Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогч М.Энхтүвшин,

шүүгдэгч Д.Ганхуяг,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг, /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0-446/, Д.Энхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0261/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тугчин овгийн Дашиймаагийн Ганхуягт холбогдох эрүүгийн 2016 2601 1580 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр тус шүүхийн “Г” танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Их тугчин овгийн Дашиймаагийн Ганхуяг Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эмээ, эх, эгч нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороололын 8 дугаар байрны 187 тоотод оршин суух бүртгэлтэй, Одоо Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хороололын 6-р байрны 6 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэл:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Говь-сүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/72 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 17 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсан, УМ90091536 дугаарын регистртэй.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Д.Ганхуяг нь урьд танхайн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байдал арилаагүй байхдаа согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Энхтүвшинг ямар ч шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганхуяг мэдүүлэхдээ: Тухайн үед манай гэр нэгдүгээр хороололд байдаг байсан юм. 2016 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед комбинатын 19 дүгээр хороололоос 1000 төгрөгийн унаанд сууж, “Саппоро” дээр буугаад гэр рүүгээ явж байсан. Тэгээд “Хонконг” зочид буудлын урд алхаж байхад цагаан цэнхэр судалтай майк өмссөн залуу согтуу байсан. Тэр нь хохирогч М.Энхтүвшин юм. Би М.Энхтүвшингийн урдуур гарах гэхэд миний өөдөөс М.Энхтүвшин ирж намайг алгадсан. Би зөрүүлээд М.Энхтүвшингийн нүүрэнд нь гараараа цохисон. М.Энхтүвшин зөрүүлээд намайг хавирган тус газар цохисон. Хэрэг болдог шөнө би ганцаараа явж байсан. Харин М.Энхтүвшинтэй хамт явж байсан залуу нь би цагдаа гэж хэлж байсан. Удалгүй цагдаа нар ирж намайг барьж аваад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очсон. М.Энхтүвшин өөрөө над дээр ирж энэ хавийн “атаман нь” гэж хэлсэн. Тухайн үед миний хавирга өвдөж байсан боловч компьютерийн зураг авхуулж чадаагүй. Дараа нь дахиж үзүүлэхэд одоо нэмэргүй гэсэн. М.Энхтүвшинд би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлын мөнгө төлөөгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Энхтүвшин мэдүүлэхдээ: Би нурууны суулт өвчинтэй учраас удаан хугацаагаар явж чаддаггүй юм. Мөн босож хүнтэй зодолдох, барьцалдаж авах чадал байхгүй. 2016 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн үед “Цамбагарав”-с “Саппоро”  орох гээд Д.Балжиннямын хамт явж байгаад “Хонконг” зочид буудлын тэнд байдаг сандал дээр сууж, Д.Балжиннямыг түрүүлээд явж бай, ах нь жаахан сууж байгаад араас чинь очьё гэж хэлсэн. Д.Балжинням түрүүлээд явсан. Намайг сандал дээр сууж байхад энэ Д.Ганхуяг ирээд “миний сандал суулгахгүй бос, яв, зайл” гэж хэлсэн. Би түүнд “чи намайг хөөдөг юу юм бэ, чиний сандал гэж юу байдаг юм” гэсэн. Тэгээд сандал дээрээс босоход Д.Ганхуяг шууд миний нүүрэнд цохисон. Д.Ганхуяг намайг гараараа цохисон гэж бодож байна, тодорхой хугацаа өнгөрсөн болохоор зарим зүйлийг санахгүй байна. Д.Ганхуягтай би ноцолдож, зодолдсон зүйл байхгүй. Намайг цохиулсаны дараа Д.Балжинням гүйгээд ирсэн. Амнаас цус гараад байж байхад цагдаа ирсэн. Цагдаа их хурдан ирсэн. Тухайн өдөр би 3 пиво уусан байсан. Нуруу өвддөг өвчтэй учраас согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэггүй. Мөрдөн байцаалтад болсон асуудлаа үнэн зөв мэдүүлсэн. Хэрэг болох үед би ганцаараа сандал дээр сууж байсан. Д.Ганхуяг хүнтэй хамт явсан эсэхийг мэдэхгүй. Тэр газар олон хүмүүс байсан. Тэр хүмүүсийг би Д.Ганхуягтай хамт явж байна гэж ойлгосон. Д.Ганхуяг яагаад намайг цохисоныг би мэдэхгүй. Би түүнийг эхэлж цохиогүй, биед нь ч гар хүрээгүй. Харин Д.Ганхуягтай “чиний сандал гэж юу байдаг юм л “ гэж хэрэлдсэн. Намайг сандал дээр сууж байхад Д.Ганхуяг ирсэн, намайг босоход цохисон. Миний биед учирсан гэмтлийг 2016 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Д.Ганхуяг учруулсан. Шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр төлсөн баримтад яагаад 2016 оны 06 дугаар сарын 17 гэж бичигдсэнийг би мэдэхгүй. Би хэрэг болсон өдрийн маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлж байсан. Мөрдөн байцаалтад эм тариа болон цалин хөлс зэрэгт 1,339,970 төгрөг нэхэмжилж байсан. Надад төлөгдсөн төлбөр байхгүй. Одоо энэ мөнгийг нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй гэв.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

Мөн 2016 2601 1580 дугаартай эрүүгийн хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

1.Хохирогч М.Энхтүвшингийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 02 цагийн үед би Цамбагаравын “Зол хайрхан” нэртэй баарнаас найз Д.Балжиннямын хамтаар гараад “Саппоро”-гийн автобусны буудлын зүг алхаж явж байгаад миний нуруу өвдөөд байхаар нь Балжиннямд “түрүүлээд явж бай, би жаахан амарч байгаад араас чинь очъё” гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хонг Конг” зочид буудлын харалдаа явган хүний зам дээр байрлах сандал дээр суугаад түр амарч байтал 170 гаруй см өндөртэй, туранхай, халзан, энгэртээ хар “Nike” эмблемтэй цагаан өнгийн футболк, цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан цайвар өнгийн пүүз өмссөн, 30 орчим насны залуу ирээд “бос яв, миний эзэмшлийн газар” гэхээр нь би “чиний эзэмшлийн газар гэж юу байдаг юм бэ наадах чинь нийтийн эзэмшлийн талбай” гэж хэлэхэд “хуц, ална шүү” гэхээр нь би “чиний хүн алдаг гэж юу байдаг юм бэ” гэж хэлээд бид хоёр хэсэг маргалдсан. Ингээд би сандал дээрээсээ босоод “чи зүгээр яв” гэж хэлэхэд шууд миний нүүрэн тус газар цохиход нь би газар шууд унасан. Ингээд Балжинням гүйж ирэхэд нь би босоод харахад нөгөө залуу “Цамбагарав”-ын автобусны буудлын зүг зугтаасан. Балжинням гар утсаараа цагдаад дуудлага өгтөл 2-3 минутын дараа цагдаа ирээд “гэмтэл дээр очиж биеэ үзүүлчихээд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3-р хэлтэс дээр өргөдлөө өгөөрэй гэж хэлсэн. Би тэндээсээ гэмтлийн эмнэлэг орж зүүн урууландаа 27 оёдол тавиулаад цагдаа дээр өргөдлөө өгөх гээд ирэхэд намайг цохисон залуу баригдчихсан байсан. Би шууд тэр залууг таньсан. Тэр залуу намайг харчихаад “би чамайг цохисон юм уу, танихгүй юм байна” гээд байсан. Шинжээчийн дүгнэлтээр миний биед тархины доргилт, баруун шанаа, эрүү, доод урууланд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хэсэг болон баруун чихний дэлбэнгийн зулгаралт гэмтлүүдийг намайг зүгээр сууж байхад хүрч ирээд хэрүүл өдөөд байсан ... залуу нүүрэн тус газар цохиж учруулсан. Би хоёр пиво уусан, биеэ авч явах чадвартай байсан. Намайг цохисон залуу архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би тэр залууг өмнө нь харж байгаагүй. Бид хоёрын хооронд өш хонзон өр авлаганы асуудал огт байхгүй. Би эмчилгээний зардал болон өвчтэй байсан хоногийн мөнгийг гаргуулж авмаар байна. Хуулийн дагуу асуудлыг шийдэж өгнө үү. Би ерөөсөө тэр залууд гар хүрээгүй. Бид хоёр хоорондоо зууралдаагүй, зүгээр байхад миний нүүрэн тус газар цохисон...” гэх мэдүүлэг [1] ,

