Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

             Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Иргэдийн төлөөлөгч Н.Навчинцэцэг,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Хохирогч Д.Чимэддолгор,

Шүүгдэгч Э.Нямсүрэн, түүний өмгөөлөгч О.Батсүх /1970/,

Шүүгдэгч Н.Гантулга, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг /0261/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Эрдэнэхүүгийн Нямсүрэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар-Усныхан овогт Норовсамбуугийн Гантулга нарт холбогдох эрүүгийн 201626022804 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ДЦС-3 машинист ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Өнөр хороолол 20 байр 30 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, Их Монгол овгийн Эрдэнэхүүгийн Нямсүрэн /РД: УК91062313/.

           

2. Монгол улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 100 айлд барилгын материалын Алтаншагай худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 6, аав, ээж эхнэр хүүхэд дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11-р хороо Алтайн 25-55 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн 4-р хороо Голден Парк Энхтайваны өргөн чөлөө гудамж 104 байр 203 тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, Хар-Усныхан овгийн Норовсамбуугийн Гантулга /РД:УС98062112/.

 

Яллах дүгнэлтэд бичсэнээр үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Нямсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өүшин” бааранд иргэн Д.Чимэддолгорыг “найз Б.Содбаяр бүжгийн талбайд болон 00 өрөөний орчим явж байхад нь өгзөгнөөс нь базах зэргээр өдөөн хоргоож” зүй бус үйлдэл гаргасаныг мэдсээр байж таслан зогсоолгүй, улмаар хохирогчийн андуурч алгадсан үйлдэл болох үл ялих зүйлээр шалтаглан, олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн өсгөгч, ном бүхий цүнхээр толгой руу нь цохиж биед нь ар дагзанд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, цүнхийг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан,

Шүүгдэгч Н.Гантулга нь 2016 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өүшин” бааранд эхнэр Н.Мөнхзаяа болон иргэн Д.Чимэддолгор нарыг авч явахаар ирсэн байхдаа Э.Нямсүрэн нь Д.Чимэддолгорын толгой руу цүнхээр цохиж байгааг харж, Э.Нямсүрэнгийн үйлдлийг таслан зогсоохоор шаардлага тавьж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гантулга мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн ба улсын яллагчийн уншсан яллах дүгнэлтэд тодорхой байх тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Э.Нямсүрэн мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өүшин бааранд Содбаяр ахын хамт ороод 50 грамм архи, 1 пиво авч ууцгаасан. Тэнд найзуудтайгаа таарч нэг ширээнд суусан. Тухайн ширээнд өөр хэдэн охидыг шахаж суулгасан. Нэг эмэгтэйг нь босоод явах үед Содбаяр ах хүрсэн юм шиг байна лээ. Содбаяр ах мөн 00 үүдэнд өдөөн хоргоосон юм шиг байна лээ. Тэр үед нь би байгаагүй. Бид нар нэлээн согтсон бөгөөд тооцоогоо хийгээд гарах үед Чимэддолгортой таарсан бөгөөд Содбаяр ах миний урд явж байсан ба яг яасныг хараагүй. Чимэддолгор эргэж хараад яагаад байгаа юм бэ гэхээр нь яасан гээд маргасан. Чимэддолгор намайг алгадахаар нь гарыг нь болиулах гээд савахдаа цүнхээрээ толгойнд нь цохисон байсан. Тэгтэл Гантулга ирээд намайг цохьсон. Тухайн үед үл ойлголцол болоод цохьсон байсан.

Тухайн үед Гантулга намайг цохьсон ба бид хоёр эвлэрсэн тул гомдол, саналгүй” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Чимэддолгор мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 28-ны орой 22 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өргөө кинотеатрын замын урд талд Смарт худалдааны төвийн баруун талд байх Өүшин бааранд найз Мөнхзаяа, Батцэцэг, Мөнхзаяагийн найз охин гэх Зулаа гэдэг эмэгтэй нарын хамт орсон. Бид 4 нэг шил 0.5 архи, 1 жүүс авсан. Тэгээд бүжиглэх гээд босоод бүжгийн талбай дээр гарахад нэг танихгүй залуу миний өгзөгнөөс базахаар нь би эргэж хараад “тэнэг юм уу хаашаа юм” гэж хэлээд өөр газар очин бүжиглэсэн. Тэгээд бид бааранд 40 орчим минут болоод гарах гэж байхад баарны дотор гарах хаалганы дэргэд зогсож байхад араас нөгөө залуу өгзөгнөөс базахаар нь эргэж хараад алгадтал хажууд нь байсан Нямсүрэнг алгадчихсан.

