Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­153

 

 

 

    2023            11                 03                             2023/ШЦТ/153                                         

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Н,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т /томилолтоор/,

Хохирогч “Татварын ерөнхий газар”-ын хууль ёсны төлөөлөгч: Б.Э /цахимаар/,

Шүүгдэгч: П.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: К.Б /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт П-н Н холбогдох ****** дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЗ/209 дугаар шүүгчийн захирамжаар тус шүүхэд харьяаллын дагуу шилжүүлснийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “Асартайн говь” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймгийн Манлай сумын 1 дүгээр баг, Өехий асартай 4 дүгээр гудамжны 01 тоотод албан ёсны оршин суух хаягтай, одоогоор У хот, Х дүүргийн ** дүгээр хороо Маршал таун хотхоны кинг товер **** дүгээр байрны **** тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, С овогт П-йн Н (РД:*****).

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С овогт П-н Н (РД:******) нь Өмнөговь аймгийн Манлай сумын 1 дүгээр баг, 4 дүгээр гудамжны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Асартайн говь” ХХК-ийн удирдах албан тушаалтан, гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 31, 10 дугаар сарын 26, 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор иргэн У.Алтанзаяагийн эзэмшлийн “Алтангадас майнинг” ХХК-аас бараа, үйлчилгээг худалдан аваагүй атлаа үргэлжилсэн үйлдлээр 15 удаа 2,091,517,614.56 төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан гэж нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч цахим шивэлт хийж бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлж, 209,151,761.44 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Нямцогт мэдүүлэхдээ: “Миний буруутай үйлдлээс болж улсад их хэмжээний хохирол учруулсан харамсаж байна. Өөр хэлэх зүйл алга байна.’’ гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Шүүх хуралдаан эхлэхэд өөрийн байр сууриа илэрхийлсэн өөрөөр хэлбэл хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар оролцож байна. 1. “Асартайн говь” ХХК 2017 оны 07,10,12 дугаар саруудад НӨАТ-ын тайланг бууруулж тайлагнасан. 2018 оны 06 дугаар сарын 30-ний өдөр энэ үнийн дүнгээр буцааж тайлагнаж залруулга хийсэн. Энэ талаар “Асартайн говь” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Энхжаргал гэх хүн мэдүүлсэн. Мөн “Их наяд аудитын” гарзын 2022 оны 12 сарын 09-ны өдрийн Ш/34 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон шүүх хуралдааны явцад шинжлэн судлах нотлох баримтуудаар дурдсан. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс залруулсан гэх асуудалд эсэргүүцэх юм уу санал нийлэхгүй байгаа асуудал гараагүй залруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэдэг байдлаар хэлсэн. Татварын ерөнхий хуулийн тухай 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасны дагуу залруулсан гэж үзэж байгаа. Энэ талаар мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хууль бус үйлдэл биш гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан буюу яллах дүгнэлтэд дурдагдсан 2,091,517,614.56 төгрөгийн зөрчилтэй холбоотой асуудал дээр 209,151,761.44 төгрөгийг хэлэлцэж байна гэж ойлгож байгаа. Энэ хэргийг хэлэлцэх гэж байгаа шалтгаан 2018 онд залруулсан 2019 онд татварын улсын байцаагчийн дүгнэлтээр зөрчилтэй холбоотой асуудал гарсан улмаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2019 оны 01 сарын 11-ний өдрийн 191000136 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг, 2019 оны 12 сарын 04 өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг тус тус нээж шалгасан. Энэ асуудалтай холбогдуулаад нийслэлийн прокурорын газрын 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 215 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор П.Нямцогтыг энэ хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Бидний хувьд маргаад байгаа зүйл нь татварыг тухайн жилд нь буюу дараагийн жилд нь буцаагаад залруулга хийгээд тайлагначихсан юм аа энэ бол хууль ёсны үйлдэл. Хохирол төлбөрийн тухайд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэх асуудлаар өмнө нь ч гэсэн гомдол гаргаж байсан одоо ч гэсэн энэ байр суурин дээр хэвээр байгаа гэдгээ хэлмээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахыг хууль тогтоогчоос 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ гэж тодорхойлсон. П.Нямцогтыг яллаж байгаа үйлдэл нь 2017 оны 07 сараас 12 дугаар сарын хугацаанд хийгдсэн 15 удаагийн үйлдэл. Тухайн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүртэлх хугацааг тоолохоор заасан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т зааснаар хамаарагдах ёстой гэж үзэж байна. 2020 оны 01 сарын 10-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэм хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж өөрчлөлт орсон байгаа. Заасантай холбогдуулаад Улсын дээд шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дугаартай нийт шүүгчдийн тогтоол гарсан. Энэ тогтоолд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 сарын 10-нд хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, прокурор хяналт болон шүүхийн шатанд хариуцаж буй хэрэгт, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох зохицуулалтыг хэлнэ гэж тодорхойлсон байгаа. Өөрөөр хэлбэл 2020 онд 01 сарын 10-нд хуульд нэмэлт өөрчлөлт орсон, хэрвээ 2020 оны 01 сарын 10-аас өмнө яллагдагчаар татаагүй байх юм бол мөн буруутгаж байгаа зүйл анги нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор яллагдагчаар татаагүй байх юм бол өмнөх хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ гэсэн дээд шүүхийн тайлбар байгаа. Энэ агуулгаар авч үзвэл П.Нямцогтод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хуучин буюу эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан нөхцөлд хамаарч байгаа учраас гэмт хэргийн хөөн хэлэлцэх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хугацаа өнгөрсөн юм. П.Нямцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

Улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэмэлт тайлбарыг сонслоо. Санаатай, санаандгүй үйлдэл гэдгийг тайлбарлаад байх шиг байна. Бид хуульд заасан үг үсгийг нэг мөр тайлбарлаж ойлгоно. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.24-т "татвараас зайлсхийх" гэж татварын ногдлыг бууруулах, татварын суурь багасгах, эсхүл алдагдлыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан нөхцөлийг бүрдүүлж байгаа татвар төлөгчийн үйлдлийг гэж заасан. Үүн дээр ямар нэг санаатай болон, болгоомжгүй асуудлыг дурдаагүй. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т татварын алба энэ хуульд заасны дагуу залруулга хийсэн бол холбогдох татварыг нөхөн ногдуулна гэж заасан байгаа санаатай, болгоомжгүй гэдгээс үл хамааран татвараас зайлсхийх гэдэг нь ийм агуулгатай гэж хэлж өгөөд байгаа юм. Татвар төлөгчийн хувьд татвараа буруу зөрүү тайлагнаснаас үл хамаараад татвар төлөгчид хуулиараа боломж олгосон. Дараагийн татварын жилд нь залруулга хийж болно гэж хуулиараа эрх олгосон. Энэ боломжийг ашиглаад 2017 онд бууруулж тайлагнаад 2018 онд залруулга хийж тайлагнасан. Залруулга хийсэн гэдэгт прокурор ч маргахгүй байгаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ч маргахгүй байгаа. Цагдаагийн байгууллагаас шалгагдаж эхэлсэн болон татварын улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа залруулга хийж байгаа асуудал биш юм. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан залруулга хийгдсэн. Энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй байна. Энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болоод дууссан. 2019 онд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. 2020 оны 11 сард яллагдагчаар татсан үйлдэл байна. Энэ дээр шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна өмнөх дүгнэлтээ дэмжиж байна.’’ гэв.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Шүүгдэгчийн хууль бус үйл ажиллагаа нь зөвхөн тайлантай холбоотой асуудал биш юм. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг анхаарч үзнэ гэж үзэж байна. Эрүүгийн хуульд заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг буруутай үйлдэл гэдгийг мэдсээр байж гэмт хэрэг хийсэн. Үүний үр дүнд татварын асуудал үүссэн. Татварын дүнг зөрүүтэй тайлбарласан асуудал нь мөрдөгчийн шинжээчид өгсөн асуулттай холбоотой зөрүү тайлбар гарсан.  Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нийт бууруулсан татвараас төлсөн татварыг хасаад үлдэгдэл хохирол төлбөрийг төлүүлж улсыг хохиролгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа тайлангаа залруулаад явсан бол энэ ямар нэгэн гэмт хэрэг биш гэж тайлбарлаж байна. Татвар төлөгч тайлангаа залруулах асуудлыг хуулиар олгосон хэдий ч энэ нь өөрөө тавар төлөгч тайлангаа зөрүүтэй тайлагнаж алдаагаа зөв болгож тайлагнах эрхийг өгч байгаа тэрнээс биш эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг хийчхээд баригдаад ирэхээр нь залруулдаг энэ асуудал нь энэ хэрэгт хамаарахгүй юм. Хий бичилтийн асуудал нь баригдаад тодорхой болоод ирэнгүүт татварын албанаас мэдэгддэг. Түүнээс биш гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийчхээд түүнийгээ баригдахаар залруулсан үйлдэл нь энэ хүнийг гэм буруугүйд тооцох асуудал дээр хамааралгүй гэж үзэж байна.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Төгсбаяр гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн П.Нямцогтод холбогдох эрүүгийн 2202000000249 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна.

