Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2020/00105

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овгийн Б-ийн О /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч:  тоотод оршин суух Ш овгийн Ч-ын М /регистрийн дугаар /-д холбогдох    

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтооолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Ч.Мтай 2010 онд танилцаж, 2011 онд дотносон 2017 онд гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 11 сарын 18-ны өдөр том охин Э төрсөн. Охиныг төрснөөс хойш архи ууж ирчхээд агсам тавьж зоддог болсон. 2014-2015 оны хооронд тус тусдаа амьдарч нөхөр Ч.М нь одоо би ухаарсан дахиж архи уухгүй, зодож нүдэхгүй гэж ам тангараг өгч байж нийлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 06-нд бага охин Н төрсөн. Охиныг төрсний дараа 7 хоногтой байхад мөн урьдын адил согтуу ирж зодож ээжийн минь нүдийг хөх эрээн болтол цохиж байсан. Үүнээс хойш ийм байдалтай амьдарч байгаад 2017 оны 11 сарын 25-нд мөн адил агсам тавьж 2 тийш болсон. Урьд өмнөх шигээ л охидоо бодъё, нийлье гэж гуйж гуйж нийлчхээд мөн л адил агсам тавьж зодож эхэлсэн. Цагдаа дуудаж өгөөд ч нэмэргүй дараа согтуу ирэхээрээ чи цагдаа дууддаг, тэрийгээ дууд гэж улам л дарамталдаг болсон. 2018 оны 09 дүгээр сарын 12-ноос хойш ирэн очин байдаг болсон. Энэ хугацаанд ч мөн адил урьдын шигээ байсан. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө агсам тавьж гэр орон сүйтгэж зодож том охиныг хүртэл сандлаар толгой руу нь цохиж хагалсан. Мөн миний зүүн талын чихний хэнгэргийг цоолж одоо салхи орохоор өвдөж, сонсгол минь муудсан. Архи уусан үедээ миний биед гар хүрч байнга зодон дарамталдаг. Хийгээгүй зүйлийг заавал хийлгэсэн гэж хэлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх гэж зодож дарамталдаг. Мөн ямар ч хамаагүй хүнтэй хардаж чи тэр хүнтэй явдаг биз дээ гэж зодож дарамтлах болсон. Ийм хүнтэй цаашид хүнтэй цаашид амьдарч чадахгүй мөн охид маань хүртэл ааваас жигшин эхэлсэн тул гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн. Одоо би хоёр охины хамт амьдардаг. Эцгээс нь тэтгэлэг гаргуулна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.  

Хариуцагч Ч.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Б.О-тэй 2010 онд танилцаж 2011 онд дотносон 2017 онд гэрлэлтээ батлуулж байсан. 2012 оны 11 дүгээр сарын 18-нд том охин Э мэндэлсэн. Бид хоёрын дунд хааяа нэг үл ойлголцож хэрүүл маргаан хийж юм уусан үедээ гар хүрч байсан удаа бий. 2014 онд салахдаа Орхон сумынхаа цагдаатай миний араар явалдаж эцэст нь надаас салж тэр хүнтэйнээ хамт амьдарч охиныг маань хойд эцгийн гар харуулж байсан. Би охиноо хойд эцэгтэй амьдруулахыг хүсээгүй болохоор буцаж 2015 онд буцаж нийлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 06-нд бага охин Н мэндэлсэн. 2015-2019 оны хугацаанд уул уурхайд ээлжээр ажилладаг байсан. Намайг ажилдаа явсан үед заримдаа яасан нь мэдэгдэхгүй, утас нь ч холбогдохгүй алга болчихно. Ээж нь ч хүртэл утсаа унтраана. 2018 онд эхнэр О нь Булган аймгийн төв номын санд номын санчаар ажилд орсон. Мөн урьдын адил намайг ажил дээр байх үед орой ажлаа тарахаараа утсаа авахгүй алга болчихно. Ийм ийм юмнаас болж юм уухаараа гар хүрдэг байсан болов уу. Би гар хүрч байсандаа маш их харамсдаг. Б.О нь цаашид хамт амьдрах бодолгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хоёр охиноо ээж дээр нь үлдээж тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь Ч.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Ч.М нар нь 2010 онд танилцаж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр охин М.Э, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр охин М.Н нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.   

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрээгүй байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.  

Хүүхдийн асрамжийн асуудлаар хариуцагч Ч.М маргаагүй бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин М.Э, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М.Н нартаа тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хүүхдүүдийг насанд хүртэл нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан тэтгэлгийг Ч.М-аар сар бүр гаргуулан олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Иймд Б.О, Ч.М нарын гэрлэлтийг цуцалж, охин М.Э, М.Н нарыг эх Б.О-ийн асрамжинд үлдээж, насанд хүртэл нь эцэг Ч.М-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122 456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 122 456 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.О, Ч.М нарын гэрлэлтийг цуцалсугай.   

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин М.Э, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М.Н нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.М-аар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.   

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.    

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.15-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122 456 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА