Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Хохирогч Ч.Наранцэцэг,

Иргэний хариуцагч Ү.Эрдэмбилэг,

Шүүгдэгч Э.Ганзориг, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл /0031/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Эрдэмбилэгийн Ганзоригт холбогдох эрүүгийн 201624000991 дугаартай, 106/2017/0084/Э дугаар индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг 93-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Бэсүд овогтой Эрдэмбилэгийн Ганзориг /РД:НБ96052817/

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Э.Ганзориг нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг Нарлаг хотхоны 103 дугаар байрны хойд замд Nissan Tino маркын 16-53 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Наранцэцэгийг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ганзориг мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өглөөний 11.00 цагийн үед өргөө кинотеатраас гэмтэл явж байгаад гэмтлийн арын нарийн замаар явж байтал өөдөөс 2-3 машин ирэхээр нь зам тавьж өгөхөөр байрны граш руу ухраад машинуудыг өнгөрөөгөөд хөдлөх гэтэл машин арагшаа алдсан ба сандраад хаазаа андуурч гишгээд ард байсан Наранцэцэг гуайг мөргөсөн. Тэгээд 103 дуудахад ойрхон юм чинь өөрсдөө оруулж өг гэсэн” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Наранцэцэг мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн орчим гэмтлийн эмнэлэгийн орон сууцны доод талаас машинаа гаргах гээд зогсож байтал гэнэт машин хаазалж ирээд мөргөсөн. тэгээд утсаараа дүүдээ хэлээд ухаан алдсан. Одоогийн байдлаар биеийн байдал хэвээрээ толгой эргээд маналзаад, даралт ихэсээд байгаа. хохиролд бэлнээр 6.500.000 төгрөг, эм тариа эмчилгээнд 2.713.495 төгрөг төлсөн. одоогоор хөдөлмөрийн чадвар алдчихсан хүний асаргаанд байгаа. 1 жил ажил хийж чадахгүй болсон. Энэ хугацааны төлбөрийг гаргаж өгнө үү” гэв.  

           

 Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ү.Эрдэмбилэг мэдүүлэхдээ: “Би 1999 оны Ниссан тино маркийн 16-53 УБН улсын дугаартай машины эзэмшигч юм. Би машинаа хохирогчийн эмчилгээний төлбөрт зориулаад бартераар худалдсан. Хохирогч 8.155.000 төгрөг нэхэмжилсэн ба бид 9.213.495 төгрөг төлсөн байгаа” гэв.

           

            Гэрч Г.Аюуш мэдүүлэхдээ: “Би тухайн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо Нарлаг хотхонд байх гэртээ байж байхад бэр эгч Наранцэцэг над руу утсаар яриад грашийнхаа урд талд машинд мөргүүлчихлээ гэхээр нь гүйгээд очтол грашийнхаа хаалганы баруун талд эгч хэвтэж байсан, мөн суудлын цагаан цэнхэр машин зогсож байсан, 2 эрэгтэй хүүхэд байж байсан. Би шууд өөрийнхөө утсаар 102,103 төвд залгаж ослын талаар мэдэгдсэн. 103-ийн төвийн ослын харилцагч өөрсдөө хүнээ гэмтлийн эмнэлэгт аваад ир гээд  байсан. Тэгж тэгж байж нэг 103 машин, эмчтэй ирээд эгчийг гэмтлийн эмнэлэг аваад явсан. Би эгчтэй хамт гэмтлийн эмнэлэг явсан. Осол гаргасан залуу архи дарсны зүйл хэрэглээгүй байсан” гэжээ. /хав 56 хуу/

 