Яллагдагч П.Нямцогт нь Өмнөговь аймгийн Манлай сумын 1 дүгээр баг, 4 дүгээр гудамжны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Асартайн говь” ХХК-ийн удирдах албан тушаалтан гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 31, 10 дугаар сарын 26, 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор иргэн У.Алтанзаяагийн эзэмшлийн “Алтангадас майнинг” ХХК-аас бараа үйлчилгээг худалдан аваагүй атлаа үргэлжилсэн үйлдлээр 15 удаа 2,091,517,614.56 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан гэж нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч цахим шивэлт хийж бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, 209,151,761.44 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн болох нь  гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрийн тухайд улсад төлөх татварын нийт хэмжээ 209,151,761.44 төгрөг үүнээс бодитой төлсөн төлбөр 52,154,370.00 төгрөг, үлдэгдэл 156,997,391.44 төгрөгийг шүүгдэгч П.Нямцогтоос гаргуулж улсын төсөвт төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. П.Нямцогтын үйлдэл нь залруулга хийсэн болох нь гэрч Б.Энхжаргалын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт дээр залруулсан гэдэг үг үсэг бий. Гэхдээ залруулсан гэхээсээ илүү шүүгдэгчийн идэвхтэй, шууд санаатай үйлдэл харагддаг. Тухайлбал энэ баримт анхнаасаа худалдан авалт хийж бараа үйлчилгээ аваагүй падааныг тайландаа тайлагнасан мөн тайланг хэн яаж илгээдэг гэдэг асуултад П.Нямцогт тайланг илгээхэд тоон гарын гарын үсэг ганцхан өөрийнх нь тоон гарын үсгээр тайлан илгээж байгаа. Тухайн тоон гарын үсгийг өөрөө л тайланд илгээж байгаа учраас тайлангийн үнэн зөв, бурууг өөрөө л хариуцна. Бусдад халдаах учир байхгүй. Өөрийн идэвхтэй үйлдлээр худлаа падааныг тайландаа шивээд өөрийнхөө тоон гарын үсгээр татварын байгууллагад илгээнэ гэдэг нь татвараас зайлсхийж байгаа идэвхтэй үйлдэл байна. Идэвхтэй үйлдэл хийсний улмаас улсад 209,151,761.44 төгрөгийн татвар төлөгдөөгүй үүнээс 52,154,370.00 төгрөг одоо болтол төлөгдөөгүй явсан. Шүүгдэгч би мэдэхгүй, мэдэхгүй үйлдлээс болоод гээд гэтэл хууль мэдэхгүй хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Тухайн тайлан дээр юу бичсэн байгааг мэдэхгүй байж тоон гарын үсгээ шууд бичихгүй тайланг татварын ерөнхий газар илгээх боломжгүй гэж үзэж байна. Ийм учраас мэдсээр байж шууд, санаатай үйлдлээр татвараас зайлсхийсэн үйлдэл байна гэж харж байна. Гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь идэвхтэй байна гэм буруугийн дүгнэлтээ дэмжиж байна.’’ гэв.

            2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол (1-р хавтаст хэргийн 78-79 дэх тал), зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол (1-р хавтаст хэргийн 01-04 дэх тал),

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очирын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “... миний хувьд Татварын ерөнхийн газрын хуулийн хэрэгжилтийг хангах газарт татварын улсын байцаагчаар ажилладаг. Татварын албаны хууль эрх ашиг сонирхлыг хуулийн байгууллагад төлөөлж оролцож байна. ... "Асартайн говь" ХХК-ийн хувьд 2017-2020 онд зөрчилтэй НӨАТ-ын падааны худалдан авалт хийж улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ компанийн хувьд 806,759,717.05 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан байгаа. ... "Асартайн говь" ХХК нь нийт 11 аж ахуйн нэгжээс 62 падаанаас 806,759,717.05 төгрөгийн падаан бичүүлэн авч төсөвт төлөх татварын хэмжээг бууруулж хий бичилт авсан байна. Тайлангаа залруулснаас хойш 52,154,370.00 төгрөгийг бодитоор төлсөн, үлдэгдэл 754,605,347.05 төгрөгийн өр төлбөртэй байна. Тайлангийн хувьд 2018 оны 07 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд тайлангаа залруулсан байна. ... Татварын ерөнхий газрыг төлөөлж байгаагийн хувьд "Асартайн говь" НӨАТ-ын хий шивэлттэй холбоотой 754,605,347.05 төгрөгийн өр төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг, (1-р хавтаст хэргийн 32-33 дахь тал),

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Очирпүрэвийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн “... Татварын ерөнхий газрын мэдээллийн сан 3 сангаас бүрддэг. 1. Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан: 2. Цахим татварын мэдээллийн сан: 3. Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн 3 төрөлд авч үздэг.

 Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан Е-баримтын мэдээллийн сан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14-т заасан "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он. сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно. Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, Харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг. 2. Цахим татварын мэдээллийн сан энэ болохоор Еtех.mn энэ сан татвар төлөгч нь татвар төлөгчтэй тайлан тушаахтай холбоотой мэдээллийн сан. 6. Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн: Энэ сан болохоор Татварын албаны ажилчдын татвар төлөгчид үйлчлэх систем Кассын төхөөрөмж гэдэг НӨАТ-ын тухайн хуулийн 4.1.11-т зааснаар 'бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг ойлгоно. Харин 4.1.18 "Бүртгэлийн систем" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ. Татварын ерөнхий газрын удирдлагын нэгдсэн систем 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж нэгдсэн өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл, Мэдээллийн зөрүүгүй болж өөрчлөгдсөн. ААН-ыг тайлангаа Татварын ерөнхий газрын удирдлагын нэгдсэн системд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хянаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааны худалдан авалттай АН-ыг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай Холбоотой тайлан мэдээлэл, ААН-с ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 60- 62 дахь тал),

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч П.Нямцогтын 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “... манай аж ахуйн нэгж татварт НӨАТ-ын өртэй, энэ өр төлбөр бол үйл ажиллагаанаас үүссэн өр, манай аж ахуйн нэгж 2016-2020 он хүртэл үйл ажиллагаа явуулсан. Өмнөговь аймагт орон нутгийн таван толгой уурхайн хөрс хуулалтыг хийсэн байгаа. Компанийн үйл ажиллагаа санхүүгийн эрсдэлд ороод одоо үйл ажиллагаа 2019 оноос хойш зогсонги байдалтай байна. Ямар ч байсан улсад учруулсан өр төлбөрийг төлнө, миний хувьд санхүүгийн мэдлэг дутуу байсан учраас энэ өр төлбөр аж ахуйн нэгж дээр үүссэн гэж бодож байна, татварын өр төлбөрийг төлж барагдуулна. Үйл ажиллагаанаас үүссэн өр төлбөртэй холбоотой худалдан авалтын баримтууд гэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 73 дахь тал),

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Энхжаргалын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн "... би 1984 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төгсөн. 1992-2002 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 10 жилийн сургуулийг төгссөн. 2002-2006 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж төгссөн. 2008-2010 онд "Мандах Сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгссөн. 2006-2011 он хүртэл Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ЗДТГ-ын нягтлан бодогч, 2011-2014 он хүртэл “Онч аудит"-д нягтлан бодогч, 2014-2018 онд "Наму дэвжих" ХХК-нд нягтлан бодогчоор 2018 оны 1 сараас "Асартайн говь" ХХК-нд гэрээт нягтлан бодогчоор 2019 оны 01 сар хүртэл ажиллаад 2019 оны 10 сараас хойш одоо хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байна. ... "Асартайн говь" ХХК нь 2011 билүү 2013 онд хуурай замын ачаа тээвэрлэх гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан байсан. 1 гишүүнтэй, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, захирал нь П.Нямцогт гэж байдаг утас нь 88116926 гэсэн дугаартай, компанийн офисс Хан-уул дүүргийн "Комфорт плаза" төвийн 10 давхар 3 тоотод байрладаг. Үндсэн 150 гаруй ажилтантай, Өмнөговь аймгийн татварын хэлтэстэй харьцдаг. Одоогоор Өмнөговь аймгийн хөрс хуулалтын ажил хийж байгаа. Би 2018 оны 01 сард тус компанид гэрээт нягтлан бодогчоор ажилд орсон. Тиймээс 2017 оны санхүүгийн үйл ажиллагааны талаар мэдэхгүй. Харин 2018 оны 06 сард татвараас тухайн "Алтангадас майнинг" ХХК-аас худалдан авсан гэх 2 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалтыг зөрчилтэй буцаалт хийнэ үү гээд НӨАТ-ын тайлангийн сайт дээр гараад ирсэн. Тухайн үед захирал П.Нямцогтоос энэ талаар асуухад өө ийм зөрчилтэй падаан байсан юм байна, буцаалтыг нь хурдан хийгээрэй гэж хэлэхээр нь би буцаалтыг нь хийсэн. Гэхдээ Ануударь гэх хүний 99141755 гэсэн дугаар өгөөд энэ яагаад зөрчилтэй падаан байгаа юм бэ гэж тодруулаарай гэсэн Ануударьтай нь холбогдоход буцаалтаа хийчихээ л гэж хэлсэн өөр юм хэлээгүй. Захирлаас анх зөрчилтэй гэж гарч ирэх үед нь ямар учиртай юм бэ гэж асуухад НӨАТ-ын өршөөлд хамруулж өгнө, НӨАТ-ын төлөлтийг бууруулж өгнө гэж хэлсэн хүмүүс юм аа гэж утасны дугаарыг нь надад өгч байсан. Одоогоор бол буцаалт хийгээд 209 сая төгрөгийн НӨАТ-ын өр үүсгэсэн төлөх татвараа төлөөгүй өртэй явж байгаа. ... санхүүгийн баримтаа харахгүй бол хэлж мэдэхгүй байна. Манай компанийн санхүүгийн баримт Өмнөговь аймагт байгаа юм. Ер нь тухайн компанийн нэр харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 91-92 дахь тал),

                  Их наяд аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “... Хариулт 1: "Асартайн говь" ХХК-ний татварын нэгдсэн систем /еtах, еbarimt1/-ээр баталгаажсан НӨАТ-ын тайлан, төлбөрийн баримтыг тулган шалгахад "Мөнхтэнгэр констракшн", "Алтангадас майнинг ХХК-уудаас 15 удаагийн 2,091,517,614.55 төгрөгийн худалдан авалтын төлбөрийн баримт 2017 онд тайлагнасан байна.

Хариулт 2: Дээрх худалдан авалтаар тайлагнасан 2,091,517,614.55 төгрөгийн төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн 18/22 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна.

Хариулт 3: Дээрх худалдан авалтын төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн 18/22 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна.

Хариулт 4: "Асартайн говь" ХХК-ний "Мөнхтэнгэр констракшн", "Алтангадас майнинг" ХХК-уудаас авсан худалдан авалтаар тайлагнасан бараа, ажил үйлчилгээнд төлсөн төлбөрийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр ирүүлсэн 18/22 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан жил; үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна.

Хариулт 5: "Асартайн говь" ХХК-ний "Мөнхтэнгэр констракшн", "Алтангадас майнинг" ХХК-уудаас авсан бодит худалдан авалтаар нотлогдохгүй байгаа нийт 2,091,517,614.55 төгрөгийн 15 ширхэг төлбөрийн баримтыг 2017 оны 7,10,12 дугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тус тус тусгасан байна.

Хариулт 6: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн "11.1. Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна" гэж заасны дагуу "Асартайн говь" ХХК-ний тайлагнасан "Мөнхтэнгэр констракшн", "Алтангадас майнинг" ХХК-уудын төлбөрийн баримтаар 2017 онд 209,151,761.45 төгрөгөөр төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулж тайлагнасан байна...” гэх 34 дугаартай аудитын дүгнэлт (1-р хавтаст хэргийн 65-70 дахь тал),

                  Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.Нармандах, Н.Мөнхтуяа нарын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн "... “Алтангадас майнинг” ХХК-аас 2017 оны 07, 10, 12 дугаар саруудад 2,091,517,614.56 төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр 15 удаа хуурамч шивэлт хийлгэн 209,151,761.44 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн..." гэх 230001237 дугаартай дүгнэлт (2-р хавтаст хэргийн 09-10 дахь тал),

            “Асартайн говь” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 114-115 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

                  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч П.Нямцогтыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

          Шүүгдэгч П.Нямцогт нь Өмнөговь аймгийн Манлай сумын 1 дүгээр баг, 4 дүгээр гудамжны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Асартайн говь” ХХК-ийн удирдах албан тушаалтан, гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 31, 10 дугаар сарын 26, 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор иргэн У.Алтанзаяагийн эзэмшлийн “Алтангадас майнинг” ХХК-аас бараа, үйлчилгээг худалдан аваагүй атлаа үргэлжилсэн үйлдлээр 15 удаа 2,091,517,614.56 төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан гэж нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч цахим шивэлт хийж бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлж, 209,151,761.44 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Нямцогт мэдүүлэхдээ: “... миний буруутай үйлдлээс болж улсад их хэмжээний хохирол учруулсан харамсаж байна. Өөр хэлэх зүйл алга байна.’’ гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Шүүгдэгчийн хууль бус үйл ажиллагаа нь зөвхөн тайлантай холбоотой асуудал биш юм. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг анхаарч үзнэ гэж үзэж байна. Эрүүгийн хуульд заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг буруутай үйлдэл гэдгийг мэдсээр байж гэмт хэрэг хийсэн. Үүний үр дүнд татварын асуудал үүссэн. Татварын дүнг зөрүүтэй тайлбарласан асуудал нь мөрдөгчийн шинжээчид өгсөн асуулттай холбоотой зөрүү тайлбар гарсан.  Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нийт бууруулсан татвараас төлсөн татварыг хасаад үлдэгдэл хохирол төлбөрийг төлүүлж улсыг хохиролгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа тайлангаа залруулаад явсан бол энэ ямар нэгэн гэмт хэрэг биш гэж тайлбарлаж байна. Татвар төлөгч тайлангаа залруулах асуудлыг хуулиар олгосон хэдий ч энэ нь өөрөө тавар төлөгч тайлангаа зөрүүтэй тайлагнаж алдаагаа зөв болгож тайлагнах эрхийг өгч байгаа тэрнээс биш эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг хийчхээд баригдаад ирэхээр нь залруулдаг энэ асуудал нь энэ хэрэгт хамаарахгүй юм. Хий бичилтийн асуудал нь баригдаад тодорхой болоод ирэнгүүт татварын албанаас мэдэгддэг. Түүнээс биш гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийчхээд түүнийгээ баригдахаар залруулсан үйлдэл нь энэ хүнийг гэм буруугүйд тооцох асуудал дээр хамааралгүй гэж үзэж байна.’’ гэх мэдүүлэг,

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очирын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “... тайлангаа залруулснаас хойш 52,154,370.00 төгрөгийг бодитоор төлсөн, үлдэгдэл 754,605,347.05 төгрөгийн өр төлбөртэй байна. Тайлангийн хувьд 2018 оны 07 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд тайлангаа залруулсан байна. ... Татварын ерөнхий газрыг төлөөлж байгаагийн хувьд "Асартайн говь" НӨАТ-ын хий шивэлттэй холбоотой 754,605,347.05 төгрөгийн өр төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг, (1-р хавтаст хэргийн 32-33 дахь тал),

          2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол (1-р хавтаст хэргийн 78-79 дэх тал), зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол (1-р хавтаст хэргийн 01-04 дэх тал),

 

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Очирпүрэвийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн “... Татварын ерөнхий газрын мэдээллийн сан 3 сангаас бүрддэг. 1. Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан: 2. Цахим татварын мэдээллийн сан: 3. Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн 3 төрөлд авч үздэг.

 Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан Е-баримтын мэдээллийн сан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14-т заасан "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он. сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно. Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, Харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг. 2. Цахим татварын мэдээллийн сан энэ болохоор Еtех.mn энэ сан татвар төлөгч нь татвар төлөгчтэй тайлан тушаахтай холбоотой мэдээллийн сан. 6. Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн: Энэ сан болохоор Татварын албаны ажилчдын татвар төлөгчид үйлчлэх систем Кассын төхөөрөмж гэдэг НӨАТ-ын тухайн хуулийн 4.1.11-т зааснаар 'бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг ойлгоно. Харин 4.1.18 "Бүртгэлийн систем" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ. Татварын ерөнхий газрын удирдлагын нэгдсэн систем 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж нэгдсэн өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл, мэдээллийн зөрүүгүй болж өөрчлөгдсөн. ААН-ыг тайлангаа Татварын ерөнхий газрын удирдлагын нэгдсэн системд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хянаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааны худалдан авалттай АН-ыг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай Холбоотой тайлан мэдээлэл, ААН-с ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 60- 62 дахь тал),

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч П.Нямцогтын 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “... манай аж ахуйн нэгж татварт НӨАТ-ын өртэй, энэ өр төлбөр бол үйл ажиллагаанаас үүссэн өр, манай аж ахуйн нэгж 2016-2020 он хүртэл үйл ажиллагаа явуулсан. Өмнөговь аймагт орон нутгийн таван толгой уурхайн хөрс хуулалтыг хийсэн байгаа. Компанийн үйл ажиллагаа санхүүгийн эрсдэлд ороод одоо үйл ажиллагаа 2019 оноос хойш зогсонги байдалтай байна. Ямар ч байсан улсад учруулсан өр төлбөрийг төлнө, миний хувьд санхүүгийн мэдлэг дутуу байсан учраас энэ өр төлбөр аж ахуйн нэгж дээр үүссэн гэж бодож байна, татварын өр төлбөрийг төлж барагдуулна. Үйл ажиллагаанаас үүссэн өр төлбөртэй холбоотой худалдан авалтын баримтууд гэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 73 дахь тал),

