| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0105/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/97 |
| Огноо | 2013-06-06 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2013/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0105/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,шүүгч Ё.Ринзаан, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч С.Банди, Д.Ганболд, Ц.Цэндсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Т.Оюунжаргал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг,
Хохирогч С.Д ,
Шүүгдэгч ******* , Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Б.О , У овогт ******* нарт холбогдох 201309000157 тоот эрүүгийн хэргийг 2012 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, ах нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ... тоотод оршин суух,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145,1-д зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 11 сарын хорих ял шийтгэж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1-т зааснаар оногдуулсан хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан, У овогт Б.О /РД: МВ..../
2. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг . тоотод оршин суух, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, У овогт ******* /РД: МВ..../
Шүүгдэгч Б.О , ******* нар нь бүлэглэн 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Майхантын гудамжинд иргэн С.Д н эд хөрөнгийг авах зорилгоор нүүр рүү нь цохиж, хоолойг нь багалзуурдан дарж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түүний биед явсан 2 ширхэг цахим үнэмлэх, 135000 төгрөгтэй түрийвч, Нокиа 1280 маркийн гар утас, 1 шил архи зэргийг дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ.
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool B.Batjargal B.Otgonbaatar 147.2.docx
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр ажилд яваагүй. Ариунаа худлаа яриад байна. Намайг хүн хоргоогоод байна гэхээр нь би очсон. Намайг гар утас авсан гээд байна, би тийм юм аваагүй. Түрийвч нь газар унасан байсан.” гэх мэдүүлэг,
-Хохирогч С.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр захаас буугаад орой 20 цагийн үед гэртээ харих гээд Дархан сумын 7 дугаар багийн Майхантын гудамжинд явж байтал эрэгтэй, эмэгтэй 2 залуухан хүн таараад хүүхэн нь намайг “өвөө архи уухгүй юм уу?” гэхээр нь байвал ууя гэхэд за тэгвэл дэлгүүр ороё гээд тэнд байдаг дэлгүүр рүү орж залуу нь 1 шил архи авч, би 1 шил экс цагаан архи авч гурвуулаа эргэж гарсан. Тэгснээ нөгөө хоёр хоёулаа манайх энд ойрхон байгаа мухар гудамж тойроод байдаг очоод ууя гэхээр нь хамтдаа алхсан. Түрүүлээд залуу нь явчихаар нь би хүүхэнд нь танай нөхөр чинь явчихлаа шүү дээ гэхэд манай нөхөр гал түлэх гэж байгаа юм аа гэсэн. Ингээд би тэр хүүхэнтэй 100 орчим метр яваад гудамж тойроод эргэтэл 2-3 тооны залуу өөдөөс гарч ирээд нэг нь шууд миний өөдөөс нүүр рүү цохиж унагаад газар унахад дээрээс багалзуурдаж дарж байгаад халаас нэгжээд бор түрийвчтэй 135000 төгрөг, 2 ширхэг цахим үнэмлэх, Нокиа 1280 маркийн ... дугаартай утас зэргийг аваад зугатаад алга болчихсон. Тухайн үед би хоолой боогдож манараад хэдэн минут хэвтэж байгаад босч харьсан. Би өдрийн орлого, зарлага бичдэг дэвтрээ өгсөн байгаа бөгөөд тэр өдөр би 115000 төгрөгийн орлого олсон, мөн өглөө гэрээс гарахдаа хүнд хариулт болгож өгөх 30000 төгрөг, нийт 145000 төгрөгтэй байснаас 10000 төгрөгөөр архи авч, үлдсэн 135000 төгрөг нь миний түрийвчинд байсан. Нокиа 1280 маркийн гар утсаа 120000 төгрөгөөр аваад удаагүй байсан учир тэр үнээр үнэлж нэхэмжилнэ. Мөн өдрийн 5000 төгрөгөөр 14 хоног толгойгоо бариулсан учир 70000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч С.Д гийн 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн орлогын тэмдэглэл хийсэн дэвтэр,
