| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2020/00370/и |
| Дугаар | 142/ШШ2020/00429 |
| Огноо | 2020-03-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2020/00429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Г /регистрийн дугаар /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ё.Ц /регистрийн дугаар /-д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг 6 800 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нийт 5 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум тоот хаягт байрлах Г-21013388 улсын бүртгэлийн дугаартай 000523183 тоот гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалж, зээлийн гэрээг бичгээр хийж, барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан. 2020 оны 02 дугаар сарын 10-нд очиж уулзахад Америкаас хүү мөнгө явуулна гэсэн боловч хүлээгээд үүргээ гүйцэтгээгүй. Иймд үндсэн зээлсэн мөнгө 5 000 000 /таван сая төгрөг/ хүү 500 000 төгрөг, алданги 1 300 000 төгрөг, нийт 6 800 000 төгрөгийг барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ё.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ё овогтой Ц Г-аас 5 сая төгрөг авсан нь үнэн. Уг мөнгийг энэ 3 сар дотроо багтааж тодорхой хэмжээний бага хүүтэй эргүүлэн төлөх болно. Мөнгөө бүрдүүлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Барьцаа хөрөнгөндөө хүрэхгүй наана нь төлчих байх гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь Ё.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 6 800 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн үнийн дүн болох 6 800 000 төгрөгийг төлөхийг, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөндөө хүрэхгүйгээр төлчих байх гэсэн тайлбар гаргасан.
Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ё.Ц-д 5 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх, зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум тоот хаягт байрлах 18425430820962 тоот нэгж талбарын дугаартай, Г-2101013388 улсын бүртгэлийн дугаартай, 000523183 тоот гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба, хариуцагч нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар мараагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.
Нэгэнт хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч Б.Г-д шүүх хуралдааны товыг хүргэсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй боллоо, өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэнэ үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ё.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжаар 123 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ё.Ц-аас 6 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч нь 6 800 000 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар баг Яргуйт Хөтөл 5-3 тоот хаягт байрлах 18425430820962 тоот нэгж талбарын дугаартай, Г-2101013388 улсын бүртгэлийн дугаартай, 000523183 тоот гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ё.Ц-с 123 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА