Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2013/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 170/2013/0102/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б овогт ******* од холбогдох 201308000251 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Ө.. баг .. дүгээр байрны ... дугаар орцны подвальд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 26 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Б овогт *******  /МЮ-..../

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө 22 цагийн үед Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт найз охин Н.У тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Н.У ыг хацар руу нь 2-3 удаа цохисон. Орцны тэнд 2 залуу нэг давхрын шатны уруу цохиод унагасан. Н.У  бид хоёр Сэлэнгэд хамт ажил хийж байгаад Дарханд ирээд У  гэртээ хариад ирье гээд алга болсон. Хохирол төлбөрт 20.000 төгрөг өгсөн гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

 

-Хохирогч Н.У ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд намайг дагаад төмөр замын 14 дүгээр байрны урд хүртэл дагаж яваад тэрнээс цааш 1 дүгээр цэцэрлэгийн хашаа руу оруулах гээд үснээс чирээд алгадаад байсан. Тэгээд “яах гээд байгаа юм бэ?” гэхэд “чи ямар сүртэй юм бэ?, хамт жаахан байчих” гээд чирээд татаад байсан. тэгээд цаашаа 18 дугаар сургуулийн урд байдаг том талбай руу дагуулж очоод тэнд ноцолдож байгаад тэгээд “Хархираа” буудалд шөнө очоод тэнд өрөө аваад намайг оруулаад хамт хоносон. Тэгээд маргааш өглөө нь боссон чинь хацар, нүүр хавдсан, өвдөг шалбарсан

 

 

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Enkhbold 99.1.doc.docx

байсан. ...би эмчилгээнийхээ зардал болох 20000 төгрөг авсан, надад дахиж цагдаагаар шалгуулах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 7 дахь тал/,

 

-Гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...2013 оны 4 сарын 23-ны өдөр “Хархираа” буудалд ээлжийн ажил хийж байсан тэр өдөр 2 өрөө л хүнтэй хоносон. Орой 18 цагийн үед Ука гэх У  гэдэг охин ганцаараа орж ирээд надтай мэндлээд “та гарч байгаа юм уу?” гэж хэлээд нэг их удалгүй арын хаалгаар гараад явсан. Тэгээд шөнө 2 цагийн үед нүүр ам нь цус болсон, хацар нь хавдсан нэг залуутай маргалдсан орж ирсэн. “ гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,

            -”Н.У ын биед тархи доргилт, нүүрний цус хуралт, 2 өвдөг ба хүзүү хоолойны өмнө хэсгийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх хохирогч Н.У ын биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 374 тоот акт /хэргийн 14 дэх тал/,

            -Шинжээч эмч Д.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 4 сарын 26-ны өдөр шүүх эмнэлгийн 374 тоот үзлэгээр Н.У ын биед хөнгөн гэмтэл үүссэн гэж дүгнэлт гаргасан. Уг үүссэн гэмтлийн өнгө, эмзэглэл, тав тогтсон байдал зэргээс үзэхэд 2013 оны 4 сарын 23-нд үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******  нь 2013 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө 22 цагийн үед Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт найз охин Н.У тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

 

            Иймд шүүгдэгч ******* ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

            Хохирогч Н.У  нь “эмчилгээний зардал болох 20000 төгрөгөө авсан учир дахин шалгуулах зүйлгүй” гэсэн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн  байх тул шүүгдэгч *******  нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

            Шүүгдэгч *******  нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл болж байна.

 

Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн ар гэр амьдралын нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 26 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас заримыг буюу 2 сарыг сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* од авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт ******* ыг бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Б овогт ******* од 1/нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-т зааснаар ******* од Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 3 сарын 19-ны өдрийн 26 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг болох 2 /хоёр/ сарыг нэмж нэгтгэн, ******* ын биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ сар баривчлах ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* од авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.      

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