-2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин мэдүүлсэн: “...Хэрэг 2016 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 02 цагийн үед болсон. Миний зүгээс ямар нэгэн маргаан зодоон цохион хийсэн асуудал байхгүй. Намайг “Хонг Конг” зочид буудлын урд талын явган хүний зам дагуу байрлах сандал дээр сууж байхад Ганхуяг ирээд “бос яв зайл, миний эзэмшлийн талбай гэхээр нь би “чамд хөөгдөөд байхдаа яадаг юм бэ, энэ чинь нийтийн эзэмшлийн талбай шүү дээ” гэхэд Ганхуяг “хуц ална шүү” гэхэд нь би “чиний хүн алдаг гэж юу байдаг юм бэ” гэж хэлээд би сандал дээрээс босоод “чи зүгээр яв” гэхэд шууд миний нүүрэн тус газар цохисон. Ингээд шууд газар унасан. Босоод харахад Ганхуяг баруун тийшээ буюу Цамбагаравын автобусны буудлын зүг нилээн хол алхаж явсан. Би Ганхуягийг огт цохиогүй. Бид хоёрын хооронд зууралцсан асуудал байхгүй. Шууд л намайг нэг удаа цохичихсон. Би 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гээд бодож байгаад 00 цаг өнгөрснийг санаад 19-ны өдөр болгон өөрчилсөн. Уг асуудал 2016 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хонг Конг” зочид буудлын урд талын явган хүний зам дээр болсон. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг [2] ,

 

2.Гэрч Д.Балжиннямын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед хамт ажилладаг Энхтүвшин ахын хамтаар “Цамбагарав”-ын автобусны буудлын ойролцоо байрладаг баарнаас гараад “Саппоро”-гийн автобусны буудлын зүг алхаж явсан. Ингээд “Хонг Конг” зочид буудлын харалдаа урд талын явган хүний зам дээр явж байхад Энхтүвшин ах “чи явж бай, би жаахан амарч байгаад араас чинь очъё” гэж хэлээд явган хүний замын хажуу талын сандал дээр суугаад үлдсэн. Би “Саппоро”-гийн автобусны буудал руу алхаж байгаад буцаад Энхтүвшин ахын сууж үлдсэн газар руу харахад Энхтүвшин ах нэг халзан залуутай маргалдсан байдалтай зогсож байхаар нь би гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. Ингээд би тэр хоёр руу дөхөөд очиход халзан залуу Энхтүвшин ахын нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиход Энхтүвшин ах газар унасан. Ингээд тэр залуу “Цамбагарав”-ын автобусны буудлын зүг алхаад яваад өгсөн. Би Энхтүвшин ах дээр очиход Энхтүвшин ахын зүүн талын завж хэсгээс цус гарч байсан. Төд удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг “гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд дараа нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3-р хэлтэс дээр очоорой” гэхээр нь тэндээсээ такси бариад гэмтлийн эмнэлэг дээр очиж Энхтүвшин ах оёдол тавиулсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Энхтүвшин ахыг цохисон залууг цагдаа нар барьчихсан коридорт нь зогсож байсан. Би тэр залууг хараад шууд таньсан. Тэр халзан залуу цагаан өнгийн футболк, цэнхэр өнгийн жийнсэн өмд, цайвар өнгийн пүүз өмссөн байсан. Туранхай халзан толгойтой, эрүүгээрээ бага зэрэг сахалтай залуу байсан. Юунаас болж хоорондоо маргалдсаныг би мэдэхгүй. Энхтүвшин ахын зүүн завжнаас цус гарсан, баруун билүү зүүн хүзүү хэсэг нь бага зэрэг шалбарсан байсан. Намайг яваад очиход тэр залуу Энхтүвшин ахыг нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. Энхтүвшин ах өөдөөс нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй шууд газар унасан. Тэр залууг цохиогүй. Намайг харахад Энхтүвшин ах халзан залууг цохиогүй, гар хүрээгүй, зууралдаагүй. ...” гэх мэдүүлэг [3],

-Мөн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин мэдүүлсэн: “...2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 02 цагийн үед би хамт ажилладаг Энхтүвшин ахын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цамбагарав”-ын автобусны буудлын ойролцоо байрладаг баарнаас гараад “Саппоро”-гийн автобусны буудлын зүг алхаад явж байхад “Хонг Конг” зочид буудлын урд талын явган хүний зам дээр байрлах сандал дээр Энхтүвшин ах суусан. Надад хэлэхдээ “чи цаашаа явж бай, би жаахан амарч байгаад араас чинь очъё” гэж хэлэхээр нь би түрүүлээд алхсан. Тэндээс холдолгүй эргээд харахад Энхтүвшин ах, халзан толгойтой, туранхай залуутай маргалдсан байдалтай зогсож байхаар нь буцаад очиход халзан залуу Энхтүвшин ахын нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиход Энхтүвшин ах газар унасан. Ингээд халзан залуу “Цамбагарав”-ын автобусны буудлын зүг алхаад явсан. Би Энхтүвшин ах дээр очоод харахад зүүн талын завж хэсгээс нь цус гарч байсан. Би гар утсаараа 102 дугаар руу залгаж дуудлага өгөөд, төд удалгүй цагдаагийн машинтай хоёр цагдаа ирсэн. Бид хоёр болсон асуудлыг хэлээд гэмтлийн эмнэлэг орж Энхтүвшин ахыг үзүүлчихээд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3-р хэлтэс дээр ирсэн.  Энхтүвшин ахыг цохисон халзан туранхай залууг цагдаа нар барьчихсан байсан. Уг хэрэг 2016 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 02 цагийн үед болсон. Энхтүвшин ах тэр залууд огт гар хүрээгүй. ...” гэх мэдүүлэг [4],

 

3.Гэрч Л.Бүдсүрэнгийн 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ахлах ахлагч Мөнхийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 12 хорооны “Бүргэд” 81 постон дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Бүргэд” 10-аас станцаар Сонгинохайрхан дүүргийн 13 хорооны “Хонг Конг зочид буудлын урд талд зодоон болоод байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Энхтүвшин гэх залуу хамт явж байсан залуугийн хамт зогсож байсан. Тухайн үед Энхтүвшингийн доод уруулны баруун талд язарсан шархтай байхаар нь юу болсоныг асуухад “өөрийгөө нэгдүгээр хорооллын атаман байна, чи энүүгээр явдаг хэн бэ, чи нэгдүгээр хороололд намайг барж идэхгүй шүү” гэж хэлээд намайг зодчихоод Цамбагаравын автобусны буудлын зүг явчихлаа. Тэр халзан толгойтой залуу цагаан өнгийн футболк, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй явж байсан гэж хэлэхээр нь би “та гэмтлийн эмнэлэгт үзүүлчихээд цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр очиж өргөдлөө өгөөрэй” гэж хэлэхэд таксинд суугаад явсан. Ингээд “Цамбагарав” хавиар уг сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж ажиллахад байхгүй байсан. Тэндээсээ хэлтэс орчихоод 30 орчим минутын дараа эргээд чиглэл дээрээ очиж “Хонг Конг” зочид буудлын урд талыг очиж шалгахад Энхтүвшингийн хэлж өгсөн содон шинж тэмдгээрээ таарч байсан нэг залуу найзын хамт явж байхаар нь шалгахад өөрт нь бичиг баримт байхгүй Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж таныг шалгах шаардлагатай байна гэж хэлэхэд урдаас шаардлага эсэргүүцэж “та нар яахаараа намайг авч явдаг юм бэ, ямар үндэслэлээр та нар намайг баривчилж байгаа юм бэ, үндэслэлээ хэл” гэхээр нь “хүн зодсон хэрэгт сэжиглэж байна, таныг цагдаагийн хэлтэс дээр очиж шалгах шаардлагатай байна” гэж хэлээд машинд суулгаж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст авчирч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Уг залууг Даш овогтой Ганхуяг гэж байсан. Үнэн хэлсэн үгүйг мэдэхгүй байна. Биед нь тулгаж үзэх бичиг баримт байгаагүй. Ганхуягаас архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Ганхуягийн биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Гарыг нь харахад зүүн билүү баруун гарны чигчий хурууны үе нь шалбарчихсан байсан. Энхтүвшин хэлэхдээ нэг залуу ирээд “өөрийгөө нэгдүгээр хорооллын атаман байна, чи энүүгээр явдаг хэн бэ?, чи нэгдүгээр хороололд намайг барж идэхгүй шүү” гэж хэлээд намайг зодчихоод “Цамбагарав”-ын автобусны буудлын зүг явчихлаа гэж хэлсэн. Ганхуяг цагаан өнгийн футболк, цэнхэр өнгийн өмд өмссөн, халзан залуу байсан...” гэх мэдүүлэг [5] ,

-Мөн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дахин мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02 цаг 09 минутад Бүргэд 10-аас “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Хонг Конг” зочид буудлын өмнө зодоон болоод байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу хамт гарч байсан цагдаа жолооч П.Мөнхийн хамтаар шалгахад зодоон болоод дуусчихсан, хохирогч Энхтүвшин гэх залуугийн уруул нь язарсан шархтай, шархнаас нь цус гарч байсан. Хажууд нь найз нь гэх залуу хамт байсан. Ингээд юу болсоныг тодруулахад “халзан толгойтой, туранхай өндөр залуу зодоод “Цамбагарав”-ын зүг явчихлаа”  гэж хэлсэн. Хохирогчид “яаралтай гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж эмнэлгийн тусламж аваад, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр очиж өргөдөл гаргахыг зөвлөж” явуулсан. Ингээд ойр орчимд нь шалгахад сэжигтэй этгээд байхгүй байсан. 30 орчим минутын дараа буцаж “Хонг Конг” зочид буудал дээр очиход хохирогчийн хэлсэн хувцас, содон шинж тэмдэг таарч байсан залуу явж байхаар нь шалгахад “яах гээд байгаан, та нар яахаараа шалгах гэдэг юм” гэхээр нь хүч хэрэглэн машинд суулгаад “Бүргэд 10”-т хүлээлгэж өгсөн. Уг хэрэг 2016 оны 06 дугаар сарын 19-ний  өдөр 02 цагийн үед болсон. Ганхуягийн биед ил харагдах ямар нэгэн гэмтэл байгаагүй, зүгээр байсан. Тухайн үед Д.Ганхуяг цохиж зодуулсан гэж юу ч яриагүй...” гэх мэдүүлэг [6],

 

4.Гэрч П.Мөнхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ахлах дэслэгч Бүдсүрэнгийн хамтаар “Бүргэд 81” постон дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Бүргэд 10”-аас Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, “Хонг Конг зочид буудлын урд талд зодоон болоод байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад өөрийгөө Энхтүвшин гэх залуу хамт явж байсан залуугийн хамт зогсож байсан. Энхтүвшин хэлэхдээ “хүнд зодуулчихлаа, цагаан цамцтай, халзан толгойтой залуу зодчихоод явчихлаа, өөрийгөө 1 дүгээр хорооллын атаман гэж байсан” гэж хэлсэн. Энхтүвшинг харахад доод уруулны баруун талд язарсан шархтай байсан. Ингээд би тэр залууг “гэмтлийн эмнэлэгт үзүүлчихээд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр очиж өргөдлөө өгөөрэй” гэж хэлэхэд таксинд суугаад явсан. Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг эрэн сурвалжлахад 30 орчим минутын дараа “Хонг Конг” зочид буудлын урд талд хохирогч Энхтүвшингийн хэлж өгсөн содон шинж тэмдгээрээ таарч байсан нэг залуу ...явж байхаар нь шалгахад өөрт нь бичиг баримт байхгүй байхаар нь цагдаагийн хэлтэс дээр очиж таныг шалгах шаардлагатай байна гэж хэлэхэд урдаас шаардлага эсэргүүцэж маргалдах зан авир гаргаад байсан. Ингээд тэр залууг машинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Уг залууг Даш овогтой Ганхуяг гэж байсан. Ганхуяг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Ганхуяг цагаан өнгийн футболк, цэнхэр өнгийн өмд өмссөн халзан залуу байсан...” гэх мэдүүлэг [7],

-Мөн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ахлах дэслэгч Бүдсүрэнгийн хамтаар Бүргэд 81 постон дээр үүрэг гүйцэтгэж байхад 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02 цаг 09 минутад Бүргэд 10-аас “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хонг Конг” зочид буудлын урд талд зодоон болоод байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу Бүдсүрэнгийн хамтаар очиж шалгасан. Тухайн үед Энхтүвшин, Балжинням гэх хоёр залуу зогсож байсан. Энхтүвшин хэлэхдээ “цагаан цамцтай, халзан залуу зодчихоод явлаа, өөрийгөө 1 дүгээр хорооллын атаман” гэж байсан гэсэн. Энхтүвшингийн доод уруулны баруун талд язарсан шархтай байсан. ...” гэх мэдүүлэг [8],

 

