Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­151

 

 

 

     2023            10                 27                                 2023/ШЦТ/­­­­151                                               

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Н,  

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч, хохирогч: Г.П,

Шүүгдэгч, хохирогч: Б.Ө,

Шүүгдэгч, хохирогч Б.Ө-ын өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Г-ийн П, Т овогт Б-ын Ө нарт холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрөг угсралтын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэрийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Жавхлант 3 дугаар баг, Гоёотын 208 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хонгор овогт Гомбодоржийн Пүрэв /Регистрийн дугаар: КИ66072818/.

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, Духтын ус гэх газар оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Төмөр овогт Баянжаргалын Өлзий-Орших /Регистрийн дугаар: КЙ82011073/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Г.Пүрэв, Б.Өлзий-Орших нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Г.Пүрэв, Б.Өлзий-Орших нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Өлзий-Оршихын “... би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3-р багийн Духтын-ус гэх газар хөдөө оршин суудаг. Тухайн өдөр буюу 2023 оны 9 сарын 01-ний өдөр гэртээ ганцаараа байсан. Тухайн өдрийн өглөө Г.Пүрэв над руу утсаар яриад хөдөө явлаа гэхээр нь манайхаар дайраад яв гэсэн тэгээд Г.Пүрэв өдөр 13 цагийн үед байх сайн санахгүй байна. Г.Пүрэв ирэхдээ 0.5 литрийн хараа архи авчирсан байсан тэрийг хоёулаа хувааж уусан тэгээд сумаас Дамчааг Пүрэв утсаар дуудсан тэгээд Дамчаа ирэхдээ ямар нэртэйг нь мэдэхгүй хараа л байсан байх архи авчирсан тэрийг Дамчаа, Пүрэв, бид гурав хувааж ууж байгаад тасраад юу болсныг санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн баруун талын нурууны ар дал хэсгээс цус гараад тогтохгүй байсан. Тэгээд би дүү рүүгээ утсаар ярих шиг болсон Өлзийцэцэг, Минжбулган хоёрын аль нэг рүү нь ярьсан байх. Минжбулганыг Дамчаа очиж авчраад сум руу намайг Дамчаагийн машинтай авч яваад эмнэлэгт хүргэсэн. Тэрнээс хойш санахгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Өлзийцэцэгийн “... 2023 оны 09 сарын 01-ний өдрийн 18 цаг өнгөрөөд ажлаасаа буугаад гэртээ ирээд байж байхад манай охин Минжбулган над руу утсаар залгаад Өлзий-Орших ах хүнд хутгалуулсан байна гэсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход Өлзий-Орших ахын баруун далнаас нэлээн цус гарсан жоохон архи уучихсан байдалтай орж, гарч зөрж яриад байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,     

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Минжбулганы “... би 2023 оны 09 сарын 01-ний өдрийн орой 18 цагийн үед Оюутолгой ХХК-ийн кемпээс гарч ирэхэд Дамчаа манай ажлын Идэрзолбоо гэх залуугаар машинаа бариулахаар Оюутолгой ХХК-ийн үүдэнд ирсэн байсан. Тэгээд би тэр машинд дайгдаад Ханбогд сумын төв рүү явж байтал замдаа Дамчаа надад Өлзий-Орших хутгалуулчихсан гэрээс нь авч явъя гэсэн тэгэхээр нь би хэн хутгалсан талаар асуухад хэлэхгүй байж байгаад 2-оос 3 удаа асуусны дараа Пүрэв хутгалсан гэж хэлсэн тэгээд шууд Өлзий-Орших ахын гэр лүү очсон тэгтэл гэрийнхээ гадаа амбаарынхаа урд хэвтэж байсан /ухаантай байсан/ тэгээд Пүрэв гэдгийн охин нь ирж байгаа аавыгаа авна гэсэн. Тэгээд охин нь удахгүй ирсэн тэгээд би охинд нь Өлзий-Орших ах цус алдаж байна эмнэлэг авч явлаа гэж хэлээд аваад эмнэлэг дээр авчраад шархыг нь цэвэрлүүлж оёдол тавиулаад дүү Баярхүүгийнд хүргэж өгөөд явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Соёлмаагийн “... тухайн үед буюу 2023 оны 09 сарын 01-ний өдөр тухайн асуудал болоход би хажууд нь байгаагүй. Над руу манай аав Пүрэв залгаад ирж ав, намайг хүн дээрэлхээд байна. Би Оюутолгой ХХК-ийн хойно айлд байна гэсэн тэгээд би яваад очсон. Тэгэхэд аав гэрийнх нь гадаа сууж байсан. Нөгөө хүмүүс нь сум явлаа гээд машинд суучихсан байсан. Тэгээд танай аав хутгалсан гээд нэг охин ирж хар гэсэн тэгээд машинд сууж байсан ах дээр очиход баруун далаа нойлын цаасаар дарчихсан сууж байсан. Хутганы шархыг нь би хараагүй, ойр орчим нь цус болчихсон байсан. Би тэгээд аавыг аваад суманд ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Дамчибадгарын “... намайг 2023 оны 09 сарын 01-ний өдөр Ханбогд сумаас 40 км зайтай байдаг Оюутолгой ХХК-ийн орчимд явж байхад миний 88157976 дугаарын утас руу Өлзий-Орших залгаад ойрхон байгаа юм чинь хөдөө гэрт маань хүрээд ир гэсэн. Өлзий-Орших сумаас 30 км зайтай хөдөө монгол гэрт амьдардаг. Тэгээд би машинтайгаа яваад очиход Өлзий-Орших, Пүрэв ах хоёр дундаа нэг шил 0,75 литрийн ерөөл архи задлаад талд нь ортол уучихсан сууж байсан. Тэгээд би ойр зуурын юм яриад сууж байтал тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Б.Өлзий-Орших болохоор Г.Пүрэв ахыг гаднын гуйлгачин гээд л байн байн давтаж хэлээд байсан. Г.Пүрэв ах болохоор Б.Өлзий-Оршихыг чи муу бөөс гэх зэргээр хэлээд байсан. Тэгээд бие засах гээд гурвуулаа гарахад улаан иштэй жижиг хүрц гэрийн баруун урд талд ойрхон харагдаж байсан. Тэр хүрзийг Б.Өлзий-Орших аваад Г.Пүрэв ах руу далайгаад байсан тэгэхээр нь би хүрзийг нь салгаад авах хооронд Г.Пүрэв ахын мөрөн дээр хальт цохиод авсан. Тэгээд гэрт ороод Г.Пүрэв ахыг зүүн талын орон дээр сууж байхад Б.Өлзий-Орших газар хэвтэж байснаа босож ирээд чи муу юу гээд байгаа юм гээд зүүн гараараа нэг удаа баруун чамархай хэсэгт нь цохисон тэгээд би голоор нь хөгшин хүнийг цохилоо гээд Б.Өлзий-Оршихыг загнаад аваад гарсан. Тэгтэл гэрийн гадаа Б.Өлзий-Орших бид хоёр байж байтал Г.Пүрэв ах араас хутга бариад гарч ирэхээр нь хутгыг нь авах гэж нэг хэсэг ноцолдсон тэгээд дийлээгүй алдсан чинь Б.Өлзий-Орших цаашаа зугтахад нь араас нь баруун далны ар хэсэгт нэг удаа баруун гараараа далайгаад дээрээс нь доош чиглэлтэй хутгалсан тэгээд Б.Өлзий-Орших хол очоод суучихсан. Тэгээд Г.Пүрэв ах хутгаа бариад гүйцээнэ энэ тэр гээд үглээд яваад байсан тэгээд Г.Пүрэв ах барьж байсан хутгаа гутлынхаа түрүүнд хийчхээд зогсоод байхаар нь би гэнэдүүлж байгаад хутгыг нь аваад түмбүшкэн доогуур нуусан. Ойр орчимд байсан өөр хутга зэргийн юмыг нуусан. Тэгээд дараа нь гурвуулаа эвлэрээд юм ярьж суусан тэгэхдээ үлдсэн жоохон юмаа гаргаж ирээд хувааж уусан. Би тэрнээс нь нэг л татсан. Тэгээд Оюутолгойгоос хүн авах ёстой байсан тийшээгээ явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11293 дугаартай “1. Б.Өлзий-Оршихын биед нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Пүрэвийн “... би 2023 оны 09 сарын 01-ний өдөр Ханбогд сумын төвөөс Оюутолгой ХХК-руу виза карт авах ажлаар БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклтой яваад 11 цаг өнгөрөөд очсон тэгээд нэг дор ажиллаж байсан Б.Өлзий-Оршихтой тухайн өдрийн өглөө утсаар ярихад хөдөө гэртээ байна. Хэдэн өдөр архи уусан үхэх гэж байна нэг шил архи авчраач гэсэн тэрийг нь би сумын төвийн Нарлаг дэлгүүрээс ерөөл нэртэй 0,75 литрийн архи авсан байсан. Тэр архиа өвөртлөөд явж байсан тэгээд Оюутолгой орчхоод буцах замдаа Б.Өлзий-Оршихынд очсон. Тухайн үед Б.Өлзий-Орших ганцаараа байсан. Тэгээд Б.Өлзий-Орших бид хоёр архиа хувааж уусан. Тэгтэл Б.Өлзий-Орших гайгүй сайхан боллоо гэсэн тэгэхээр нь би Гогийн дэлгүүр ороод авъя гээд би ганцаараа өөрийнхөө мотоциклтой очиж 0,75 литрийн 1 шил ерөөл архи аваад буцаж Б.Өлзий-Оршихынд ирээд хоёулаа хуваагаад ууж байхад Дамчи гэх залуу ирсэн байсан. Тэгээд Б.Өлзий-Орших маргалдаж эхэлсэн. Намайг гаднын цагаач, гуйлгачин гэсэн тэхээр нь би цагаач гуйлгачин байж болно тэгэхдээ тэгж даварч болохгүй чи зүгээр байгаарай гэж хэлсэн. Тэгээд намайг гэрийнх нь орон дээр сууж байхад Б.Өлзий-Орших босож ирээд миний баруун чамархай хэсэгт цохисон тэгээд Дамчи голоор орж ирсэн тэгээд би нэг хэсэг зүйлээ санахгүй байгаа тэгсэн гэрийн гадаа надад Дамчи та Б.Өлзий-Оршихыг хугалчихлаа гэсэн тэгэхээр нь би үгүй байлгүй дээ гэсэн тэгээд надад хутга харуулсан. Б.Өлзий-Оршихын далнаас цус гарч байсан тэгээд би нойлын цаасаар дарсан. Би тэгээд болохоо болилоо гээд хүүхдээ дуудаад, Өлзий-Орших дүүгээ дуудаад манай охин Соёлмаа ирж намайг аваад явсан. Б.Өлзий-Орших Дамчигийн машинтай нэг эмэгтэй дүү нь ирчихсэн тэгээд эмнэлэг явлаа гээд явсан. ... бид хоёр нэлээн согтолттой байсан. ... Дамчибадгар эрүүл байсан. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ... хэрүүл маргаан, зодоон болоход Дамчибадгар, Өлзий-Орших бид гурав л байсан. ... Ханбогд сумын Жавхлант багийн Духт гэх газар Б.Өлзий-Оршихын хөдөө гэрт болсон. Сумын төвөөс 30 км зайтай. ... хөнгөн гэмтэл учирсан гэсэн тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаартай “1. Г.Пүрэвийн биед духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүгдэгч Г.Пүрэв, Б.Өлзий-Орших нар нь бие биеийнхээ эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл байна. Уг гэмт хэрэг нь бодит хохирол шаардах хөнгөн гэмт хэрэг юм.

  Шүүгдэгч Г.Пүрэв, Б.Өлзий-Орших нарыг өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч Г.Пүрэвийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Өлзий-Оршихын бие, эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг болон шүүгдэгч Б.Өлзий-Оршихын гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Пүрэвийн бие, эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо тус тус шалтгаант холбоотой байна.

  Шүүгдэгч Г.Пүрэв, Б.Өлзий-Орших нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Г.Пүрэв нь хохирогч Б.Өлзий-Оршихын бие эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 159 дэх тал/

 Хохирогч Г.Пүрэв нь шүүгдэгч Б.Өлзий-Оршихоос хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч нар ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

  Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.  

   Шүүгдэгч Г.Пүрэвт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Г.Пүрэв нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 105 дахь тал/

   Шүүгдэгч Б.Өлзий-Оршиход эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

   Иймд, шүүгдэгч Г.Пүрэв, Б.Өлзий-Орших нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт нь 11 см, бариулын урт нь 10 см, нийт 21 см урттай хар өнгийн бариултай хутгыг шүүгдэгч Г.Пүрэв нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хонгор овогт Гомбодоржийн Пүрэв, Төмөр овогт Баянжаргалын Өлзий-Орших нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пүрэв, Б.Өлзий-Орших нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пүрэв, Б.Өлзий-Орших нарт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч Г.Пүрэв нь хохирогч Б.Өлзий-Оршихын эмчилгээний хохирол төлбөрт 1,200,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Г.Пүрэв нь шүүгдэгч Б.Өлзий-Оршихоос хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч нар ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт нь 11 см, бариулын урт нь 10 см, нийт 21 см урттай хар өнгийн бариултай хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пүрэв, Б.Өлзий-Орших нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАТМӨНХ