| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0070/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/63 |
| Огноо | 2013-03-15 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2013/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0070/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ё.Ринзаан, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Х.Гансүх, Д.Чулуунжав, Ж.Шагдар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Н.Идэр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч ******* ,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт ******* , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт******* нарт холбогдох 201309000085 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: 1. Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, урианхай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ... тоотод оршин суудаг, “Шударга журам” медаль”-аар шагнагдаж байсан, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт ******* /ТГ-..../,
2. Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхэд, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ... тоотод түр оршин сууж байсан, одоо Дархан сумын ..-р баг . тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй С овогт******* /РЭ-..../
Шүүгдэгч ******* ,******* нар нь бүлэглэн 2013 оны 1 дүгээр сарын 31-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ариг” зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Я.Ц ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, мөн ******* нь архины шил, шилэн тавиурыг зэвсгийн чанартай хэрэглэж Ч.Н , Ц.А нарыг цохьж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 1 дүгээр сарын 31-ний орой Г.Ц бид хоёр Гранд ороод нэг, нэг пиво уугаад сууж байсан. Гаднаас Г.Ц ын найз Я.Ц орж ирсэн. Я.Ц ыг Г.Ц дуудсан юм шиг байна лээ. Бид гурав 5-10 минут орчим сууж байгаад Я.Ц манай нөхөр, манай хоёр найз байгаа. 3-уулаа тэр хэд рүү хамт явъя, очоод танилц гээд Ариг буудал руу явсан. Г.Ц бид хоёрын хувьд дөнгөж эхнэр нөхөр болж байгаа, хамт амьдраад 6 сар л болж байна. Тэгээд бид гурав Ариг буудал руу ороход Ц.А , Ч.Н нар, цаад өрөөнд нь Ц.А гийн эхнэр нь байсан. Тал шил хараа архи тавьчихсан, ширээний ард сууж байсан. Би Ц.А , Ч.Н нартай юм яриад сууж байсан. Надтай гар барьж танилцаад Ц.А намайг ямар жижигхэн бацаан бэ? гэсэн. Тэгээд би ганц нэг үг хэлээд бидж хоёр маргалдаад зодоон эхэлсэн. Ц.А намайг зүүн талын хацар руу хальт цохисон. Тэгээд нөгөө өрөөнөөс хүмүүс гараад ирсэн. Ц.А бид хоёр заамдалдцаад байж байхад ширээ унасан. Бид хоёр зодолдоод би ухарч яваад 00-ын өрөө ороод толь унаж хагарсан.Тэгээд бид хоёрын дундуур Ч.Н орж ирээд гурвалжин дөрвөлжин зодоон болсон. Би ухарсаар яваад коридорт гараад ирсэн. Я.Ц гарч ирээд намайг манай нөхөр, манай найзыг зоддог хэн бэ гээд намайг алгадсан. Тэр үед Г.Ц хажуунаас орж ирээд Я.Ц ыг алгадаад авсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд******* бид хоёрыг харьж амар гээд явуулсан. Зодоон болох үед би шилээр цохиогүй, гараараа л цохисон. Хохирогч нарын нүүрэнд учирсан шарх нь би тэр үед баруун гарандаа бөгжтэй явсан. Бөгжтэй гараар цохиод тийм болсон байх гэв.
Шүүгдэгч******* ээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр А.С бид хоёр Гранд pub орсон. Ороод нэг, нэг пиво уугаад 1 цаг орчим болж байсан. Тэр өдөр Я.Ц над руу өдрөөс хойш залгаад уулзъя гээд байсан юм. Тэгээд Грандын гадна ирээд би гарч уулзаад бид хоёр хамт орсон. Я.Ц Ариг буудалд манай нөхөр, А , түүний эхнэр нар байгаа, 3-уулаа тийшээ хамт явцгаая, манай нөхөртэй танилц гээд Ариг буудал руу явсан. Ороод сууж байтал Я.Ц танилц гэсэн. Гэтэл А нь чи овоо муу бацаан юм аа гээд А.С ыг цохиод авсан. Би хажууд нь байсан. Я.Ц тэр үед 00 орсон байсан. Энэ 2 заамдалцаж аваад зодолдоод тал шил архи нь ширээн дээрээс унаад, хажуугаас Н орж ирээд, тэгээд 00-ын өрөө рүү орж ирээд бүгд тал тал руу нь дайраад байсан. Усны сав нь ширээн дээрээс унаад хагарсан. Ресефсэнд хэлсэн чинь цагдаа ирсэн. Я.Ц А.С ыг алгадаад авсан. Би уурлаад Я.Ц ыг алгадсан. Тэгээд 2 цагдаа орж ирсэн. Цагдаа нар намайг чи эрүүл байна, одоо харь гэсэн. ******* шилээр цохиогүй, гараараа зодолдсон. Хохирол төлбөрт 300.000 төгрөгийг төлсөн. Цагдаа нар ирээд Н тэй уулзсан. Нөгөө гурав нь өрөөндөө ороод хаалгаа хаагаад чимээгүй болчихсон байсан. Цагдаа нар ирэхэд би хажууд нь байсан. Н гийн нүүрэнд учирсан шарх нь С , Аматүвшин нар зодолдож байхад дундуур нь орсноос болж үүссэн гэв.