5.Шүүгдэгч Д.Ганхуягийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр дахин мэдүүлсэн: “...Энхтүвшин бид хоёрын дунд ямар нэгэн маргаан гараагүй. Намайг зүгээр явж байхад Энхтүвшин хүрч ирээд миний зүүн талын хацар, нүдэн тус газар нэг удаа гараараа алгадаж баруун талын хавирган тус газар цохихоор нь би зөрүүлээд Энхтүвшингийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Би ганцаараа явж байсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би биеэ авч явах чадвартай байсан. Бид хоёрын хооронд хуучны өш хонзон, өр авлага байхгүй. Бид хоёр бие биенээ өмнө нь таньдаггүй байсан. Тухайн үед миний баруун талын хавирган тус газар Энхтүвшин цохисон. Тэр үед өвдсөн, 7 хоног зовиуртай явсан. Зураг авахуулах гэсэн боловч мөнгө байгаагүй тул зураг авахуулаагүй, одоо ямар нэгэн зовиур байхгүй. Цагдаа дээр очиход М.Энхтүвшингийн уруул нь сэтэрсэн байдалтай мөрдөн байцаагч нарын суудаг өрөөнд сууж байсан. Уг гэмтлийг би цохиж учруулсан. Би цагаан өнгийн футболк, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн пүүзтэй байсан...” гэх мэдүүлэг [9],

 

-Мөн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 02 цагийн үед би ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саппоро”-гийн автобусны буудал дээр таксигаар ирсэн. Ингээд ертөнцийн зүгээр баруун тийшээ буюу “Цамбагарав”-ын автобусны буудлын зүг рүү төв зам дагаад явган хүний замаар алхаж байтал “Хонг Конг” зочид буудлын урд талд явган хүний замын хажуу талд байрлах сандлын хажууд дээгүүрээ цагаан цэнхэр өнгийн усан цэргийн майк өмссөн, махлаг өндөр залуу өөдөөс ирээд “би энэ хавийн атаман нь байна” гээд миний нүүрний зүүн хацран тус газар алгадахад хуруу нь миний зүүн талын нүд рүү орсон. Ингээд би зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тэр залуу зөрүүлээд намайг зүүн талын хавирган тус газар цохисон. Тэгээд тар залуутай хамт явж байсан найз нь ирээд төд удалгүй цагдаагийн алаг тэрэгтэй хоёр цагдаа ирээд намайг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр авчирсан. Бид хоёрын дунд ямар нэгэн маргаан болоогүй. Намайг зүгээр явж байхад миний нүүрэн тус газар алгадахаар нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тэр залуу миний зүүн талын хавирган тус газар цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор компьютер томографикийн зураг хийлгэж чадаагүй. Би уг асуудлаар эмнэлгийн байгууллагад хандаагүй. Би тухайн үед бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн, 4 шил пиво уусан байсан. Хохирогч Энхтүвшин нилээн согтуу байсан. Уг хэрэг 2016 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 02 цагт болсон. Би өмнө нь Энхтүвшинг харж байгаагүй. Бид хоёрын хооронд хуучны өш хонзон, өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг [10],

 

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8597 дугаартай актад:

М.Энхтүвшингийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийв. ...2016 оны 06 дугаар сарын 19-нд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт зүс үл таних залуучуудад зодуулсан гэв.

-Хэсэг газрын үзлэгт :”...Баруун шанаанд мэс заслын оёдол бүхий 2.5 см, эрүүний баруун урд, доод хэсэгт мэс заслын оёдол бүхий 1.5 см, доод уруулын зүүн хэсэгт 3 см урт мэс заслын оёдол бүхий, доод уруулын дотор салстад мэс заслын оёдол бүхий 3 см шархтай. Эрүүний зүүн тал болон доод уруул овойж хавдсан. Баруун чихны ар хэсэгт 0.5 х0.2 см, баруун чихний дэлбээний дунд ирмэг хэсэгт 0.5 смх0.3см хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай байв.

-2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгт: Онош-тархи доргилт, хацар, уруулын няцарсан шарх гэжээ.

Дүгнэлтэд:

“...1.М.Энхтүвшингийн биед тархины доргилт, баруун шанаа, эрүү, доод уруулын няцарсан шарх, зөөлөн эдийн няцралт, баруун чихний ар хэсэг болон баруун чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл учирчээ.

2.Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /Шинжээч эмч М.Энхбаяр/ гэсэн дүгнэлт...” [11],

 

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8623 дугаартай актын:

“...1. Д.Ганхуягийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ/ гэсэн дүгнэлт...” [12],

 

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1376 дугаартай актын:

“...1.Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн гаргасан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8623 дугаартай дүгнэлттэй санал нэг байна. Д.Ганхуягын биед гэмтэл тогтоогдсонгүй.

2.Д.Ганхуягийн цээжний баруун дээд хэсэгт өвчин эмзэглэл ихтэй гэсэн байх боловч цээжинд ил гэмтэлгүй, эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн бичиг баримт үгүй, шинжилгээ хийгдээгүй байна. Шинжлүүлэгчийн зовиур, эмзэглэлээр гэмтэлтэй гэж дүгнэх боломжгүй болно. ...” гэсэн дүгнэлт...” [13],

 

9.Шинжээч М.Энхбаярын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Энхтүвшингийн биед баруун шанаа, эрүү, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чих, чихний ар хэсэгт зулгаралт, тархины доргилт гэмтлүүд учирсан байх бөгөөд шарх зөөлөн эдийн няцрал нь нүүрний баруун хэсгээр үүссэн байх тул нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг [14] ,

10.Хохирогч М.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын явцад хэрэгт ирүүлсэн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн, эм худалдан авсан, цалингийн талаарх “ДЦС-2 ТӨХК”-ийн тодорхойлолт зэрэг баримтууд [15],

11.Дуудлага мэдээллийн лавлагаа [16],

12.Шүүгдэгч Д.Ганхуягийн иргэний үнэмлэхийн лавлагаа [17], 13.Түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [18],

14.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [19],

15.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/72 дугаартай ялаас өршөөн хасах тухай захирамжийн хуулбар [20],

16.Суллагдсан хүмүүст олгодог тухай тодорхойлолт [21],

17.Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, гомдол мэдээлэл, захиргааны тоо бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа [22] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба Д.Ганхуягт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтууд бүрэн, хангалттай цугларсан гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт, шийдвэрлэлт.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад дүгнэвэл:

Нэг.Шүүгдэгч Д.Ганхуяг нь урьд танхайрах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байдал арилаагүй байхдаа 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хонконг” нэртэй зочид буудлын урд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин согтуугаар, ямар ч шалтаг шалтгаангүйгээр иргэн М.Энхтүвшингийн нүүрэн тус газар нь цохиж унаган, түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-мөрдөн байцаалтад хохирогч М.Энхтүвшингийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хонг Конг” зочид буудлын харалдаа явган хүний зам дээр байрлах сандал дээр суугаад түр амарч байтал 170 гаруй см өндөртэй, туранхай, халзан, энгэртээ хар “Nike” эмблемтэй цагаан өнгийн футболк, цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан цайвар өнгийн пүүз өмссөн, 30 орчим насны залуу ирээд “бос яв, миний эзэмшлийн газар” гэхээр нь би “чиний эзэмшлийн газар гэж юу байдаг юм бэ наадах чинь нийтийн эзэмшлийн талбай” гэж хэлэхэд “хуц, ална шүү” гэхээр нь би “чиний хүн алдаг гэж юу байдаг юм бэ” гэж хэлээд бид хоёр хэсэг маргалдсан. Ингээд би сандал дээрээсээ босоод “чи зүгээр яв” гэж хэлэхэд шууд миний нүүрэн тус газар цохиход нь би газар шууд унасан. ...Би ерөөсөө тэр залууд гар хүрээгүй. Бид хоёр хоорондоо зууралдаагүй, зүгээр байхад миний нүүрэн тус газар цохисон...” гэсэн мэдүүлэг [23],

