндэслэн Т.ТЧт дангаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох үүрэгтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хангуулах талаарх давж заалдах гомдлыг хангах эрх зүйн үндэслэлгүй байна.

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2026/0035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.ТЧийн өмгөөлөгч Н. гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

             ШҮҮГЧ                                                        Д.ОЮУМАА

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ЛХАГВАСҮРЭН

 

             ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1]Уг магадлалаар анхан шатны шүүхийн 2023.12.19-ний өдрийн 151/ШШ2023/01040 дүгээр шийдвэрт  өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. 1хх-5-18-р хуудас.