            Гэрч Н.Цолмон мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 11 цагийн орчим байхаа, найз Ганзоригийн хамт түүний Ниссан тино маркийн машинаар Баянгол дүүргийн нутаг, Нарлаг хотхоны байрнуудын дундуур байдаг замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ явж байхад, өөдөөс машин ороод ирэхээр нь Ганзориг тэр машинд зам тавьж өгөөд, граш руу машины ар хэсгээрээ ухарч зогсоод, тэр машиныг өнгөрөөчихөөд байж байтал гэнэт л машин хойшоо ухраад, тэр үед эмэгтэй хүн орилсон, тухайн үед би түүний хажууд суугаад явж байсан боловч гар утсаар яриад явж байсан болохоор яагаад хойшоо машин ухраад хүн мөргөсөнг мэдээгүй, сүүлд нь Ганзоригоос сонсох нээ араагаа андуурснаас боллоо гэж байх шиг байсан. Би ослын дараа буугаад ирэхэд машины ард талд настай эмэгтэй хэвтэж байсан, хохирогч тухайн үед ухаантай байсан, тэр эгчийг бид 2 эмнэлэг аваад явъя гэхэд явахгүй, байрнаасаа хөдлөхгүй гэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү явган гүйгээд очиж, хүлээн авах дээр очиход, хүлээн авагч эмэгтэй хүн “манайхаас очих машин байдаггүй юмаа, яаралтай өөрсдөө авчир гэсэн, тэгээд буцаад ирэхэд тэр эгчийн ар гэрийнхэн ирчихсэн байсан. Удалгүй 103 машин ирээд тэр эгчийг аваад явсан. Бид 2 согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэжээ. /хав 57 хуу/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15004 дугаартай дүгнэлтэд: “1. Наранцэцэгийн биед дээд эрүүний 3-р шүдний түүшингийн хугарал, цээжний зүүн 5, 6, 7, 8-р хавиргануудийн хугарал, аарцагны баруун болон зүүн талын умдаг, суудал яс, ацетабул, зүүн латериал масс, ууцны нүх, зүүн сүүжний дэлбэнгийн аарцагны цагираг тасарсан хугарал /Малгены хугарал/, дэлүүний хальсан доорхи цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэж дүгнэжээ. /хав 60 хуу/

 

            Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 724 дугаар дүгнэлт: “1. Ниссан Тино маркийн 16-53 УБН дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Э.Ганзориг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “7.6 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заатуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Ч.Наранцэцэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна” гэжээ. /хав 65 хуу/

 

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хав 4-5 хуу/

            Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хав 6-8 хуу/

Цалингийн тодорхойлолт, цалин олгох хүснэгт /хав 20, 27,28 хуу/

            Нийт 5.507.587 төгрөгийн хохирлын баримтууд /хав 21-25 хуу/

            Хохирогчийн оршин суух газрын тодорхойлолт /хав 26 хуу/

            Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хав 33-41 хуу/

            Манал оточ эмнэлгийн өвчний түүх /хав 43-51 хуу/

            Шүүгдэгч Э.Ганзоригийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 84, 85, 87, 88, 91 хуу/

            Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хав 93-94 хуу/

            Тээврийн хэрэгслийн лавлагаа /хав 99 хуу/

Хохирол төлсөн баримтууд /хх 117-143/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. 

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Ганзориг нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг Нарлаг хотхоны 103 дугаар байрны хойд замд Nissan Tino маркын 16-53 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Наранцэцэгийг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь шүүгдэгч Э.Ганзориг, хохирогч Ч.Наранцэцэг /хх 16-17/, иргэний хариуцагч Ү.Эрдэмбилэг /хх 53/, гэрч Г.Аюуш /хх 56/, Н.Цолмон /хх 57/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15004 дугаартай дүгнэлт /хх 60/, Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 724 дугаар дүгнэлт /хх 65/, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 4-5/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 6-8/, цалингийн тодорхойлолт, цалин олгох хүснэгт /хх 20, 27, 28/, хохирлын 5.507.587 төгрөгийн баримт /хх 21-25/, хохирогчийн оршин суух газрын тодорхойлолт /хх 26/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх 33-41/, Манал оточ эмнэлгийн өвчний түүх /хх 43-51/, шүүгдэгч Э.Ганзоригийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 84, 85, 87, 88, 91/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 93-94/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 99/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Ганзориг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Ганзориг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Ч.Наранцэцэгийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч эмчилгээний болон бусад зардалд 8.155.587 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч 9.213.495 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, хохирогч ажилгүй байсан хугацааны цалин болон эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Ганзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1011507 тоот үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Э.Ганзоригийн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ бага, шинж чанар, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан түүнд шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Эрдэмбилэгийн Ганзориг нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Эрдэмбилэгийн Ганзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганзоригт оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хохирогч Ч.Наранцэцэг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч эмчилгээний болон бусад зардалд 8.155.587 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч 9.213.495 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, шүүгдэгч баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Э.Ганзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1011507 тоот үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Э.Ганзоригт оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Ганзоригийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