| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0082/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/78 |
| Огноо | 2013-04-19 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2013/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0082/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Н.Идэр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Хохирогч Ш.Ц , Б.Б ,
Шүүгдэгч ******* , Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт ******* , мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эовогт Л.Б нарт холбогдох эрүүгийн 201318000003 тоот хэргийг 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: 1. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Орхон сумын .. дүгээр баг ..задгайд оршин суудаг,
-1986 онд Эрүүгийн хуулийн 109-б-д зааснаар 5 жил хорих ял,
-1989 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил 3 сар 5 хоног хорих ял,
-1995 онд 123.1-д зааснаар 1 жил 4 сарын хорих ял,
-1998 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 175 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялыг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан ялын хөнгөнийг нь хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 2 жилээр тогтоосон
-2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сар баривчлах ял,
-2005 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар 200.000 төгрөгөөр торгох ял,
-2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 4 жил хорих ял,
-2010 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2012 оны 5 дугаар сарын 03-нд хугацаа дуусч суллагдсан, Б овогт ******* /РД: ТЛ.........../
2. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй бүрэн дунд боловсвролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. дүгээр байрны . тоотод оршин суух,
-1982 онд Эрүүгийн хуулийн 109.а, 69 дүгээр зүйлд зааснаар 10 жил хорих ял,
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Demberel, Bainabaatar 145.2.doc
-2000 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 25000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Эовогт Л.Б /РД: ТА....../
Шүүгдэгч ******* нь 2012 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар багийн нутаг “Цагааннуур” орчимд оршин суух иргэн Ш.Ц ын 3 тооны адууг хулгайлж 4.100.000 төгрөгийн хохирол, иргэн Б.Б н 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Б нь 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутагт ******* ийн хулгайлсан 5 тооны адуунаас нядалсан 3 тооны адууны махыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2012 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар багийн нутаг “Цагааннуур” орчимд оршин суух иргэн Ш.Ц ын 3 тооны адууг хулгайлж 4.100.000 төгрөгийн хохирол, иргэн Б.Б н 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Б нь 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутагт ******* ийн хулгайлсан 5 тооны адуунаас нядалсан 3 тооны адууны махыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
-Шүүгдэгч ******* ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2012 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө адуунууд Өнөмөнх бид хоёр туугаад Дархан руу явсан. Өнөмөнхөд миний өөрийн адуунууд гэж хэлсэн. Тэгээд өглөө нь 3 адууг нь төхөөрсөн. Л.Б ыг утсаар дуудаад төхөөрсөн адууг өгөөд надад 300.000 төгрөг өгсөн. Л.Б тухайн үед хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би хэлэхдээ адууг хүнээс авсан гэж хэлсэн. Би Л.Б ыг 2000 оноос таньдаг болсон. Буруу юм хийсэндээ гэмшиж байна. Би хэргээ хүлээж өөрөө цагдаагийн байгууллага дээр очсон. Энэ хүмүүсийн хохиролд адууг адуугаар нь өгмөөр байна” гэв.
-Шүүгдэгч Л.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2012 оны 12 дугаар сарын 29-ний өглөө Д над руу залгасан. 3 адуу байна аваадах гэхээр нь би авсан. Тэгээд аваад хиамны цехэд өгсөн. Би тухайн үед хулгайн адуу гэдгийг мэдээгүй. ******* миний адуу гэсэн. Тэгээд цагдаа дээр очоод мэдсэн” гэв.
-Хохирогч Ш.Ц ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2012 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 3 адуу алдсан. 1 хурдан морь байсан, түүнийгээ 2.500.000 төгрөгөөр үнэлнэ. Бусад 2 адууныхаа нэгийг нь 800.000 төгрөгөөр үнэлсэн. Надад 1 адуу өгсөн. Одоо 3.300.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.
-Хохирогч Б.Б н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2012 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 2 адуу алдсан. Одоо 1.800.000 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэв.
Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 07:30 цагийн орчим босоогүй байхад Д гаднаас ганцаараа ямар их унтдаг хүмүүс вэ? гэж орж ирсэн. Өнөмөнх юу хийж яваа юм гэхэд 2 адуу янзлаадхъя, хөдөөнөөс орж ирж байна гэсэн. Тэгээд цай ууж, хоол идээд 09:00 цаг дөхүүлээд хадам ахыг дагуулж гараад дараа нь Мөнхөө араас нь гарсан. Дараа нь Д орж ирээд гэдэс гарчихлаа, янзлаад өгөөч гэсэн. Миний хажууд ирээд Б тай ирж байна уу? гээд утсаар яриад л гарсан. Би гараад 2 адууны гэдэс янзалж өгөөд орж ирсэн. Д өөрөө ярихдаа ямар нэг хэл амгүй, асуудалгүй адуу гэсэн. Удалгүй 11:00 цагийн орчим Л.Б хөх бөмбөгөр машинтай лого маягийн жижиг машинтай жолооч, өөр бас нэг хүнтэй 3-уулаа ирсэн. Тэгээд махаа аваад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 24-26 дугаар хуудас/
Гэрч Ж.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 12 дугаар сарын 29-ний өглөө гэртээ унтаж байхад 07:00 цагийн орчим Б ирсэн, жаахан халамцуу ирсэн бөгөөд архи ууя, ганц юм аваадхаач гэж байсан. Тэгээд 08:00 цаг өнгөрч байхад дэлгүүр онгойхоор би 2 шил архи аваад түүний машин дотор уусан. Бензиний мөнгө байна уу гэхэд нь 20.000 төгрөг өгсөн. Тэгэхэд Б цэнхэр өнгийн пруйс маркийн машинтай явсан ба намайг Мөнхөөгийнд хамт очъё, адууны мах авах уу? гэхээр нь би авахгүй гэсэн. Тэгснээ Б , Гантулгыг аваадахъя гээд гэрээс нь очиж авсан. Жолоочтой нь 4-үүлээ Мөнхөөгийн гэрт очиход Д , Мөнхөө 2 хоёулаа хоёр адуу янзалчихсан байсан. Тэгээд архиа уугаад байж байхдаа Д адууны мах авах уу? гэхээр нь би авахгүй, чи засарсан гэсэн яасан, би оролцохгүй гэсэн, тэгээд би гэрт нь архи уугаад сууж байхад Б яваад 2 адууны мах зарчихаад ирээд надаас зээлсэн 80.000 төгрөгөө өгсөн. Гантулга дахиад нэг адууг нь янзлаад байж байсан. Төхөөрсөн 3 адуунаас гадна 2 адуу байсан” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/
Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ирсэн махны гарал үүслийн гэрчилгээг болон эрүүл ахуйн шинжилгээний бичгийг үндэслэн худалдаж авдаг. Худалдаж аваад жинлээд тооцоог нь хийдэг. Авсан махаа дотогш оруулаад хэрэглэдэг, худалдаж авсан махныхаа жин, өгсөн хүн зэргийг бүртгэлийн дэвтэрт нэг бүрчлэн бичдэг, гарал үүслийн гэрчилгээний дугаарыг бичиж тэмдэглэдэг. 2012 оны 12 дугаар сарын 29-ний өглөөгүүр 11:00 цаг өнгөрч байхад нэг эрэгтэй хүн 2 адууны мах өгөх гэсэн юм гээд жолоочтойгоо 2-уулаа ирсэн. Тэгээд 2 адууны мах авчираад жинлээд худалдаж авсан. нийтдээ 224 кг адууны ястай шинэ мах 1 кг-ыг нь 3300 төгрөгөөр, нийтдээ 739.000 төгрөгөөр худалдаж авсан. Гарал үүслийн гэрчилгээг нэхэхэд өөр нэг адуу авчирна, тэгэхдээ бичгийг нь аваад ирнэ гэж хэлээд тооцоогоо хийгээгүй явсан. Тэгээд оройхон 16-17 цагийн орчим халамцуу байдалтай нөгөө машинтайгаа ирээд мөнгөө авъя гэхээр нь бичгээ өгнө гэсэн яасан? гэхэд амжсангүй гэсэн, тэгэхээр нь бичгээ өгөөд мөнгөө ав гэхэд би тэгж хулгай хийж явдаг хүн биш, Дарханд намайг бүгдээрээ таньдаг гээд нэг хүн рүү утасдаад мөнгө өгсөнгүй гэж яриад байсан. Би тэр хүний регистрийн дугаарыг нь хэлсэнээр нь бичиж аваад авчирсан машиных нь дугаарыг бичиж аваад тооцоог нь хийгээд явуулсан. Авч болохгүй гэдгийг мэдэж байсан, эргээд нэг адуу авчирна гээд байхаар нь авчихсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 31-32 дугаар хуудас/
