Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2026/0392

 

 

 

 

                                                                                           

 

                                            

А.Дийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2026/0052 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: А.Д

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө

Хэргийн индекс: 110/2026/0035/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэлийн шаардлага:

1. “А.Дд өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, А.Дд  2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.1. Нэхэмжлэгч А.Дийн  өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас  татгалзсан хариу өгснөөр уг шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын  дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд   2026 оны 02 дугаар  сарын 05-ны өдөр гомдол гаргасан байна.

2.2. Тус зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар тогтоолоор А.Дээс ирүүлсэн малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд, түүний ажиллаж байсан Дэлүүнсумын Д-39 нэгдэл нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул тус оныг ажилласан жилд нь оруулан тооцох боломжгүй ба 20-иос доошгүй жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх гэх  шаардлагыг хангахгүй тул  өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй  гэж  шийдвэрлэснээр  2026 оны 02 дугаар  сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2026/0052 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.Дд өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, А.Дд  2026 оны 02 дугаар   сарын  05-ны өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж” шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

 “...Тус шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байгаа үндэслэл нь нэхэмжлэгч А.Дийг иргэний хэргийн анхан шатны шүүхээс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж малчин байсан гэж тогтоосон ч 1992 онд “Д-39” нэгдэл нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т зааснаар “Ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хороолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдоно” гэж заасан. Тухайн аж ахуйн нэгж нь цалингийн цангаас 13.5% шимтгэл тэтгэврийн даатгалд төлөөгүй тул 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан гэж үзэх боломжгүй. Д-39 нэгдлээс А.Дйн 1992 оны ажилласны хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш гэсэн үүнээс болж нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулж байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгч А.Дээс “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг “Баян-Өлгий аймгийн Дэлүүн  сумын Д-39 нэгдлээс  1992 оны нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд  төлсөн баримт байхгүй хэдий ч нэхэмжлэгч А.Дийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Д-39 нэгдэлд малчнаар ажилласан нь  хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон  бөгөөд 1992 оны нийгмийн даатгалын шимтгэлийг  тус нэгдэл нь ажил олгогчийн хувиар заавал төлөх үүрэгтэй байсан, мөн  уг хугацааг  тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор тус тус  хуульчилжээ... ажил олгогч шимтгэл төлөөгүй буруутай” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. 

3.1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно: 23.1.2.ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа” гэж заасан.

 3.2. Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрээр[1] нэхэмжлэгч А.Д нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн  сумын Д-39 нэгдэлд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  малчнаар ажилласан болох нь тогтоогдсон байна.

3.3.Энэ нь дээрх хуульд заасан 2 нөхцөлийн нэг ажилласан байх хугацааны шаардлагыг нэхэмжлэгч хангасныг нотолж байх боловч нөгөө нөхцөл болох мөн хугацаанд “шимтгэл төлсөн” байх шаардлагыг хангаагүй, ажил олгогч Д нэгдэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан БНМАУ-ын нийгмийн даатгалын шимтгэлийн тухай 1991 оны хуулийн[2] дагуу 1992 оны шимтгэлийг төлөөгүй байна.

3.4. Уг хуулийн 6 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, үүрэг бүхий этгээд энэ хуулийг зөрчвөл санхүүгийн болон нийгэм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ: 1) шимтгэл ногдуулах цалингийн болон хөдөлмөрийн хөлсний сангийн хэмжээг санаатайгаар бууруулж мэдээлсэн буюу нуун дарагдуулсан зэргээр хугацаанд нь төлөөгүй, эсхүл дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж гэм буруутай этгээдэд энэ зүйлийн 3-т заасан торгуулийг оногдуулна” гэж зааснаас үзвэл ажил олгогчийн шимтгэл төлөлтөд нийгмийн даатгалын байгууллага хяналт тавьж нөхөн  төлүүлэх атал уг үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар тэтгэвэр тогтоолгох боломжгүйд хүрчээ.

3.5. Нийгмийн шилжилтийн үед төрийн байгууллага, үйлдвэр, нэгдэл зэргийн үйл ажиллагаа доголдож татан буугдах, өөрчлөгдөх, зогсох зэрэг үзэгдэл элбэг байсантай холбоотой тухайн үеийн иргэдийн ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаа тасалдаж тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч хуульд заасан болзол нөхцөлийг баримтаар тогтоох боломжгүй болсонтой холбоотой Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай 2012 оны хууль батлагдаж 2020 он хүртэл мөрдөгдсөн боловч нэхэмжлэгч хамрагдах боломжгүй байжээ.

Учир нь уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэн хамаарна: ...” гэж заасан тул нэхэмжлэгчийн 1992 онд малчнаар ажиллаж байсан нь “ажил эрхлээгүй” гэх нөхцөлийг, “1992 онд ажил олгогч шимтгэл төлөөгүй” гэх нөхцөл нь хуульд заасан 1995-2000 он гэх хугацаанд хамаарахгүй учраас энэ хуулийн дагуу нөхөн төлж баталгаажуулах боломжгүй, өөрөөр хэлбэл нийгмийн шилжилтийн үеийн хуулиар зохицуулагдалгүй үлдсэн байна.

3.6. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор баталсан /2024.1.01-ний өдрөөс хүчингүй болсон/ “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам" -ын 3.1-д “Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно: 3.1.1. даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг ... шүүхийн шийдвэр);” гэж зааснаар ажилласан хугацааг шүүхийн шийдвэрээр тогтоолгосон нь хамаарч байна.

3.7. Харин шимтгэл төлсөн хугацааг тодорхойлоход энэ журмын “3.1.2. даатгуулагч 1991-1994 оны хооронд хувиараа мал малласан бол ...” гэж, 3.1.3-т “даатгуулагч Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991-1994 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан бол ...” гэх нөхцөлүүд биш тул уг журмаар нэхэмжлэгчийн “1992 онд малчнаар ажилласан боловч ажил олгогч төлөөгүй” нөхцөлийг шимтгэл төлсөнд тооцох талаар зохицуулаагүй байна.

3.8. Эдгээрээс үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэхээр байна.

3.9.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “шударга ёс, тэгш байдлыг хангах” төрийн үйл ажиллагааны зарчим, мөн хуулийн Арванзургадугаар зүйлийн  5-д заасан “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нийгмийн шилжилтийн үед амьдарч, 1992 онд ажил хөдөлмөр эрхэлж байсан этгээдийн хувьд ижил үед ажиллаж амьдарч байсан иргэдийн адил өөрөөс нь үл хамаарах шалтгаан буюу ажил олгогчийн төлөөгүй, төлөх боломжгүй болсон /татан буугдсан/ нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөнд тооцуулж, зохих журмаар өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байна.

3.10. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Д-39 нэгдлээс А.Дийн 1992 оны ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш гэсэн үүнээс болж нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулж байгааг анхаарах нь зүйтэй...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

5. Нэхэмжлэгч нь “1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөнд тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэлтэй маргасан тул энэ хүрээнд тус шүүх дүгнэлт өгсөн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2026/0052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                                      Д.ОЮУМАА

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ЛХАГВАСҮРЭН

 

             ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

 

[1] 1-р хавтас -9-11-р хуудас.

[2] Төрийн мэдээлэл 1991 он, №3