Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0406

 

 

 

 

 

 

 

 

                  “Х”ХХК-ийн нэхэмжлэлтэй

                   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0804 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Х”ХХК

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Хяналт-шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Г.И  

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Хариуцагч Г.И

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө

Хэргийн индекс: 128/2025/0490/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0804 дүгээр шийдвэрээр “Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

2. Нэхэмжлэгч “Х”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч  гаргасан давж заалдах гомдолдоо: “...

            2.1. Хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай.

Гомдол гаргагч нь эрх бүхий албан тушаалтны үйлдсэн шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэг үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцуулахаар маргасан.

Анхан шатны шүүх “...Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-т Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх...” гэж тус тус зааснаар Татварын ерөнхий хуульд заасан үнэ шилжилтийн жилийн тайлан гаргах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шийтгэл торгууль оногдуулсантай холбоотой харилцаанд Татварын ерөнхий хуулийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхээр байна” хэмээн илт үндэслэл муутай дүгнэлт хийсэн.

Энэхүү дүгнэлт нь маргааны үйл баримтыг татварын эрх зүйн харилцааны онцлогт тохируулж хэрэглээгүйтэй холбоотой гэж үзэж байна.

Учир нь анхан шатны шүүх Татварын ерөнхий хуульд заасан татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулахад хэрэглэх хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд заасан татварын хууль зөрчих үйлдэл, эс үйлдэлд хариуцлага хүлээлгэхэд хэрэглэсэн нь хуулийн зохицуулалтыг хэт явцууруулж, өргөжүүлэн тайлбарласан байна.

Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хуульд өөрөөр заагаагүй бол ...” гэж заасныг үндэслэн татварын хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой торгууль оногдуулсан асуудалд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай дүгнэлт юм. Учир нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг нарийвчлан зохицуулсан байхад “хуульд өөрөөр заагаагүй бол” гэх үндэслэлээр Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй байна. Учир нь татварын эрх зүйн харилцаанд хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг ялгаатай байдлаар зохицуулж хууль хэрэглээний жишиг нэгэнт тогтсон байдаг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “... Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” хэмээн тусгайлсан зохицуулсан хуулийн нэрийг дурдсан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн бусад хэсэгт дээрх зохицуулалтыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх гомдол гаргагчийн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт дүгнэлт хийхдээ Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг тайлбарлан хэрэглэснээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан боловч тухайн харилцааг нарийвчлан зохицуулаагүй хуулийг хэрэглэсэн.

2.2. Хуульд үндэслэх зарчим зөрчсөн тухай

Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж шийтгэлийн хуудас үйлдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан” буюу Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэлэлцэх хугацаа дуусгавар болж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу энэ эрхээ алдсан байхад шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэснийг шүүх анхаарч үзээгүй байна.

Энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан.

Гэтэл анхан шатны шүүх Татварын ерөнхий хуульд заасан татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль тооцоход хэрэглэх хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрэглэсэн нь нэгдүгээрт, хууль хэрэглээний хувьд алдаатай,- хоёрдугаарт, хуульд заасан үндэслэлгүйгээр гомдол гаргагчийн эрх ашиг сонирхолд халдсан шийдвэрийг үндэслэлгүйгээр зөвтгөсөн шийдвэр болсон.

Нэгэнт анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэхгүйгээр Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрэглэсэн нь зөрчлийн агуулга, үйл баримтын талаар буруу үнэлэхэд хүргэсэн гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хууль үндэслэх” гэж захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг хуульчилсан. Эрх бүхий албан тушаалтан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй нөхцөл байдалд шийтгэлийн хуудас үйлдсэн мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,6-д заасан илт хууль бус болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д гэж хуулийн нэр, түүнчлэн хариуцагчийн нэр, шийтгэлийн хуудасны огноог зэргийг буруу бичсэн, үндэслэх хэсэгт үг, үсгийн болон найруулга зүйн хувьд алдаатай байсныг тэмдэглэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв. 

1. Хэргийн нөхцөл байдлын талаар: Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч нь “Х”ХХК-ийн 2018.01.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг дуусталх татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр маргаж буй 0064539 дүгээр шийтгэлийн хуудсыг гаргажээ. 

Уг шийтгэлийн хуудсаар “Х”ХХК-ийг харилцан хамаарал бүхий этгээдтэй хийсэн ажил гүйлгээний үнэ шилжилтийн жилийн тайланг гаргаагүй зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.3-д зааснаар 463,183,124.07 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

“Х”ХХК нь 2020, 2021 онд захирал В.Г-оос 10,640,000,000.0 төгрөгийг зээлж авсан, 2021 онд тухайн дүнгээр В.Гт буцаан шилжүүлж “Богино хугацаат өглөг” дансанд холбогдох бичилтийг хийсэн, мөн харилцан хамааралтай “х” ХХК-тай хийсэн 500 сая төгрөгийн ажил гүйлгээг мөн адил 2020, 2021 онд холбогдох дансанд тус тус бичилт хийсэн боловч Үнэ шилжилтийн жилийн тайланг гаргаагүй байна.