-Гэрч Э.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр О ахтайгаа хамт ажил хийгээд орой 20 цагийн үед гаднаас 10000 төгрөгийн хөлс авсан гэж орж ирээд авчирсан мөнгөөрөө архи ууцгаагаад дэлгүүр орж юм явъя гээд О бид хоёр модны захын өөдөөс харсан дэлгүүрт очиж 1 шил архи тамхитай хамт аваад гарч явтал гадаа харанхуй болчихсон байсан. Тэгээд харих гэтэл дэлгүүрийн гадаа нэг өвөө тааралдаад намайг эхлээд “архи уух уу?, буудалд оръё” гээд өдөж хоргоогоод тэгэхэд О намайг нудраад нөгөө өвөөтэй уулзаж байгаад нөгөө өвөө дэлгүүр орж архи аваад О наад “өвөөгөө дагуулаад явж бай, араас чинь би дагаад явъя” гээд би түүнийг дагуулж гэрийн очдог гудамжаар хамтдаа алхаж байтал О өөрийнхөө ах Б ыгаа дагуулж гарч ирээд О эхэлж нөгөө өвөөг цохиж унагааж, араас нь боогоод газар дарж байгаад намайг “болиоч” гэхэд намайг түлхээд унагаачихаар нь би гүйгээд гэрлүү нь орчихсон. Араас Б , О хоёр удаагүй ямар аймаар шөрмөстэй өвөө вэ? гээд эд зүйлийг нь авчихсан бололтой хуваагаад авчихъя гээд Б д мөнгө өгч байсан. 40000 төгрөг байна гээд тэр хоёр тэнцүү 20000-аар нь хуваагаад авч байсан. Сүүлд Б нэг Нокиа маркийн утас барьчихсан оллоо гээд оролдоод байгаад байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/,
-Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2013 оны 3 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна, өглөө босоод хашаан дотроо бие засах гээд жорлон явж байтал хашаанд газар бор өнгийн түрийвч хэвтэж байхаар нь тэр дугаар руу залгаж холбогдоод цахим үнэмлэхний эзэн Д гэх гэх хүнийг таних уу? гэж асуухад танина, Д гэж шинэ зах дээр лангуун дээр суудаг юмаа гээд утасны дугаар нь гэх дугаар өгсөн. Тэр дугаар луу залгасан боловч утас нь нилээн хэд хоног холбогдохгүй байж байгаад нэг залгатал утас нь холбогдож утсаа аваад түрийвч, үнэмлэх оллоо гэхэд би дээрэмдүүлчихсэн юмаа, миний эд зүйл мөн гээд Д гэх хүн манайд ирж үнэмлэх, түрийвч бичиг баримтаа авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
-Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр намайг 22 цагийн үед гэртээ байж байтал хадам ээж над руу утсаар “аав чинь хүнд зодуулчихсан байна, хүрээд ир” гэж хэлэхээр нь би машинтай гэрт нь явж очиход хадам аав болох С.Д нь гэртээ ирчихсэн, нүд хөхөрсөн, чихнийх нь ард сэтэрсэн байдалтай байж байсан бөгөөд юу болсон талаар асуухад гудамжинд гар утас,түрийвчтэй мөнгөө бусдад дээрэмдүүллээ гэж байсан. Хадам аавын түрийвч нь бор өнгөтэй, эвхдэг түрийвч байдаг байсан. Гар утас нь бол сүүлд авсан нокиа маркийн шинэ утас байсан юм. Би өөрийг нь дагуулж зодуулсан гэх газар нь очиж, орж архи авсан дэлгүүрт нь орж сураглахад дэлгүүрийн худалдагч нь аавтай хамт орж ирсэн хүнийг зүс мэднэ гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/,
-Гэрч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 3 сарын 7-ны орой намайг дэлгүүрт ажиллаж байхад 20 цагийн орчим байх аа гаднаас нэг өвгөн орж ирээд 20000 төгрөг өгч 1 шил архи авсан. Тэгэхэд хажууд нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн түүнтэй хамт явж байгаа бололтой зогсож байсан бөгөөд өвгөнийг архи аваад гарахад тэр хоёр хүн 0.2 граммтай хараа архи аваад араас нь цуваад гарсан. Түүний хойш 30 орчим минутын дараа нөгөө архи авсан өвгөн эргэж их айсан байдалтай хүргэн нь гэх залуу, эхнэр нь гэх хүнтэй цуг орж ирээд түрүүний хамт явсан 2 хүн намайг дээрэмдчихлээ, чи таних уу? гээд надаас асуухаар нь би танихгүй, хааяа манай дэлгүүр орж ирж юм авдаг гэж хэлээд өвгөн цагдаад мэдэгдсэн, очиж уулзана гээд явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
-Хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, таниулах ажиллагааны гэрэл зураг /хэргийн 16-20 дахь тал/,
-“С.Д гийн биед тархи доргилт, нүүрний цус хуралт, баруун чихний зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 3 сарын 15-ны өдрийн 237 тоот дүгнэлт /хэргийн 22 дахь тал/,
