Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2013/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:171/2013/0039/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Т  даргалж, шүүгч Ё.Ринзаан, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдий төлөөлөгч С.Банди, Д.Ганболд, Ц.Цэндсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Хохирогч Ц.Б ,

Гэрч Б.Н , Д.Ц , ******* ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь,

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт ******* д холбогдох 201209000671 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 197.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. дугаар байр .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт *******  /ТЗ-..../

 

Шүүгдэгч *******  нь 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн гадаа ялимгүй зүйлээр шалтаглан танхайрч, заазуур хэрэглэн хохирогч Ц.Б ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2012 оны 11 сард хөгшин эцгийгээ хараад гэртээ байж байсан. 12 сарын эхээр намайг цагдаа дээр дуудсан. Б  гэж хүн чамайг заазуурдсан гэж байна гэж хэлсэн. Би яагаад тэгж хэлээд байгаа юм бол би Б той 10-аад жил уулзаагүй гэж хэлсэн. Тэгээд Б  бид хоёрыг нүүрэлдүүлээд уулзахдаа би хүнийг ингэж гүтгэж болохгүй гэж хэлсэн. Б  намайг чи хэргээ хүлээ гэж байсан. Би хүнээс архи тамхины мөнгө нэхээд явдаггүй, үнэнээрээ явна гэхэд чи эвлэрчих гээд байсан. Тэгээд прокурор дээр очоод хэргийг чинь хаачихна гэж хэлсэн. Тэгээд надаар гарын үсэг зуруулсан. Прокурор дээр Э , Золзаяа байцаагч нар хэргээ хийсэн гээд хэлчих гээд байсан. Дараа нь Золзаяа байцаагчид утасдаад хэлсэн, тэгэхэд би Ч.. өмгөөлөгчид хэлчихье, тэр хүнтэй очоод уулз гэсэн. Ч. өмгөөлөгчтэй уулзахад чи энэ хэргийг хийсэн, заазуурыг нь хаячихсан гээд хэлчих гээд байсан. Тэгээд Б ыг олоод ир, надад 350.000 төгрөг өгчих би янзлаад өгнө гэж байсан. Намайг гэртээ

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Tvbshin 99.1.docx

 

байхгүй хойгуур манай аав, эгч нар байхад гэрээс заазуур хутга аваад явсан байсан. Би үнэн зөвөөрөө л явж байгаа. Худлаа ярих шаардлага байхгүй. Би ажил төрөл хийдэг, гэхдээ одоохондоо аавыгаа хараад гэртээ байдаг. Би Б  гэж хүнтэй тааралдаагүй, Гэхдээ танихгүй гэж хэлэхгүй, муухан танина. Би 10-аад жилийн өмнө машинтай явж байгаад Б ыг шүргээд дараа нь хохирол төлбөр бүгдийг нь барагдуулж байсан. Би хэрэг болсон гэх өдөр согтуу байгаагүй, эрүүл байсан. Надаас сүүлд Э  байцаагч хохирогч 400.000 төгрөг өгчих гэж байна гэж хэлж байсан. Санаатайгаар намайг гүтгэж байна. Тэр өдөр хэрүүл маргаан битгий хэл тааралдаачгүй юм. Уг нь бидний хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. 2003 онд болсон авто ослын улмаас надад өс хонзон санасан юм болов уу гэж бодож байна. Ээж нь дараа нь манай гэрт ирээд мөнгө нэхээд байхад нь өгөөгүй юм. Надад заазуур барьж гадуур явсан удаа байхгүй. Б той зун 8 сард шоронгоос суллагдсан гээд тарахдаа ганц пиво уусан.” гэв.    