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Энхжаргалын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн "... би 2018 оны 01 сард тус компанид гэрээт нягтлан бодогчоор ажилд орсон. Тиймээс 2017 оны санхүүгийн үйл ажиллагааны талаар мэдэхгүй. Харин 2018 оны 06 сард татвараас тухайн "Алтангадас майнинг" ХХК-аас худалдан авсан гэх 2 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалтыг зөрчилтэй буцаалт хийнэ үү гээд НӨАТ-ын тайлангийн сайт дээр гараад ирсэн. Тухайн үед захирал П.Нямцогтоос энэ талаар асуухад өө ийм зөрчилтэй падаан байсан юм байна, буцаалтыг нь хурдан хийгээрэй гэж хэлэхээр нь би буцаалтыг нь хийсэн. Гэхдээ Ануударь гэх хүний 99141755 гэсэн дугаар өгөөд энэ яагаад зөрчилтэй падаан байгаа юм бэ гэж тодруулаарай гэсэн Ануударьтай нь холбогдоход буцаалтаа хийчихээ л гэж хэлсэн өөр юм хэлээгүй. Захирлаас анх зөрчилтэй гэж гарч ирэх үед нь ямар учиртай юм бэ гэж асуухад НӨАТ-ын өршөөлд хамруулж өгнө, НӨАТ-ын төлөлтийг бууруулж өгнө гэж хэлсэн хүмүүс юм аа гэж утасны дугаарыг нь надад өгч байсан. Одоогоор бол буцаалт хийгээд 209 сая төгрөгийн НӨАТ-ын өр үүсгэсэн төлөх татвараа төлөөгүй өртэй явж байгаа. ... санхүүгийн баримтаа харахгүй бол хэлж мэдэхгүй байна. Манай компанийн санхүүгийн баримт Өмнөговь аймагт байгаа юм. Ер нь тухайн компанийн нэр харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 91-92 дахь тал),

                  Их наяд аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “... Хариулт 1: "Асартайн говь" ХХК-ний татварын нэгдсэн систем /еtах, еbarimt1/-ээр баталгаажсан НӨАТ-ын тайлан, төлбөрийн баримтыг тулган шалгахад "Мөнхтэнгэр констракшн", "Алтангадас майнинг ХХК-уудаас 15 удаагийн 2,091,517,614.55 төгрөгийн худалдан авалтын төлбөрийн баримт 2017 онд тайлагнасан байна.

Хариулт 2: Дээрх худалдан авалтаар тайлагнасан 2,091,517,614.55 төгрөгийн төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн 18/22 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна.

Хариулт 3: Дээрх худалдан авалтын төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн 18/22 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна.

Хариулт 4: "Асартайн говь" ХХК-ний "Мөнхтэнгэр констракшн", "Алтангадас майнинг" ХХК-уудаас авсан худалдан авалтаар тайлагнасан бараа, ажил үйлчилгээнд төлсөн төлбөрийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр ирүүлсэн 18/22 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан жил; үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна.

Хариулт 5: "Асартайн говь" ХХК-ний "Мөнхтэнгэр констракшн", "Алтангадас майнинг" ХХК-уудаас авсан бодит худалдан авалтаар нотлогдохгүй байгаа нийт 2,091,517,614.55 төгрөгийн 15 ширхэг төлбөрийн баримтыг 2017 оны 7,10,12 дугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тус тус тусгасан байна.

           Хариулт 6: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн "11.1. Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна" гэж заасны дагуу "Асартайн говь" ХХК-ний тайлагнасан "Мөнхтэнгэр констракшн", "Алтангадас майнинг" ХХК-уудын төлбөрийн баримтаар 2017 онд 209,151,761.45 төгрөгөөр төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулж тайлагнасан байна...” гэх 34 дугаартай аудитын дүгнэлт (1-р хавтаст хэргийн 65-70 дахь тал),

                  Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.Нармандах, Н.Мөнхтуяа нарын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн "... “Алтангадас майнинг” ХХК-аас 2017 оны 07, 10, 12 дугаар саруудад 2,091,517,614.56 төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр 15 удаа хуурамч шивэлт хийлгэн 209,151,761.44 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн..." гэх 230001237 дугаартай дүгнэлт (2-р хавтаст хэргийн 09-10 дахь тал),

            “Асартайн говь” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 114-115 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байна.

Татвар төлөхөөс зайлсхийх нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэх гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

 Шүүгдэгч П.Нямцогт нь “Асартайн говь” ХХК-ийн удирдах албан тушаалтан, гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 31, 10 дугаар сарын 26, 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор иргэн У.Алтанзаяагийн эзэмшлийн “Алтангадас майнинг” ХХК-аас бараа, үйлчилгээг худалдан аваагүй атлаа үргэлжилсэн үйлдлээр 15 удаа 2,091,517,614.56 төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан гэж нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч цахим шивэлт хийж бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлж, 209,151,761.44 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн идэвхтэй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

              Шүүгдэгч П.Нямцогт нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь татвар төлөхөөс зайлсхийх зорилготой байна.  

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Нямцогт нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

             Шүүгдэгч П.Нямцогтын санаатай гэмт үйлдэл нь татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно.” гэж заасны дагуу татварын тайлангаа залруулсан гэж үзэхгүй юм.  

   Шүүгдэгч П.Нямцогтын өмгөөлөгч К.Бауиржанаас “... П.Нямцогтыг яллаж байгаа үйлдэл нь 2017 оны 07 сараас 12 дугаар сарын хугацаанд хийгдсэн 15 удаагийн үйлдэл. Тухайн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүртэлх хугацааг тоолохоор заасан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т зааснаар хамаарагдах ёстой гэж үзэж байна. 2020 оны 01 сарын 10-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэм хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж өөрчлөлт орсон байгаа гэж заасантай холбогдуулаад Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээртэй нийт шүүгчийн хуралдааны тогтоол гарсан. Энэ тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 сарын 10-нд хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, прокурор хяналт болон шүүхийн шатанд хариуцаж буй хэрэгт, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох зохицуулалтыг хэлнэ гэж тодорхойлсон байгаа. Өөрөөр хэлбэл, 2020 онд 01 сарын 10-нд хуульд нэмэлт өөрчлөлт орсон, хэрвээ 2020 оны 01 сарын 10-аас өмнө яллагдагчаар татаагүй байх юм бол мөн буруутгаж байгаа зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор яллагдагчаар татаагүй байх юм бол өмнөх хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ гэсэн дээд шүүхийн тайлбар байгаа. Энэ агуулгаар авч үзвэл П.Нямцогтод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хуучин буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан нөхцөлд хамаарч байгаа учраас гэмт хэргийн хөөн хэлэлцэх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хугацаа өнгөрсөн юм. П.Нямцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх саналыг гаргажээ.

         Хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг өөрчилсөн нэмэлт өөрчлөлтийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан ба уг хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулаагүй тул энэ хууль нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаарт нийтлэгдсэнээс хойш арав хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн журмаар хүчин төгөлдөр болж үйлчилсэн байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заажээ.

         Шүүгдэгч П.Нямцогтыг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. /1-р хавтаст хэргийн 78-79 дэх тал/

         Прокуророос энэхүү тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүгдэгч П.Нямцогтыг яллагдагчаар татсан татсан тул түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.

         Иймд шүүгдэгч П.Нямцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон буюу татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч П.Нямцогтын үйлдсэн гэмт хэргийн улмаас “Татварын ерөнхий газар”-т 209,151,761.44 /хоёр зуун есөн сая нэг зуун тавин нэгэн мянга долоон зуун жаран нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Нямцогт нь 52,154,370.00 /тавин хоёр сая нэг зуун тавин дөрвөн мянга гурван зуун дал/ төгрөгийг нөхөн төлсөн байх бөгөөд талууд энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй болно.

          Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “Их наяд аудит” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Ш/34 дүгээртэй дүгнэлт болон Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.Нармандах, Н.Мөнхтуяа нарын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 230001237 дугаартай дүгнэлтээр 209,151,761.44 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 65-70, 2-р хавтаст хэргийн 09-10 дахь тал/

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Нямцогтоос 156,997,391.44 /нэг зуун тавин зургаан сая есөн зуун ерэн долоон мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

           Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч П.Нямцогтод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

           Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх дүгнэлтийг,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэ-Очироос “Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагатай холбоотой асуудалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргах санал байхгүй байна. Шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх байх гэж бодож байна.” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржанаас “... прокурорын зүгээс хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэх агуулгыг тайлбарлаад байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хамаарах анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байгаа. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг,

Шүүгдэгч П.Нямцогтоос “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Шүүх энэ байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч П.Нямцогтод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Нямцогт нь чин санаасаа гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 52,154,370.00 /тавин хоёр сая нэг зуун тавин дөрвөн мянга гурван зуун дал/ төгрөгийг нөхөн төлсөн, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдсон ба шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн болно.

           Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч П.Нямцогтын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нямцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан зүйл байхгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт авагдсан “Асартайн говь” ХХК-ийн Хаан банкны дансны хуулга бүхий 1 /нэг/ ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.Нямцогтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Сандаг овогт Пүрэвийн Нямцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон буюу татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч П.Нямцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нямцогтод оногдуулсан 1,500,000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Нямцогтоос 156,997,391.44 /нэг зуун тавин зургаан сая есөн зуун ерэн долоон мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан зүйл байхгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт авагдсан “Асартайн говь” ХХК-ийн Хаан банкны дансны хуулга бүхий 1 /нэг/ ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нямцогтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.БАТМӨНХ