Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2026/0408

 

 

 

                                                                                                   

 

 

                                            

Ц.Жын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 125/ШШ2026/0007 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.Ж

Хариуцагч: Ховд аймгийн Боловсролын газрын дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М

Хариуцагчийн өмгөөлөгч Н.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

Хэргийн индекс: 125/2025/0069/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/101 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.1. Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Жыг Зэрэг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн ба нэхэмжлэгч Ц.Жаас тушаалыг эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 125/ШШ2025/0056 дугаартай захирамжаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

2.2. Үүний дараа маргаан бүхий Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/101 дүгээр тушаалаар “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албаны хэрэгслийг дур мэдэн хувьдаа ашигласан, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн актуудаар төлбөрийн акт тогтоосон зэрэг ёс зүйн болон санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг Зэрэг сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлж, нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 125/ШШ2026/0007 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт заасныг тус баримтлан нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/101 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

 “... Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

4.1. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг баримтлаагүй.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар

сарын 25-ны өдрийн дугаар 125/ШШ2026/0007 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "...3. ...Ховд Боловсролын газрын даргаар Б. томилогдсоноос хойш ажлаа өг гэж дарамталж эхэлсэн ба 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар ажлаас халсан тул шүүхэд хандсан, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б96 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилохдоо Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 56 дугаартай шийдвэрийг үндэслэн ажилд томилсон хэдий ч шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/101 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлж хэлбэрийн төдий ажилд томилсон, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн актууд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гарсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад шийтгэл оногдуулсан, сонсох ажиллагаа явуулаагүй” ...гэх агуулгаар маргажээ” гэжээ.

Шүүх талуудын маргааны зүйлийг тодорхойлсон атлаа маргааны зүйл тус бүрт эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоохдоо хэлбэрийн төдий ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд ажлаас тэр даруйдаа чөлөөлсөн үйл баримтаар маргасан болно. Дээрх үйл баримт нь Захиргааны ерөнхий хуулийн суурь зарчимд нийцээгүй болно. Үүнд:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” буюу Захиргааны байгууллага нь эрх хэмжээнийхээ хүрээнд, хуульд нийцүүлэн, бодит зорилгод хүрэх байдлаар шийдвэр гаргах үүрэгтэй байтал нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох шийдвэрийг бодит утгаар хэрэгжүүлэхийн оронд хэлбэрийн төдий хэрэгжүүлж, тэр даруйд нь ажлаас чөлөөлсөн нь уг шийдвэрийн зорилгыг үгүйсгэсэн, хууль ёсны зарчимд харшилсан үйлдэл юм.

2. Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдсан (Төрийн үйл ажиллагааны суурь зарчим) Нэхэмжлэгчийг бодитоор ажилд нь буцаан томилолгүйгээр шууд чөлөөлсөн нь түүнд бодит боломж олгоогүй, эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр болсон байна. Нөгөө талаар захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох ажиллагаа явуулаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан зөрчлийн тайлбар, гэм бурууг хүлээн зөвшөөрч буй эсэхийг тодруулаагүй, тайлбар авах ажиллагаа хийгдээгүй байна.

3. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөн. Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон этгээд тухайн ажилдаа бодитоор үргэлжлүүлэн ажиллах хүлээлттэй байх бөгөөд уг хүлээлтийг захиргааны байгууллага хүндэтгэх үүрэгтэй. Гэтэл уг хүлээлтийг зориудаар үгүйсгэж, хэлбэрийн төдий хэрэгжилт хийсэн нь итгэл хамгаалах зарчимд нийцэхгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь 2025 оны 07 дугаар сард 2026 оны 02 дугаар сард тэтгэвэрт гарах, тэтгэмжээ улсын төсөвт суулгуулсан, тэтгэвэрт гарах хүсэл зоригоор бодитойгоор илэрхийлсэн байхад, зориудаар түүнд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн болно.

4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасныг тус тус зөрчсөн болно.

5. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотой огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцэхгүй байна.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн

Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 125/ШШ2026/0007 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "...6.12. Өөрөөр хэлбэл, Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь санхүүгийн зөрчил гаргасан гэдгийг мэдсэн өдрөөс хойш буюу 2025 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий акт гарган нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123.5 дахь хэсэг нь сахилгын шийтгэл ногдуулах хугацааны дээд хязгаарыг 1 жил болгон тогтоосон тусгай зохицуулалт боловч, 123.4 дэх хэсэгт заасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор шийдвэрлэх процессын хугацааг үгүйсгээгүй болно. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь зөрчлийг илрүүлсэн тохиолдолд 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах үүрэг хэвээр хадгалагдана.”

