Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 132

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хэргийн индекс: 171/2012/0140/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,

улсын яллагч У.Солонго,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал

шүүгдэгч Д.Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт **********Д.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000320 дугаартай хэргийг 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн  авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн **********Д.Д-, /РД:/, 1991 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй,  ам бүл 3, эцэг эхийн хамт *********** тоотод оршин суух хаягтай, урьд 2007 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн 69.1.1, 69.1.3-д зааснаар нэг жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасан, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Д.Д.Д- нь 2012 оны 05 дугаар сарын 19-ны шөнө 01 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 20.2 дугаар байрны 3 дугаар орцонд насанд хүрээгүй иргэн А.А.Т-ийн эзэмшлийн Samsung SGH-A177 маркийн гар утас, биет 7000 төгрөг, D&G маркийн бугуйн цаг зэрэг эд зүйлийг айлган сүрдүүлж дээрэмдэн 197.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Д.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрлүүгээ орох гээд явж байхад хажуугийн орцны үүдэнд нэг хүүхэд зогсож байсан. Тэгэхээр нь би ахын дүү юу хийж байгаа юм бэ гээд орцруу дагуулж орсон. Орцонд ороод би түүнээс гар утас, 7000 төгрөг, цагийг нь авсан. Тэгээд гэрлүүгээ орсон. Ална шүү гэж хэлээгүй” гэв.

 

C:\Documents and Settings\User\Desktop\Ä.Äàâààäàëàé 147.1-.doc

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох

Насанд хүрээгүй хохирогч А.А.Т-ийг хохирогчоор тогтоож байцаалт авсан тэмдэглэл. /хэргийн 5-6 дугаар хуудас/,

Гэрч У.Э* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/,

Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/,

Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа. /хэргийн 14 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хэргийн 3-4 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Д.Д-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Д.Д- нь 2012 оны 05 дугаар сарын 19-ны шөнө 01 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 20.2 дугаар байрны 3 дугаар орцонд насанд хүрээгүй иргэн А.А.Т-ийг “ална шүү” гэж айлган сүрдүүлж “гараа далайн” хүч хэрэглэхээр заналхийлж түүний “Samsung SGH-A177” маркийн гар утас, биет 7000 төгрөг, “D&G” маркийн бугуйн цаг зэрэг эд зүйлийг дээрэмдэн 197.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч А.А.Т-ийн “2012 оны 5 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн үед найз С-ын гэрийнх нь 3 дугаар орцны үүдэнд түүнтэй холбоо барихаар өөрийнхөө Самсунг маркийн гар утсаараа залгаж байсан чинь тэдний байшингийн хойд булан тойроод нэг 20 гаран насны архи уучихсан согтуу ах гарч ирээд над дээр ирснээ “Чи хаанахын банди вэ энэ байрных уу” гэж асууснаа гартаа нэг хадаас барьчихсан байснаа миний шилэн хүзүүн дээрээс бариад тэр чигээрээ 3 дугаар орц руу явж ороод нэг давхарт байж байснаа надаас “чамд юу байна, утсаа өгөөдөх” гээд миний утсыг гарнаас авахад гадаа орцны үүдэнд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүмүүс зогсож байсан. Тэгсэн нөгөө миний гар утсыг авсан ах дээшээ гар гээд дээшээ таван давхарлуу гарцгаасан юм. Таван давхарт гарснаа наад цүнхэнд чинь юу байгаа юм гэд миний цүнхийг авч онгойлож үзээд цүнхнээс утасны цэнэглэгч авснаа “алив халаасаа үзүүл” гээд миний өмдний халааснуудыг ухаж үзээд чамд хэдэн төгрөг байгаа юм гэхээр нь 7000 төгрөг байгаа гэсэн чинь түрийвчийг онгойлгож дотроос нь 7000 төгрөг авчихаад түрийвчийг минь буцаагаад өгсөн юм. Тэгснээ ээмэг бөгж байна уу гэж чих хоолой шалгаж байснаа бугуйнд байсан миний цагийг тайлаад авчихсан юм. Тэгснээ өөрөө доошоо бууж явснаа намайг “Чи наанаа байж байгаарай доошоо бууж ирэх юм бол ална шүү” гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь сэмхэн буугаад орцноос гараад нөгөө орцны үүдэнд байсан гурван хүнээс “саяны орцноос гарсан хаашаа явсан бэ.” гэж асуусан чинь эрэгтэй нь “энэ хажуугийн орц руу яваад орчихсон” гэж зааж өгсөн юм. Тэгэхээр нь би тэр ахад “би сая юм аа дээрэмдүүлчихлээ, та надтай хамт яваад тэр ахыг олоод өгөөч” гэж гуйсан. ... намайг бол тэр ах цохиж зодоогүй, миний биед ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй. Харин ална шүү гээд цохих гээд байгаа юм шиг гараа саваад айлгаад сүрдүүлээд байсан юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 5-6 дугаар хуудас/,

