| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2019/01578/и |
| Дугаар | 142/ШШ2020/00060 |
| Огноо | 2020-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2020/00060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум тоотод оршин суух овогт Д-ийн Б /регистрийн дугаар /-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум тоотод оршин суух овгийн П.У /регистрийн дугаар ИР58110404/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум тоотод оршин суух Л овгийн Б-ийн У /регистрийн дугаар / нарт холбогдох,
“965 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч П.У, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Б нь найз П.У-т 2017 оны 01 дүгээр сарын 06-нд эхнэр С-гаар уламжлан 3 сая төгрөгийг 5 дахь өдөр өгье гэж хэлүүлсний үндсэн дээр миний бие Д.Б өөрийн гараар П.У-ийн дүү болох Б.У-тэй хамт ирж авсан болно. Одоогоор П.У дансаар 400 000 төгрөг мөн хромон гутал 600 000 төгрөгөөр бодон өгсөн болно. Б.У-ээс дансаар нийт 750 000 төгрөг авсан, мөн миний эхнэр С-д гоо сайхны бүтээгдэхүүн 285 мянгад бодож өгсөн. Үүнийг авсан болно.
Энэ хоёр У хоорондоо тохиролцож 1 500 000 мянгаар төлөхөөр тус тусдаа дээрх мөнгө, эд зүйлийг өгсөн болно. Одоо үлдсэн 965 000 төгрөгнөөс П.У 500 000 төгрөгийг, Б.У-ээс 465 000 төгрөгийг тус тус надад гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч П.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “П.У 500 000 төгрөгнөөс 160 000 төгрөгийг 12 дугаар сарын 21-нд шилжүүлсэн. Үлдсэн 340 000 төгрөгийг бололцоотой үедээ өгнө. Цагаан сараас өмнө 02 дугаар сарын 20-ны өдөр гэхэд дуусгана” гэжээ.
Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б.У миний бие Фаберликийн гоо сайхны 2 удаагийн барааг нийлүүлээд /1-р 285 000 төгрөг + 2-р 280 000 төгрөг/ 1 хайрцагт хийгээд өөрөө ирж оффисоос авсан. Гэтэл эхний барааг тооцож хасаад 2-р захиалгын барааг тооцоогүй байна. Одоо би үлдсэн 185 000 орчим төгрөгийг энэ ондоо багтааж төлөх болно. 2019 оны 12 дугаар сард С эгчийн утсанд залгасан боловч дуудаад аваагүй. Би өөрийн утсаа гээсэн тул утасны дугааргүй болчихоод Урнаа эгчээс утасны дугаар авч залгасан юмаа” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь П.У-ээс 500 000 төгрөг, Б.У-ээс 465 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд П.У 160 000 төгрөг өгсөн учир одоо П.У-ээс 340 000 төгрөг нэхэмжилнэ гэсэн.
Хариуцагч П.У нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр өөрт нь холбогдуулан гаргасан одоо үлдсэн байгаа 340 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, төлнө гэсэн тайлбар гаргасан.
Нэгэнт хариуцагч П.У нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Харин хариуцагч Б.У нь Д.Б-аас 1 500 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Харин энэн мөнгөнөөс бэлэн мөнгө болон барааг буцааж өгөөд одоо 180 000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж тайлбарласан бөгөөд, буцааж өгсөн бэлэн мөнгөний талаар талууд маргаагүй, харин бараа буцааж өгсөн гэдэг дээр талууд маргаж байна.
Б.У хоёр удаа бараа захиалж Д.Б-ы эхнэр С-д өгсөн гэдэг боловч, нэг удаагийн барааг хүлээж авсан гэдэг дээр нэхэмжлэгч маргаагүй, харин дараагийн бараа буюу 287 000 төгрөгийн барааг нь хүлээж авсан гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй.
Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.У нар нь 287 000 төгрөгийн барааг хүлээж авсан, аваагүй гэдэг дээр маргаж байгаа бөгөөд, 465 000 төгрөгийн өглөгтэй байсан гэдгээ Б.У хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч Б.У нь өөрийн татгалзал тайлбартайгаа холбоотой баримтаа гаргаж өгөөгүй, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, татгалзал тайлбараа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд хариуцагч Б.У-ээс 465 000 төгрөг гаргуулан Б.У-т олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27 710 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.У-ээс 15 650 төгрөг, хариуцагч Б.У-ээс 14 600 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б-ны 340 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг П.У- хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.У-ээс 465 000 төгрөг гаргуулан Д.Б-д олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 710 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.У-ээс 15 650 төгрөг, хариуцагч Б.У-ээс 14 600 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА