Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­144

 

 

     2023 оны   10       сарын 20 өдөр                                  Д 2023/ШЦТ/­­­­144                                              

 

                                                                                  

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Д.Г,

Шүүгдэгч: О.И /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-эс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт О-н И-д холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Арцат шанх” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт О-ын И /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч О.Идэрхангай нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хишиг арвин” ХХК-ийн “ХАКМС” харуул хамгаалалтын постон дээр үүрэг гүйцэтгэж байсан Д.Намжилдоржийг “...машины урдуур орлоо...” гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээжин дэх цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Идэрхангай нь мэдүүлэхдээ: “Намайг баруун гараараа баруун чих руу алгадсан гээд байгаа. Би зүүн гараараа зүүн талын чих руу алгадсан. Миний унаж явсан машины улсын дугаар зөрүүтэй байгаа. 10-31 ӨМӨ Эвва маркийн автомашинтай явсан. Нотлох баримтын бичлэг дээр ч байгаа. Хоёулаа бие биеийнхээ шаардлагыг хүлээж аваагүй. Тэрнээс болж маргаан үүссэн. Намжилдорж миний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.Ган-Эрдэнэ нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн О.Идэрхангайд холбогдох 2329001940166 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн үйл баримтыг сэргээн бодит байдлыг хангалттай тогтоож чадсан, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журам, хэм хэмжээний дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд байна гэж үнэллээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн бодит байдлыг нотлох, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй тул түүний мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан нягталж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож шийдвэрлэдэг.

Шүүгдэгч О.Идэрхангай нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Намжилдоржийн бие эрх чөлөөнд халдаж баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээжин дэх цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, өөрөөр хэлбэл, бид хоёр маргалдсан ч би баруун чихэнд нь цохиогүй гэж мэдүүлдэг боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.  Учир нь хохирогч Д.Намжилдорж нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хишиг арвин” ХХК-ийн “ХАКМС” харуул хамгаалалтын постон дээр албан үүргээ гүйцэтгэж байсан.

Энэ үед О.Идэрхангай нь тээврийн хэрэгсэл жолоодон постон дээр ирдэг. Машины урд хааж зогслоо гэх шалтгаанаар О.Идэрхангай нь постонд үүрэг гүйцэтгэж байсан Д.Намжилдоржтой хэрүүл маргаан үүсгэж, бие эрх чөлөөнд нь цохих, түлхэх, хавсарч унагах зэргээр халдсан. О.Идэрхангайн хууль бус үйлдлийн улмаас Д.Намжилдоржийн эрүүл мэндэд баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээжин дэх цус хуралт гэмтэл бүхий хохирол учирсан бөгөөд уг хохирол нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн хохиролд хамаарч байгаа болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 271 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч О.Идэрхангайн хохирогчийн эрүүл мэндийн эсрэг халдаж байгаа үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Идэрхангайн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Намжилдоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч О.Идэрхангайн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Намжилдоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Намжилдорж нь эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсантай холбоотойгоор 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй мөн эмчилгээний зардалд нийт 1.900.000 төгрөг нэхэмжилсэн хүсэлт, баримтыг ирүүлсэн. Үүнээс 548.300 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Учир нь хохирогч Д.Намжилдорж нь “Хос шинэс” ХХК нэртэй сувиллын газар хэвтэн эмчлүүлсний төлбөрийн баримт болох 548.300 төгрөгийн хохирол гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршигт хамаарч байна. Харин 2023.07.28-наас 2023.09.18-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа боловч тэрээр сард хэдэн төгрөгийн цалин авдаг байсан, тухайн саруудад ажил олгогчоос өвчтэй байсан гэж тэтгэмж олгож байсан эсэх зэрэг баримтууд нь тодорхойгүй байх тул түүнийг дээрх хугацаанд хэдэн төгрөгийн цалин авах байсныг мөнгөн дүнгээр тодорхойлох боломжгүй байна. Иймд хохирогч Д.Намжилдоржийн нэхэмжлэлийн шаардлагаас 548.300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох,  1.351.700 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү.’’ гэв.

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Намжилдоржийн өгсөн: “... би Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах “ХАКМС” ХХК нэртэй уул уурхайн компанид 2014 оноос хойш хамгаалагчаар ажиллаж байгаа юм. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байхад өдөр 11 цаг 50 минутын үед гэж бодож байна манай компани дээр бохир буулгадаг жолооч Идэрхангай маркийг нь мэдэхгүй байна 89- 41 УНС улсын дугаартай постоор машинтайгаа хурд хэтрүүлээд хашаагаар орж ирээд над руу тулж ирээд зогссон юм. Тэгснээ Идэрхангай машинаасаа бууж ирээд “чи машин доор орж үхэх дутаа юу” гээд хэл амаар доромжлоод намайг заамдаад зодох гээд байсан... намайг заамдаад цээж рүү хэд хэдэн удаа цохиод баруун зүүн гар мушгиад намайг машиныхаа ард оруулсан юм. Тэгснээ миний баруун чих рүү баруун гараараа алгадаад хөлөөрөө дэгээдэж хавсарч унагасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Батпүрэвийн: “...2023 оны 06 дугаар сарын 23-ны 17 цагийн үед ...Намжилдорж нь өөрийн 88191200 дугаарын утсаар миний 86872338 дугаарын утас руу залгаад жолоочтой маргалдсан тухай ярьсан... Камерын бичлэг шүүж үзэхэд хоорондоо маргалдаж байгаа бичлэг болон Идэрхангай гэх хүн Намжилдоржийн биед халдаж байгаа зүйл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Алтаншагайн “...2023 оны 06 дугаар сарын 23-ны 20 цагийн үед Намжилдорж надтай ирж уулзаад “Арц шанх” ХХК-ийн жолооч Идэрхангай гэх хүн миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй маргалдсан, тэгээд намайг алгадсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

                  Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 271 дугаартай “1. Д.Намжилдоржийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээжин дэх цус хуралт гэмтлүүд үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч О.Идэрхангайн: “... харуулын пост дээр ирсэн чинь хаалга нь онгорхой, харуул нь хаалганыхаа голд утсаа үзээд зогсож байхаар нь би машиныхаа арааг салгаад тормозоо гишгээд харуулын пост дээр ирээд зогсоход харуул харагдахгүй байсан чинь толины доороос гараад ирсэн. Тэгэхээр нь хол зогсохгүй яасан юм мөргүүллээ гэсэн чинь буугаад ир гэсэн... хаалгаа хаагаад барьж зогсчхоод оруулахгүй байхаар нь баруун гараараа зүүн хацар руу нь алгадах тэгээд түлхээд тэгээд зүүн хөлөөрөө хавсарсан чинь унасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

                  Сидинд /CD/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 75-83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүгдэгч О.Идэрхангайг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

           Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч О.Идэрхангай нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ‘’Хишиг арвин’’ ХХК-ийн ‘’ХАКМС’’ харуул хамгаалалтын постон дээр үүрэг гүйцэтгэж байсан Д.Намжилдоржийг “... машины урдуур орлоо ...” гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж,, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээжин дэх цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Идэрхангай нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Идэрхангайн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Намжилдоржийн бие, эрүүл мэндэд учирсан баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээжин дэх цус хуралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Идэрхангай нь хохирогч Д.Намжилдоржийг “... машины урдуур орлоо ...” гэх асуудлаас маргалдаж хохирогчийн бие эрүүл мэндэд баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээжин дэх цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Идэрхангай нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч О.Идэрхангайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Намжилдоржийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 271 дугаартай “1. Д.Намжилдоржийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээжин дэх цус хуралт гэмтлүүд үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

Хохирогч Д.Намжилдорж нь эмчилгээний төлбөрт шүүгдэгч О.Идэрхангайгаас баримтаар 548,300 /таван зуун дөчин найман мянга гурван зуу/-н төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрхангайгаас 548,300 /таван зуун дөчин найман мянга гурван зуу/-н төгрөгийг гаргуулж хохирогч Д.Намжилдоржид олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогчийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох зарим баримт нь хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Намжилдоржийн нэхэмжлэлээс 1,351,700 /нэг сая гурван зуун тавин нэгэн мянга долоон зуу/-н төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэгч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх зүйтэй гэж үзлээ.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч О.Идэрхангай нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Идэрхангайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч О.Идэрхангай нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 59 дэх тал/

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Идэрхангайн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрхангайг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрхангайд оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар 1 /нэг/ ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Идэрхангайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

 

  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хариад овогт Онолбаатарын Идэрхангайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрхангайг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрхангайд оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрхангайгаас 548,300 /таван зуун дөчин найман мянга гурван зуу/-н төгрөгийг гаргуулж хохирогч Д.Намжилдоржид олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Намжилдоржийн 1,351,700 /нэг сая гурван зуун тавин нэгэн мянга долоон зуу/-н төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэгч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар 1 /нэг/ ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрхангайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАТМӨНХ