Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2020/00189

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ОАНДХ /регситрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “МИ” ХХК /регистрийн дугаар /-д холбогдох,   

“Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 115 618 141,51 төгрөг алданги 57 809 070,76 төгрөг, нийт 173 427 212.26 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, хариуцагчийн төлөөлөгч Д.Н, прокурор Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ОАНДХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МИ” ХХК нь 2017-2019 онуудад хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг Нийгмийн даатгалын хэлтэст тайлагнаж байсан ч хуулийн хугацаанд шимтгэлийг төлөлгүй 115 618 141.51 төгрөгийн авлага үүсгэсэн байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 115 618 141.51 төгрөг түүнд ногдох алданги 57 809 070.76 төгрөг, бүгд 173 427 212.26 /нэг зуун далан гурван сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун арван хоёр төгрөг хорин зургаан мөнгө/-ийг “" ХХК болон захирал Д.Н нараас гаргуулж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч “МИ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 173 427 212.26 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцав. Уг асуудлыг нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож шийдвэрлэх хүсэлтэй байна” гэжээ.  

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ОАНДХ нь “МИ” ХХК-д холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 115 618 141.51 төгрөг, алданги 57 809 070.76 төгрөг, нийт 173 427 212.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “МИ” ХХК нь нэхэмжлэлээс нийгмийн даатгалын үндсэн өр 115 618 141.51 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 57 809 070.76 төгрөгийг төлөхөөс татгалзсан.  

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгч алдангиас татгалзаж байгаа үндэслэлээ: ...манай компанид одоогийн байдлаар Нийгмийн даатгалын өр, татварын өр л үлдсэн байгаа. Бусад гадуурх зээлийн өрүүдээ төлж дуусгасан. Өвөл уул уурхай зогсдог. Манайд захиалгууд ирсэн ч бид 10 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 01 хүртэл өөрсдөө төлбөрөө хийж явдаг. Алданги бол бидэнд үнэхээр хүндрэлтэй тусаж байна. Иймд алдангиас чөлөөлж өгнө үү. Харин нийгмийн даатгалын шимтгэлийн өр 115 618 141, 51 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэсэн тайлбар гаргасан.  

Хэрэгт “МИ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын тайлан авагдсан байх ба хариуцагч байгууллага нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар шимтгэлийн үлдэгдэл 115 618 141,51 төгрөг байгаа талаар уг компани тайландаа тусгаж ирүүлсэн байна. Хариуцагчийн төлөөлөгч уг тайланг өөрөө гаргаж өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, үнийн дүн дээр маргаагүй.  

Хариуцагч “МИ” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлөлгүй 2019 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 115 618 141 төгрөгийн өр үүссэн болох нь тус компанийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн албан шаардлага талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын сангийн орлого дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ, 10 дугаар зүйлийн 1.4-т нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги, 16 дугаар зүйлийн 16.1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг сард нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч  болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу “МИ” ХХК нь алдангиас татгалзсан нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч “МИ” ХХК-с Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 115 618 141,51 төгрөг, алданги 57 809 070,76 төгрөг, нийт 173 427 212,26 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч “МИ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжаар 1 025 086 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “МИ” ХХК-аас Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 115 618 141,51 төгрөг, алданги 57 809 070,76 төгрөг, нийт 173 427 212.26 төгрөг гаргуулан ОАНДХ-т олгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч “МИ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжаар 1 025 086 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА