Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­136

 

 

      2023 оны   10       сарын 05 өдөр                                  Д2023/ШЦТ/­­­­136                                              

 

                                                                                  

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С /томилолтоор/,

Шүүгдэгч: Г.Э /өөрийгөө өмгөөлсөн/,

Хохирогч: Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон  овогт Гантөмөрийн Эрдэнэчулуунд холбогдох************дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дорнын өртөө ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 10-р хэсэг 1-р гудамж, 35 тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Боржигон овогт Гантөмөрийн Эрдэнэчулуун /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Г.Эрдэнэчулуун нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн төв дээр байхдаа “...араас хоолой боолоо...” гэх асуудлаас болж уурлан Г.Ундрааг машинаас татаж буулган бие, эрх чөлөөнд нь халдаж зодон, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун талын 10-р хавирга, зүүн талын 7-р хавирганы цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эрдэнэчулуун нь мэдүүлэхдээ: “Би өөрөө 97 дахь км-т очоод Ундраа нэг шил архи гаргаж ирсэн. Найз ирсэн нэг шил архи гаргаж ирээд би уухгүй гэж хэлэхэд уулзаагүй зөндөө удсан уучих гэсэн тэгээд хэд хэд  татсан. Тэгээд явах үед бид хоёр цуг явъя гээд өөрсдөө дагасан. Би Цагаан хад руу гэр явах гээд явж байсан.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ундраа нь мэдүүлэхдээ: ‘’Тэр өдөр Цогтцэций сум руу эхнэртэйгээ хамт яваад Цогтцэцийгээс 0,5 литртэй нэг шил архи аваад гэртээ авчраад уусан. Тэгээд Эрдэнэчулуун, Отгонбаяр нар манайд хоол идэх гээд ирсэн. Тэрний өмнө Отгонбаяр Цагаан хаднаас Цогтцэций руу  явахдаа Эрдэнэчулуун ирж байгаа би жижиг тэрэг ольё тэгээд бүгдээрээ амарч байгаа юм чинь гэр бүлээрээ Баяжихын агуу орчоод ирье гээд Хэд хоногийн дараа Эрдэнэчулуун хангийн тээврээс ирсэн байсан. Найзынхаа машиныг авчлаа гээд манай гадаа ирсэн Ойрд ирээгүй юм байна 0,75 литрийн хараа архи задалсан. Хоол болох хүртэл талыг нь шахуу уусан. Замдаа уугаад явсан тэгэхдээ аавын мөнгөн аягыг барьж гарсан Эрдэнэчулуун мөнгө юм уу төмөр юм уу гээд хазаад байсан. Чи болилдоо миний эцгээс ирж байгаа юмыг ингэж доромжилж болохгүй шүү дээ гээд Тэрний ар дээр надад зураг үзүүлсэн. Манай эхнэр лүү танай Дорнодын залуу чат бичсэн байна гээд үзүүлсэн. Түүнийг нь уншихад Эрдэнэчулууны эхнэр Отгонбаяр би сингл болчихлоо нөхөртэйгөө хэрэлдчихлээ гэсэн байсан. Тэгээд би наад хүн чинь надад ямар хамаатай юм бэ? би дугаарыг нь өгчихсөн юм уу гэсэн ар дээр би нэлээн муудаж байна гэхэд  цамцны ардаас чанга чанга мушгиж байсныг санаж байна. Тэр үед маргалдсан зүйл байхгүй. Инээж хөхрөлдөө л ярилцаад явж байсан. Оюу Толгойн 120 км ирж байгааг би мэдсэн тэрнээс хойш 130 км очсон талаар санахгүй байгаа. Нэг мэдсэн би Цагаан хаданд өөрийнхөө богинод явдаг байсан машинд сэрсэн. Өглөө босоод биеэ дийлэхгүй миний бие яасан юм бэ гээд эхнэр Оюунцэцэгээс асуухад өчигдөр Эрдэнэчулуун чамайг зодсон шүү дээ гэхээр нь би яахлаараа намайг зоддог юм юу болсон чи зүгээр уу гэхэд би зүгээр та 2 бригадын урд зодолдсон шүү дээ гэхээр яасан гэж зодож байгаа юм гэхэд Эрдэнэчулуун над руу уурласан гэсэн. Тэрний ар дээр би араас нь хүчтэй боосон эсэхээ санахгүй байна. Тэгээд тэр бригад руу намайг машинаас чирч буулгаж зодсон гэсэн. Зодуулж байх үеэ санахгүй байна. Маргааш өглөө нь Цагаан хаданд машин дотроо сэрээд л юу болсон талаар асуухад ийм юм болсон гэж байсан. Маргааш өглөө нь би эрүүл болчхоод миний подволк цус болсон байсан. Би дэлгүүр орж подволк авчаад бүгдээрээ хоол идье одоо ингээд маргалдаад яах вэ гээд. Тэгээд Эрдэнэчулуун өчигдрийн архи байсан уу санахгүй байна нэг шил архи гаргаад ирсэн. Би тэрнээс нь хүн амьтантай муудалдчихна гээд аль болох бага уугаад. Тэгсэн чинь заавал Баяжихын агуу орно гээд хойшоо явж байсан. Эрдэнэчулуун маргалдах гээд байхаар нь юунд маргалдах вэ дээ согтуудаа маргалдаа биз тэрэнд юу санах вэ гэсэн урд суучхаад Оюунцэцэгийг явдалтай хүүхэн гээд янз янзын юм яриад байхаар нь болиулаад Эрдэнэчулуун бид 2 буугаад Баяжихын агуу руу орсон сууж байгаад гэнэт Отгонбаярыг ална гэхээр нь Оюунцэцэг бид хоёр салгасан. Бид 2 гэр рүүгээ хүргүүлсэн. Замаараа Ханбогдоос газ авах гээд гарсан гэсэн тэрийгээ санахгүй байгаа. Газын шатахуун түгээх станц дээр намайг түлхээд унагасан гэсэн. Наашаа явах замдаа би тасарсан намайг ямар нэг үйлдэл хийж чадахгүй болсныг мэдээд манай эхнэр рүү агсарсан гэсэн Оюунцэцэг намайг чи Эрдэнэчулуунд ямар гэм хийсэн юм бэ гээд эхнэр над руу уурласан би мэдэхгүй байна. Маргааш өглөө нь Эрдэнэчулуун дээр очоод бие өвдөөд байна гэсэн сүүлдээ эхнэртэй хэрэлдээд тэгээд энэ 2 ярилцаж сууж байгаад чамаас ямар ч мөнгө авна гээгүй ээ таксины мөнгө өг бид 2 ямар ч мөнгөгүй боллоо гэхэд 300,000 төгрөг шилжүүлээд би бол та нараас айдаг хүн биш шүү та нар шиг гоншигнохгүй чи юундаа гоншигноод байгаа юм хэдэн хавирга чинь хугараад, хамар чинь мурийгаад, нүд чинь хөхрөөд л биз гээд цагдаадаа мэдүүлээ би үсрээд л 2 жил авна би нэг жил суугаад гарна гэж хэлсэн. Чи ингэх хэрэг байна уу ядаж хамраа тэгшлүүлээд аав ээждээ харуулна гэхэд гэр дотор Оюунцэцэгийг зодох гээд байсан. Тэгэхээр нь за больё эмнэлэгт үзүүлье гээд орой нь эмнэлэг дээр очиж хонож дусал тариа хийлгээд 13А маягт аваад аймаг руу тэрнээс хойш би Эрдэнэчулуунтай дахиж холбоо бариагүй тэр 300 000 мянгыг таксинд өгөөд нэмж 100,000 мянгыг өгөөд буусан.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Солонго нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35, 24 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болон Г.Эрдэнэчулуунд холбогдох 2329001470157 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна.

