Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00947

 

                                               ****ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00499 дүгээр шийдвэр, 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00057 дугаар магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

****, **** нарт холбогдох 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,940,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****, **** нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,940,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00499 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан хамтран хариуцагч ****аас 2,940,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, хариуцагч ****ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00057 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00499 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ****аас 2,940,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, хамтран хариуцагч ****д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ****ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,990 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ****аас 61,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хамтран хариуцагч ****ы давж заалдах гомдлын зарим хэсгийн хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хамтран хариуцагч ****ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,990 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар гомдол гаргаж байна. ХААН банкны Баян-Өлгий салбарт теллер ажилтай **** нь миний өөр хүнд шилжүүлэхээр өгсөн 47,940,000 төгрөгийг 2018.12.20-ны өдөр ****ы 5013066018 тоотдансанд андуурч хийсэн асуудал гаргасан. **** нь уг мөнгөнөөс 2,940,000 төгрөгийг ****аас авах авлагатай гэсэн шалтгаанаар өөртөө авч үлдсэн байх бөгөөд ****ы ашигласан 2,940,000 төгрөгийг алдаатай гүйлгээ хийсэн буруутай албан тушаалтан буюу банкны теллер **** нь надад төлж өгсөн. Ингэснээр хамтран хариуцагч **** ямар нэгэн баримт нотолгоогүйгээр 2,940,000 төгрөгийг өөрөө ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан ****ийн үндэслэлгүй нэхэмжилсэн 2,940,000 төгрөгийг надаас гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч **** нь 47,940,000 төгрөгийг андуурч ****ы дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа ба **** надаас 2,940,000 төгрөгийн авлагатай гэх боловч энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх ямар нэгэн баримтгүйгээр ****, **** нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Харин тухайн үед ХААН банкны Баян-Өлгий салбарын теллерээр ажиллаж байсан **** нь миний мөнгийг буруу шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч үлдсэн 2,940,000 төгрөгийг төлж өгсөн боловч хамтран хариуцагч **** нь ХААН банкны Баян-Өлгий салбараас андуурч шилжүүлсэн 47,940,000 төгрөгөөс 45,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэн өгч үлдсэн 2,940,000 төгрөгийг буцаан шилжүүлээгүй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Нэгэнт **** өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч 2,940,000 төгрөгийг надад төлж өгч намайг хохиролгүй болгосон атлаа дараа нь уг мөнгийг надаас буцаан нэхэмжилж, хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж 2,940,000 төгрөгийг хамтран хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн.

4.1. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаж ****ыг хамтран хариуцагчаар оролцуулсан ба маргаан бүхий 2,940,000 төгрөгийг нэхэмжлэгч надад төлж өгснөөр уг мөнгийг нэхэмжлэгч **** ****аас нэхэмжлэх эрх нь үүссэн байхад давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь уг мөнгийг хамтран хариуцагчаас шаардах эрхгүй...” гэж буруу дүгнэлт хийжээ. Энэ хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байгаа **** алдаатай хийгдсэн гүйлгээг эзэнд нь буцаан шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв надаас авах авлагатай гэвэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн тусдаа нэхэмжлэл гаргах ёстой байсан. Иймд миний гомдлыг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн утга бүхий гомдлыгхангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

6. Анхан шатны шүүх ****аас 2,940,000 төгрөг гаргуулан ****д олгож,  ****ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад ****аас 2,940,000 төгрөг гаргуулан ****д олгож, ****д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон өөрчилжээ. 

7. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаас хэргийн үйл баримтыг зөрүүтэй тогтоосны улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

8. **** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2018.12.20-ны өдөр Хаан банкны тооцооны төвд теллерээр ажиллаж байхад **** надад ирж үйлчлүүлсэн. Миний бие андууран гүйлгээ хийж, түүний Хаан банкны 5180256255 тоот данснаас 47940000 төгрөгийг ****ы ХААН банкны 5013066018 тоот дансанд шилжүүлсэн байсан. ... **** нь тухайн өдөр ****тай утсаар холбогдож дансанд буруу мөнгө орсныг тайлбарлан даруйхан буцааж шилжүүлэхийг шаардсан боловч **** нь ...шилжүүлэн өгч 2,940,000 төгрөг үлдсэн байсан. **** ...яаралтай 2,940,000 төгрөг надад олж өг гэж шаардсан тул 2,940,000 төгрөгийг төрсөн ах А.Адилмуратаас зээлж аваад ****ад өгсөн. ****аас үлдэгдэл мөнгөө шаардсан боловч ****аас авах өр, төлбөр тооцоотой байсан, би 2,940,000 төгрөгийг өгөхгүй хэмээн тайлбар хэлээд шилжүүлэхээс татгалзсан. **** нь тухайн үед надад ****д өглөгтэй гэдгийг нууж, надаас 2,940,000 төгрөг авч явж намайг хохироосон. ...2,940,000 төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэж тодорхойлжээ.

9. Хариуцагч **** “...Ж.Болдсайхан ****аас авах авлагаа авсан гэж хэлсэн гэж үндэслэлгүй худал бичсэн байна. ...Миний бие ****ээс илүү мөнгө аваагүй. Тухайн үед шилжүүлгийг зөв хийсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Түүний нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, 

10. Хариуцагч Ж.Болдсайхан “...Миний бие тухайн үед ****ад өгсөн барааны мөнгөө түүнтэй ярьж тохирсны дагуу авч үлдсэн. Хэрэв **** уг мөнгийг надад өгөх ёсгүй байсан гэж байгаа бол уг асуудлаараа надтай заргалдах хэрэгтэй. Харин би нэхэмжлэгч ****ийн өмнө хууль болон гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцсэн байна. 

11. **** Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын тооцооны төвд теллерээр ажиллаж байхдаа ****ын 47,940,000 төгрөгийг андуурч ****ы данс руу шилжүүлсэн, ****аас 3 удаагийн гүйлгээгээр бүгд 45,000,000 төгрөгийг **** буцаан авсан, үлдсэн 2,940,000 төгрөгийг нэхэмжлэгч бусдаас зээлж авч **** руу шилжүүлсэн үйл баримт зохигчийн тайлбар, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогджээ. Энэ талаар талууд маргаагүй болно. 

12. **** нь 47,940,000 төгрөгийг ****д шилжүүлэн өгөх хүсэл зоригийн илэрхийллийг агуулаагүй байхад **** нь ажил үүргийн хувьд гүйлгээ хийхдээ алдаа гаргаж ****ы эзэмшлийн дансанд шилжүүлсэн, хариуцагч **** уг мөнгийг өөртөө үлдээх үндэслэлгүй тул хариуцагч ****аас үлдэх мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ. 

13. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж хуульчилсан. 

14. ****ийн андуурч шилжүүлсэн 47,940,000 төгрөгийг **** буцаан өгөх үүрэгтэй бөгөөд түүний 2,940,000 төгрөгийг авах авлага гэх тайлбар үндэслэлгүй, уг мөнгийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. 

 15. Андуурч шилжүүлсэн 47,940,000 төгрөгийн үлдэгдэл 2,940,000 төгрөгийг бусдын өмнөөс ****ад төлж барагдуулсан тул нэхэмжлэгч **** хариуцагч ****аас шаардсан нь буруу биш байна. 

16. Анхан шатны шүүх Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын тооцооны төвөөс андуурч шилжүүлсэн 47,940,000 төгрөгөөс **** 2,940,000 төгрөгийг буцааж өгөөгүй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй бөгөөд **** нь ****аас авах авлагатай гэвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн тусдаа нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан нь үндэслэл бүхий болжээ. 

17. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт  бодит байдалд нийцсэн, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00057 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00499 дүгээршийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ****ын гомдлыгхангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаархариуцагч ****аасхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ 

                  ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ 

                                                                                       П.ЗОЛЗАЯА 

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                       Д.ЦОЛМОН