-түүний 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин мэдүүлсэн: “...сандал дээр сууж байхад Ганхуяг ирээд “бос яв зайл, миний эзэмшлийн талбай гэхээр нь би “чамд хөөгдөөд байхдаа яадаг юм бэ, энэ чинь нийтийн эзэмшлийн талбай шүү дээ” гэхэд Ганхуяг “хуц ална шүү” гэхэд нь би “чиний хүн алдаг гэж юу байдаг юм бэ” гэж хэлээд би сандал дээрээс босоод “чи зүгээр яв” гэхэд шууд миний нүүрэн тус газар цохисон. Ингээд шууд газар унасан...” гэсэн мэдүүлэг [24] , хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-гэрч Д.Балжиннямын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед хамт ажилладаг Энхтүвшин ахын хамтаар Цамбагаравын автобусны буудлын ойролцоо байрладаг баарнаас гараад “Саппоро”-гийн автобусны буудлын зүг алхаж явсан. “Хонг Конг” зочид буудлын харалдаа урд талын явган хүний зам дээр явж байхад Энхтүвшин ах “чи явж бай, би жаахан амарч байгаад араас чинь очъё” гэж хэлээд явган хүний замын хажуу талын сандал дээр суугаад үлдсэн. Би “Саппоро”-гийн автобусны буудал руу алхаж байгаад ...Энхтүвшин ахын сууж үлдсэн газар руу харахад Энхтүвшин ах нэг халзан залуутай маргалдсан байдалтай зогсож байхаар нь би гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. ...дөхөөд очиход халзан залуу Энхтүвшин ахын нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиход Энхтүвшин ах газар унасан. ...Би Энхтүвшин ах дээр очиход Энхтүвшин ахын зүүн талын завж хэсгээс цус гарч байсан. ...Энхтүвшин ах гэмтлийн эмнэлэгт очоод оёдол тавиулсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Энхтүвшин ахыг цохисон залууг цагдаа нар барьчихсан коридорт нь зогсож байсан. Би тэр залууг хараад шууд таньсан. Тэр халзан залуу цагаан өнгийн футболк, цэнхэр өнгийн жийнсэн өмд, цайвар өнгийн пүүз өмссөн, эрүүгээрээ бага зэрэг сахалтай залуу байсан....Намайг яваад очиход тэр залуу Энхтүвшин ахыг нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. Энхтүвшин ах өөдөөс нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй шууд газар унасан. ...” гэсэн мэдүүлэг [25], мөн түүний 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [26],

-гэрч Л.Бүдсүрэнгийн 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр мэдүүлсэн: “...дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад ...тухайн үед Энхтүвшингийн доод уруулны баруун талд язарсан шархтай байхаар нь юу болсоныг асуухад “өөрийгөө нэгдүгээр хорооллын атаман байна, чи энүүгээр явдаг хэн бэ, чи нэгдүгээр хороололд намайг баьж идэхгүй шүү” гэж хэлээд намайг зодчихоод Цамбагаравын автобусны буудлын зүг явчихлаа гэсэн. ... Ганхуяг цагаан өнгийн футболк, цэнхэр өнгийн өмд өмссөн, халзан залуу байсан...” гэсэн  мэдүүлэг [27] ,

-гэрч П.Мөнхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад ...Энхтүвшин хэлэхдээ “хүнд зодуулчихлаа, цагаан цамцтай, халзан толгойтой залуу зодчихоод явчихлаа, өөрийгөө 1 дүгээр хорооллын атаман гэж байсан” гэж хэлсэн. Энхтүвшинг харахад доод уруулны баруун талд язарсан шархтай байсан. ...Энхтүвшингийн хэлж өгсөн содон шинж тэмдээгээр таарч байсан нэг залуу найзын хамт явж байхаар нь шалгасан. Тэр залууг цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгсөн. ...Ганхуяг цагаан өнгийн футболк, цэнхэр өнгийн өмд өмссөн халзан залуу байсан...” гэсэн мэдүүлэг [28], мөн түүний 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [29],

-Д.Ганхуягийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр дахин мэдүүлсэн: “...Гэмтлийг би цохиж учруулсан. Би цагаан өнгийн футболк, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн пүүзтэй байсан...” гэсэн мэдүүлэг [30], мөн түүний 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн мэдүүлэг ...” [31], шүүгдэгчээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...М.Энхтүвшинд би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг,  

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 8597 дугаартай акт,  дүгнэлт [32],

-шинжээч М.Энхбаярын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [33],

-Дуудлага мэдээллийн лавлагаа [34] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд:

1.Шүүгдэгч Д.Ганхуяг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Энхтүвшин эхэлж өөрөө намайг цохисон болохоор би түүнийг зөрүүлж цохисон...” гэж гэм буруугийн талаар маргасан.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг дараах саналыг гаргаж мэтгэлцсэн. Үүнд:

-Хохирогч М.Энхтүвшин цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө 18-25 насны 20-иод тооны банди нарыг цуглуулж дайрч давшилан нүүрэн тус газар 3-4 удаа цохисон гэсэн байдаг. Гэрч Д.Балжинням нь маргалдаж байхад нь цагдаад дуудлага өгсөн, хохирогчийг цохиулсан хойно нь цагдаа дуудсан гэж зөрүүтэй мэдүүлэг гаргасан. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, үнэн бодит байдлаас гажсан, тухайн үед Д.Ганхуяг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй байна. Хоёр согтуу хүн зам дээр таарч тэдний үйл ойлголцолоос үүсэж таарамжгүй харьцаа үүссэн байна. Шүүгдэгч, хохирогч хоёрын хэн нь түрүүлж цохисоноос зодоон болсон бэ гэдэг нь тодорхой биш байна. Мөн хохирогч М.Энхтүвшингийн шүүх эмнэлэгт үзүүлэхэд төлбөр төлсөн баримт нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэсэн байх ба энэ баримтыг шалгуулах, гэмт хэрэг гарсан цаг хугацааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар нотолж тогтоогоогүй. Д.Ганхуягийн холбогдсон 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нотлогдоогүй байна. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжих Эрүүгийн хуульд байхгүй зүйл хэсгээр Д.Ганхуягийг шийтгэх гэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцсэн.

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгээс дараах саналыг гаргаж мэтгэлцсэн. Үүнд:

-Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгийг зөвшөөрөхгүй. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг тогтворгүй, өөрчлөгддөг, шүүгдэгч нь хохирогчийг нэг цохиод хохирогч нь унах үедээ иртэй зүйл дээр унаснаас болж дээрх гэмтлийг авсан гэх зүйл гарч байна. Хохирогчийн духны хэсэгт авсан гэмтлийг дуудлагаар очсон цагдаа нар хараагүй. Шинжээчийн 8597 дугаартай дүгнэлтэд эргэлзээ төрж байна. Учир нь төлбөр төлсөн баримт нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр огноологдон гарсан, кассын машин автоматаар цаг хугацааг цаанаасаа тохируулсан байдаг тул алдахгүй, иймд хохирогч өөртөө учирсан гэмтлээ 2016 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнөөс өмнө авсан уу гэдгийг үгүйсгэхгүй.

-шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирогч М.Энхтүвшингийн биед учирсан олон тооны шархыг нэг удаагийн үйлдлээр үүссэн гэхэд эргэлзэж байна. Үүнийг магадлалаар шийдвэрлэх боломжгүй. 

-Шинжээч Д.Ганхуягийн биед дүгнэлт гаргахдаа цээжин хэсэгтээ эмзэглэлтэй байна гэж тусгасан. Шүүгдэгч Д.Ганхуяг хохирогч М.Энхтүвшин эхэлж намайг цохисоноос зөрүүлж цохисон гэдгийг худал гэж үзэх боломжгүй. Д.Ганхуяг эмнэлэгт үзүүлж чадаагүйгээсээ болж хохирч үлдэх ёсгүй. Хэрэг гарсан газрын ойр орчмын камерийн бичлэгийг шалгаагүй, 18-25 насны 20-иод тооны залуучуудыг шалгах, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Д.Ганхуягт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн саналыг эхний саналаараа, нэмэлт саналаараа Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан саналыг хянавал:

            1.Хохирогч М.Энхтүвшин нь цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “... 1 халзан шивээстэй нөхөр элдвээр хэлж, дайрч давшилан 20-иод тооны 18-25 насны банди нар цуглуулж, уг сандалаас зайлхийг шаардан улмаар ирт мэсээр 3 удаа цохиж нүүрэн тус газар 25-30 оёдол хийхээр гэмтэл учруулсан ...” гэсэн байх [35] энэ талаар шүүх хуралдаанд хохирогч М.Энхтүвшингээс тодруулахад “... “Хонконг” зочид буудлын өмнө олон тооны залуучууд байсан. Тэнд байсан хүмүүсийг Д.Ганхуягтай хамт явж байсан гэж ойлгосон учраас тийм өргөдөл анх гаргасан. Д.Ганхуяг хүнтэй хамт явсан эсэхийг мэдэхгүй. ...” гэж тайлбарлаж, мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Д.Ганхуяг нь “...М.Энхтүвшин бид хоёрыг маргаж байхад тэр газарт зөндөө олон хүмүүс байсан. Тухайн зодоон болох үед би ганцаараа явж байсан” гэж мэдүүлсэн ба 18-25 насны 20-иод тооны хүмүүс байсан эсэхийг шалгуулах гэсэн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах шаардлагагүй, тэнд байсан хүмүүсийг хамт явж байсан хүмүүс нь гэж андууран ойлгосон талаараа хохирогч М.Энхтүвшин шүүх хуралдаанд мэдүүлж, шүүгдэгч Д.Ганхуяг нь мөн ганцаараа явсан талаараа тодруулж мэдүүлсэн.

            Түүнлчэн хохирогч М.Энхтүвшин өргөдөлдөө “ирт мэсээр” гэмтэл учруулсан гэсэн байдаг боловч энэ талаар шүүх хуралдаанд тодруулахад хохирогчоос “...Д.Ганхуяг нүүрэнд цохисон, гараараа цохисон байх гэж бодож байна. Тодорхой хугацаа өнгөрсөн болохоор зарим зүйлийг санахгүй байна...” гэж мэдүүлэх ба өргөдөлд дурдсан эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлж чадаагүй тул шүүгдэгч Д.Ганхуягийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан эсэхийг нэмж шалгуулах шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн болно. 

            2.Гэрч Д.Балжинням нь анх мөрдөн байцаалтад “...Энхтүвшин ах нэг халзан залуутай маргалдсан байдалтай зогсож байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ...” гэж [36], мөн дахин мэдүүлэг гаргахдаа “... Энхтүвшин ах халзан толгойтой залуутай маргалдсан байдалтай зогсож байхаар нь буцаад очиход халзан залуу Энхтүвшин ахын нүүрэн тус газар нэг удаа цохиход Энхтүвшин ах газар унасан. Би гар утсаараа 102-т залгаж дуудлага өгсөн гэж тус тус мэдүүлсэн байх ба эдгээр мэдүүлэг нь агуулын зөрүүгүй гэж үзнэ.

            3.Шүүгдэгч Д.Ганхуяг нь “...эхэлж М.Энхтүвшин намайг цохисон болохоор би түүнийг зөрүүлж цохисон юм” гэж маргасан боловч хохирогч М.Энхтүвшин мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлэг гаргахдаа “...Би ерөөсөө тэр залууд гар хүрээгүй. Бид хоёр хоорондоо зууралдаагүй. Зүгээр байхад миний нүүрэн тус газар цохисон, түүний биед хүрээгүй, би нурууны суулт өвчинтэй учраас удаан хугацаагаар явж чаддаггүй юм. Мөн босож хүнтэй зодолдох, барьцалдаж авах чадал байхгүй ..” гэж мэдүүлэх ба, хэргийн газар байсан гэрч Д.Балжинямаас “...Энхтүвшин ах тэр залууд огт гар хүрээгүй ...” гэж [37] мэдүүлсэн. Эдгээр мэдүүлгээс үзэхэд шүүгдэгчийн мэдүүлэг нь бусад баримтаар тогтоогдоогүй, шүүхээс шүүгдэгч, хохирогч нарын хэн нь эхэлж хэрүүл маргаан, зодооныг үүсгэсэн эсэх, харилцан зодолдсон эсэх зэргийг дахин нягтлан шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад хохирогч М.Энхтүвшин нь эхэлж хэрүүл маргаан үүсгэсэн гэх, Д.Ганхуягийн биед эхэлж цохисон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Мөн хохирогч М.Энхтүвшин болон гэрч Д.Балжинням нарын мэдүүлэг хоорондоо агуулгын зөрүүгүй, хохирогч М.Энхтүвшингийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь тогтвортой, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй тул өмгөөлөгч нарын гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй, үнэн бодит байдлаас гажсан гэсэн санал үндэслэлгүй юм.

            4.Шүүгдэгч Д.Ганхуяг тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлэхэд шинжээч дүгнэлтдээ “цээжиндээ эмзэглэлтэй” гэсэн байхад уг асуудлыг шалгахгүйгээр, Д.Ганхуягийг хохироож үлдээх ёсгүй гэсэн саналын тухайд:

-Мөрдөн байцаалтад мөрдөн байцаагч О.Хатанзориг Д.Ганхуягийн биед гэмтэл учирсан эсэх, ямар хугацаанд учирсан гэмтэл эсэх зэргийг тогтоолгохоор 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шинжээч томилсон тогтоол гаргаж, тогтоолыг Д.Ганхуяг уншиж танилцсан байх ба[38] Д.Ганхуяг нь мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу шүүх эмнэлэгт 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үзүүлсэн, шүүх эмнэлгийн шинжээч түүний биед үзлэг хийж, гаргасан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8623 дугаартай акт дүгнэлтийн “...хэсэг газрын үзлэгт “...цээжний баруун дээд хэсэгт өвчин эмзэглэл ихтэй. Нэмэлт шинжилгээнд явуулсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргав гэсэн, дүгнэлт хэсэгт  “Ганхуягийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн байдаг.