Шүүгдэгч Боржигон овогт Гантөмөрийн Эрдэнэчулуун нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант багийн төв дээр байхдаа араас хоолой боолоо гэх шалтгаанаар машинаас татаж буулган бие эрх чөлөөнд нь халдаж зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун талын 10 дугаар хавирга, зүүн талын 7 дугаар хавирга цууралттай хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралд шинжлэн судлагдсан хохирогч Ундраагийн мэдүүлэг, гэрч Оюунцэцэг, Отгонбаяр нарын мэдүүлэг, Өмнөговь аймаг шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Г.Эрдэнэчулууны мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам болон оролцогчийн эрх ашиг хязгаарласан нөхцөл тогтоогдоогүй тул эдгээр баримтуудыг үнэн зөв баримтууд гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Эрдэнэчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд нотлох баримтын шаардлага хангасан 493,513 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байгаа. Үүнийг шүүгдэгч Г.Эрдэнэчулуунаас гаргуулах саналтай байна. Хамрын хагалгаанд орох 3 сая төгрөгийн хохирлын баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж гаргуулан Иргэний журмаар нэхэмжлүүлэхийг нээлттэй үлдээх санал гаргаж байна.’’ гэв.

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ундраагийн өгсөн: “... би 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед нүүрс тээврийн 97 дахь километр дээр гэртээ ганцаараа 0,5 литрийн Хараа гэх архи уугаад сууж байсан. Тэгээд Чулуунбаатар, Отгонбаяр гэх 2 хүн манайд ирээд Отгонбаяр гэх хүн “Чулуунбаатар бид 2 цагаан хад орж машин үзнэ, чи хамт явах уу, замаараа бүгдээрээ Баяжих гэх агуй орж үзье” гэж хэлсэн. Тэгээд би эхнэр болох Оюунцэцэгийн хамт 4-үүлээ Чулуунбаатар гэх хүний машинд суугаад явсан.... Чулуунбаатар бид хоёр замдаа 1 шил архи хувааж уугаад явж байсан. Би нүүрс тээврийн 130 километрээс цаашаа юу болсон талаар огтхон ч санахгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө миний бие өвдөөд сэрсэн. Тэгээд би эхнэр болох Оюунцэцэгээс юу болсон талаар асуухад “Чулуунбаатар чамайг зодсон” гэж хэлсэн... Отгонбаяр гэх хүн нь манай эхнэр болох Оюунцэцэгийн найз байгаа юм. Чулуунбаатарыг би сайн мэдэхгүй... би өмнө нь 2021 онд Чулуунбаатартай муудалцаж байсан... 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр би Чулуунбаатартай холбоо авч нүүрс тээврийн 6 дахь километр дээр Чулуунбаатартай очиж уулзсан. Тэгэхэд Чулуунбаатар “та 2 цагдаадаа намайг өгвөл өг” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ундраагийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр надтай муудалцаж зодолдсон хүнийг Чука гэж дууддаг байсан тэгээд би бодохдоо тухайн хүнийг Чулуунбаатар гэдэг юм байх гэж бодоод тухайн үед мэдүүлэг өгөхдөө Чулуунбаатар гээд өгчихсөн. Харин дараа нь цагдаагаас над руу яриад Эрдэнэчулуун, Отгонбаяр нар хаана байна гэж асуухад л Эрдэнэчулуун гэдгийг нь мэдсэн. Тухайн үед нэрийг нь мэдэхгүйн улмаас буруу нэр хэлчихсэн байсан. Эрдэнэчулуун гэх хүний манай эхнэр Оюунцэцэгийн найз Отгонбаярын нөхөр нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Оюунцэцэгийн өгсөн: “... би тухайн өдөр нүүрс тээврийн засмал замын 97 дахь километр дээр гэртээ байсан. тэр өдөр 18 цагийн үед манай гэрт Чулуунбаатар, Отгонбаяр нар ирж хоол захиалж идчихээд Чулуунбаатар нь манай нөхөртэй 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд Чулуунбаатар, Отгонбаяр нар нь хэлэхдээ “бид 2 цагаан хад явах гэж байна, та 2 хамт явах уу” буцаад ирэх замдаа Баяжихын агуй үзье” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр бид 2 хамт Чулуунбаатар, Отгонбаяр нартай хамт тэдний машинтай явахаар болсон. Манай нөхөр Ундраа, Чулуунбаатар 2 явах замдаа нөгөө задалсан 0,75 литрийн архиа хувааж уугаад явсан. Бид 4 Жавхлант багийн бригад өнгөрөөд явж байтал манай нөхөр Ундраа, Чулуунбаатар нь маргалдаад байхаар нь машинаа зогсоотол Чулуунбаатар нь манай нөхрийг машинаас чирч гаргаад унагааж байгаад цээж рүү өшиглөөд нүүр нүд рүү нь цохиод дэвсэлсэн. Тэгээд Отгонбаяр бид 2 тэр 2-ыг салгаад машинд оруулсан... тухайн үед Чулуунбаатар, манай нөхөр Ундраа 2 архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Оюунцэцэгийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр дахин өгсөн: “... манай нөхөр Ундрааг 2023 оны 04 сарын 23-ны өдөр манай найз болох Отгонбаярын нөхөр Чука гэх зодож биед нь халдсан юм. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж мэдүүлэг өгөхдөө Чукагийн жинхэнэ нэрийг Эрдэнэчулуун гэж мэддэггүй байсан болохоор цагдаад мэдүүлэг өгөхдөө Чулуунбаатар гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Отгонбаярын өгсөн: “... жавхлант дээр ирэхэд тэр 2-ын ууж байсан 0,75 литрийн хараа архи нь дууссан байсан. Тэгээд Жавхлант бригад дээрээс Эрдэнэчулуун нэг шил архи, нэг лааз пиво аваад тэндээ архи задлаад Ундраа, Эрдэнэчулуун, Оюунцэцэг нар уусан. Тэгээд сууцгааж байсан чинь Эрдэнэчулуун урд суудал дээр сууж байхад Ундраа араас нь боож авсан. Тэгэхээр нь Оюунцэцэг бид хоёр арай хийж салгасан. Тэгсэн чинь Эрдэнэчулуун машинаас бууж очоод Ундрааг машинаас татаж буулгаад хувцсан дээрээс нь барьж байгаад сэгсрээд байсан. Ундраа бас өөдөөс нь барилцаж аваад тэр хоёр шороо бужигнуулаад газар өнхрөлдөөд байсан... Эрдэнэчулуун, Ундраа хоёр нэлээн согтсон байсан... Жавхлант бригад дээр зодолдсон шалтгаан нь Ундраа бас л муухай муухай үг хэлээд Эрдэнэчулуун уур амьсгал битгий эвдээд бай аятайхан бай гэсэн. Хоёр биедээ томроод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/