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6 дахь хэсэгт заасан сахилгын, санхүүгийн, баримт бичгийн зөрчлүүдийн ерөнхий байдлаар журамласан байх бөгөөд илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан зохицуулалт юм. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэг “123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргаснаас хойш сахилгын зөрчлийн хувьд 6 сар гэх зохицуулалт нь санхүүгийн зөрчлийн хувьд 1 жил байхаар зөвхөн тухайн зөрчил гарсан үйлдлийг тусгайлан зохицуулсан зохицуулалт болно.” Гэтэл шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 болон 80.1.5 дахь хэсэгт заасан зөрчлүүдийг ялгаагүй, санхүүгийн зөрчил 80.1.4 гэж тайлбарлан, хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн заалтыг баримтлан хэрэглэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй болно. Хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 гэж тусад нь хуульчилж өгсөн атал шүүхийн шийдвэрийн 6.15 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт хамааруулсан нь хуульд нийцэхгүй.

Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь (хуучин хуулийн 40.1.4, 40.1.5) хэсгийг тайлбарлан хэрэглэсэн практикт зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн эсэхийг тодруулаагүй болно. Нэхэмжлэгчийг санхүүгийн удаа дараагийн зөрчил гаргасан гэж үзсэн байх бөгөөд Санхүүгийн аудитын дүгнэлтүүд нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн, 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн санхүүгийн зөрчил болох нь тогтоогдож байна. Харин 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Ц.Жт түлшний хөнгөлөлт, урамшуулалт цалин олгох шийдвэрийг Ц.Ж бус Сумын засаг даргын тамгын газрын даргын тушаалаар олгосон буюу нэхэмжлэгчийн зөрчил гаргасан үйлдэл бус байгаа болно. Иймд зөрчил гаргасан хугацааг буруу тодорхойлсноос гадна, зөрчил нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүй мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

4.3. Иймд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 125/ШШ2026/0007 тоот шийдвэр нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Жаас “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/101 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

3. Маргаан бүхий Б/101 дүгээр тушаалаар “Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.5, Хөдөлмөрийн гэрээний 5.2.1, 5.2.2, 5.2.6-д заасныг тус тус үндэслэн,

Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэгийн эрхлэгч Ж нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, албаны хэрэгслийг дур мэдэн хувьдаа ашиглаж, зөвшөөрөлгүйгээр авч явах зэрэг ёс зүйн болон санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргасан тул Ховд аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025.01.13-ны өдрийн 35-02/14 дугаартай “Илүү тооцож олгосон урамшуулалт цалин 538,500 төгрөг төлүүлэх тухай”, Ховд аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025.01.13-ны өдрийн 35-02/15 дугаартай “Тушаал зөрчиж олгосон урамшуулалт цалин хөлс 1,498,244 төгрөг төлүүлэх тухай", Ховд аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025.01.13-ны өдрийн 35-02/10 дугаартай “хүүхдийн хоолны зардлаас шилжүүлсэн цахилгааны төлбөр 115,653 төгрөгийг төлүүлэх тухай актуудыг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж” шийдвэрлэжээ.

4. Анхан шатны шүүх “... маргаан бүхий актаар ...Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35-02/10, 35-02/14, 35-02/15 дугаартай актуудаар төлбөр тогтоосон, санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан ... нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон зарим үйл баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

4.1. Маргаан бүхий актын үндэслэл болсон Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35-02/15 дугаар актаар “Сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024.12.25-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жт түлшний хөнгөлөлтөд 800.000 төгрөг, урамшуулалт цалинд 698,224 төгрөг, нийт 1498,244 төгрөгийн урамшуулалт цалин олгосон” зөрчил нь уг хөнгөлөлтийг олгох тушаал гаргасан Тамгын газрын даргын үйлдэл байхад нэхэмжлэгч Ц.Жыг буруутгаж, санхүүгийн зөрчил удаа дараа гаргасанд хамааруулан буруу үнэлжээ.

4.2. Харин 35-02/10, 35-02/14 дугаар актуудаар илрүүлсэн Ц.Жын зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад энэ талаар баримтуудыг буруу үнэлсэн, хэрэглэх ёстой Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: ... 80.1.5.ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;” гэж,

123 дугаар зүйлийн 123.5-д “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан.