Тус компани нь “үнэ шилжилтийн тайлан гаргаагүй” зөрчил гаргасантай маргаагүй, харин татвараас зайлсхийх санаа байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэл ногдуулсан, шийтгэлийн хэмжээ нь шударга ёсны зарчмыг зөрчсөн, татвар төлөөгүй зөрчил гаргаагүй, төсөвт хохирол учруулаагүй байхад ердийн татварын тайлан гаргаагүй гэх зөрчилд ногдуулдаг шийтгэлээс хэт их хэмжээтэй 463 сая төгрөгийн торгууль ногдуулсан нь шударга биш, хуулийн этгээдийг цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байна …” гэж маргажээ.

2. Анхан шатны шүүх “... Татварын ерөнхий хуульд заасан үнэ шилжүүлэлтийн жилийн тайлан гаргах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр торгууль ногдуулсантай холбоотой харилцаанд Татварын ерөнхий хуулийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхээр байна ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангид заасан хөөн хэлэлцэх хугацаа нь тухайлсан харилцааг зохицуулсан салбарын хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа заагаагүй тохиолдолд үйлчлэх талаар “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэж заасныг үндэслэн ... Татварын ерөнхий хуулийн 15.1-д заасан 4 жилийн хугацааг баримтлах тул ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй болно” гэж дүгнэн, гомдлыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            3. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй: ... 1.3.энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн.” гэж зөрчил гаргасан хүнд ногдуулах тодорхой тогтоосон торгуулийн хамгийн их хэмжээ 20 сая төгрөгт харгалзуулан хөөн хэлэлцэх хугацааг хамгийн урт нь “хоёр жил” байхаар заасан.

Харин хуулийн этгээдийн хувьд мөн зүйлийн 3-д “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж заасны дагуу 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээг 10 дахин ихэсгэхэд 200 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар заасан зөрчлийг үйлдсэнээс хойш 2 жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахааргүй байна.

4. Анхан шатны шүүх дээрх хуулийн 1.5 дугаар заалтын 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэж заасны дагуу Татварын ерөнхий хуульд заасан хугацааг баримтлахаар тайлбарлажээ.

4.1.Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна” гэж заасан нь зөвхөн татвар төлөх үүргээ биелүүлээгүйд нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах болон татвар төлөгчийн эрх буюу хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах үйл ажиллагаанд хамааралтай хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан байна.

4.2. Харин мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар дээрх хуульд заасан үйл ажиллагаатай хамааралгүй Зөрчлийн тухай хуульд заасан Татварын хуулийг зөрчсөн зөрчилд хариуцлага ногдуулж болох бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь дээр дурдсанаар Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар 2 жил хүртэл байхаар ялгамжтай зохицуулжээ.

4.3. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11-д “Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй бол татварыг нөхөн төлүүлж:  ... 11.3. үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар ажил гүйлгээний үнийг дүнгийн 2 хувиар торгууль ногдуулсан, харин тус компанийн хувьд татвар төлөх үүрэг үүсээгүй тул нөхөн төлүүлэх татвар байхгүй.

5. Тус компани нь зөвхөн “үнэ шилжилтийн жилийн тайлан гаргаагүй” зөрчил гаргасан тул  Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны заалтыг хэрэглэх үндэслэлгүй, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “... хуулиуд хоорондоо зөрчилтэй ...” гэж алдаатай дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

6. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-д заасан торгуулийн хэмжээ нь тодорхой тогтоогоогүй, харин “ажил гүйлгээний дүнгийн 2 хувиар торгох”-оор заасан бөгөөд маргаж буй шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч хуулийн этгээдийг үнэ шилжилтийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны дотор гаргах ёстой жилийн тайлан гаргаагүй зөрчилд 463,2 сая төгрөгөөр торгосон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-д заасан 200 саяас хэтэрсэн бол хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцохыг Зөрчлийн тухай хууль болон өөр хуулиар зохицуулаагүй.

6.1. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасныг хэрэглэхээр байна.

6.2. Зөрчлийн тухай хуулиар … эрүүгийн хэрэг үүсгэхээргүй, даруй, богино хугацаанд шалган тогтоож, хариуцлага ногдуулах боломжтой нийтийн эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг зөрчилд хамруулж хариуцлага хүлээлгэдэг бөгөөд Эрүүгийн хуульд зааснаар зориуд зарим хүнд ялтай гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй талаар заадагтай адил 200 саяас дээш төгрөгөөр торгох шийтгэлтэй зөрчлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байх боломжгүй.

6.3. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан “шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим”-д нийцүүлж, зөрчилд холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хамгийн урт хугацаа буюу 2 жилээр тооцох нь зүйтэй байна.

7. Гомдол гаргагчийн хувьд 2021 оны 02 дугаар сарын 15-ны дотор үнэ шилжилтийн жилийн тайланг гаргах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан, харин улсын байцаагч нь хяналт шалгалтыг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хийж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 34 дүгээр тал/-ээр тогтоогдож байна.

8. Уг хугацааг Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно.” гэж заасны дагуу тоолоход 2 жилээс илүү хугацаа өнгөрсөн байхад шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0804 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 3, 6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус  тус баримтлан нэхэмжлэгч “Х”ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн татварын газрын Хяналт-шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.И ийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0064539 дүгээр шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                         ШҮҮГЧ                                                  Л.ОДБААТАР

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ЛХАГВАСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