Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00958

 

                                                        ****ийн нэхэмжлэлтэй

                                                          иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2020/00694 дүгээр шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 201/МА2020/21 дүгээр магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

7,274,615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч **** нь ****д холбогдуулан 7,274,615 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2020/00694 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ****аас 7,274,615 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ****ийн төлсөн 131,344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****аас 131,344 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****т олгож шийдвэрлэсэн байна. 

3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 201/МА2020/00021 дүгээр магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2020/00694 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ****ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсыг тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 131,344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэгт цугларсан хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэлд тусгалгүй нотлох баримтын шаардлага хангаагүй гэж бүхэлд нь үнэлсэнд зөвшөөрөхгүй байна. **** нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэл гаргахдаа өөрийгөө “Атлантик глобалл астект” хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулсан биш **** надад мөнгө өгч намайг өсгөн өгч байгаа мэтээр хандсан байдаг. Угтаа үйл явдлыг тогтоох шаардлагатай бол **** нь дээрх компанид элсэн орсон, тэр компанид хөрөнгө оруулж гишүүнээр элссэн болох нь түүний и-мэйл хаягаар ирсэн компанитай харьцаж байсан баримтаар нотлогдож байдаг. Хамгийн гол нь компанид хөрөнгө оруулж аккаунт үүсгэж гишүүнээр орсны илэрхийлэл компанийн хаягаас ирж буй захидал хөрөнгө оруулсан мэдээлэл, түүнд шилжүүлсэн ногдол ашгийн мөнгө өгсөн баримтаар нотлогдож байна. Тухайн компанийн хаягаас өөр хэн ч ****ийн хаяг руу захидал бичиж харилцахгүй шүү дээ. 2017 онд элсэн ороод 2019 оны хавар хаяг нь устаж үгүй болох хүртэл **** нь хөрөнгө оруулалтаа татан авах, эсвэл хөрөнгө оруулаагүй байна гэж огт хандаж байгаагүй. Харин цахим орчинд тухайн компанийн хаяг бүх зүйл устаж алга болсны дараа компанид элсээгүй ****д мөнгө шилжүүлсэн гэж надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Би ч өөрөө хөрөнгө оруулалт хийсэн, адилхан л хохирсон, би л мөнгөө олж авч байвал **** хохирох хамаагүй гэж хандаж байна. Энэ компани нь цахим гэмт хэрэг үйлдсэн буюу луйврын шинжтэй байсан болохыг бүх юм устсаны дараа бид бүгдээрээ мэдсэн. Даанч дээд талд нь байх хүмүүс ч гадагшаа гарсан болохоор хаана, хэнд хандахаа мэдэхгүй бид хохироод байна. ****ийн хувьд иргэний эрх зүйн чадамжтай, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар өөрийн хүсэл зорилгоо илэрхийлэн хэлцэл хийсэн. Энэ хэлцэл нь хүчин төгөлдөр гэж би үзэж байна. Мөн хуулийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэх бөгөөд “Атлантик глобалл астект” компанид гишүүнээр элсэх хүсэлт тавьж компанийн дансанд мөнгө нь шилжин орсноор тэр хүнтэй харилцах аккаунт үүсэж эргүүлээд ногдол хувь, өгснөөр нөгөө тал буюу хөрөнгө оруулалтын компани ****ийн хүсэл зоригийг хүлээн авсан гэдэг нь тодорхой байна. Хэрвээ компанийн сайт болон бусад мэдээлэл нь устаж үгүй болоогүй бол түүний мөнгийг шилжүүлсэн баримт гаргах боломжтой. Гэтэл мөнгө шилжүүлсэн баримтыг нотлох үр дагавар аккаунт үүссэн, гишүүн болсон, ноогдол ашиг хүртээсэн гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөд байхад үнэлээгүй нь ямар хуулийн дагуу гаргаж байгаа тайлбар вэ.

