Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 101/2020/01295/И |
Дугаар | 001/ХТ2022/00956 |
Огноо | 2022-10-20 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2022/00956
“ ****- ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/02476 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2020/01978 дугаар магадлалтай,
“ ****- ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
****д холбогдох
Орон сууц, авто зогсоолын ашиглалтын зардлыг нөхөн төлүүлэх, олох байсан орлого буюу түрээсийн төлбөр нийт 5,596,356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “ ****- ****” ХХК нь ****д холбогдуулан орон сууц, авто зогсоолын ашиглалтын зардлыг нөхөн төлүүлэх, олох байсан орлого буюу түрээсийн төлбөр нийт 5,596,356 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/02476 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан ****эс 777,849 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ ****- ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,815,507 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104,444 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан 777,879 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23,218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2020/01978 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/02476 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч ****эс 777,849 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ****- ****” ХХК-д олгож, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 95 дугаар зүйлийн 95.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,815,507 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатын шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн хэсэгт маргаангүй, нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу хариуцагчийн тухайн орон сууцыг ашигласан хугацааны олох ёстой байсан орлогыг хохиролд тооцон нэхэмжилснийг хангахгүй орхисон үндэслэл нь талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй, эрх зүйн харилцаанд орсноо нотлоогүй...” гэжээ. Энэхүү дүгнэлт нь хуулийн болон бодит үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахгүй орхих шүүхийн шийдвэрийн үндэслэл байх боломжгүй. Давж заалдах шатны шүүх “...хариуцагч Д.Мөнх-Эрдэнийг 2019 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106А байрны 52 тоот орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөл гэдгийг мэдэхгүй шударгаар эзэмшиж байсан...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “ ****- ****” ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Хөрш заан хотхоны 106А байрны, 52 тоот орон сууцыг 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарыг хүртэл иргэн **** нь хууль бусаар эзэмшсэн тул хууль бусаар амьдарсан хугацааны төлбөр, халуун, хүйтэн ус, цахилгаан, машины зогсоолын төлбөр, СӨХ-ийн төлбөр зэргийг ****эс нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй”, 495.2-т энэ хуулийн 495.1-д зааснаар “бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэжээ. Хариуцагч **** хууль ёсны өмчлөгч болох “ ****- ****” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцанд амьдарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон.
4.1. Нөгөөтээгүүр хэрэв иргэн **** тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй бол нэхэмжлэгч өөрийн хөрөнгийг бусдад түрээслүүлэн орлого олох боломжтой байсан. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл хариуцагч тайлбартаа “Г.Лхагвасүрэнгээс тухай орон сууцыг шилжүүлэн авсан...,” гэжээ. Г.Лхагвасүрэн нь манай компанийн орон сууцыг бусдад өгөх эрхгүй этгээд бөгөөд ямар учраас ийнхүү бусдын өмчлөлийн хөрөнгийг өмчлөгч бус этгээдээс авсан гэх үнэмшилгүй зүйлс бичсэн бөгөөд үүнийг шүүх үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Хариуцагчийн тухайн хөрөнгийг “ ****- ****” ХХК-ийн өмчлөлийнх гэж мэдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд бусдын хөрөнгийг дураараа ашиглаж болно гэсэн үг биш юм. Хариуцагчийн үзэж байгаа шиг түрээсийн гэрээ л байгуулаагүй бол бусдын өмчийг үнэгүй ашиглаж болдог, өмчлөгчийг нь мэдээгүй гэх үндэслэлээр мөн хууль бусаар хөрөнгө ашиглах нь үндэслэлгүй байтал шүүхээс тухайн үйлдлийг зөвтгөж дүгнэсэн. Хариу тайлбараас харахад хариуцагч нь нэхэмжлэгчийн хөрөнгийг хууль бусаар ашигласан асуудлаа үгүйсгээгүй бөгөөд гагцхүү Г.Лхагвасүрэнгийн зөвшөөрлөөр ашигласан гэх хууль бус зүйлс бичжээ. Г.Лхагвасүрэн гэх хүн энэ орон сууцанд ямар ч хамааралгүй бөгөөд захиран зарцуулах эрхгүй гэдэг нь тодорхой байна.