Шүүхээс Д.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянаад, Д.Ганхуягийг нэмэлт шинжилгээнд явуулсан гэх боловч уг баримтыг авалгүйгээр түүний биед үзлэг хийж гаргасан 8623 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, шаардлагатай бол дахин дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үүний дагуу Д.Ганхуягийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор мөрдөн байцаалтад дахин шинжээч томилоход Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэргийн материалаас гаргасан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1376 дугаартай акт, дүгнэлтээр бүрэлдэхүүнтэй шинжээчид нь “...Д.Ганхуягийн цээжний баруун дээд хэсэгт өвчин эмзэглэл ихтэй гэсэн байх боловч цээжинд ил гэмтэлгүй, эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн бичиг баримт үгүй, шинжилгээ хийгдээгүй. Шинжлүүлэгчийн зовиур эмзэглэлээр гэмтэлтэй гэж дүгнэх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганхуяг нь “...би тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй, компьютер томографик хийлгэж чадаагүй ...”гэж мэдүүлсэн ба тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч Д.Ганхуяг нь эмнэлэгт үзүүлсэн гэх баримтгүй, нөгөө талаас хохирогч М.Энхтүвшин түүний биед гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн газарт дуудлагаар очсон цагдаагийн ажилтнууд болох Л.Бүдсүрэн, П.Мөнх нараас гэрчээр мэдүүлэхдээ “...тухайн өдөр Д.Ганхуягийн биед ил харагдах ямар нэгэн гэмтэл байгаагүй, шарх, сорви байгаагүй, зүгээр байсан. Тухайн үед Д.Ганхуяг цохиж зодуулсан гэж юу ч яриагүй...” гэж мэдүүлсэн. [39]

Иймээс өмгөөлөгч нарын Д.Ганхуягийн биед гэмтэл учирсан эсэхийг шалгаж, тогтоогоогүй гэх санал нь хууль зүйн үндэслэлгүй болно.

            5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг нотолж тогтоогоогүй гэж өмгөөлөгч нар маргасан ба шүүхээс Д.Ганхуягт холбогдох хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нар мөрдөн байцаалтад гэмт хэрэг гарсан цаг хугацааг өөр өөрөөр мэдүүлсэн байсан тул гэмт хэрэг гарсан хугацааг зөв тогтоолгохоор шүүх 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 337 дугаартай  захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Мөрдөн байцаалтад хэргийг дахин хүлээн авч, гэмт хэрэг гарсан цаг хугацааг нягтлан шалгаж тогтоохоор нэмэлт ажиллагааг хийсэн байх ба уг ажиллагаагаар гэрч, хохирогч, яллагдагч нарыг дахин байцаахад 2016 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02 цагт гэмт хэрэг гарсан талаар талууд мэдүүлсэн, мөн гэмт хэргийн гомдол, мэдээллийн дуудлагын лавлагааг гаргуулахад 2016 оны 06 дугаар сарын 19-ний 02 цаг 09 минут 15 сек-дэд дуудлага бүртгэгдсэн байна. [40] Иймд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2016 оны 06 дугаар сарын 19-ний 02 цаг гэж тогтоосон нь үндэслэлтэй.

6.Хохирогч М.Энхтүвшин нь шүүх эмнэлэгт үзүүлэхээр төлбөр төлсөн баримтад цаг хугацааг 2016 оны 06 дугаар сарын 17 гэж огноолсон талаар хохирогч М.Энхтүвшингээс тодруулахад “...2016 оны 06 дугаар сарын 19-нд Д.Ганхуягт цохиулж, тэр өдөртөө гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж, оёдол тавиулсан, мөн тухайн өдрөө шүүх эмнэлэгт үзүүлсэн, төлбөр төлсөн баримтад яагаад “17”-ны өдөр гэж огноолсонг би мэдэхгүй” гэж тайлбарлаж мэдүүлсэн.

Шүүх хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хохирогч М.Энхтүвшин “Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг”-т 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үзүүлсэн тухай тус эмнэлгийн баримт хэрэгт авагдсан [41]. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8597 дугаартай дүгнэлтэд “...М.Энхтүвшингийн биед үзлэг хийв. Болсон хэргийн товч: 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... зодуулсан...” гэж тэмдэглэгдсэн, тус дүгнэлт нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гарсан байна.

Мөн хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр төлсөн тухай 2016 оны 06 дугаар сарын 17-ний өдрөөр огноолсон баримтад шүүх эмнэлгийн шинжээчийн гаргасан дүгнэлтийн дугаарыг “8597” гэж бичсэн байна. Эдгээр баримтуудыг харьцуулан дүгнэхэд хохирогч М.Энхтүвшингийн 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бусдад зодуулсан гэх гэмтэлд шинжээч мөн өдөр дүгнэлт гаргасан, үзлэгийн төлбөрийн баримт дээр бичигдсэн шинжээчийн дүгнэлтийн дугаар нь М.Энхтүвшингийн биед 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийж гаргасан 8597 дугаартай тохирч байгаа зэргээр хохирогч М.Энхтүвшинд шүүгдэгч Д.Ганхуяг гэмтэл учруулсан даруйд хийгдсэн үзлэг, шинжилгээ, дүгнэлт гэж үзэх боломжтой, нөгөө талаар хохирогч М.Энхтүвшин нь “...Д.Ганхуягаас өөр хүнд урьд нь зодуулсан, цохиулсан асуудал байхгүй, Д.Ганхуягт цохиулаад л үзүүлж, дүгнэлт гаргуулсан...” гэсэн тайлбар зэргээр өмгөөлөгч нарын санал няцаагдаж, үгүйсгэгдэж байх ба үзлэгийн төлбөрт өдөр нь техникийн алдаатай гарсан гэж үзэж, дүгнэх үндэслэл болж байна.

7.Өмгөөлөгч Д.Энхцэцэгийн хохирогчийн биед учирсан олон тооны шархыг нэг удаагийн үйлдлээр үүссэн гэхэд эргэлзээ төрж байгаа гэх саналын тухайд:

Шүүгдэгч Д.Ганхуяг нь “хохирогчийг нэг удаа цохисон” гэж, хохирогч М.Энхтүвшингээс “Д.Ганхуяг биед нэг удаа цохисон” гэж тус тус мэдүүлсэн.

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8597 дугаартай дүгнэлтээр “...М.Энхтүвшингийн биед тархины доргилт, баруун шанаа, эрүү, доод уруулын няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чихны ар хэсэг болон баруун чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл учирсан...” гэсэн байна.[42] Уг дүгнэлтээ шинжээч тайлбарлахдаа “...хохирогч М.Энхтүвшингийн биед учирсан гэмтэл нь нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэж мэдүүлсэн.

Хохирогч М.Энхтүвшин шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Д.Ганхуяг нүүрэнд нэг удаа цохиход би шууд газар унасан. Унахдаа баруун талаараа унасан. Унасан газар бетонон гадаргуудтай зам байсан. Тэгэхээр биед учирсан няцарсан, зулгарсан шархууд унах үед үүссэн. ...” гэж мэдүүлсэн.

Дээрхээс дүгнэвэл шүүгдэгч Д.Ганхуяг нь хохирогчийн нүүрэнд цохиход хохирогч М.Энхтүвшин хатуу гадаргуутай буюу бетонон гадаргуутай газар унасаны улмаас шинжээчийн дүгнэлтэд дурдсан няцрал, зулгаралт гэмтлийг хохирогч биедээ давхар авсан байх боломжтой байна.

8.Өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг нь Д.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийн хувьд 2017 оны 07 дугаар сараас шинээр мөрдөх Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдохооргүй болсон үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийтгэж байна гэж мэтгэлцсэн.