Гэрч Ш.Э-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай баз хүргэн болох Б ах утасдаад Номгон яваад ирье гэхээр нь миний машин байхгүй шүү дээ гэхэд машин олчихооч гэхээр нь би за тэгье гэсэн. Би найз Гантулга руу утасдаад машинаа өгч байгаач гэж гуйгаад Гантулгатай хамт граж дээр нь очиж машиныг нь асааж аваад тэр өдөртөө Байнаа ахтай хамт явж Номгон орж малын талаар бичиг авсан. Тэр бичиг нь Байнаа ах өмнө нь машинтайгаа явж байгаад хүний мал дайрч алсан бөгөөд түүний даатгалд өгөх бичиг мал эмнэлэгээс авсан юм. Тэгээд бид хоёр бичгээ авчихаад нилээн орой 23:00 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тэгээд би гэртээ хариад амарсан. Гэтэл 29-ний өглөө хэд хэд залгасан байхаар нь 07:00 цаг өнгөрөөгөөд сэрээд залгасан. Байнаа ах нөгөө машинаа өгчихсөн үү гэхээр нь өгөөгүй гэсэн, ах нь эндээс мах ачаад дотогшоо оруулмаар байна гэхээр нь би гараад Queen барны доор тавьсан машиныг гаргаад Байнаа ахын гэрт нь очоод шууд тосгон руу Заяа ахын гэрийн гадаа очоод Байнаа ах ороод дуудаад хамт гарч ирээд дахиад цаашаа нэг айлд очиж нэг залууг дуудаж гаргаж ирээд надтай 4-үүлээ Ус сувагийн цэвэрлэх байгууламжийн тийшээ айлд очсон. Бэлдээд янзалсан байсан 2 адууны мах ачсан. Тэгээд бид хоёр адууны махаа ачаад Дэгжих гал хиаман цехэд аваачиж өгсөн. Мах хүлээж авдаг гээд нэг эмэгтэй махыг хүлээж аваад малын бичгээ гэж нэхэхэд нь Байнаа ах нэг юм хэлээд л байсан” гэх мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/
Гэрч Н.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 11 сараас машинаа гаргаагүй, гражид тавьсан, би ер нь гаргадаггүй байсан, харин 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай найз Энхтүвшин машины хэрэг болоод байна, өгч байгаач гээд миний машиныг гуйгаад, би хамт очиж гражаас машинаа холбож асааж өгсөн. Түүнээс хойш аваагүй байж байгаад 31-нд очиж машиныхаа түлхүүрийг авахад миний машиныг гражид буцаагаад тавьчихсан байсан. Энхтүвшин өөрөө кроун маркийн машинтай бөгөөд 28-нд эхнэр нь машиныг нь авч хот руу явах хэрэгтэй болоод машинтай нь очиж миний машиныг холбож асааж өгөөд эхнэр нь машиныг нь аваад явсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/
Гэрч Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 12 дугаар сарын 28-ны орчим байх Д 22 цагийн үед ирээд надтай уулзаад морио яах гэж байна уях юм уу гэхээр нь будаагаар тэжээж байна гэхэд би хэдэн морь уяж тэжээж байгаа чи надад өгч уяулах уу? би Байнаатай хамт морь уяж байгаа гэсэн. Тэгэхээр нь би өгч явуулаад хэд хоногоос ардаас нь очъя гэж хэлсэн. Тэгээд миний морийг хөтлөөд явсан. Дараа нь хэрэгт холбогдсоныг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хэргийн 35 дугаар хуудас/
- Д.М-ы сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 12 дугаар сарын 29-ний өглөөгүүр 11 цагийн орчим гэрээсээ гараад зах орох гээд явж байтал Д ганцаараа сартай хүрэн морь унаад, шар хээр зүсмийн бөөн сүүлтэй морь, жижиг бага насны бололтой 2 морь хөтөлчихсөн явж байсантай таарсан. Тэгээд надад энэ 2 морийг зарна, чиний тэрэгний морь чинь байгаа юу гэхээр нь байхгүй зарчихсан, харин энд 1 хул гүү байгаа үзвэл үз гээд үзүүлсэн. Тэгээд бид хоёр тохироод хул гүүгээ 400.000 төгрөгөөр өгөхөөр тохироод 300.000 төгрөг бэлэн өгөөд 100.000 төгрөгийг нь дараа өгөхөөр тохироод хул гүүгээ өгөөд явуулсан. Тэгээд би тэр 2 адууг нь 30-нд Нямдоржоор нядлуулсан. Орой Д над руу утсаар яриад Гэгээ дэлгүүрийн тэнд 19 цагийн орчим уулзсан. Тэгэхдээ Д Б тай хамт ирсэн ба би Д д 300.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 86-87 дугаар хуудас/
-Ю.Ө-ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “2012 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө үүрээр Д манайд орж ирсэн. Гараад харахад гэрийн зүүн талд 5 адуу байсан. Тэгээд бид 2 тэр адуунаас эхлээд шар хээр морийг дараа нь буурал морийг янзалсан. 2 дахь удаагаа янзалж байхад Д Б луу утсаар яриад дуудсан.. Тэгээд 3 дахь удаагаа янзалж эхэлж байхад Б манайд хар хөх өнгийн жижиг япон машинтай гурвуулаа ирсэн. Тэгээд 2 адууны махыг аваад явсан. Д үлдсэн 2 адууг нь хөтлөөд өөрийнхөө сартай хүрэн морио унаад тоосгоны үйлдвэрийн чиглэлд явсан” гэх мэдүүлэг /хэргийн 88-89, 92-93 дугаар хуудас/
- Хохирогч Ш.Ц ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай адуу Ноёнхонгорын өвөрт гэрийнхээ баруун тийшээ бэлчиж хээр хоноод 29-нд өдөр 15:00 цагийн орчим ахин адуугаа хурааж ирээд бүртгэхэд миний өөрийн 3 адуу, хүний тавиул 2 адуу, нийт 5 тооны адуу алдагдсан байсан. Тэгэхээр нь адуугаа хашчихаад эргээд бэлчээрээс нь хайгаад явсаар байгаад харанхуй болчихоор нь нөгөө 2 адууныхаа эзэн Б д утсаар хэлээд өнөө өглөө 06 цагт дахин Ноёнхонгороор хайгаад явсаар олдохгүй болохоор нь Б тай хамт адуу байсан бэлчээрээр очиж мөр харахад адууны захаас 5 адууг морьтой хүн тасалж хөөгөөд Дархан чиг рүү явсан мөр байхаар нь мөрөөр нь мөрдөж явсаар байгаад цэвэрлэх байгууламжийн тийшээ айлд мөр нь яваад орохоор нь тэр айлын гадаа очоод гэрээс гарч ирсэн эрэгтэй хүнээс асуухад 5 адуу харав уу гэхэд мэдэхгүй, адуу хараагүй гэсэн. Тэгээд цагдаад хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/
- Хохирогч Б.Б н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 12 дугаар сарын 29-ний орой 20:00 цагийн орчим Ц над руу утсаар яриад 2 морь чинь миний өөрийн 3 морьтой байхгүй болчихлоо гэсэн. Тэгээд өнөө өглөө над дээр ирээд мөр харахад хөөгөөд явчихсан байна гэсэн. Ц бид 2 мөр хөөж явсаар байгаад цэвэрлэх байгууламжийн ард байх нэг айлын гадаа ирээд мөр тасарсан. Тэгээд тэнд байх нэг эрэгтэй хүнээс асуухад ямар ч морь хараагүй гэсэн, тэгээд цагдаа дуудсан. Миний алдагдсан 2 морь бол шар хээр зүсмийн жинстэй олмон тамгатай буруу чих голоороо цуулбар имтэй, уналганд хэрэглэж байсан дунд зэргийн тарган морь байсан. Нөгөөх нь хүрэн зүсмийн соёолон болох үрээ байгаа юм. Тэр хүн өөрөө ярихдаа Дорнод аймгаас хурдан азарганы төл гэж өндөр үнээр худалдаж авсан морь байгаа юм гэж байсан. Тэр хүн үнийг нь мэдэх байх. Би өөрийнхөө хээр морийг 800.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/
- Хураан авсан ширэнд үзлэг хийж, хохирогчид таниулсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 6-8 дугаар хуудас/
- “Мөнх дэгжих гал” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн худалдаж авсан бүртгэл /хэргийн 13 дугаар хуудас/
- Эд хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаа /хэргийн 15-16 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ******* нь 2012 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар багийн нутаг “Цагааннуур” орчимд оршин суух иргэн Ш.Ц ын 3 тооны адууг хулгайлж 4.100.000 төгрөгийн хохирол, иргэн Б.Б н 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Б нь 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутагт ******* ийн хулгайлсан 5 тооны адуунаас нядалсан 3 тооны адууны махыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж ялаа эдэлж байгаад 2012 оны 5 дугаар сарын 3-нд хугацаа дуусч суллагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байхдаа бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.
