Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2013 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2013/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0096/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Н.Идэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт ******* д холбогдох 201309000171  тоот эрүүгийн хэргийг 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төмөр замын машин механизмын техникч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын ..-р ангид сумчин ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. баг 1.. дугаар байрны . тоотод оршин суух, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт *******  /РД: ТД...../

 

Шүүгдэгч *******  нь архи ууж согтуурсан үедээ 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 22-23 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багт байрлах Оcean баранд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.М ы бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, мөн иргэн Ж.Ж г үсдэж, нүүрэн тус газар нь маажиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр манай албан газраас эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэсэн. 18 цагийн үед караоке-д ороод 4 цаг суусан. 11 цаг өнгөрөөгөөд манай ажлын зарим эгч нар яваад, би таксинд суулгаж өгчихөөд орж ирсэн. Тэгээд манай ажлын Б  урдаас гарч ирээд 2-уулаа жаахан бүжиглье гэсэн. Тэгээд нэг залуу бид хоёрын дундуур орж ирээд бүжиглээд байхаар нь бид хоёр холдоод бүжиглэсэн. Гэтэл нэг хүүхэн ирээд намайг бөгсөөрөө түлхээд байхаар нь би бас түлхсэн. Тэгээд намайг үсдэж чирээд 2-3 хүүхэн намайг өшиглөөд байсан. Одоо бодоод байхад тэр хүүхэн М  байсан юм байна лээ. Би дунд зэргийн согтолттой байсан. Болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Хохирол төлбөрөө төлсөн. Баарнаас гарахдаа хамарнаас цус гараад байна гэж хэлэхэд харанхуйд харагдахгүй байна гээд байсан. Өглөө нь харахад хамарны нэг тал хөхөрсөн, нүдний дээд талд маажсан, хувцасны суга урагдсан, польтоны урд цус болсон

 

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Ganchuluun 181.2.1.docx

байсан. Ж.Ж  намайг бараар хэсдэг янхан юм шиг байна гэхээр нь маажсан юм.гэв.

Шүүгдэгч *******  нь архи ууж согтуурсан үедээ 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 22-23 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багт байрлах Оcean баранд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.М ы бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, мөн иргэн Ж.Ж г үсдэж, нүүрэн тус газар нь маажиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-Шүүгдэгч ******* ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...гэтэл нэг хүүхэн ирээд намайг бөгсөөрөө түлхээд байхаар нь би бас түлхсэн. Тэгээд намайг үсдэж чирээд 2-3 хүүхэн намайг өшиглөөд байсан. Одоо бодоод байхад тэр хүүхэн М  байсан юм байна лээ. Хохирол төлбөрөө төлсөн. Ж.Ж  намайг бараар хэсдэг янхан юм шиг байна гэхээр нь маажсан” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Д.М ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хамт олноороо эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэх гээд Ocean баранд орсон. Бид нар тойрог болоод бүжиглэж байсан. Тэнд зай муутай байсан тул шахалдаад намайг эхлээд Г  бөгсөөрөө түлхэж бүжиглэсэн. Тэгэхээр нь би зайгүй байхад битгий хүн түлхээд бай, цаашаа бүжиглэ гэж хэлээд би ч гэсэн бөгсөөрөө түлхэж бүжиглэсэн. Тэгээд цаашаа хараад бүжиглэж байтал миний араас яасан овоо бүжиглэдэг гичий вэ гэж хэлээд миний задгай тавьсан байсан үснээс зулгаахад нь би өсгийтэй гуталтай унахдаа баруун гараараа газарт дараад унасан. Энэ үед баруун гарын шуу бага зэрэг янгинаж өвдөөд эхэлсэн. Тэгэхээр нь би босч ирээд зүүн гараараа Г ыг үсдээд чи яаж байгаа юм бэ? хүнийг зүгээр байхад яагаад хүн үсддэг юм гэж хэлээд нүүрний хацар хэсэг рүү нь 2 удаа алгадсан. Гэтэл манайхнаас нэг нь ирээд намайг салгасан. Тэгээд би Сувдаад сая унахад миний гар нэг сонин болчихлоо, өвдөөд байна гэсэн чинь Сувдаа гайгүй биз, чи юу ч гэсэн өрөөндөө ороод сууж бай гээд оруулсан. Тэгсэн бид нарын өрөө рүү Г  орох гээд хаалга татаад над руу хаалганы цаанаас алнаа яасан овоо муу гичий вэ? гараад ир чи гээд орилоод байсан. Мөн Г  нөхөртэйгээ хамт Ганзориг рүү дайраад Ганзоригийг Г ы нөхөр нь өмсөж явсан цамцнаас нь барьж аваад байсан. Тэр үед манай буфет ажиллуулдаг Мөнхцэцэг эгч ерөөсөө цагдаа дуудъя гээд утсаа гаргаж ирээд цагдаа дуудсан. Г д бүжгийн талбайд үсдүүлж унахдаа баруун гараа тулж унаад баруун гарын богтос ясанд хугарал авч гэмтсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 14-16 дахь тал/,