Тэгтэл Нямсүрэн миний толгой руу цүнхээрээ цохьсон чинь миний толгой хагарсан. Тэгтэл дотроос манай найзууд гарч ирсэн  ба Мөнхзаяагын нөхөр Гантулга баарнаас гарч ирээд тэр залууг эмэгтэй хүн зодлоо гээд нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Тэгээд намайг цохьсон залуу, манай найзын хамт гэмтлийн эмнэлэг явж оёдол тавиулсан. Нямсүрэн надад учирсан хохирол болох 770.000 төгрөгийг төлж барагдуулсан ба бид хоёр сайн дураараа эвлэрсэн” гэв.

 

Гэрч Н.Батцэцэг мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 28-ны орой ...Чимэддолгор, Мөнхзаяа, Зулаа бид нар “Өүшин” нэртэй бааранд 23 цагийн орчим орж 500 гр хэмжээтэй нэг шил Чингис архи авч хувааж ууж байгаад бүжиглэж байхад Мөнхзаяагийн нөхөр Гантулга ирээд хүүхэд уйлаад байна гэхээр нь бид нар гарч явахаар болсон. Чимэддолгор бид нараас түрүүлж гараад харин Мөнхзаяа, Зулаа, Гантулга бид дөрөв 00 өрөө орчихоод гараад иртэл гадаа Чимэддолгорын толгойноос цус гарчихсан зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад тэнд зогсож байсан нэг залууг заагаад “энэ намайг цүнхээр толгойд цохьсон” гэхэд Гантулга Чимэддолгорыг өмөөрч тэр залуугийн нүүрэн тус азарт нэг удаа гараараа цохиод тэгээд бид тэдний голоор орж салгасан. Үүний дараа би цагдаа түргэн дуудсан. Цагдаа нар ирээд нөгөө залууг авч явсан харин бид Чимэддолгорын хамт эмнэлэг явсан.

Бааранд бүжиглэж байхад Чимэддолгор ямарч хүнтэй маргалдаагүй гэж бодож байна. Бид нар бүжиглэж байхад Гантулга ирээд явахаар болсон.

Чимэддолгорын толгойг хагалах үед мөн тэр залуутай маргах үед бид нар дэргэд нь байгаагүй гарч ирэхэд ийм асуудал болсон байсан. Харин дараа нь Чимэддолгор хэлэхдээ уг залуутай хамт явсан нэг ах Чимэддолгорын бөгсийг базаад байхаар нь Чимэддолгор гэж гаж донтой юм уу гэж хэлтэл хамт явсан хүн нь толгой руу нь цүнхээр цохьсон гэж байсан.

Бид нартай ямар ч эрэгтэй хүн яваагүй, харин Мөнхзаяагийн нөхөр Гантулга ирсэн байсан. Бид нартай Гантулгаас өөр ямар ч эрэгтэй хүн байгаагүй тэгээд ч бид нарыг баарнаас гарч ирэхэд гадаа Чимэддолгорын толгойноос цус гарчихсан байсан чухам яагаад тэр залуутай маргалдсан гэдгийг би мэдэхгүй” гэжээ. /хав 29/

 

Гэрч Н.Мөнхзаяа мэдүүлэхдээ: “ ...манай нөхөр Гантулга намайг авах гээд бааранд ирсэн ба хүүхэд уйлаад байна гэхээр нь явахаар болоод бид хамт 00 өрөө ороод гарч иртэд Чимэддолгорын араас нэг залуу цүнхээрээ цохиж байхаар нь манай нөхөр хараад тэр залууг очин салгахад уг залуу манай нөхөр лүү агсараад ална, зодно гээд дайраад байсан ба тэр залуу миний нэрийг хэлээд “би Мөнхзаяатай үерхэж байсан, Мөнхзаяа хаана байна” гээд орилоод байхаар нь манай нөхөр уурлаад тэр залууг чи яаж манай эхнэрийг таньдаг юм гээд тэр залуугийн нүүрэн тус газарт нэг удаа цохиод бид нар дундуур нь орж салгасан. Харин тэр залуу бид нар луу агсараад янз бүрийн үгээр хараагаад байхаар нь бид нар цагдаа дуудсан.