Харин шүүгдэгч Л.Б нь 2000 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 25000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн бөгөөд хуульд заасан ялтай байдал дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* ийн ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч Л.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Иймд шүүгдэгч ******* ийг ялтай байхдаа бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Б ыг ******* ийн хулгайлсан малыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон учир эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй байна.
Хохирогч Ш.Ц ын хулгайд алдсан 3 тооны адууны хохиролд тооцож ******* ээс өгсөн нэг адууг хохирогчийн хүсэлтийн дагуу 800.000 төгрөгийн төлбөрт тооцож, эд зүйл үнэлэх комиссын шийдвэрийн дагуу үлдэх 2 адууны үнэ болох 3300000 төгрөгийг, мөн хохирогч Б.Б гийн 2 адууны үнэ болох 1800000 төгрөгийг шүүгдэгч ******* ээс гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* урьд нь хорих ял эдэлж байсан боловч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийн зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлсөн, амьдралын нөхцөл байдал зэргийг нь харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* ийн энэ хэрэгт 2013 оны 1 сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 93 хоног, шүүгдэгч Л.Б ын энэ хэрэгт 2012 оны 12 сарын 31-ны өдрөөс 2013 оны 1 сарын 24-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 24 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт ******* ийг ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э овогт Л.Б ыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б овогт ******* ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар хорих ял, Эовогт Л.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 /арав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1404000 /нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 2 жил 2 /хоёр/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч ******* ийн энэ хэргийн улмаас 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 93 /ерөн гурав/ хоног, Л.Б ын энэ хэргийн улмаас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ******* ээс 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Орхон сумын Цагаан нуурын Энхтал 2 дугаар баг Майхан толгой гэх газар оршин суух У овогт Ш.Ц д 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Дархан-Уул аймгийн Орхон сумын ... баг .... орчимд оршин суух Ш овогт Б.Б д 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шүүгдэгч Л.Б ын цагдан хоригдсон 24 хоногийн 1 хоногийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж торгох ялаас хасч, шүүгдэгч Л.Б нь оногдуулсан торгох ялыг эдэлж дууссанд тооцсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зїйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч ******* д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Л.Б т бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл ******* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Л.Б т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