Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2020/00230

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Б.Д /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Д /регистрийн дугаар /-д холбогдох,   

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д-той 2014 онд Их сургуульд сурч байхдаа танилцаж 2016 оны 12 дугаар сарын 28-нд охинтой болсон. Сүүлийн 2 жил бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул тусдаа амьдарч байна. Үүний улмаас охин Л-д эцэг Д-оос тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч С.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С овогтой Д миний бие Батсүх овогтой Д-ын нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Д-ын 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж байх хугацаанд танилцаж улмаар Л гэдэг охинтой болсон 2016 оны 12 дугаар сарын 28-нд. Тэр цагаас хойш 1 жилийн дараагаас хамтран амьдрах боломжгүй болсон тул салахад хүрч одоо холбоогүй байдаг. Харин өөрийн охин Л-доо өөрийн чадах хэмжээгээр тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна” гэжээ.  

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь С.Д-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   

Б.Д, С.Д нар нь 2014 онд танилцан, тэдний дундаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Д.Л төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн

төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.   

Хариуцагч С.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тухай  тайлбараа шүүхэд ирүүлжээ.    

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн сард нэг хүүхдэд олгох тэтгэлгийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно гэж заасан.  

Иймд охин Д.Л-г насанд хүртэл нь эцэг С.Д-оор тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д-оос 32 529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгохоор заав.  

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрийнхөө эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Д.Л-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Д-оор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 529 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Д-оос 32 529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА