Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2013/ШЦТ/70

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хэргийн индекс: 171/2012/0075/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******анлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Н.Идэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт ******* т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000081 дугаартай хэргийг 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Б  овогт *******  /РД:..../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаар Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг . дугаар хэсэг .. тоотод оршин суудаг, урьд Сэлэнгэ аймаг дахь ардын хэсгийн 1 дүгээр шүүхийн 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багын нутаг дэвсгэр “Монхөлөг” ХХК-ны хашаанд байрлах иргэн Ж.А ын эзэмшлийн грашид хууль бусаар нэвтрэн орж Зил-130 маркийн авто машины радиатор, аккумлятор, савтай 20 литрийн сүү зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 880.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багын нутаг дэвсгэр “Монхөлөг” ХХК-ны хашаанд байрлах грашид хууль бусаар нэвтэрч Зил-130 маркийн авто машины радиатор, аккумлятор, савтай 20 литрийн сүү зэрэг эд зүйлийг хулгайлсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багын нутаг дэвсгэр “Монхөлөг” ХХК-ны хашаанд байрлах иргэн Ж.А ын эзэмшлийн грашид хууль бусаар нэвтрэн орж Зил-130 маркийн авто машины радиатор, аккумлятор, савтай 20 литрийн сүү зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 880.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

               

 

         D:\My D\My office files\Шийтгэх тогтоол-2013\******* -145.2-70.doc

хохирогч Ж.А ын:...”2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр би машинаа засаж дуусаад хоёр хоногийн дараа ирэхэд миний машин тавьдаг грашийн цоожийг мулт цохиж эвдсэн бололтой байсан. Тэгээд би граш руу ороход машины эд анги алдагдсан байсан. Үүнд Зил-130 машины радиатор, аккумлятор, савтай 20 литрийн сүү зэрэг зүйлс алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-10 дахь тал/

гэрч Б.Х-ын:...”Би Дархан сумын 5 дугаар багт байрлах 26 дугаар авто баазын хашаанд манаачийн ажил эрхэлдэг. 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө би хашаан доторх грашыг эргэж тойроход ямар нэгэн эвгүй зүйл ажиглагдаагүй. Харин маргааш нь А  ах ирээд намайг дуудахаар нь яваад очтол түүний машинаа тавьдаг грашийн цоожийг эвдээд цоожийг нь хол хаясан байхаар нь бид хоёр цагдаа дуудаж хэлсэн юм. Хулгай ордгийн урд шөнө нь цас орсон болохоор гутлын мөр тод үлдсэн байсан. Тэгээд А  ах бид хоёр гутлын мөрийг дагаж яваад 400-500 метрийн зайд байдаг айлын хашаанд тулж ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. “2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ж.А  нь эд зүйл алдсан гэх хэргийн газрын үзлэгээр ирүүлж гэрэл зургаар бэхжүүлсэн 2 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн ******* аас хураан авсан эсгий гутлын улаар үүсгэгдсэн байж болно.
  3. Эсгийн гутлын ултай элэгдэл болон зураглал гэсэн шинж тэмдэгээр тохирч байна” гэсэн дүгнэлт /хэргийн 14 дахь тал/,

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 хос бор өнгийн эсгий гутал зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд Б  овогт ******* ыг агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А  нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж бичгээр мэдэгдсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч ******* аас гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч *******  нь урьд Сэлэнгэ аймаг дахь ардын хэсгийн 1 дүгээр шүүхийн 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан байна.

Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар тэрээр ялгүй болсон байна.

 

Шүүгдэгч *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт ******* ыг агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ******* т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 хос бо өнгийн эсгий гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* т буцааж олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар ******* ын эзэмшлийн энгийн их дөрвөн хантай иж бүрэн гэрийг битүүмжилсэн 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 181 дугаартай тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосонд тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* т мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           

 

        

                          ДАРГАЛАГЧ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      *******АНЛАЙБААТАР