Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2013 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2013/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/0091/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Б.Сүрмандах,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч ******* , Л.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш  овогт ******* , Б  овогт Л.М  нарт холбогдох 201309000079 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 4 дүгээр сарын 23ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: 1.Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, . .. хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дүгээр брак байрны .. тоотод түр оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Ш  овогт *******  /РД: ОА...../,

 

2. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, .. хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг .... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт Л.М  /РД: ТА..../  

 

Шүүгдэгч ******* , Л.М  нар нь бүлэглэн 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Аялгуу” нэртэй караоке баранд хамт явсан найз С.С ийг М.Т тэй маргалдаж байхад нь өмөөрч М.Т гийн эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр  “Аялгуу” караокед дуулж байхад микрафон нь чанга байсан. Тэгээд дуулж байсан хүмүүсийг жаахан суллачихаач гэж хэлсэн. Гэтэл М.Т  манай найз руу томороод, дээрэлхээд байхаар нь шанаа хавьцаа нь гараараа нэг цохисон, тэгээд цагдаа нар ороод ирсэн. Караокед орохдоо уучихсан согтуу байсан, орохоосоо өмнө бид нар 2 том пиво уусан. Хохирол төлбөр барагдуулах гээд уулзъя гэхээр өөрөө уулздаггүй, сүүлд нь уулзахад та хоёроос юу авахав дээ гэж байсан” гэв.

 

 

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Dawaanyam Munkhbaatar nar 99.2.docx

Шүүгдэгч Л.М аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Бямбаа, С , *******  бид 4 “Аялгуу” караокед орсон. Хажууд нэг ах дуулаад байж байсан. Гэтэл манай найзыг дээрэлхээд байхаар нь очоод нэг цохисон” гэв.

 

Шүүгдэгч ******* , Л.М  нар нь бүлэглэн 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Аялгуу” нэртэй караоке баранд хамт явсан найз С.С ийг М.Т тэй маргалдаж байхад нь өмөөрч М.Т гийн эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

-Шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…М.Т  манай найз руу томороод, дээрэлхээд байхаар нь шанаа хавьцаа нь гараараа нэг цохисон” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч Л.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…хажууд нэг ах дуулаад байж байсан. Гэтэл манай найзыг дээрэлхээд байхаар нь очоод нэг цохисон” гэх мэдүүлэг,

            -Хохирогч М.Т гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2013 оны 1 дүгээр  сарын 29-ний өдөр найз Цогтын хамт Дархан сумын 5 дугаар баг Арбатын гудамжинд байдаг “Аялгуу” нэртэй нийтийн караоке баранд орсон. Бид 2 ороод нэг дуу захиалж, пиво уугаад байж байхад хажуугийн зэргэлдээ ширээнд суусан. Бид 2-ыг сууж байхад нөгөө 4 залуу согтуу орж ирээд зөөгчийг дуудаад дууг нь багасга, бид нар юм ярьмаар байна гэж байсан. Тухайн үед манай найз бид хоёр юу ч хэлэхгүй, чимээгүй сууж байсан юм. Манай найз бид хоёрын авсан нэг цаг дуусахаар нь сүүлчийн дуугаа захиалах гээд текний урд талд Цогт бид хоёр зөөгчтэй ярилцаж байхад нөгөө 4 залуугийн нэг нь болох хар малгайтай, намхан жижигхэн биетэй залуу нь ирэнгүүтээ миний нүд рүү, Цогтын цээж рүү нь тохойлдоход зөөгч энд зодоон болохгүй шүү гэхэд цаана нь сууж байсан 3 залуу босож ирээд манай найз бид хоёрыг зодсон юм. Нүүр рүү гэзэгтэй нь гараараа цохьсон. Дагз руу нөгөө махлаг бүдүүн залуу цохих шиг болсон” гэх мэдүүлэг /хэргийн 6-7, 66 дугаар хуудас/,    

 