гэрч У.Э- “... Тэгэхээр нь нөгөө залуугаас “яагаад энд өөрийн чинь гутлын мөр байгаа юм бэ” гэж асууж шалгатал тэр залуу цонхоор гарснаа болон А.Т-ийг дээрэмдсэнээ хүлээн зөвшөөрч ярьсан юм. Тэгснээ ванны өрөөрүүгээ ороод тэндээс А.Т-ийн гар утсыг, халааснаасаа 7000 төгрөг, жижиг өрөөний зассан орон дотроос бугуйн цагийг нь гаргаж ирсэн юм. Тэгэхээр нь түүнийг авч тухайн үед жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нарыг дуудан ирүүлж хүлээлгэн өгсөн юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 10 дугаар хуудас/,

гэрч Н.Б- “Би найз О- болон үйлчилгээний төвөөс алхаж ирэхдээ танилцсан Эрдэнэ гэх залуугийн хамт 20.2 дугаар байрныхаа 1 дүгээр орцны үүдэнд бид гурвыг зогсож байхад бараг 01 цагийн үед байх нэг банди зогсож байсан. Тэгсэн цаанаас нэг залуу ирээд нөгөө бандийг хүзүүдэж аваад орцруу яваад орчихсон. Тэгэхээр нь таньдаг л юм байх гэж бодож байтал нөгөө залуу нь гараад явсны дараа анх зогсож байсан банди орцноос гарч ирснээ би дээрэмдүүлчихлээ гэхээр нь цагдаа дуудсан юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Д.Д-гийн “Би 2012 оны 05 дугаар сарын 19-ний орой танил найзуудынхаа хамт Ахмадын хорооны байрны саравчинд пиво ууцгаасан юм. Тэгээд 01 цагийн үед гэрлүүгээ харих гээд ганцаараа явж байсан. Тэгсэн чинь байрныхаа гадна 3 дугаар орцны үүдэнд нэг утсаар ярьж байгаа хүүхэд тааралдсан. Тэгэхээр нь би тэр хүүхдийг “юу хийж байгаа юм бэ наашаа ороод ир” гээд орцонд оруулсан. Тэгээд түүнээс барьж байсан утас, бугуйн цаг, 7000 төгрөгийг нь авсан. Би тэр хүүхдийг огт танихгүй. 15-16 орчим насны хүүхэд байх шиг байсан. Би гэртээ ороод байж байхдаа цонхоороо цагдаа нар ирэхийг харсан, тэгээд айгаад жижиг өрөөндөө ороод суучихсан юм. Би цагдаа нарыг хаалга нүдээд байхаар нь цонхоо онгойлгож байгаад цонхоороо гадагшаа буусан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-23 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Д.Д- нь насанд хүрээгүй иргэн А.А.Т-ийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж түүний Samsung SGH-A177 маркийн гар утас, биет 7000 төгрөг, D&G маркийн бугуйн цагийг  зэрэг эд зүйлийг дээрэмдэж нийт 197.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хэргийн зүйлчлэл зүйчлэл тохирсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч А.А.Т-, түүний хууль ёсны төлөөлөгч Я.Батсайхан нарт Samsung SGH-A177 маркийн хар өнгийн корпустай гар утас 1 ширхэг, 1000 төгрөгний дэвсгэрт 7 ширхэг, D&G маркийн цэнхэр өнгийн оосортой бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн /хэргийн 3-4 дүгээр хуудас/ байх бөгөөд шүүгдэгчээс нэмж гаргуулах төлбөргүй байна  гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д.Д- нь урьд 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 321 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байжээ.

Д.Д.Д- нь урьд эрүүгийн ял шийтгүүлж байгаагүй тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг байдлуудыг түүнд ял шийтгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **********Д.Д-г бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар Д.Д.Д-д 3 /гурван/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Д.Д-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар    Д.Д.Д- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар Д.Д.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Д.Д-д оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жил хугацаагаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Д.Д.Д-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн Газарт хариуцуулсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар Д.Д.Д- нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.Д.Д-д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.АЛТАНХУЯГ