4.1. Интернэт орчноос буюу ****ийн өөрийнх нь и-мэйл хаягийг, түүний ирсэн захиаг шүүхэд өгөхдөө шүүгчийн захирамжаар албан ёсны орчуулга хийлгэсэн хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримт. Энэ хаяг ****ийнх биш гэж маргаагүй.

Үүнээс улбаалан Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол... бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38.1, 40.1, 40.2 зэрэг заалтуудыг зөрчиж, Иргэний хуулийг буруу тайлбарласан. Энэ мөнгийг **** би өөрөө хувьдаа хэрэглээгүй гэж тайлбарлаад шүүхэд гаргаж өгч буй нотлох баримтыг шүүх бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ дутуу хийн хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25,2.2, 38.1-д заасныг үндэслэн нотолж чадаагүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.  

7. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...би 2017.12.01-ний өдөр ХААН банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авч ****ын  дансанд 8,001,100 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 2018.01.11-ний өдөр 117,015 төгрөг, 2018.01.20-ны өдөр 274,700 төгрөг, 2018.02.10-ны өдөр 335,470 төгрөг, нийт 726,485 төгрөг **** над руу шилжүүлсэн боловч үүнээс хойш би мөнгө аваагүй, одоог хүртэл зээлээ төлсөөр хохирч байна. ...үлдэгдэл 7,274,615 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон байна. 

7.1. Хариуцагч **** “...би гадаадын хөрөнгө оруулалттай “Атлантик глобал астект” гэдэг Испани компанид 90-2430 еврогоор элсэж орсон бөгөөд манай ажлынхан миний орсон энэ компанийн талаар сонирхоход нь би хэлж өгч, өөрсдөө нэвтэрч чадахгүй байсан учир би өөрийнхөө данс руу мөнгийг нь шилжүүлээд тэр компанийн данс руу шилжүүлээд аккаунт үүсгэж өгдөг байсан. ... **** тус компанид элссэн атлаа мөнгөө надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, би ч гэсэн хохирсон...” гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ. 

8. Зохигчийн хооронд шилжүүлсэн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон байна. 

9. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

10. **** 2017.12.01-ний өдөр 8,001,100 төгрөгийг хариуцагч ****ын ХААН банкны 5021111155 тоот дансанд,  **** өөрийн данснаас 2018.01.11-ний өдөр 117,015 төгрөг, 2018.01.20-ны өдөр 274,700 төгрөг, 2018.02.10-ний өдөр 335,470 төгрөг, нийт 726,485 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу тус тус шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. Энэ талаар талууд маргаагүй болно. 

11. Хариуцагч **** ****ийн шилжүүлсэн мөнгийг хөрөнгө оруулалттай гадаадын компанийн данс руу шилжүүлсэн, өөрийн мэдээлэл явуулж шивүүлсэн, мөнгийг нь шилжүүлж аккаунт үүсгүүлсэн, өөрөө тус компанийн данс руу орж өөрийнхөө орлого ашиг байгаа эсэхээ хянах боломжтой, хянаж байсан гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ нь хариуцагч **** тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

12. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул ****ийн мөнгө ****ын дансанд орсон, **** уг мөнгийг буцааж өгөх үүрэгтэй талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

13. Нэхэмжлэгч **** “Атлантик глобал астект” гэдэг компанид элсэж орсон эсэх нь тодорхойгүй, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүссэн байдал тогтоогдоогүй тул шүүх хариуцагч ****аас 7,274,615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй.   

Харин **** уг мөнгийг шилжүүлсэн бол “Атлантик глобал астект” гэх компаниас шаардах эрх нь нээлттэй юм. 

14. Хариуцагч ****ын шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн утга агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолын 12-13 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй.

15. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2020/00694 дүгээр шийдвэрДорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 201/МА2020/21 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,344 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ЗОЛЗАЯА 

                                    ШҮҮГЧИД                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД