Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1562

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/01279 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МТ” ХХК-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй

 

Орон сууцны ашиглалтын зардал 1 633 050 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “МТ” ХХК-ийн барьж байсан Да хүрээ хотхоны 65-б байрны 31 тоот 22 м.кв 1 өрөө байрыг сонгон тус орон сууцны нийт үнэ болох 17 472 000 төгрөгийг орон сууц захиалан бариулах гэрээнд заасан хугацаанд бэлнээр болон Голомт банкны дансанд бүрэн төлж дуусгасан. Ингээд өөрийн орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулж авахаар “Мануул трейвэл” ХХК-д удаа дараа хандсан боловч надаас үндэслэлгүйгээр НӨАТ болон ашиглалтын зардал нэхэж гэрчилгээг одоо хүртэл гаргуулж өгөөгүй. Иймд худалдан авсан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ хотхоны 65-б байрны 31 тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг надад гаргуулан олгохыг хариуцагч “Мануул трейвэл” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “МТ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцыг ашиглалтад хүлээн авсан, мөн ашиглалтын зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрч хэлцэл байгуулсан. Бид 2012-2014 онуудад нэхэмжлэгчийн орон сууцны ашиглалтын зардал буюу засвар үйлчилгээ, халаалт, цэвэр, бохир ус, ус халаасны төлбөр, хог цэвэрлэгээ, орцны гэрэл, жижүүрийн зардал 1 633 050 төгрөгийг түүний өмнөөс төлсөн боловч бидэнд үүнийг төлөөгүй. Биднээс үл хамаарах шалтгаанаар улсын комисс 2014 онд ажиллаж орон сууцны барилгыг ашиглалтад авсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Мануул трейвэл” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.У- нь 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай компанитай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да хүрээ хотхонд 65-б байрны 31 тоотыг захиалсан. 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.У- 65-б байрны 31 тоотыг ашиглалтад хүлээн авсан. Түүний оршин сууж байгаа 65-б байрны 31 тоотын 2012, 2013 орон сууцны ашиглалтын зардал болох засвар үйлчилгээ халаалт, цэвэр ус, бохир ус, хог, цэвэрлэгээ, цахилгааны төлбөр 1 633 050 төгрөгийг манай компани төлсөн. Иймд Д.У-ээс орон сууцны ашиглалтын зардал 1 633 050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.У- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2012 оны 01 дүгээр сараас 2014 оны 05 дугаар сар хүртэлх нийт оршин суугч нарын ашиглалтын зардлын тооцооны жагсаалтыг шүүхэд гаргаж өгсөн боловч ямар үнэ ханшаар юуг үндэслэн тооцож гаргасан нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй. Хэрэгт “Мануул трейвэл” ХХК-аас Ус сувгийн удирдах газар, Цахилгаан түгээх станц, нүүрсний компаниудад төлсөн баримтууд авагдсан боловч энэ нь нэхэмжлэгчид ямар хамааралтай нь нотлогдоогүй. Барилгын тухай хуульд зааснаар барилгыг улсын комисс хүлээн авахаас өмнө ашиглахыг хориглоно, мөн ашиглалтад оруулах хүртэлх хугацааны зардлыг хариуцагч өөрөө хариуцах үүрэгтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У-ийн нэр дээр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ хотхоны 65-б байрны 31 тоот хаягт байршилтай, 22 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “МТ” ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Д.У-ээс 1 633 050 төгрөг гаргуулах тухай хариуцагч “МТ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 41 079 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МТ” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У-т олгож, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас илүү төлсөн 29 121 төгрөгийг гаргуулан хариуцагч “МТ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Д.У- 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “МТ" ХХК-тай орон сууц захиалан бариулах” байгуулсан. Талууд 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэрээг дүгнэж протокол   үйлдсэн. Д.У- орон сууцанд орсоны дараа өөрийн хэрэглэсэн цахилгаан, дулаан, цэвэр ус, бохир усны мөнгийг төлөхөөр протоколд тусгасан. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо “Да хүрээ” хотхоны 65-Б байрны 31 тоотыг Д.У- мөн өдөр ашиглалтанд хүлээн авсан. Өнөөдрийг хүртэл Д.У-ийн оршин сууж байгаа орон сууцны 2012, 2013 оны халаалт, цэвэр ус, бохир ус, цахилгааны төлбөр 1 633 050 төгрөгийг “МТ" ХХК нь Ус Сувгийн Удирдах Газарт, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д, “Багануур илч" ХК-д төлсөн. Д.У-т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг заасан шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч Д.У- нь хариуцагч “МТ" ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны ашиглалтын зардал 1 633 050 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

            Талууд, 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууцны үнэд 17 472 000 төгрөгийг төлж, орон сууцыг 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсан үйл баримтад маргаагүй. Хариуцагч нь “...Д.У- орон сууцыг хүлээн авахдаа орон сууцны ашиглалтын зардлыг сар бүр төлөх үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй, компани түүний өмнөөс 2012, 2013 оны орон сууцны ашиглалтын зардал буюу засвар үйлчилгээ, халаалт, цэвэр ус, бохир ус, хог, цэвэрлэгээ, цахилгааны төлбөр нийт 1 633 050 төгрөгийг холбогдох байгууллагуудад нь төлсөн учир уг мөнгийг төлөх хүртэл үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй” гэж марган, энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч тал 2012 онд орон сууцыг хүлээн авснаас хойш ашиглалтын зардал төлөөгүй гэдэгт маргаагүй, харин  уг зардлын дүнг хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдааны үеэр шинээр нотлох баримт гаргаж өгөх үүднээс шүүх хуралдааныг хойшлуулахаар хүсэлт гаргасныг /хх-144 дэх тал/ шүүх шийдээгүй атлаа хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт “шүүх хуралдааны явцад зохигч талуудын мэтгэлцээний явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдлэх бөгөөд энэ тохиолдолд ... шүүгч захирамж гаргах”-аар зохицуулсан учир анхан шатны шүүхийг уг заалтыг зөрчсөн гэж үзнэ.

            Түүнчлэн шүүх, хариуцагчийн гаргаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байгаа эсэхийг анхаараагүй байна.

            Дээрх зөрчлийн улмаас давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/01279 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

           

                                         ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Ч.ЦЭНД