Шүүгдэгч ******* ,******* нар нь бүлэглэн 2013 оны 1 дүгээр сарын 31-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ариг” зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Я.Ц ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, мөн ******* нь архины шил, шилэн тавиурыг зэвсгийн чанартай хэрэглэж Ч.Н , Ц.А нарыг цохьж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-Хохирогч Ц.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ингээд биллярд тоглож байгаад 21 цаг өнгөрч байгаад өрөө рүүгээ ороод байж байсан чинь гаднаас Ц нэг эмэгтэй, эрэгтэйгийн хамтаар дагуулж орж ирсэн юм. Тэр гурвыг орж ирэхэд би булангийн сандалд сууж байсан, харин манай эхнэр миний хажууд мөн сандал дээр сууж байсан юм. Харин Н хажуугийн өрөөнд орчихсон орон дээр сууж байсан юм. Гаднаас орж ирсэн танихгүй миний өөдөөс харж сандал дээр суухаар нь “яасан, юу болсон юм бэ?, яагаад байгаа юм бэ?” гэж асуусан чинь шууд л ширээн дээр байсан архины шилээр миний толгой дээр цохиход нь би доошоо тонгойход хажуугийн өрөөнд байсан Н гарч ирээд салгасан юм. Тэгтэл тэр залуу тойрч зугтаж байгаад 00-ийн өрөө рүү орж тэнд байсан тавиур маягийн шил байсныг барьж аваад Н гийн нүүр рүү цохьсон юм. ...миний өөдөөс хараад суусан. Тэгэхээр нь би “за яасан, юу болсон” гэсэн чинь л архины шил аваад миний толгой руу цохьсон. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 4-6 дахь тал/,
-Хохирогч Ч.Н н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай эхнэр орж ирэхгүй болохоор нь утсаар яриад “чи хаашаа явчихсан юм бэ?” гэж асуусан чинь “гадаа хүнтэй уулзаж байна, одоо удахгүй орлоо” гэхээр нь хүлээгээд сууж байсан чинь гаднаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүнтэй ороод ирсэн юм. Тэдгээрийг орж ирэхэд нь А сандал дээр сууж байсан ба би нөгөө талын өрөөнд нь орон дээр сууж байсан чинь гаднаас орж ирсэн залуу А гийн өөдөөс харж суусан чинь А өөдөөс нь “яасан, юу болсон гэнэ ээ” гэж асуусан чинь ширээн дээр байсан архины шилээр толгойг нь хагартал цохьчихсон юм. Би тэгээд босоод “яасан, юу болсон юм бэ?” гэж асуугаад босоод ирсэн чинь тэр өрөөгөөр цохих юм хайж гүйж явж байгаад 00-ийн өрөөнд орчихсон юм. Тэр залуу маш их хурдан хөдөлгөөнтэй залуу байсан юм. Би тэгээд араас нь ороод “чи боль, согтуу хүнтэй юу ярих гээд байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь хамаг хувцасаа тайлаад орилж байснаа 00-ийн өрөөнд байсан юмнуудыг хагалаад бужигнуулаад байхаар нь “чи яах гээд байгаа юм бэ?” гэж болиулах гэтэл 00-ийн өрөөнд байсан толины суурь болох гадна талаараа төмөртэй, дотор тал нь шилэн тавиураар миний толгой руу эхэлж цохиход шил нь хагарсан чинь дахин хүрээ төмрөөр нь миний хамар руу цохьчихсон юм. Тэгээд А , О нар, мөн манай эхнэр Ц нөгөө цуг орж ирсэн байсан эмэгтэйтэй 00-ийн өрөө орчихоод буцаж ирээд салгаад намайг А , О нар нөгөө өрөө рүү аваад орсон юм. Тэр хойгуур нөгөө залуу эхнэртэйгээ цуг коридорт манай эхнэрийг зодчихсон байсан юм. ...гомдол санал гээд байх зүйл алга байна. Яагаад ингэж зодсон гэдгийг нь гайхаж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 7-8 дахь тал/,
-Хохирогч Я.Ц ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд Ц бид хочр зөрөөд 00 ороод бие засаад юм яриад инээлдээд гараад ирсэн чинь А , С 2 зодолдоод дээр доороо орчихсон цусандаа холилдчихсон газар өнхөрч байсан. Тэгтэл Ц бид 2 “болиоч ээ, та нар чинь яаж байна аа” гээл, бас манай нөхөр Н салгах гээд А г дээрээс нь татаж байсан. Тэр үед А гийн нүүр ам цус болчихсон байсан. Тэгээд салгаад Н А г татаад С цааш нь түлхээд 00 руу оруулсан чинь С хувцасаа тайлж шидээд “шорон мэдэх үү? пизданууд аа” гээд “та нарыг ална” гээд 00 өрөөний савангийн тавиур, толины доод хананд тогтоосон байсан тавиурыг аваад Н н толгойны ар дагз хэсэгт цохьсон байсан. Бас нүүрэнд нь 2 нүднийх нь дунд цохьсон байсан. Тэгж байхад бид нар коридорт байсан. Тэгтэл С дээгүүрээ шалдан гарч ирсэн. Тэгээд Ц хажууд байж байснаа гэнэт намайг үсдээд “чи муу ямар зэвүүн гичий вэ?, санаатай дагуулж орж ирж зодууллаа гээд үснээс зулгаагаад би хажуу талаараа шалан дээр унасан чинь С нь намайг нүүр нүдгүй өшиглөөд миний зүүн талын нүд битүү хөхөрч хавдсан. Биеийн ар нуруу, хөл, зүүн гарын шуу гээд хөхөрч хавдсан байсан. Мөн нүүрний баруун дээд хөмсөг орчимд самардаж маажсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дахь тал/
-Иргэний нэхэмжлэгч Б.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд надад ажил гараад нөгөө решепшн Алтанцэцэгийг түр суулгачихаад би гадагшаа гараад явсан. Тэгээд би ойролцоогоор 1 цаг гаран болоод эргээд ажил дээрээ ирсэн чинь тэр 3 номерийн өрөөнд байсан хүмүүс дээр гаднаас 2 хүн орж ирээд зодолдсон гээд зодоон нь дуусчихсан гээд байж байсан. ...1 шилэн усны сав хагарсан, 00-ий өрөөний толь хагарсан, түмбүүшигний тавцанг зурчихсан байсан. Хохирлоо гаргаж өгсөн байгаа. Нийт 68000 төгрөгний хохирол учирсан байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,
-Гэрч Т.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр А “за юу болсон гэсэн” чинь нөхөр гээд байгаа нөгөө залуу ширээн дээр байсан архины шил аваад А гийн толгойг цохиод А гийн толгойноос цус гарсан. Тэгсэн цаанаас Н босч ирээд салгах гэтэл дахиад ширээн дээр байсан буцалсан ус хийсэн байсан шилэн савыг бас авч шидээд А гийн нүүрэнд оноод хөмсөг, хацар дээгүүр нь жижиг жижиг шил зоогдсон, би яаг А гийн хажууд сууж байсан. Тэгсэн нөгөө залуу ийш тийшээ гүйгээд дэл сул юм авч шидэх гээд байгаа юм шиг ийш тийшээ гүйгээд байсан. Тэгсэн гаднаас Ц нөгөө залуугийн эхнэр болох Цээгий гэх хүүхэнтэй орж ирсэн. Тэр үед нөгөө залуу 00 руу нь ороод хананд нь байсан толь, тавиурыг нь салгаж аваад хагалаад Н н толгойг хагалсан байсан. Би цаана нь А гийн цусыг нь арчаад, асгасан усыг нь арчиж байсан. ...өрөөний хаалганы гадаа коридорт Ц , Цээгий нөгөө нөхөртэйгээ гурвуулаа зогсож байх шиг байсан. Тэгтэл гэнэт Цээгий нь Ц ыг үсдээд газар унагачихсан, нөхөр нь Ц ыг нүүр нүдгүй энэ тэндээс нь өшиглөөд байсан. Ц ыг зодоод орилоод би очихын хооронд Ц ыг хэд хэд өшиглөөд авчихсан. Тэгээд би болиоч ээ гэж салгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,
-Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд жаахан байж байгаад пижигнээд зодолдоод юм хум шидээд байх шиг байхаар нь гүйгээд орсон чинь хоорондоо зодолдож байсан. Тэгээд би шууд цагдаа дуудаад 2 цагдаа ирээд тэр хүмүүстэй уулзаад юм бичүүлж аваад байсан. ...тэр гаднаас орж ирсэн залуу нь буудлын өрөөнд байсан усны шилэн сав, архины, толины суурь гээд бүгдийг тэр залуу авч шидээд хагалаад байсан. Аймаар хурдан хөдөлгөөнтэй зодоонч залуу байсан. Бас хажуунаас нь гадаас цуг орж ирсэн эхнэр нь гээд хүүхэн айхтар “зодчих, зодчих, бүгдийг нь цохь” гээд орилоод байсан. Бас тэр найз нь гээд дагуулж орж ирсэн хүүхэнээ тэр хүүхэн бүр аймаар үсдээд чирээд нүүр рүү нь өшиглөөд аймаар зодоод байсан. ...нэг нь нэгийгээ хөөргөөд байгаа юм шиг эрэгтэй нь гартаа таарсанаа авч шидээд хүүхэн нь “цохь” гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дэх тал/,
-Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 31, 36 дахь тал/,
-Хохирогч Ц.А гийн биед үзлэг хийсэн “Ц.А гийн биед тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн чамархайн хуйхны шарх, зүүн хацрын зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх шүүх эмнэлгийн 2013 оны 2 сарын 6-ны өдрийн №132 тоот дүгнэлт /хэргийн 32 дахь тал/
-Хохирогч Я.Ц ы биед үзлэг хийсэн “Я.Ц ы биед тархи доргилт, нүүр, зүүн гарын бугалга, зүүн чамархай, өгзөгний дээд хэсгийн цус хуралт, баруун хөмсөг, баруун гарын тохойн үений орчмын зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх шүүх эмнэлгийн 2013 оны 2 сарын 6-ны өдрийн №134 тоот дүгнэлт /хэргийн 37 дахь тал/
-Хохирогч Ч.Н н биед үзлэг хийсэн “Ч.Н н биед дагз хэсгийн хуйхны болон хамрын уг орчмын шарх, баруун мөрний зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх шүүх эмнэлгийн 2013 оны 2 сарын 6-ны өдрийн №133 тоот дүгнэлт /хэргийн 40 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ******* ,******* нар нь бүлэглэн 2013 оны 1 дүгээр сарын 31-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ариг” зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Я.Ц ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, мөн ******* нь архины шил, шилэн тавиурыг зэвсгийн чанартай хэрэглэж Ч.Н , Ц.А нарыг цохьж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь хэрэг учрал болох үед хохирогч Ц.А , Ч.Н нарыг архины шил, шилэн тавиур зэргээр цохиогүй, харин бөгжтэй гараар цохьсон гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь
-Хохирогч Ц.А гиын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гаднаас орж ирсэн танихгүй миний өөдөөс харж сандал дээр суухаар нь “яасан, юу болсон юм бэ?, яагаад байгаа юм бэ?” гэж асуусан чинь шууд л ширээн дээр байсан архины шилээр миний толгой дээр цохиход нь би доошоо тонгойход хажуугийн өрөөнд байсан Н гарч ирээд салгасан юм. Тэгтэл тэр залуу тойрч зугтаж байгаад 00-ийн өрөө рүү орж тэнд байсан тавиур маягийн шил байсныг барьж аваад Н гийн нүүр рүү цохьсон юм. ...миний өөдөөс хараад суусан. Тэгэхээр нь би “за яасан, юу болсон” гэсэн чинь л архины шил аваад миний толгой руу цохьсон. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 4-6 дахь тал/,
-Хохирогч Ч.Н н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А өөдөөс нь “яасан, юу болсон гэнэ ээ” гэж асуусан чинь ширээн дээр байсан архины шилээр толгойг нь хагартал цохьчихсон юм. Би тэгээд босоод “яасан, юу болсон юм бэ?” гэж асуугаад босоод ирсэн чинь тэр өрөөгөөр цохих юм хайж гүйж явж байгаад 00-ийн өрөөнд орчихсон юм. Тэр залуу маш их хурдан хөдөлгөөнтэй залуу байсан юм. Би тэгээд араас нь ороод “чи боль, согтуу хүнтэй юу ярих гээд байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь хамаг хувцасаа тайлаад орилж байснаа 00-ийн өрөөнд байсан юмнуудыг хагалаад бужигнуулаад байхаар нь “чи яах гээд байгаа юм бэ?” гэж болиулах гэтэл 00-ийн өрөөнд байсан толины суурь болох гадна талаараа төмөртэй, дотор тал нь шилэн тавиураар миний толгой руу эхэлж цохиход шил нь хагарсан чинь дахин хүрээ төмрөөр нь миний хамар руу цохьчихсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 7-8 дахь тал/,
-Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......тэр гаднаас орж ирсэн залуу нь буудлын өрөөнд байсан усны шилэн сав, архины, толины суурь гээд бүгдийг тэр залуу авч шидээд хагалаад байсан. Аймаар хурдан хөдөлгөөнтэй зодоонч залуу байсан. ...тэр хагарсан архины шил, толины суурь, архины шилийг тэр өрөөнд байсан хүмүүс өөрсдөө өрөөгөө цэвэрлээд бүгдийг нь хогийн саванд хийчихсэн байхыг би маргааш нь буудлынхаа өрөөнүүдийг цэвэрлэж байгаад хогийн саванд нь байсныг нь би гаргаад хаячихсан.” гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.
Иймд ******* ыг 2013 оны 1 дүгээр сарын 31-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ариг” зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж архины шил, шилэн тавиурыг зэвсгийн чанартай хэрэглэж Ч.Н , Ц.А нарыг цохьж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан, мөн шүүгдэгч******* тэй бүлэглэн иргэн Я.Ц ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч******* ийг ******* тай бүлэглэн иргэн Я.Ц ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* ,******* нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэдгээр нь Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. /хэргийн 65. 67 дахь тал/
Хохирогч Ц.А , Ч.Н нар нь “гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн, хохирогч Я.Ц нь 300.000 төгрөг хүлээн авсан нь үнэн, цаашид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн, мөн иргэний нэхэмжлэгч Б.Б 68000 төгрөгний хохирлыг төлсөн нь үнэн гэсэн тодорхойлолт ирүүлсэн байх тул шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарах үед хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч******* нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, бүтэн өнчин 2 дүү бага насны хүүхдийн хамт амьдардаг зэрэг нь, шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч ******* нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирол төлбөр төлбөр төлсөн, 2008 онд гал түймрийн аюулаас 2 хүүхдийн амь насыг хамгаалж “Шударга журам” медалиар шагнагдаж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчиллөө.
Шүүгдэгч ******* ,******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа нь хохирогч Я.Ц ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хохирогч Я.Ц “ манай нөхрийн найз А г шилээр цохьсон нь үнэн. С , Ц нар надтай уулзаж, утсаар ярьж байгаа. Ярих болгондоо шилээр цохиогүй гээд хэлээч гэж байгаа. Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо намайг худлаа мэдүүлэг өгүүлэх гэж яриад тайван байлгахгүй байна. Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би одоо худлаа мэдүүлэг өгч хэрэгтэн болмооргүй байна. Ийм учраас шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн хариу өгсөн болох нь ахлагч Г.Гэлэгжамцийн илтгэх хуудсаар нотлогдож байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт ******* ыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С овогт******* ийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Ц овогт ******* т 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10/ арав/ хоног хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар шүүгдэгч С овогт******* д 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч******* д оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар******* д оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан******* д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг******* д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* д батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ******* т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл*******-д авсан батлан даалтанд өгөх, *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ё.РИНЗААН
Я.ТУУЛ