Би тэр залуу огт танихгүй, өмнө нь харж байгаагүй.

Бааранд бид нар хэнтэй  ч маргаагүй зүгээр бүжиглэж байгаад гарсан гэтэл гадаа Чимэддолгорыг нэг залуу цүнхээрээ толгойн тус газарт нь савж цохиж байсан яагаад тэр залуу Чимэддолгорыг цүнхээрээ цохих болсон талаар мэдэхгүй байсан” гэжээ. /хав 30 хуу/

  

Гэрч С.Содбаяр мэдүүлэхдээ: “...Би бүжиглэж байсан эмэгтэйчүүдийн бөгсийг базсан талаар сайн санахгүй байна. Би тухайн үед ажлын хувцастай явж байсан болохоор босож бүжиглээгүй байх гэж бодож байна. ..ямар ч байсан Нямсүрэнгийн найз нартай бааранд таарсан гэдгээ санаад байна. Би санахгүй байна учир нь их согтуу байсан гэхдээ би хүнд зодуулсан гэхээр шинж байгаагүй. Миний биед гэмтэл учраагүй зүгээр байсан” гэжээ. /хав 31 хуу/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14928 дугаартай дүгнэлтэд: 1. Д.Чимэддолгорын биед ар дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэрэг болсон гэх 2016.10.28-ны өдөр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нөлөөлөхгүй гэжээ. /хав 10 хуу/

 

                        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15726 дугаартай дүгнэлтэд: 1.Э.Нямсүрэнгийн биед баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй гэж дүгнэжээ. /хав 15 хуу/

 

            Хохирогч Д.Чимэддолгорын хохирлын баримт, эмнэлэгт үзүүлсэн баримт /хав 11-13 хуу/

            Шүүгдэгч Э.Нямсүрэнгийн 240,000 төгрөгийн эмчилгээ хийсэн гэх баримт, эмнэлэгт үзүүлсэн баримт /хав 16,17-18 хуу/

            Хохирогч Д.Чимэддолгорт 400,000 төгрөг төлсөн гэх тэмдэглэл /хав 23 хуу/

            Шүүгдэгч Э.Нямсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 51,53 хуу/

            Шүүгдэгч Н.Гантулгын иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 58,64 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

                        Шүүхийн дүгнэлт: 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Нямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн бодит байдлыг дүгнэн үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө шүүгдэгч Э.Нямсүрэн нь бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг зөрчсөн ямарваа нэг үйлдэл гаргаагүй бөгөөд хохирогчийн зүй бус үйлдэл буюу шүүгдэгчийг бусадтай андуурч алгадах, хэл амаар доромжлох, түлхэх зэрэг үйлдэл хийсний улмаас гартаа барьж явсан жижиг цүнхээрээ цохиж хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн зүй бус харьцаа, хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч хариу үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д заасан танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн улсын яллагч нь шүүгдэгч Э.Нямсүрэнг “бусдыг өдөөн хоргоож, олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн өсгөгч, ном бүхий цүнхээр толгой руу нь цохиж биед нь ар дагзанд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, цүнхийг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан” гэж ял сонсгож яллагдагчаар татсан атлаа шүүгдэгчийн үйлдсэн хэргийн сэдэлтийн талаар яллах дүгнэлтэд “иргэн Д.Чимэддолгорыг найз Б.Содбаяр нь бүжгийн талбайд болон 00 өрөөний орчим явж байхад нь өгзөгнөөс нь базах зэргээр өдөөн хоргоож зүй бус үйлдэл гаргасаныг мэдсээр байж таслан зогсоолгүй, улмаар хохирогчийн андуурч алгадсан үйлдэл болох үл ялих зүйлээр шалтаглан, олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн өсгөгч, ном бүхий цүнхээр толгой руу нь цохиж биед нь ар дагзанд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, цүнхийг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан” гэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд дээрх байдлаас үзэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлтийг яллах дүгнэлтэд ашигтай байдлаар дүгнэжээ.