Хохирогч Ц.Б оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 11 сард Мангирт дэлгүүрээс тамхи аваад гарсан. Мангиртын буланд ******* тэй таарсан. Тэнд камер байдаг юм. тэнд нь бичигдсэн байх. Намайг архи аваад өг гэхээр нь юун архи, юун балай юм яриад байгаа юм гээд эргээд харахад 2 гартаа заазуур аваад гаргаж ирсэн. Би түлхчихээд зугтсан. Тэгээд айлын хашаа давж 00-д ороод гараа бариад суусан. *******  жаахан орилж байгаад яваад өгсөн. Тэгээд би захирлындаа очоод хэлсэн. Манай захирал эмнэлэг рүү дагуулж яваад оёдол тавиулсан. Тэгээд цагдаа нар байцаалт аваад явсан.  Би жаахан согтуу байсан учраас эрүүлжүүлсэн. 2003 онд авто осол болсон нь үнэн. Надад энэ хүнийг гүтгэх шаардлага байхгүй. ******* г ер нь бол мэднэ. Уучихаараа агсам зантай, баталионыхон бүгд мэднэ. Намайг яасан гэж заазуурдсаныг би мэдэхгүй. Миний давж орсон айл Ц ых. ******* гийн гаргаж ирсэн заазуур нь нарийн урт цэнхэр иштэй, нөгөө заазуур нь ногоон өнгөтэй байсан. Би уг нь асуудал үүснэ гэж бодоогүй, Н  захиралд зодуулчихлаа гэж хэлсэн. Надад гомдол санал байхгүй.” гэв.

Гэрч Б.Н аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ц.Б  манай компанид ажилладаг байсан. Энэ хоёрын зодоон цохионы асуудлыг би мэдэхгүй. Манайх баталионд үйлдвэрийн хашаатай. Тэр өдөр Ц.Б  хаалга цохиод ороод ирсэн. Намар байсан юм. Эхлээд анзаараагүй. Гэтэл энд тэндгүй цус нөж болсон байсан. Тэгээд миний гарыг зүсчихлээ гэсэн. Би харъя гэхэд харуулахгүй байсан. Тэгээд би чирээд эмнэлэгт үзүүлээд оёдол тавиулсан. Ер нь болсон процесс бол энэ юм. Ц.Б  өөрөө хэлэхдээ Т  намайг тэгсэн гэж хэлсэн. Би шархийг нь ч нарийн хараагүй. Цагдаад хэлэх хэрэгтэй гэж эмнэлэгээс хэлэхээр нь миний утаснаас тухайн үед Б  ярьсан байх. Тухайн үеийн сар өдрийг сайн санахгүй байна. Ямар ч байсан тариа будаа хураагаад дуучихсан байсан. Ц.Б  тухайн өдөр ажилдаа ирээгүй байж байгаад үдээс хойш 3-4 цагийн орчимд тэгж ирсэн. Оёдол тавиулаад гэртээ ирээд байж байхад цагдаа ирээд надаас юм асууж байсан.” гэв.

Гэрч С.Ц аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 13 настай хүүхдийнхээ хамт амьдардаг. Ц.Б ыг танина. 2012 оны 09 сарын сүүл 10 сарын эхээр байх сайн санахгүй байна, намайг хөдөө яваад 7 хоночихоод ирэхэд манай 00-д цус болчихсон цаас байсан. Сүүлд нь гэрт байж байтал Б  Т  бид хоёр муудалцаад би танай 00-д орж нуугдсан гэж хэлж байсан. Би Б той уулзахаасаа өмнө 00-д байсан цустай цаасыг хүүхдүүд тоглож байгаад гар хөлөө шалбалсан юм уу гэж л бодсон. Манай хашаа банзаар барьсан төмөр хаалгатай юм. Мангиртын дэлгүүрээс манай гэр хүртэл 50 метр орчим л зайтай.” гэв.

Гэрч ******* аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “*******  бид хоёр ихэр юм. Ц.Б ыг танихгүй. Тухайн хэрэг болсон гэх өдөр би ажилтай байсан. Манай ажил өглөө 10 цагаас 19 цагийн хооронд ажилладаг. Тэр өдөр гэрт манай аав, Т  нар байсан. Т  гадуур гарсан гэж яриагүй. Манай аав байнгын асаргаанд байдаг болохоор Т  гарах ч боломжгүй. Миний дүү бол хэрэг хийхээр хүүхэд биш юм. *******  байнга архи уугаад байдаггүй, хааяа л баяр ёслолын үеэр нь уудаг.” гэв.     