 

-Ж.Ж гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн: “ ...энэ хүүхнийг би огт танихгүй, тэр өдөр л баранд харсан. Намайг яагаад маажиж зодсоныг мэдэхгүй байна. Намайг 00-с бие засчихаад гараад ирсэн чинь шууд л Г  гэх хүүхэн учир зүггүй намайг энэ гичий мөн, энэ гичий мөн гээд л маажиж өшиглөөд зодсон. Ямар ч шалтгаангүйгээр би олон нийтийн газар Г  гэх хүүхэнд зодуулж, олон хүний дэргэд гичий гэх зэргээр хэлж доромжлуулсандаа гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хэргийн 26-27, 34 дэх тал/,

 

-Гэрч Ц.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Энэ өдөр явган эргүүлийг удирдаж байсан. Гэтэл Цагдаагийн дэслэгч П  Ocean баранд хүрээд ирээч гэсэн дуудлага станцаар өгсний дагуу би жолооч цагдаагийн дэд ахлагч Н гийн хамт тус баранд ороход нэг давхарын бүжгийн талбай дүүрэн хүнтэй байсан. Яваад ортол өөрийнхаа нэрийг хэлээгүй, махлаг том биетэй 25 орчим насны хүүхэн нилээд согтуу хөл дээрээ гуйвж дайвсан байдалтай над дээр ирснээ намайг эдгээр хүмүүс зодчихлоо гээд тэнд байсан эмэгтэй болгон руу заагаад байсан. Тухайн үед тэр эмэгтэйгээс эдгээр хүмүүсээс аль нь яг чамайг хэрхэн яаж юунаас болж зодсон юм бэ? яг юу болоод цагдаад дуудлага өгсөн юм бэ? гэж асуухад гомдол гаргаад байсан дээрх эмэгтэй бидэнд яг тэр энэ хүнд зодуулсан гэж хүнээ зааж хэлж чадахгүй өөрөө бааран дотор согтуурхаад хүн хүн рүү хашгичаад дайраад байсан. Надаас өмнө манай цагдаа П , Шинэшагай хоёр очсон байсан ба энэ эмэгтэй маргаж муудалцсан гэх эмэгтэйгийн нэр ажлын газрыг нь бичиж авсан байсан ба тэр эмэгтэйчүүд нь арай гайгүй эрүүл шахам байсан ба хэрүүл уруул хийхгүй байсан. Маргаанд оролцсон 3 эмэгтэйгийн нэг нь миний нүүрийг наад хүүхэн чинь зүв зүгээр байж байгаад маажчихсан гээд гомдол гаргасан эмэгтэйг зааж өгсөн. Түүнээс өөр тайлбар хэлээгүй… гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30 дахь тал/,

 

-Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “… гэнэт 2 согтуу хүүхэн гуйвж дайваад бүжгийн тойргийн гол хэсэгт ороод ирсэн. Тэгснээ л манай тогооч Ганзоригийг Г  гэх хүүхэн тулж бүжиглэж байснаа цээжийг нь илээд бөгсийг нь илээд хачин хачин хөдөлгөөн хийгээд байсан. Тэгэхээр нь бид нар бүгд зайгаа аваад тойргоо тасалж тэр 2 хүүхнийг тойргоос гаргасан. Тэгээд хамт олноороо дахин тойрог болоод бүжиглэж байтал дахин Г  хамт явсан хүүхэнтэйгээ тойрогт орж ирж бүжиглээд Ганзоригийг бас л цээж бөгсийг нь илээд сонин сонин хөдөлж бүжиглээд байхаар нь манай хамт олон дургүйцээд бас л тойргоосоо гаргаж бүжиглэж байтал Г  хамт явсан хүүхнээ түлхэж манай тойрогт оруулаад наад хүмүүсийнхээ голд нь ор гээд байсан. Тэгснээ Г  нь яг миний ард бүжиглэж байснаа гэнэт миний араас хөлөөрөө хөл рүү маань өгшиглөөд нуруу руу тохойлдохоор нь би эргэж хараад Г ыг цааш нь түлхсэн чинь надаас Г  бага зэрэг холдсоноо намайг түлхсэнийг Э  эгч М  гэж ойлгосон ч юм уу Г  нь Э-ийн цохисон. Тэгсэн нэг харсан зулгаачихсан байсан. Тэр үед Ганзориг ирээд Г ыг цааш түлхэж холдуулаад М ыг босгох гэтэл Г  нь Ганзоригийн өмсөж байсан хар өнгийн сорочкин цамцны энгэрийг ураад хаячихсан. Өрөөнд орох гэж байтал надад М  нь сая эвгүй уначихлаа, гар эвгүй болчихлоо гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

-Гэрч Г.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2013 оны 3 дугаар сарын 7-ны орой 22 цагийн үед манай хамт олон эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэхээр Оcean баранд орсон. Тухайн үед би гадагшаа гарч утсаар яриад буцаад ороод ирэхэд манайхан бүгд өрөөндөө орчихсон байсан ба гаднаас эрэгтэй, эмэгтэй хүмүүс орилолдоод байсан. 2013 оны 3 дугаар сарын 8-ны өглөө 10 цагийн үед М  манай гэрт орж ирээд миний гар гэмтчихсэн юм шиг байна, шөнөжингөө янгинаж хонолоо гэж байсан. Бид хоёр хамт явж эмнэлэгт үзүүлээд рентген зураг авахуулахад хугарсан байна гэж байсан. Тэгээд сувилагч нь гипсдэж өгсөн гэх мэдүүлэг /хэргийн 33 дахь тал/,

 

 -Гэрч Г.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2013 оны 3 дугаар сарын 7-ны орой 22 цагийн үед манай хамт олон эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэхээр баранд орсон. … би тэр үед халууцаад өрөө рүүгээ орчихоод гараад ирэхэд Г  бүжгийн талбай дээр манай ажилтан М ыг үсдээд дарчихсан байсан. М ыг татаж босгоод өрөө рүү ор гээд оруулсан. Гэтэл М  гарынхаа шууг барьчихаад гэр нэг л сонин болчихлоо гээд байсан гэх мэдүүлэг, /хэргийн 36-37 дахь тал/,

 

-Гэрч А.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ….Бүжгийн талбай дээр гараад хамт олноороо бүжиглэж байтал 2 бүдүүн хүүхэн ирээд Ганзориг Сувдмаа хоёрын хажууд бүжиглэж байгаа харагдсан. Нэг харсан чинь М ыг бүжгийн талбай дээр нөгөө махлаг хүүхэн нь үсдээд дарчихсан байсан. М  барнаас гарахад сая үсдүүлээд унахад гараа сонин болгочихлоо гээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 38 дахь тал/,

 

 -Гэрч Ц.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг харсан чинь М ыг нөгөө махлаг шар хүүхэн үснээс нь зулгаагаад газарт дараад унагасан байсан. Ж  эгчийг бас нөгөө шар махлаг хүүхэн чинь маажсан гээд духан дээр нь ураад хаячихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 41-42 дахь тал/,

-Гэрч О.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бүжгийн талбай дээр манай хамт олон тойрог үүсгээд бүжиглэж байтал Г  найз хүүхнийхээ хамт хүрч ирээд манай тойрогт орж бүжиглэсэн. Бүжиглэж байхдаа над руу налаад, бөгс илээд бүжиглээд байсан. Нэг харсан чинь бүжгийн талбайн захад М ыг доороо хийчихсэн цээж рүү нь цохиж харагдсан. Ж  эгч нүүрээ маажуулсан гээд духнаас нь цус гарчихсан өрөөнд орж ирсэн. М  надад Г д үсдүүлж унахдаа гараа гэмтээсэн гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 43-44 дэх тал/,

 

-Гэрч З.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бүжиглэж байтал саарал өнгийн цамцтай махлаг хүүхэн М ыг газар унагаад дээрээс нь дарчихсан харагдсан. Барнаас гарахад М  миний баруун гар сая баранд эвгүй болчихлоо, гэмтчихсэн юм шиг байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 45-46 дахь тал/,  

 

-Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж  эгчийг махлаг шар хүүхэн очоод шууд үсдээд маажиж цохисон. Тэгсэн Ж  эгчийн маажуулсан газраас цус гарч байсан.” гэх мэдүүлэг, /хэргийн 47-48 дахь тал/,

 

-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар бүжиглэж байхад согтуу хүүхэн манай тойрогт орж бүжиглэсэн. Тэгээд нэг харахад саарал цамцтай махлаг хүүхэн манайхнаас нэг хүүхнийг нь үсдээд дарчихсан байсан. Би өрөөнд ороод сууж байхад Ж  эгчийг саяны хүүхэн маажчихлаа гэж Одсайхан хэлсэн. Гараад харахад Ж гийн духнаас нь цус гарч байсан гэх мэдүүлэг /хэргийн 49-50 дахь тал/,

 

-Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайхан гарч бүжгийн талбайд бүжиглэсэн. Би өрөөндөө сууж байсан чинь манайхан бүгд пижигнээд ороод ирсэн. Юу болсон гэхэд М ыг нэг хүүхэн үсдээд зодсон гэж байсан. Тэгээд хаалга нүдээд байхаар нь онгойлгоход бөөн хүмүүс байсан. Удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг, /хэргийн 51 дэх тал/,

 

-Гэрч Ш.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...барны заал руу гартал бүжгийн талбай дээр махлаг шар хүүхэн өөрийнхөө нүүрийг самардаад үсээ зулгаагаад …хайраа эднүүсийг алаад өгөөч гээд орилоод, тэгсэн цаанаас том биетэй залуу гарч ирээд манай өрөөний хаалгыг эвдчих гээд нүдээд байсан. Маргааш өглөө нь Э тэй утсаар ярихад М  өчигдөр баранд гараа гэмтээлгэсэн, гар нь хугарчихаж бид хоёр хамт эмнэлэгээр үзүүлээд явж байна гэсэн.” гэх мэдүүлэг, /хэргийн 52 дахь тал/,

 

-Гэрч О.О-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Бид нар бүжиглэж байсан. Нэг харахад бөөн бужигнаан үүсээд М ыг нөгөө махлаг хүүхэн нэг хүүхнийг доош дараад үсдээд зодоод байсан. Тэгээд хартал харин Ж  эгчийг нөгөө махлаг хүүхэн үсдээд дарчихсан зодож байсан. Ж  эгч дух хэсэгтээ маажуулчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 53-54 дэх тал/,

 

-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бүжиглэж байхад танихгүй 2 согтуу эмэгтэй ирээд түлхэж бүжиглээд байсан. Нэг харахад бужигнаад эхэлсэн, харсан чинь М  газарт уначихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 55-56 дахь тал/,

 

-Гэрч О.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бүжиглэж байгаад нэг харахад Г  доор уначихсан хүмүүс шавчихсан байсан. Г  баранд хамраа гэмтээсэн эсэхийг хараагүй, баранд байхад зүгээр л харагдсан. Хамраа гэмтээсэн талаар надад огт юм хэлээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 58-59 дэх тал/,

 

-Гэрч Д.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэртээ ирэхэд М  ирээгүй байсан, өглөө сэрэхэд М  баруун гар өвдөж байна гэсэн. Яасан гэсэн чинь өчигдөр баранд бүжгийн талбай дээр нэг хүүхэн үсдэж унагаагаад гараа эвгүй дарчихсан, тэгээд шөнөжингөө янгинаж хонолоо гээд ёолж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 57 дахь тал/,

 

-Шинжээч эмч С.С-гийн мэдүүлэг /хэргийн 83-84 дэх тал/,

 

-Шүүх эмнэлэгийн 234 дугаар дүгнэлтэд: Д.М ы биед баруун гарын богтос ясны хугарлын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. /хэргийн 68 дүгээр хуудас/ гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

 

            Иймд шүүгдэгч ******* ыг үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хохирогч Э.М  нь тус шүүхэд “******* д холбогдуулж гаргах гомдол саналгүй, хохирлоо хүлээж авлаа. Шүүх хуралд оролцох боломжгүй, одоо миний биеийн байдал зүгээр болсон, хугарсан гар маань эдгэсэн болно” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн.

            Мөн Ж.Ж гийн “миний бие Г аас нэхэмжилсэн хохирлын 15.000 төгрөгийг хүлээн авлаа” гэх тайлбар зэргийг харгалзан шүүгдэгч ******* ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

            Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD бичлэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзан түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт ******* ыг бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч ******* д 3 /гурван/ жил 2 /хоёр/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 3 жил 2 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч  *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар ******* д оногдуулсан 3 жил 2 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ******* д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д мэдэгдсүгэй.

 

            8. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.        

 

            9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Я.ТУУЛ