| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0077/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/67 |
| Огноо | 2013-03-26 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2013/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0077/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ББ.Х т холбогдох 201209000707 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 3 сарын 25-ны өдрийн 68 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 4 сарын 27-ны өдрийн 98 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлснийг Дархан-Уул аймгийн шүүхийн 2009 оны 7 сарын 1-ний өдрийн 61 тоот магадлалаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар гэж өөрчилж, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, Б.Х ын биечлэн эдлэх ялыг 3 жил 10 хоног хорихоор тогтоож, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар өөрчилж байсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 сарын 11-ний өдрийн 68 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 2 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдэж, 2012 оны 1 сарын 11-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ББ.Х /ТА-...../
Шүүгдэгч Б.Х нь 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг .. дүгээр байрны 1-р орцонд найз охин М.Д тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн 2013 оны 1 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 11-р байранд байрлах зочид буудалд иргэн Ж.Д тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Hosbayar99.1.docx
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 1 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Ж.Д тэй буудалд таарсан. 18 дугаар сургуульд манай доод ангид байсан юм. Намайг пиво уухуу? гэхээр нь ууя гээд манай өрөөнд авчирсан. Урд нь манай найзууд гол дээр маргалдаж байсан юм байна лээ. Би тэрэнд чинь хамаагүй гэснээс болж маргаан үүссэн. М.Д ийг орцонд цохисныг тодорхой сайн санахгүй байна. Би тэр үед согтуу байсан. Хохирогч нарт төлбөр төлөөгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
-Хохирогч М.Д ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х бид 2 бага зэрэг маргалдсан ба орцонд орж юм ярилцана гээд хамтдаа 204 байрны эхний орц руу орсон. Тэндээ байхдаа Х нь намайг хардаж, маргалдаж эхэлсэн ба улмаар намайг зодсон. Зодохдоо нүүр рүү 3-4 удаа цохьсон ба намайг явах гэхэд явуулахгүй байсан. Тэндээ хэрүүл маргаан хийж байхад цагдаа нар ирсэн. Тухайн үед цагдаад гомдол санал байна уу? гэхэд нь би гомдолгүй гэсэн ба гэрт очиход манай ээж, эгч 2 намайг хараад цагдаа орж гомдол гаргасан. ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний бие зүгээр байгаа. Би өөрөө гомдол гаргаагүй, ээж эгч хоёр загнаад байхаар нь өргөдөл гаргасан.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,
-Хохирогч Ж.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 1 сарын 30-31-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн найзууд болох Б, А., Т, Т нарын хамт Дархан сумын 4-р багт байрлах буудалд өрөө авч орсон ба нэг нэг пиво ууж байгаад өрөөнд 00 байхгүй болохоор бие засах гээд гарсан ба коридорт Х гэх 10 жилдээ нэг сургуульд явдаг байсан залуутай тааралдсан. Х нь нэг шил архи аваад өг гэсэн ба тухайн буудлаас архи асуухад байхгүй болохоор нь хоёр пиво аваад өрөөнд нь явж ороход тэдний өрөөнд нэг хүүхэн орон дээр нь хэвтэж байсан. Авсан пиво Х бид хоёр уусан ба юм ярилцаж байхад намайг даапаалж дарамталж ярилцаж байсан. 10 жилд байхад манай ангийн Тогоо гэх хүүхэд шинэ пүүз авч голын эрэг орсон. Х д хандаж та нар найз нартайгаа ирээд пүүзийг нь авсан тийм үү? гэж хэлтэл миний хажууд сууж байснаа аан тэгсэн юм уу? гэж хэлээд миний толгой руу шилээр цохиод авсан. ...гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дэх тал/,
-Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...102-ын ерөнхий жижүүрээс 204 байрны 1 орцонд эрэгтэй эмэгтэй хүмүүс зодоон хийгээд байна гэх дуудлагын дагуу очиход тус орцны 4 давхарт Х , Д гэх хоёр хүн байсан ба эмэгтэйгийнх нь нүд хөхөрсөн, үсний офрушик нь хугарч унасан, хоорондоо зодоон хийсэн шинжтэй байсан. Учир байдлыг нь тодруулж асуухад эрэгтэй нь “наадах чинь өөр хүнтэй явалдсан, тэгээд бид хоёр муудалцсан” гэж хэлсэн ба эмэгтэй нь хэлэхдээ “би өмнө нь наад залуутай чинь найзалж байсан. 2-3 хоногийн өмнө салсан. Би өнөөдөр найз нартайгаа сууж байгаад санамсаргүй Х ыг дуудчихсан юм” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,
-Гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...20-30 минутын дараа өөр өрөөнд их чимээ гарсан. Бид нар өрөөнөөс гартал хажуу талын өрөөнөөс Д толгойноос нь цус гарчихсан гараад ирсэн ба араас нь нэг залуугийн гар нь цус болчихсон, араас нь нэг эмэгтэй дагачихсан гарч ирээд банны өрөө рүү орсон. Би тухайн хоёрын араас нь ороод хүний толгой хагалчихсан байна гэхэд ямар нэгэн зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг / хэргийн 27 дахь тал/,
-Гэрч Г.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д орж ирэхдээ Х намайг шилээр цохиод ийм болгочихлоо гэсэн. Бид нар сандраад үүдний хүнээс нь цэвэрхэн алчуур аваад толгойных нь цус гарч байсан хэсэгт нь дараад эмнэлэг явахаар гарцгаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 29 дэх тал/,
-Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хэсэг хугацааны дараа Д буудлын өрөөндөө орж ирэхдээ толгой хэсгээсээ цусаа гоожуулаад орж ирсэн. Намайг Х зодчихлоо гэж хэлээд Д цусаа гоожуулаад орж ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 31-32 дахь тал/,
-Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 35, 41 дэх тал/,
-Хохирогч М.Д ийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 10 тоот актад: ”М.Д ийн биед тархи доргилт, зүүн нүдний
салстын цус харвалт, нүүрний зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” /хэргийн 37 дахь тал/ гэх дүгнэлт,
-Хохирогч Ж.Д гийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 127 тоот актад: ”Ж.Д гийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйх болон зүүн чихний дэлбэнгийн шархнууд, дагзны зүүн хэсэг ба баруун мөрний зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” /хэргийн 45 дахь тал/ гэх дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Х нь 2012 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг .. дүгээр байрны 1-р орцонд найз охин М.Д тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн 2013 оны 1 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 11-р байранд байрлах зочид буудалд иргэн Ж.Д тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Х ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Б.Х ын үйлдсэн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч М.Д нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгсөн, хохирогч Ж.Д нь “гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг өгсөн боловч хэрхэн яаж хохирсон талаар нотлох баримтаа ирүүлээгүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс хохирогч нарт олгох төлбөргүй байх бөгөөд хохирогч Ж.Д нь эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Х нь энэ хэргийн улмаас 2013 оны 2 сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Б.Х ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч ББ.Х т 4 /дөрөв/ сар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Б.Х ын энэ хэргийн улмаас 2013 оны 2 сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Ж.Д нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Х т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