 

Түүнчлэн прокуророос яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Нямсүрэнг иргэн Д.Чимэддолгорыг найз Б.Содбаяр нь бүжгийн талбайд болон 00 өрөөний орчим явж байхад нь өгзөгнөөс нь базах зэргээр өдөөн хоргоох зүй бус үйлдэл гаргасаныг мэдсээр байж таслан зогсоолгүй” гэж дурдсан нь ямар баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй хийсвэр дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл хөнгөрч байх тул гэмт хэргийн сэдэлтийг зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Э.Нямсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өүшин” бааранд иргэн Д.Чимэддолгортой бүжгийн талбайд болон 00 өрөөний орчим явж байхад нь өгзөгнөөс нь базах зэргээр өдөөн хоргоолоо гэх үндэслэлээр андуурч алгадсан үйлдлээс болж маргалдан түүний толгойн тус газар өсгөгч, ном бүхий цүнхээр цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,  

Шүүгдэгч Н.Гантулга нь 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд  шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өүшин” бааранд Э.Нямсүрэнгийн Д.Чимэддолгорын толгой руу цүнхээр цохьсон гэх үйлдлийн улмаас маргалдан Э.Нямсүрэнгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Э.Нямсүрэн, Д.Чимэддолгор нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хав 25/, гэрч Н.Батцэцэг /хав 29/, Н.Мөнхзаяа /хав 30/, С.Содбаяр /хав 31/ нарын мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14928 /хав 10/, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15726 дугаартай дүгнэлт /хав 15/, хохирогч Д.Чимэддолгорын хохирлын баримт, эмнэлэгт үзүүлсэн баримт /хав 11-13/, шүүгдэгч Э.Нямсүрэнгийн 240,000 төгрөгийн эмчилгээ хийсэн гэх баримт, эмнэлэгт үзүүлсэн баримт /хав 16,17-18/, хохирогч Д.Чимэддолгорт 400,000 төгрөг төлсөн гэх тэмдэглэл /хав 23/, шүүгдэгч Э.Нямсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 51, 53/, шүүгдэгч Н.Гантулгын иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 58, 64/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

            Иймд шүүгдэгч Э.Нямсүрэн, Н.Гантулга нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Нямсүрэн нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Н.Гантулга, Э.Нямсүрэн нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилган үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

           

            Гэхдээ шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч Э.Нямсүрэнгийн “…Н.Гантулгад санал, гомдолгүй, сайн дураараа эвлэрсэн” гэх, хохирогч Д.Чимэддолгорын “…Э.Нямсүрэнд гомдолгүй, сайн дураараа эвлэрсэн” гэсэн тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Н.Гантулга, Э.Нямсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Д.Чимэддолгор, Э.Нямсүрэн нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдлаа.

 

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Нямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг өөрчилж мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

            2. Шүүгдэгч Их Монгол овогт Эрдэнэхүүгийн Нямсүрэн нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Хар-Усныхан овогт Норовсамбуугийн Гантулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

            3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Хар-Усныхан овогт Норовсамбуугийн Гантулга, Их Монгол овогт Эрдэнэхүүгийн Нямсүрэн нарын тус бүрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Д.Чимэддолгорт 770.000 төгрөгийн, Э.Нямсүрэнд 140.000 төгрөгийн хохирол тус тус төлөгдсөн, шүүдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар цүнх, өсгөгч, ном зэргийг эзэмшигч Э.Нямсүрэнд буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Э.Нямсүрэн, Г.Гантулга нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Э.Нямсүрэн, Г.Гантулга нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

 

                        ШҮҮГЧИД                                                            Ч.ОТГОНБАЯР

 

 

 

                                                                                               А.АЛТАНХУЯГ