2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35-02/10 дугаар актаар “Ц.Жын ... 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүүхдийн хоолны зардлаас 115,653 төгрөгийг цахилгааны төлбөрт шилжүүлсэн ...”, 

 35-02/14 дүгээр актаар “ ... Эрхлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/36 тоот тушаалаар урамшуулалт цалин нийт 29 ажилтанд хуульд заасан хувь хэмжээнээс илүү тооцож 10,978,325 төгрөгийг олгосон...” үйлдлийг зөрчил гэж үзсэнээс үзвэл дээрх хуульд заасан зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна.

Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, харин эдгээр зөрчлийг илрүүлсэн хугацааг Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 96 дугаар албан бичгээр төлбөрийн актуудыг хүргүүлсэн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий акт гарган нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дээрх 2 актыг Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын байцаагч нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргаснаас хойш хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын дарга нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар  ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 56 дугаар шийдвэрээр[1] хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Үүнээс 14 хоногийн дараа хариуцагч нь 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий тушаалыг гаргаж дахин нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн, мөн хариуцагч өөрөө 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 457 дугаар албан бичгээр Санхүүгийн хяналт, дотоод аудит газарт хандаж, төлбөрийн актуудыг авсан зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл хариуцагч нь санхүүгийн зөрчлийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр илрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 12.3, 12.4, 12.9-д улсын байцаагч, ажлын хэсгийн ахлагч нь хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчил дутагдал, авах арга хэмжээний санал, дүгнэлтийг удирдах болон дээд шатны албан тушаалтанд, мөн шалгуулагч этгээд, холбогдох байгууллагад албан бичгээр хүргүүлэх, ноцтой зөрчлийн талаарх шийдвэрийг нэн даруй танилцуулахаар заасны дагуу шалгуулагч этгээд Ц.Жт танилцуулсны дагуу төлбөрийг барагдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байхаас гадна хариуцагч нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өөрөө дээрх 457 дугаар албан бичгээр улсын ахлах байцаагчийн актуудыг шаардаж авсан зэргээс үзвэл түүнээс өмнө хариуцагч энэ талаар мэдсэн байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, уг зохицуулалтуудаас үзвэл хяналт шалгалтын үр дүнд тавигдсан улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн актуудыг хариуцагч 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мэдэж, Ц.Жын зөрчлийг илрүүлсэн гэж үзэх бодит үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  “... Б.Д 2025 оны 02 дугаар сард Боловсролын газрын даргаар томилогдсоноос хойш Ховд аймгийн Зэрэг сумын Засаг дарга н.Ба нар нь түүнийг ажлаа өгөхийг удаа дараа шахаж, улмаар сумын Засаг дарган н.Б өөрийн эхнэр н.Шийг цэцэрлэгийн эрхлэгч болгох зорилгоор дээрх дарамт, шахалт эхэлсэн. 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр түүнд мэдэгдэлгүйгээр, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ингээд захиргааны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Тухайн үед хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ дараагийнхаа захирамжийг гаргахад бэлдэж нотлох баримт бүрдүүлсэн. 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Боловсролын газраас цэцэрлэгийн эрхлэгчтэй холбоотой санхүүгийн дүгнэлтийг хуулбарлан авах хүсэлтийг Аудитын газар хүргүүлсэн. Тухайн үед Ц.Ж актаар тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулсан байсан. Ц.Ж 2026  онд тэтгэвэртээ гарах байсан. ... Ингээд чөлөөлөгдөх үед яригдаж байсан санхүүгийн асуудлаараа буюу сүүлд Аудитын газраас авсан албан бичгийг үндэслээд тушаал гаргасан. Зохиомол байдал үүсгэж Ц.Жыг ажлаас нь үндэслэлгүй халсан...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

5. Дээрх үндэслэлүүдээр Маргаан бүхий тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6. Хэрэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн баримт авагдаагүй байхад анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрийн Тогтоох хэсэгт төлсөн гэж үзэж үндэслэлгүй шийдвэрлэсэн боловч нэгэнт нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх ёстой байсан 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулж гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 125/ШШ2026/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Жын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/101 дүгээр тушаалыг хүчингүй болгож, түүнийг Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг зохих журмаар тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-т зааснаар нэхэмжлэл хангагдсан тул нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ЛХАГВАСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                  Л.ОДБААТАР

 

                         ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

[1] 1-р хавтас 8-9-р хуудас.