-Гэрч Д.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…эхлээд текний хажууд М.Т  намхан залуутай маргаад байх шиг байсан. Тэгэхэд нь би сандал дээр сууж байсан. Тэгсэн Т  рүү намхан залуугийн найз болох 2 залуу дайраад унахаар нь би очоод салгах санаатай нэгтэй нь зууралдаж аваад дийлэхгүй болохоор нь буцаад сандал дээрээ суучихсан. Т  нөгөө залуучуудын араас гараад явсан, тэгээд би байж байгаад гараад явсан. Цагдаа нар ирчихсэн байсан. Намайг зодож цохисон асуудал байхгүй, би өөрөө хэнийг ч цохиогүй. Баранд зодоон болоход 3 залуу байсан, нэг залуу нь зодоон болохоос өмнө явчихсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 65 дугаар хуудас/

 

Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Манай баранд би ганцаараа байж байхад 2 ах орж ирээд 3-р ширээн дээр суугаад 6 пиво аваад дуу дуулаад сууж байхад 19.00 цаг өнгөрч байхад бас 3 залуу орж ирээд 1-р ширээн дээр сууж нэг шил 0.5 граммын ерөөл архи авч ууцгаасан. Тэгээд байж байтал сүүлд орж ирсэн 3 залуугийн намхан жижиг биетэй, шар царайтай залуу нь миний хажууд ирснээ надаас гал асуугаад гал өгсөн чинь тамхиа асаагаад текний хажууд зогсож байхад эхэнд орж ирээд 3-р ширээн дээр сууж байсан 2 ахын нэг нь бас хүрч ирээд 500 төгрөг өгөөд дахиад нэг дуулчихъя гээд мөнгө бариад зогсож байснаа хажууд нөгөө тамхи татаад зогсож байсан намхан, шар царайтай залууг муухай хараад байна уу гэхэд тэр залуу үгүй ахаа, муухай хараагүй гээд байж байсан чинь намхан залуутай хамт явсан 2 залуугийн өндөр, гэзэгтэй нь хүрч ирснээ 500 төгрөг өгөөд дуулчихъя гээд байсан ахын толгой руу гараараа цохиод авахад тэр 2 барилцаж аваад зодолдоход нөгөө нэг арай махлагдуу нь босож ирээд нөгөө ахыг нийлээд цохиж зодсон юм. Нөгөө гал асуугаад тамхи татаж байсан залуу нь салгах гээд оролдон дундуур нь ороод дийлэхгүй байсан.

Тэгсэн нөгөө зодуулсан ахтай хамт явсан ах хүртэл салгах гэж оролдоод дийлэхгүй бужигналдаад байсан юм. Тэгэхээр нь цагдаа дуудчихаад та нар болиоч, би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь нөгөө ахыг зодож байсан гэзэгтэй махлаг 2 нь гараад зугтахад нөгөө намхан жижиг биетэй нь хамт гараад гүйсэн чинь нөгөө зодуулсан ах нь таньдаг бацаанууд байна гээд араас нь гараад явсан юм. Надаас гал асуугаад тамхи татаж байсан залуу зодоон цохионд оролцоогүй, салгах гээд байсан юм. Сүүлд орж ирсэн 4 залуугийн нэг нь хар куртиктай, өндөр залуу байсан. Тэр намайг хүн дуудах гээд гарчихаад ороод ирэхэд гараад явчихсан байсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 8 дугаар хуудас/   

 

-“М.Т гийн биед тархи доргилт, нүүр болон хүзүү хоолойны цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2013 оны 2 сарын 1ий өдрийн 119 тоот дүгнэлт /хэргийн 12 дугаар хуудас/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ******* , Л.М  нар нь бүлэглэн 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Аялгуу” нэртэй караоке баранд хамт явсан найз С.С ийг М.Т тэй маргалдаж байхад нь өмөөрч, М.Т гийн эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч ******* , Л.М  нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч М.Т  нь шүүхийн шатанд “...надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцох боломжгүй” гэж мэдүүлж, энэ тухай тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч ******* , Л.М  нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй /хэргийн 45, 51 дэх тал/ байна.

            Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

            Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш  овогт ******* , Б  овогт Л.М  нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Ш  овогт ******* , Б  овогт Л.М  нарт 260 /хоёр зуун жар/ цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар  шүүгдэгч ******* , Л.М  нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солих учиртайг ******* , Л.М  нарт мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* , Л.М  нарт бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.         

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* , Л.М  нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Я.ТУУЛ