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 83 дахь тал/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ******* нь Б.О тай бүлэглэн, шүүгдэгч Б.О нь ******* тай бүлэглэн, давтан үйлдлээр 2013 оны 3 сарын 7-ны өдрийн 21 цагийн орчим Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Майхантын гудамжинд хохирогч С.Д н эд хөрөнгийн авах зорилгоор амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид хөнгөн гэмтэл учруулж түрийвч, гар утас зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.О ыг ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, бүлэглэж, бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* ыг бүлэглэж, бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн түрийвчинд 135000 биш 40000 төгрөг байсан гэж мэтгэлцэж байгаа боловч тухайн өдөр хохирогч С.Д нь 115000 төгрөгийн орлого олсон гэдэг нь хэрэгт хавсаргаж ирүүлсэн дэвтэрт тэмдэглэсэн бүртгэлээр нотлогдож байх бөгөөд түүний түрийвчинд нь 135000 төгрөг үлдсэн байсан гэж хууль сануулж авсан мэдүүлэгт тогтвортой мэдүүлсэн байх тул шүүгдэгч нар, түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.
Хохирогч С.Д нь толгой бариулсаны үнэ 70000 төгрөг, бэлэн мөнгө 135000 төгрөг, гар утасны үнэ 120000 төгрөг, сим зарт сэргээлгэсэн үнэ 3000 төгрөг, нийт 328000 төгрөг нэхэмжилсэн боловч эд зүйл үнэлэх комиссийн шийдвэрийн дагуу хохирогчийн дээрэмдүүлсэн гар утсыг 60000 төгрөг, бэлэн мөнгө 135000 төгрөг, сим карт сэргээлгэсэн үнэ 3000 төгрөг, нийт 198000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч С.Д д олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын ар гэрээс 110000 төгрөгийг хохирогчид олгохоор ирүүлсэн бөгөөд үүний 99000 төгрөгийг өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу ******* , 11000 төгрөгийг Б.О хохиролд төлсөн гэж үзэж, иргэний нэхэмжлэлээс үлдэх 88000 төгрөгийг Б.О аас гаргуулж, хохирогч С.Д д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* , Б.О нар нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүгдэгч ******* нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөв. Мөн шүүгдэгч Б.О нь урьд хорих ял эдэлж байсан боловч ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын ар гэрийн амьдралын нөхцөл байдал, шүүгдэгч Б.О нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ******* ын монгол гэрийг битүүмжилсэн байх бөгөөд ******* нь хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулаагүй учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц монгол гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.2-т зааснаар ******* ын монгол гэрийг хамгаалах арга хэмжээ авахыг эцэг *******алжинд үүрэг болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.О нь 2013 оны 3 сарын 14-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 84 хоног, шүүгдэгч ******* нь 2013 оны 3 сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 78 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.
Хохирогч С.Д н өдөр тутмын орлого, зарлагын дэвтрийг хэрэгт хавсаргаж ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Б.О ыг ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бүлэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У овогт ******* ыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч У овогт Б.О т эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч У овогт ******* д эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.О т оногдуулсан 5 жил 1 сар хорих, шүүгдэгч ******* д оногдуулсан 3 жил 4 сар 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч шүүгдэгч ******* ын 2013 оны 3 сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 78 хоног, шүүгдэгч Б.О ын 2013 оны 3 сарын 14-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 84 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.О аас 88000 /наян найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг …. тоотод оршин суур С.Д д олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 96 хуудастай дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч С.Д д буцаан олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10, 188 дугаар зүйлийн 188.1.2-т зааснаар ******* ын монгол гэр битүүмжилсэн мөрдөн байцаагч Д.Өлзийхүүгийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 474 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, ******* ын монгол гэрийг хамгаалах арга хэмжээ авахыг эцэг *******алжинд үүрэг болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Б.О , ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.О , ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Ё.РИНЗААН
З.ТУНГАЛАГМАА