                  Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221 дугаартай “Эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Г.Ундраагийн биед хамар ясны хугарал, баруун талын 10-р хавирга, зүүн талын 7-р хавирганы цууралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Эрдэнэчулууны өгсөн: “... Ундраа болон түүний эхнэрийг дагуулаад явсан тэгээд замдаа явцгааж байсан чинь Ундраа гэх залуу янз бүрийн ааш гаргааД, хамт арын суудал дээр суухаар тохойдоод, нэг бол 00 орохоор гаднаас ирж 00 өшиглөж бариад сонин авир гаргаад байсан тэгэхээр нь аргаа бараад цуг суухаа болиод би урд талын зорчигчийн суудал дээр суугаад явсан... тэгээд замдаа архиа уугаад явж байсан чинь Ундраа над руу хандаад янз бүрийн хараалын үгээр хэлээд сонин сонин авир гаргаад байсан тэгж байснаа арын суудлаас гэнэт намайг боогоод авсан тэгсэн чинь Отгонбаяр, Оюунцэцэг нар тавиач гэсээр байгаад тавиулсан тэгээд би уурандаа машинаас бууж очоод Ундрааг машинаас татаж буулгаад хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/  зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүгдэгч Г.Эрдэнэчулуунд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

           Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Г.Эрдэнэчулуун нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн төв дээр байхдаа “...араас хоолой боолоо...” гэх асуудлаас болж уурлан Г.Ундрааг машинаас татаж буулган бие, эрх чөлөөнд нь халдаж зодон, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун талын 10-р хавирга, зүүн талын 7-р хавирганы цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Эрдэнэчулуун нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Эрдэнэчулууны гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ундраагийн бие, эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, баруун талын 10-р хавирга, зүүн талын 7-р хавирганы цууралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Эрдэнэчулуун нь хохирогч Г.Ундрааг “... араас хоолой боолоо...” гэх асуудлаас маргалдаж хохирогчийн бие эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун талын 10-р хавирга, зүүн талын 7-р хавирга цууралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эрдэнэчулуун нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Г.Эрдэнэчулууныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ундраагийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221 дугаартай “Эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Г.Ундраагийн биед хамар ясны хугарал, баруун талын 10-р хавирга, зүүн талын 7-р хавирганы цууралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ундраа нь эмчилгээний зардал төлбөрт шүүгдэгч Г.Эрдэнэчулуунаас баримтаар 493,513 /дөрвөн зуун ерэн гурван мянга таван зуун арван гурав/-н төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч энэ талаар маргаагүй, хохирогчийн эмчилгээний төлбөрт 493,513 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэчулуунаас 493,513 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ундраад олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогчийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох зарим баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Ундраагийн 3,000,000 /гурван сая/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэгч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Г.Эрдэнэчулуун нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Эрдэнэчулуунд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Эрдэнэчулууны үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэчулууныг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэчулуунд оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.      

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эрдэнэчулуунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Гантөмөрийн Эрдэнэчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэчулуунд 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэчулуунд оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэчулуунаас 493,513 /дөрвөн зуун ерэн гурван мянга таван зуун арван гурав/-н төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Ганболдын Ундраад олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Ундраагийн 3,000,000 /гурван сая/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэгч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэчулуунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАТМӨНХ