| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2023/0134/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/130 |
| Огноо | 2023-09-22 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/130
2023 09 22 2023/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Г,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,
Шүүгдэгч: Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Шаравжамцын Даваадоржид холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын геодизийн инженер мэргэжилтэй, “Түмэн арвижих” ТӨХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 38 дугаар хороо, хүнсчдийн гудамж 21 дүгээр байр, 93 тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигин овогт Ш-ын Д /Регистрийн дугаар: ******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.Даваадорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Даваадорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ундармаагийн “... би 2023 оны 09 сарын 02-ны шөнө 01 цаг 30 минутад Цагаанхад суурьшлын бүсээс Улаанбаатар хот руу явсан. Цагаанхадаас гараад нүүрс тээврийн 94 дэх км-т шөнийн 03 цаг 30 минут орчимд ирэхэд нүүрс тээврийн зам засвартай байсан. ... тухайн үед би замын хөвөөн дээгүүр зорчсон гэтэл өөдөөс нэг залуу ирээд “дохиочин дохиогүй байхад та явлаа” гэхэд нь би “сая эндээс гэрлээр дохиод байхаар нь би явлаа” гэж хэлэхэд хажуугаас Ш.Даваадорж гэдэг нэг залуу гарч ирээд “пизда минь хэн дохисон юм пизда” гээд над руу дайрч хашигчаад хэлэхэд нь би “тэндээс дохисон хэн дохисныг би мэдэхгүй байна” гээд би машиндаа суугаад ухартал машины ард том чулуу тээглэсэн. Намайг машинаа ухрааж байх үед Ш.Даваадорж гэдэг залуу 59-74 СБА дугаартай миний унаж явсан тээврийн хэрэгслийн урд талын кобудан дээр цохисон, мөн газраас том чулуу аваад миний унаж байсан 59-74 СБА дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалах гэж дайрсан. ... тэгээд би маргалдаж байгаад би 59-74 СБА дугаартай тээврийн хэрэгсэлдээ суухад надтай хэрүүл хийгээд миний унаж байсан 59-74 СБА дугаартай тээврийн жолооч талын хоёр хаалгыг хоёроос гурван удаа өшиглөсөн. ... би энэ машины шилийг төлөх чадвартай гээд миний унаж явсан 59-74 СБА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын салхины шилийг гараа атгаж байгаад хагартал цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бямбабаатарын өгсөн “... 2023 оны 09 сарын 02-ны шөнө 03 цаг өнгөрч байхад миний хажуугаар гарсан цагаан өнгийн приүс маркийн машины урд талын салхины шил бүтэн байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Билгүүндалайн өгсөн “... Toyota prius маркийн 59-74 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх худалдаж авахдаа манай эхнэр Ундармаагийн нэр дээр авсан. Манай эхнэрийн өмч. Би 2023 оны 07 сард өөрийнхөө нэр дээр шланз маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авахаар зээл хөөцөлдсөн бөгөөд эхнэрийн машиныг өөрийнхөө нэр дээр авах шаардлага гарсан тул миний нэр дээр түр шилжүүлсэн. ... би Toyota prius маркийн 59-74 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг салхины шил хагарч гэмтсэн талаар эхнэр Ц.Ундармаагаас мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 сарын 05-ны өдрийн 194 дүгээртэй “нийт дүн 500.000 төгрөг” гэх автомашин техникийн хохирлын үнэлгээний тайлан /хавтас хэргийн 22-24 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ш.Даваадоржийн өгсөн “... өмнө нь хагарсан зүйл байгаагүй би тухайн үед гараараа цохиод хагалсан. ... би тухайн үед цагаан өнгийн приүс маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэйтэй маргалдаж тэгээд санаандгүй гараараа цохчихсон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ундармаагийн гаргаж өгсөн гэрэл зураг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Ш.Даваадорж нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ш.Даваадоржийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Ц.Ундармаагийн эд хөрөнгөнд /бусдын өмчлөх эрх/ хохирол учирсан бөгөөд үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Шүүгдэгч Ш.Даваадорж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ш.Даваадорж нь хохирогч Ц.Ундармаагийн эд хөрөнгөнд учирсан хохирол төлбөрт 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 80 дахь тал/
Иймд шүүгдэгч Ш.Даваадоржийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ш.Даваадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ш.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигин овогт Шаравжамцын Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Даваадоржид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Даваадоржид оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ш.Даваадорж нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч Ц.Ундармаагийн эд хөрөнгөнд учирсан хохирол төлбөрт 550,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Даваадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