Шүүх Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг дагаж мөрдөж, хэрэглэх ба хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хэргийг хянан шийдвэрлэх, хууль хэрэглэх хууль зүйн үндэстэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

9.Хууль зүйн хувьд танхайрах гэмт хэрэг нь нийгмийн хэв журмыг зөрчих, урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, догшин авир гаргаж, шалтгаангүй хэрүүл маргаан өдөөх, агсам тавих, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх гэх зэрэг шинжтэй ба хүч хэрэглэх нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд танхайрах явцдаа бусдын бие махбодид гэмтэл учруулахыг догшин авирласан гэж үзэж, уг үйлдлийг танхайн гэмт хэргээр зүйлчилнэ.

Харин тодорхой сэдэлттэй, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргах, бие махбодид гэмтэл учруулахыг хувийн сэдэлттэй гэж үзэж, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчилнэ.

Тус эрүүгийн гэмт хэргийн хувьд хохирогч, шүүгдэгч нар нь гэмт хэрэг гарсан өдөр бие биенээ таньдаггүй байсан талаараа хэн аль нь мэдүүлсэн, Д.Ганхуяг олон нийтийн газар буюу нийтийн эзэмшлийн зам талбайд сандал дээр сууж байсан иргэн М.Энхтүвшин рүү дайрч, сандлаас бос, зайл”, энэ хороололын атаман, ална” гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэж, улмаар шалтгаангүйгээр түүнийг цохиж, хохирогчид гэмтэл учруулжээ. Иймд Д.Ганхуягийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчин, хүч хэрэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд өмгөөлөгч Д.Энхцэцэгийн Д.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон зүйлчлүүлэх, хэргийг Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай санал хууль зүйн үндэслэлгүй юм.

            Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг, Д.Энхцэцэг нарын шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авах, мөн хэргийг мөрдөн байцаалтад буцаах, нөгөө талаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид хэргийг ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох тус тус хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

            Түүнчлэн Цагдаагийн Ерөнхий газрын МСТТ-ын лавлагааны сангаас гаргуулсан Д.Ганхуягийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар, Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/72 дугаартай захирамж, суллагдсан тухай тодорхойлолт зэргээр Д.Ганхуяг нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтггэгдэж, уг хорих ялыг биечлэн эдэлж байгаад Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/72 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 17 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсан байна.

Д.Ганхуяг нь дээр дурдсан шийтгэх тогтоолоор хүнд гэмт хэрэгт хорих ял шийтгүүлжээ.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд ялтай байдлын талаар заасан ба уг зүйлийн 78.2.4-т “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” бол ялгүй тооцогдохоор хуульчилсан.

Шүүгдэгч Д.Ганхуяг нь дээрх хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад буюу танхайрах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй, ялтай байх хугацаандаа давтан шинээр танхайн гэмт хэрэг үйлдсэн байна.

            Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Ганхуягт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч Д.Ганхуягийг урьд танхайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай хугацаандаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

            Хохирогч М.Энхтүвшингээс шүүгдэгч Д.Ганхуягийн хэргийг ял шийтгэлгүй шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд гаргаж байгаа боловч Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-д заасан танхайрах гэмт хэрэг нь хохирогчийн саналаар хэрэгсэхгүй болох хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэгээс шүүгдэгч Д.Ганхуяг нь хар тамхины гэмт хэрэгт холбогдон Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байгаа тул танхайрах гэмт хэргийг дээрх хэрэгт нэгтгүүлэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн саналыг шүүмжийн шатанд дахин гаргасан ба шүүх хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, гомдол мэдээлэл, захиргааны тоо бүртгэлийн нэгдсэн системийн лавлагааг үзвэл “Д.Ганхуяг нь 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийн мэдээлэл, 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гудамж талбайд танхайрсан, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эрүүлжүүлэгдсэн, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр жижигээр танхайрсан зэрэг зөрчлийн талаарх мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна. Өмгөөлөгчийн дурдсан хар тамхины гэх буюу Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэрэг бүртгэгдээгүй, мөн шүүгдэгч Д.Ганхуяг нь мөрдөн байцаалтад хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа гэх мэдүүлэг гаргаагүй, Д.Ганхуяг нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, сэжигтэн, яллагдагчаар татагдсан гэх болон холбогдох нотлох баримт хэрэгт ирээгүй, энэ талаараа өмгөөлөгч нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул өмгөөлөгчийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах, хэрэг нэгтгүүлэх саналыг хүлээн авах боломжгүй юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж хуульчилсан.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч Д.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Хохирогч М.Энхтүвшин нь мөрдөн байцаалтад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,339,970 төгрөг нэхэмжилж, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр төлсөн 40,000 төгрөгийн, эм худалдан авсан 9,500 төгрөгийн, 2016 оны 06 дугаар сарын 20-ноос 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10 хоногийн цалинг 1 өдрийн 129,047.62 төгрөгөөр тооцож, 10 хоногийн өвчтэй байсан хугацааны цалин хөлс 1,290,470 төгрөг болох тухай ажил олгогчийн тодорхойлолт зэрэг тус тус баримтыг хэрэгт ирүүлсэн [43] байна.

Шүүх хуралдаанд хохирогч М.Энхтүвшин нь “хохиролд 1,339,970 төгрөг нэхэмжилж байсан, үүнээс хохиролд шүүгдэгч Д.Ганхуягаас мөнгө аваагүй. Одоо 1,339,970 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн. Иймд шүүх тогтоолд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, шүүгдэгч Д.Ганхуягийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Гурав. Бусад асуудлын талаар.

Шүүхээс шүүгдэгч Д.Ганхуягт ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба согтуурсан үед гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч Д.Ганхуягт энэ тогтоолоор хорих ял оногдуулж буй Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт хамаарах боловч шүүгдэгч Д.Ганхуяг нь урьд хорих ял эдэлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар урьд хорих ял эдэлж байсан этгээдийн дэглэмийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр хуульчилсан.

Иймд хуульд заасны дагуу шүүгдэгч Д.Ганхуягт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Д.Ганхуягийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 24 хоногийг түүний ял эдэлсан хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

           

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 294, 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Их тугчин овгийн Дашиймаагийн Ганхуягийг урьд нь танхайрах гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ганхуягийг 4 (дөрөв) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганхуягт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганхуягийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,  хохирогч М.Энхтүвшин нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Ганхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 83-84 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 85 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 87 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 86 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 88 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 20 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 81-82 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 56 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 54-55 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 96 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 36 дугаар тал

[18] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 40-42 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 43 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.

[24] Хавтаст хэргийн 83-84 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[26] Хавтаст хэргийн 85 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.

[29] Хавтаст хэргийн 86 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[31] Хавтаст хэргийн 88 дугаар тал.

[32] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 56 дугаар тал.

[34] Хавтаст хэргийн 96 дугаар тал.

[35] Хавтаст хэргийн 3-4 дүгээр тал.

[36] Хавтаст хэргийн 10 дугаар талын ард

[37] Хавтаст хэргийн 85 дугаар тал.

[38] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[39] Хавтаст хэргийн 14, 87,

[40] Хавтаст хэргийн 96 дугаар тал.

[41] Хавтаст хэргийн 54 дүгээр тал.

[42] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[43] Хавтаст хэргийн 54-55 дугаар тал.