4.2. Хариуцагч **** нь тухайн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Г.Лхагвасүрэнгээс авсан гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан гэрч Г.Лхагвасүрэнгийн мэдүүлгээр бол тухайн зээлийн барьцаанд байсан 2 экскаватор техникийг **** нэр дээрээ шилжүүлэн авсан гэжээ. Ийнхүү 2019 оны 10 дугаар сард шилжүүлэн авч, өр төлбөрөө хоорондоо шийдсэн гэж ярьж байгаа атлаа орон сууцыг 2020 оны 02 дугаар сар хүртэл ашигласан. Энэ үйлдлээс харахад огт мэдээгүй биш мэдсээр байж, манай компанийн зүгээс удаа дараа албан бичиг өгч орон сууц чөлөөлөхийг шаардсаар байтал тухайн орон сууцанд амьдарсаар байсан атлаа шүүх дээр огт мэдээгүй хэмээн мэлзэж байна гэж үзэж байна. Манай компани ямар учраас бусдын хууль бусаар оршин суусан хугацаан дах төлбөрийг хохиролд гаргуулан авахыг шүүхээс хангаагүй нь ойлгомжгүй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн нотлох баримтгүй, үндэслэлгүй тайлбарт итгэж, **** манай орон сууцыг шударгаар эзэмшиж байсан мэтээр дүгнэсэн нь хууль зүйн болон бодит нийцэхгүй байна.
4.3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар нотлох баримт, үйл баримт зэрэгт оновчтой дүгнэлт хийж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй. Мөн Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шударга бус эзэмшигчийг үндэслэлгүйгээр шударга эзэмшигч хэмээн дүгнэсэн. Шүүхээс дүгнэлт хийхдээ **** нь тухайн орон сууцанд 7 сарын турш хууль ёсны дагуу амьдарч, амьдарсан хугацааныхаа зах зээлийн ханшид нийцэх түрээс, хөлс төлөхгүй байгааг зөвтгөсөн шийдвэр гаргасан. Тийнхүү хууль бус үйлдлээ зөвтгөхөөр хариуцагч олон тайлбар гарган, гэрч асуулгасан ч тухайн орон сууцанд өмчлөгчийн зөвшөөрлөөр орж амьдарсан гэх баримт хэрэгт байхгүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэйг харуулж байгаа юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан ****эс 777,849 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ ****- ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,815,507 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч ****эс 777,849 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ****- ****” ХХК-д олгож, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 95 дугаар зүйлийн 95.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,815,507 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчилжээ.
7. Анхан шатны шүүх ****эс 777,849 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярын гомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.
8. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал:
9. Нэхэмжлэгч “ ****- ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2019 оны 08 сард **** гэгч нь уг байрыг сонирхон үзнэ хэмээн түлхүүрийг нь аваад уг байранд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр амьдарсан. Дээрх орон сууцыг Д.Мөнх-Эрдэнийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэхээр удаа дараа шаардсан. ...хариуцагч ****эс Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байршилтай Хөрш заан хотхон, 106А байр, 52 тоот 58.68 м.кв талбайтай орон сууцын түрээсийн төлбөрт 3,150,000 төгрөг, байрны төлбөр /ус, дулаан/ 400,018 төгрөг, СӨХ-ийн төлбөрт 193,900 төгрөг, цахилгааны төлбөрт 169,437 төгрөг, зогсоолын түрээсийн төлбөрт 1,526,000 төгрөг, зогсоолын ашиглалтын төлбөрт 160,000 төгрөг, нийт 5,593,356 төгрөгийг гаргуулах...” гэсэн агуулгаар тодорхойлсон байна.