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ******* гийн:2012 оны 12 сарын эхээр намайг цагдаа дээр дуудсан. Б  гэж хүн чамайг заазуурдсан гэж байна гэж хэлсэн. Би яагаад тэгж хэлээд байгаа юм бол би Б той 10-аад жил уулзаагүй гэж хэлсэн. Би үнэн зөвөөрөө л явж байгаа. Худлаа ярих шаардлага байхгүй. 2003 онд болсон авто ослын улмаас надад өс хонзон санасан юм болов уу гэж бодож байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Б ын: *******  намайг архи аваад өг гэхээр нь юун архи, юун балай юм яриад байгаа юм гээд эргээд харахад 2 гартаа заазуур аваад гаргаж ирсэн. Манай захирал эмнэлэг рүү дагуулж яваад оёдол тавиулсан. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Н ын: Ц.Б  манай компанид ажилладаг байсан. Тэр өдөр Ц.Б  хаалга цохиод ороод ирсэн. Эхлээд анзаараагүй. Гэтэл энд тэндгүй цус нөж болсон байсан. Тэгээд миний гарыг зүсчихлээ гэсэн. Би чирээд эмнэлэгт үзүүлээд оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг,

Гэрч С.Ц ы: 2012 оны 09 сарын сүүл 10 сарын эхээр байх сайн санахгүй байна, намайг хөдөө яваад 7 хоночихоод ирэхэд манай 00-д цус болчихсон цаас байсан. Сүүлд нь гэрт байж байтал Б  Т  бид хоёр муудалцаад би танай 00-д орж нуугдсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч ******* ын: Тухайн хэрэг болсон гэх өдөр би ажилтай байсан. Манай ажил өглөө 10 цагаас 19 цагийн хооронд ажилладаг. Тэр өдөр гэрт манай аав, Т  нар байсан. Манай аав байнгын асаргаанд байдаг болохоор Т  гарах ч боломжгүй.” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би ажил дээрээ будаа цэвэрлээд байж байсан чинь гаднаас Б  гар, толгой зэрэг нь цус болчихсон хүнд зодуулчихлаа гэж хэлсээр орж ирсэн. Тэр үед захирал Н  Б ыг эмнэлэг рүү дагуулж явсан. Тухайн үед Б  архи уусан эсэх нь мэдэгдээгүй. Би сүүлд нь асуухад Т д зодуулсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Ц.Б ын биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ”Ц.Б ын биед баруун гарын шуун дахь шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2012 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 988 тоот акт /хэргийн 16 дахь тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

            Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* г 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн гадаа ялимгүй зүйлээр шалтаглан танхайрч, заазуур хэрэглэн хохирогч Ц.Б ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

            Шүүгдэгч ******* гийн үйлдлийн улмаас 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Ц.Б ын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь хуульд заасан журмын дагуу авсан хохирогч Ц.Б ын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 988 тоот акт зэргээр нотлогдож байна.

            Харин шүүгдэгч *******  нь хохирогч Ц.Б ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулахдаа заазуур хэрэглэсэн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд

            -2013 оны 1 сарын 24-ний өдөр мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Золзаяагийн “Дархан сумын 11 дүгээр баг 7-р байр 28 тоотод байрлах ******* гийн гэрт үзлэг хийхэд хохирогчийн мэдүүлж байгаатай ижил төстэй заазуур байгаагүй.” /хэргийн 72 дахь тал/ гэх тэмдэглэл,

            -Хохирогч Ц.Б ын 2013 оны 1 сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тухайн үед надаас архи нэхэхэд нь байхгүй гэж хэлсэн чинь бид хоёр хоорондоо маргалдсан юм. Би тэгээд Т г мангар тэнэгээр нь дуудаад чи миний замаас холд гэж хэлсэн чинь надад уурлаад заазуур гаргаад ирсэн юм. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байсан чинь намайг гэмтээчихсэн юм.” гэх мэдүүлэг зэргээр хувийн таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч *******  нь хохирогч Ц.Б ын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна гэж шүүх дүгнэж хэргийг хянан шийдвэрлэв.

            Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т “шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэн өөрчлөх эрхтэй.” гэж заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Б  нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан хэрэгт шүүгдэгч Б овогт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

            2. Шүүгдэгч Б овогт ******* г бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Б овогт ******* д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /140400x5=702000 долоон зуун хоёр мянга/ торгох ял шийтгэсүгэй.

 

            4. Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ц.Б  нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ******* д мэдэгдсүгэй.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан бусдын батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.      

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Я.ТУУЛ

 

                                                ШҮҮГЧИД                                               Ё.РИНЗААН

                                                                       

                                                                                                                З.ТУНГАЛАГМАА