Хариуцагч **** “...2019 оны 05 сард иргэн Г.Лхагвасүрэнд 160,000,000 төгрөг зээлдүүлж, хамтран ажиллахаар тохиролцсон. ...мөнгө зээлдүүлбэл Зайсанд байрлалтай 2 байрны нэгийг зах зээлийн үнээс хямд үнээр ав гэсэн. ...Г.Лхагвасүрэнтэй хамт Зайсанд байршилтай 67 м.кв байр, Хөрш заан хотхонд байрлах 54 м.кв байрыг гараашны хамт очиж үзсэн. Тэгээд Хөрш заан хотхоны байрыг худалдан авахаар болж нүүсэн. Тухайн үед байрны гэрчилгээг үзүүлэх цаашлаад нэрээ шилжүүлэхийг шаардсан хэдий ч тун удахгүй гүйцэтгэсэн ажлаа дүгнүүлж нэрээ шилжүүлж авах эрх үүснэ 10 сардаа багтааж нэрээ шилжүүлнэ гэсэн. ...нэхэмжлэгчтэй орон сууц болон зогсоолын түрээсийн гэрээг байгуулаагүй тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ашиглалтын зардалд 756,018 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө...” гэж мэтгэлцжээ.
Зохигчийн хооронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байршилтай Хөрш заан хотхон, 106А байр, 52 тоотбүхий хоёр өрөө орон сууц, зоорины давхрын 31 тоот авто зогсоолоосолох байсан орлого буюу түрээсийн төлбөр төлөх эсэх нь маргааны зүйл болсон байна.
10. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байршилтай Хөрш заан хотхон, 106А байр, 52 тоотбүхий хоёр өрөө орон сууц, мөн байрны зоорины давхрын 31 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “ ****- ****” ХХК болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000590991, 000613701 тоот гэрчилгээнүүдээр нотлогджээ.
11. **** “ ****- ****” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106А байрны 52 тоот бүхий хоёр өрөө орон сууцанд 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд амьдарч, мөн орон сууцны зоорины давхрын 31 тоот авто зогсоолыг 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд ашигласан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Энэ талаар талууд маргаагүй болно.
12. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэжээ.
13. Хэрэгт авагдсан гэрч Г.Лхагвасүрэнгийн “... ****эс 160,000,000 төгрөг зээлж авсан, “Сайханбулган” ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажилласны ажлын хөлсөнд орж ирэх уг компанийн өмчлөлийн орон сууцуудыг ****д үзүүлсэн, тэрээр Хөрш заан хотхоны 2 өрөө байрыг авахаар болсон, тухайн үед ажлын явц дуусаагүй байсан болохоор нэр дээр нь дараа шилжүүлэхээр тохиролцоод **** уг байранд нүүж орсон” гэсэн мэдүүлэг, хариуцагчийн “...2019 оны 12 сард гэрийн хаалганд бичиг үлдээсэн байсан, энэ хугацааг хүртэл би тухай орон сууцыг иргэн Г.Лхагвасүрэнгээс худалдан авсан гэж ойлгож байсан” гэсэн тайлбарыг үндэслэж давж заалдах шатны шүүх Д.Мөнх-Эрдэнийг маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг “ ****- ****” ХХК-ийн өмчлөлийн орон сууц болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй, шударга эзэмшигч байсан гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
14. Давж заалдах шатны шүүх **** маргаан бүхий орон сууцыг шударга бусаар буюу хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул орон сууцыг түрээсэлсэн төлбөр, олох байсан орлогыг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсэхгүй гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 495 дугаар зүйлийн 495.1-д тус тус заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
15. Хариуцагч **** тус орон сууцанд амьдрах хугацааны ус, дулааны төлбөрт 301,300 төгрөг, цахилгааны төлбөрт 122,656 төгрөг, СӨХ-ны төлбөрт 193,900 төгрөг, зогсоолын ашиглалтын төлбөрт 160,000 төгрөг, нийт 777,849 төгрөгийн төлбөрийг “ ****- ****” ХХК төлсөн болох нь хэрэгт авагдсан санхүүгийн баримт, зохигчийн тайлбараар нотлогдсон байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.” гэж заасан.
16. “ ****- ****” ХХК Д.Мөнх-Эрдэнийн өмнөөс төлсөн зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ.
17. Дээрх байдлаас дүгнэвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярын шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн нотлох баримтгүй, үндэслэлгүй тайлбарт итгэж, **** орон сууцыг шударгаар эзэмшиж байсан мэтээр дүгнэсэн, орон сууцанд өмчлөгчийн зөвшөөрлөөр орж амьдарсан гэх баримт хэрэгт авагдаагүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэх утга агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
18. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2020/01978 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,999 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД